Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 332

 

Д.Г, Ж.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалтай, Д.Г-, Ж.Г- нарт холбогдох 1726001400066 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ж.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол улсын иргэн, 1973 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 37 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж байсан, Ц овогт Д-н Г,

2. Монгол улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, аавийн хамт,

Өвөрхангай аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял,

Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөний ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар тэнссэн,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ял тус тус шийтгүүлсэн, Г овогт Ж-н Г.

Д.Г- нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн *** тоот өөрийн гэртээ иргэн Ж.Г-ийн баруун хацарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,  

Ж.Г- нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн *** тоотод иргэн Д.Г-ын толгойн тус газарт архины шилээр 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Г-, Ж.Г- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-, Ж.Г- нарыг тус бүр 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар Ж.Г-т оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг хорих ялын 1 хоногоор тооцож 45 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн өрөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8 сар, 10 хоног хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сар 25 хоногоор тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-ийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулсан тооцож шийдвэрлэсэн байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг бүхэлд нь хасч, 9, 10, 11 дүгээр заалтыг 8, 9, 10 гэж дугаарлан шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ж.Г- гаргасан гомдолдоо “...Миний бие Ж.Г- Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 84 настай аавын хамт амьдардаг. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн. 2018 оны 02 дугаар сарын сүүлээр хорих ангийнхаа мужаан цехэд мужаанаар ажиллаж байтал 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр шүүхээс Эрүүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн.

Шүүх шийдвэр гаргахдаа 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 45 хоногийн хорих ял болгосон бөгөөд хорих ангид 6 сар ажилллаж авсан шагналын 59 хоногийг нийт эдэлсэн ялд оруулж тооцолгүй шийдсэн нь хоригдол миний эрх зүйн байдлыг маш их дордуулсан. Учир нь миний эхний авсан 3 жил 6 сар хорих ялаас биеэр эдэлсэн 9 сар 20 хоногийг хасан, үлдсэн хугацаан дээр 45 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 9 сар 25 хоногоор тооцож шинэ ялтай болсон юм. Ингэхээр шинэ ялынхаа 50 хувийг эдэлж байж магадланд орох учраас 2020 оны 3 сард орохоор болоод болно. Хэрвээ миний шагналын 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, 45 хоногийн хорих ялыг түтгэлзүүлэн, 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар нь шийдвэрлэвэл энэ жилийн 7 сард магадланд орох боломжтой учир эрх зүйн байдлыг минь дордуулалгүй шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэх үед хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад холбогдох хуулийг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Г-ийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Г-, Ж.Г- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Д.Г-, Ж.Г- нар нь 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1 дүгээр баг, 23 дугаар гудамжны 5а тоот гэрт хоорондоо харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Г-, Д.Г- нарын гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний ял шийтгэж шийдвэрлэхдээ холбогдох зүйл, заалтыг оновчтой зөв тайлбарлан хэрэглэжээ.

Харин  давж заалдах шатны шүүхээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэх үед тэдний үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүй алдаа гаргасан байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Ж.Г-, Д.Г- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Түүнчлэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэнтэй холбогдуулан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ж.Г-т оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцож, 45 хоног хорих ялаар тогтоож, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 76 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг шинээр тогтоосон заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Иймд Ж.Г-, Д.Г- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулан, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор ял нэмж нэгтгэсэн заалтуудыг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Г-ийн гаргасан “...миний шагналын 59 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, 45 хоногийн хорих ялыг түтгэлзүүлэн, 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хэвээр үлдээж, ...эрх зүйн байдлыг минь дордуулалгүй шийдвэрлэж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 172 дугаар шийтгэх тогтоол, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Ж.Г-, Д.Г- нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалт буюу ял нэмж нэгтгэсэн заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтад “2 жил 9 сар 25 хоногийн” гэснийг “2 жил 8 сар 10 хоногийн” гэж өөрчилж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Г-ийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН