| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Амарсайхан |
| Хэргийн индекс | 101/2015/09446/И |
| Дугаар | 001/ХТ2016/00954 |
| Огноо | 2016-09-27 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2016/00954
Ц.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/02742 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1003 дугаар магадлалтай,
Нэхэмжлэгч Ц.Оюунбилэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “Засгийн газрын авто бааз” УТҮГ-т холбогдох,
“Засгийн газрын Автобааз” УТҮГ-ын захирлын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 79 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч Ц.Оюунбилэгийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тогоохүү, хариуцагчийн өмгөөлөгч Р.Эрдэнэсүрэн, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Оюунбилэг нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Засгийн газрын автобаазад Техникийн хэлтсийн даргаар ажиллаж байгаад автобаазын захирлын 2015 оны 09 дүгээр capын 09-ний өдрийн 79 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа 09 дүгээр сарын 11-ний өдрөөр тасалбар болон халагдсан. Автобаазын захирлын 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 79 тоот тушаалын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1, 42.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.4, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.5, Засгийн газрын 2015 оны 147 дугаар тогтоолын 3.3, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ХЭГ/1382 тоот албан бичиг зэрэг нь Ж.Оюунбилэгийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна.Автобаазын бүтэц, зохион байгуулалт болон дүрмийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар баталдаг бөгөөд дүрмийн дагуу бол Засварын цехийн дарга гэсэн ажил, албан тушаал байдаг. Гэтэл Ц.Оюунбилэг тухайн цехийн даргаар ажиллаж байхад нь Автобаазын захиргаанаас Техникийн хэлтсийн дарга гэсэн дүрмийн бус албан тушаал зохиогоод тэр албан тушаалд Ц.Оюунбилэгийг томилж ажиллуулж байснаа ажлаас нь халсан. Тэгээд уг хэлтсийн даргын ажлын байр татан буугдсан гэдэг. Мөн Ц.Оюунбилэг нь Техникийн хэлтсийн даргаар томилогдохдоо Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу урьдчилсан мэдүүлэг өгөөгүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас шаардсан нь ажлаас халах үндэслэл болсон гэдэг. Гэтэл тухайн мэдүүлгийг ажил олгогч байгууллагын захиргаа өөрөө гаргуулан авч, Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх үүрэгтэй. Иймд Ц.Оюунбилэгийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж байгаа тул Засгийн газрын Автобаазын Техникийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажлаас халсан 79 дүгээр тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2014 оны 150 дугаар тогтоолоор тус автобааз нь Аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын зохион байгуулалтад орж улсын төсвөөс олгодог зардлыг жил дараалан бууруулах үүрэг даалгаврын дагуу 2015 онд тус байгууллагын төсөв 500 000 000 төгрөгөөр хасагдсан. Мөн Засгийн газрын 2014 оны 147 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд ажлын байрны ачааллыг нягтруулж орон тоог бууруулах, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх үүрэг даалгавар өгөгдөж Автобаазын захирлын тушаалаар орон тоо, бүтцэд өөрчлөлт оруулж, Дотоод хяналтын, Захиргааны, Санхүүгийн, Техникийн, Тээвэр үйлчилгээний гэсэн 5 хэлтэстэй байсныг үе шаттайгаар татан буулгасан. Эдгээр хэлтсийн дарга нар орон тооны цомхотголд орж ажлаас чөлөөлөгдөх нь чөлөөлөгдөж, өөр ажилд шилжих нь шилжин ажилласан. Ц.Оюунбилэгийн хувьд Засварын төвийг хариуцан ажиллах үүрэг даалгавар өгөхөд бүтэн 5-6 cap огт юу ч хийгээгүй явж байгаад энэ ажлыг хийхгүй гэдгээ хэлээд 2015 оны ээлжийн амралтаа авсан.Ээлжийн амралтаа эдэлж дуусаад ажилдаа ороход нь ажлаас халах тухай мэдэгдлийг 1 сарын өмнө бичгээр өгсөн. Ц.Оюунбилэг нь мэдэгдлийг хүлээж аваад “эрүүл мэндийн хувьд хүндрэл гарч удаан хугацаагаар гадагш явж эмчлүүлэх хэрэгтэй байгаа тул 12 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авъя” гэсэн тул бид хууль журмын дагуу 6 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас халагдсаны тэтгэмж олгосон.Ц.Оюунбилэг нь тус авто баазад ажиллаж байх хугацаандаа удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг огт биелүүлдэггүй. Ямар нэг байдлаар ажил унагах санаа зорилго агуулж явдаг нь олон зүйл дээр харагдаж, олон удаагийн хурал зөвлөлгөөн дээр яригдаж, сануулах арга хэмжээ хүртэл авагдаж байсан. Байгууллагын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын комисст оруулаад байгууллагын түүхэн замналын тухай ном хийхээр зохиогч н.Хатанбаатартай хамтран ажиллаж туслах үүрэг өгөхөд энэ номонд бичих юм юу ч байхгүй, ямар ч зүйлээр тусалж чадахгүй гээд удирдлагаас өгсөн үүрэн даалгаврыг биелүүлээгүй эсэргүүцээд ээлжийн амралтаа аваад явсан. Ц.Оюунбилэгийг 2015 оны 02 дугаар сарын 16-нд Засварын цехийн даргаар томилоход тэрээр ажиллахгүй гэсэн тул түүнийг 2015 оны 3 дугаар сарын 30-нд Техникийн хэлтсийн даргаар томилсон. Нэгэнт уг хэлтэс татан буугдсан тул түүнийг ажлаас халах, чөлөөлөх үндэслэл болсон.Мөн Техникийн хэлтсийн даргын үүрэгт ажилд томилогдох үедээ албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ Авилгатай тэмцэх газарт гаргаж өгөөгүй томилогдсон нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болохыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын Автобаазын захирал Т.Нямдоржид албан ёсоор 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1382 тоот албан бичгээр мэдэгдээд албан тушаалтныг томилсон шийдвэрийг хүчингүй болгох үүрэг даалгавар өгсөн. Засгийн газрын автобааз нь Засгийн газрын 2014 оны 147, 150 тоот тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай" үүргийн дагуу орон тоо, бүтцийн шинэ зэрэглэлээр 2015, 2016 онд ажиллахаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт төслөө хүргүүлсэн ба, уг төсөлд хэлтсийн дарга гэсэн бүтэц орон тоо байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/02742 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Оюунбилэгийг Засгийн газрын автобаазын Техникийн хэлтсийн даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Засгийн газрын автобаазаас 70 200 төгрөг гаргуулан улс-орон нутгийн төсөвт оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1003 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/02742 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул “Засгийн газрын Автобааз” УТҮГ-ын захирлын 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 79 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай Ц.Оюунбилэгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч “Засгийн газрын Автобааз” УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурджээ.
Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нийслэлийн шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар орон тооны цомхотголоор ажлаас халсныг Нийслэлийн шүүх үндэстэй гэж үзсэн. Гэтэл Засгийн газрын Автобааз нь хувийн компани биш ЗГХЭГ-ын шууд харьяанд үйл ажиллагаагаа явуулдаг ТӨҮГазар юм. Энэ ТӨҮГ-ын захирал Т.Нямдорж нь орон тоо, бүтцээ ЗГХЭГ-аар хянуулж шийдвэр гаргуулан хэрэгжүүлэх ёстой байтал өөрийн дураар орон тоо нэмж, хасах зэрэг үйлдлийг удаа дараа хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.ЗГХЭГ-ын даргын 2012 оны 12-р сарын 26-ны өдрийн орон тоо, бүтцээр миний бие Тээвэр үйлчилгээний хэлтсийн даргын үүрэгт ажлыг гүйцэтгэж байтал 2013 оны 3-р сард захирал Т.Нямдорж нь өөрөө дур мэдэн Техникийн хэлтсийн дарга гэдэг албан тушаал бий болгож намайг Тээвэр үйлчилгээний хэлтсийн даргаас өөрчилж тушаал гаргалгүйгээр уг тушаалд ажиллуулсан болно. Миний бие цалин хөлс, эрх мэдэл буураагүй тул тэр үед гомдол гаргаагүй.Иймд захирлын 79 тоот тушаал нь өөрөө дураараа авирлан орон тооны цомхотгол хийж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.Автобаазын захирлын 2015 оны 79 тоот тушаалд Засгийн газраас баталсан 2015 оны 147-р тогтоолын 3.3 үндэслэж халсныг тайлбарлавал энэ нь Засгийн газрын 2015 оны 147-р тогтоол нь “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийг өөрчлөн зохион байгуулах тухай байгаа бөгөөд энэ нь намайг ажлаас халах үндэслэл болохгүй билээ. Гэтэл энэ тогтоолын буруу бичигдсэн талаар хоёр шатны шүүх хоёулаа залруулаагүй, энэ талаар дурдаагүй ч байна. Автобаазын захирлын 2015 оны 79 тоот тушаалд заагаагүй Засгийн газрын 2014 оны 5-р сарын 10-ны өдрийн “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх тухай зарим арга хэмжээний тухай” 147-р тогтоол нь бэлтгэл ажлыг хангасны үндсэн дээр системтэйгээр шат дараалж хэрэгжүүлэхийг заасан бөгөөд захирал Т.Нямдорж нь энэ орон тооны цомхотгол, бүтцийг өөрчлөх шийдвэр гаргуулаагүй байхад намайг цомхотголоор ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна. Автобаазын захирлын ажлаас халсан 79 тоот тушаалд Засгийн газрын 2014 оны 150 тоот тогтоолыг заагаагүй байтал, Нийслэлийн давж заалдах шатны шүүх 1003 тоот магадлалдаа Засгийн газрын 2014 оны 150 тоот тогтоолыг тайлбарлаж шийдвэрлэсэнтэй санал нийлэхгүй байна.Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ажил албан тушаалд маань эргүүлэн тогтоож, Автобаазын даргын 79 тоот тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн байна. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.
Нэхэмжлэгч Ц.Оюунбилэг нь өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж, хариуцагч “Засгийн газрын автобааз” УТҮГ-ын захирлын 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 79 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, тус баазын техникийн хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг “Засгийн газрын автобааз” УТҮГ-т холбогдуулан гаргажээ. Хариуцагч “Засгийн газрын автобааз” УТҮГ нь байгууллагын орон тоо, бүтэц өөрчлөгдөж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан хэлтэс татан буугдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Ажил олгогч байгууллагын бүтэц, орон тоо, тэдгээрийг баталсан этгээдийн бүрэн эрх зэрэг маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Засгийн газрын автобааз” УТҮГ-ыг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаанд улсын төсвөөс олгодог зардлыг жил дараалан бууруулах замаар аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэсэн байх ба “Засгийн газрын автобааз” УТҮГ захирлын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаар тушаалаар тус газрын 2015 оны төсөв 500 000 000 төгрөгөөр хасагдсантай холбогдуулан зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулжээ. Уг захиргааны акт хүчин төгөлдөр байгаа тул түүний эрх зүйн үндэслэлийн талаар гаргасан хариуцагчийн давж заалдах болон хяналтын гомдол тухайн маргааны зүйл биш учир энэ талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.
Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д заасан үндэслэлээр захиргааны санаачилгаар цуцлахдаа мөн зүйлийн 40.5.-д заасан шаардлагыг хангасан байна.
Нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 79 дүгээр тушаалын үндэслэлд “Төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2014 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 147 тогтоолын заалтыг “Засгийн газрын 2015 оны 147 дугаар тогтоолын 3.3.” гэж заасан нь буруу боловч энэ байдал нь тушаалыг хүчингүй болгох, улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй юм.
Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлын үндэслэлээр магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 1003 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Ц.АМАРСАЙХАН