Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 454

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А******* нарыг оролцуулан “Г*******” СӨХ-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох “Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар “Ж*******” ХХК-д олгогдсон, Г******* төв барилгын 1450 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Г*******” СӨХ –д шилжүүлэн олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгаж” шаардлага бүхий захиргааны хэргийн шүүх хуралдааныг Засгийн газрын 11 дүгээр байранд байрлах тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Г*******” СӨХ.

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга.

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хангарьд ордон. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г*******” СӨХ-ны төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлдээ: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Жамъянгүны 12 дугаар байр буюу "Г*******" төвийн оффис, орон сууц өмчлөгчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулахаар болсон.

"Г*******" төвийн өдөр тутмын хэвийн, аюулгүй ажиллагааг "Жигүүр Гранд групп" ХХК-ийн салбар компани болох "Гранд Принц" ХХК нь хариуцан ажилладаг байсан. 2014 оны 01 дүгээр сараас эхлэн "Гранд Принц" ХХК-иас тус төвийн өмчлөгч нарт албан бичгээр "Г*******" төвийн өдөр тутмын хэвийн, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллах боломжгүй болсон ашиглалтын үйл ажиллагааг өмчлөгч нарт шилжүүлэх талаар мэдэгдсэн. Мөн тус төвийн өмчлөгч нарыг өөрсдөө СӨХ байгуулан өдөр тутмын хэвийн, аюулгүй ажиллагаа болон ашиглалтын үйл ажиллагааг хариуцан ажиллуулах нь зүйтэй гэсэн саналыг ирүүлсэн.

Г******* төвийн оффис, орон сууц өмчлөгчид 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хуралдан бүх гишүүдийн хурлын 03 тоот шийдвэрээр "Г*******" сууц өмчлөгчдийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд эрх бүхий байгууллагаас 13/046 дугаар гэрчилгээ олгосон болно. Улмаар "Г*******" СӨХ нь тус төвийн бүхий л дундын өмчлөлийн эд хөрөнгө болоод газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан.

Ингээд Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандан "Г*******" төвийн дэвсгэр газар болон орчны газрыг хуульд заасны дагуу ашиглах эрхийг олж авхаар хүсэлт гаргасан боловч 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн  5/5632 дугаар албан бичгээр Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дугаар заалтын дагуу эс зөвшөөрөв гэсэн хариу өгсөн бөгөөд ямар үндэслэлээр татгалзаж байгаа нь тодорхойгүй хариуг өгсөн болно. Иймээс бид 2015 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн  2 дугаар албан бичгээр дахин хүсэл гаргасан бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 5/5912 дугаар албан бичгээр бүртгэх боломжгүй гэсэн харуиг ирүүлсэн бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан.

Гэтэл Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Өмчийн харилцааны газрын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 5/7155 дугаар албан бичгээр "... танай байр ашиглалт нь 11 айлын орон сууцны зориулалтаар, үлдсэн 23 нь конторын зориулалтаар ашиглаж байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүилийн 4.1.3 дахь заалтад нийцэхгүй байна. Ийм учир тус газрын газар эзэмших эрхийг танай СӨХ-д ашиглуулах боломжгүй..." гэсэн хариуг өгсөн болно.

Иймд Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар олгогдсон 0003553 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 6001/0024 дугаартай, 1450 м.кв газар болон "Г*******" төвийн орчны газрыг "Г*******" СӨХ-д ашиглах эрх олгохгүй байгаа Нийслэлийн Засаг даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, дээрх газар болон "Г*******" төвийн орчны газрыг "Г*******" СӨХ-д ашиглах эрх олгож, гэрчилгээ гаргахыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 1998 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/38 дугаар захирамжийн дагуу “Жигүүр трейд” ХХК-д 1925 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар ашиглуулахаар олгож, Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар 1450 м.кв газрыг “Ж*******” ХХК-д үйлчилгээ, зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. 

Ж******* ХХК-ийн газар эзэмших зориулалт нь зочид буудал, худалдааны зориулалттай олгогдсон бөгөөд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон авто машины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно гэж заасны дагуу СӨХ-д зөвхөн орчны газар буюу эргэн тойрны бут сөөг, автомашины зогсоол зэрэг газрыг ашиглуулж болно. 

Харин “Г*******” СӨХ-ны ашиглахаар хүсэлт гаргаж буй газар нь “Ж*******” ХХК-ийн зочид буудал, үйлчилгээний зориулалттай олгогдсон газар болон тус төвийн барилгын доорх газрыг тэр чигт нь хамарч буй тул тус газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх боломжгүй юм.

“Г*******” СӨХ нь тус төвийн барилга, дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, өмчлөгчдийн эрх ашгийг хамгаалах барилгын ашиглалтын хэвийн нөхцлийг хангах зорилгоор байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байгаа гэх тул энэхүү чиг үүргээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно гэж заасны дагуу “Ж*******” ХХК-ийн эзэмшлийн газрыг зохих зөвшөөрөлтэйгөөр ашиглаж болох юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй  байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “... Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар олгогдсон 0003553 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 6001/0024 дугаартай 1450 м.кв газар болон “Г*******” төвийн баруун хойд талд орших авто машины зогсоол, сүүдрэвч, тус төвийн урд болон зүүн хойд талд байрлах явган хүний зам, автомашины зогсоол зэрэг орчны газрыг “Г*******” СӨХ-д ашиглах эрх олгож, гэрчилгээ олгохыг даалгах гэсэн нэхэмжлэл гаргажээ. 

“Г*******” СӨХ нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын ““Г*******” төвийн баруун хойд талд орших авто машины зогсоол, сүүдрэвч, тус төвийн урд болон зүүн хойд талд байрлах явган хүний зам, автомашины зогсоол зэрэг орчны газрыг” гэсэн хэсгээс татгалзаж байна. 

Иймд Нийслэлийн Засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар “Ж*******” ХХК-д олгогдсон, Г******* төв барилгын 1450 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Г*******” СӨХ-д шилжүүлэн олгохыг даалгаж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ;

 “Г*******” сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захиарал Л.Цэнгэл 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Нийслэлийн засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар олгогдсон 0003553 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, нэгж талбарын 6001/0024 дугаартай, 1450 мкв газар болон “Г*******” төвийн орчны газрыг тус СӨХ-д ашиглах эрх олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх газрыг “Г*******” СӨХ-д олгож, гэрчилгээ олгохыг даалгах нэхэмжлэлийн үндсэн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал “Г*******” төвийн баруун хойд талд орших автомашины зогсоол, сүүдрэвч, тус төвийн урд болон зүүн талд байрлах явган хүний зам, автомашины зогсоол зэрэг орчны газрыг “Г*******” СӨХ-д ашиглах эрх олгож, гэрчилгээ гаргахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн ба “Г*******” сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хурлаар тус СӨХ-ны гүйцэтгэх захиралаар томилогдсон Д.Д******* “Г*******” СӨХ нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагын “Г*******” төвийн баруун хойд талд орших автомашины зогсоол, сүүдрэвч, тус төвийн урд болон зүүн хойд талд байрлах явган хүний зам, автомашины зогсоол зэрэг орчны газрыг....” гэсэн хэсгээс болон Ц.Цэрэнжаргалд олгосон итгэмжлэлээсээ татгалзаж, “Нийслэлийн засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар Ж******* ХХК-д олгосон, Г******* төвийн барилгын 1450 мкв газрын, эзэмших эрхийн гэрчилгээг “Г*******” СӨХ-д шилжүүлэн олгохыг Нийслэлийн засаг даргад даалгаж өгнө үү.” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

Г******* төвийн сууц, оффис, үйлчилгээний байр өмчлөгчдийн бүх гишүүдийн 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуралданаар Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д “Нийтийн зориулалттай орон сууцны нэг байшинд  хоёр буюу түүнээс дээш өрх сууц өмчлөгч болсон тохиолдолд дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор сууц өмчлөгчдийн холбоог байгуулна.” гэж заасантай нийцүүлэн “Г*******” сууц өмчлөгчдийн холбоог байгуулж, дүрмээ баталжээ.

“Г*******” сууц өмчлөгчдийн холбоо 11 айл, 22 өмчлөгч, 7 үйлчилгээний газраас бүрдэж байгаа бөгөөд СӨХ-ны дүрмийн 5.2-т “Удирдах зөвлөл нь бүх гишүүдийн хурлаас сонгогдсон 5 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд орон сууцны төлөөлөл-2, оффисын төлөөлөл-2, үйлчилгээний газрын төлөөлөл-1 тус тус байхаар зохицуулж, 2015 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн бүх гишүүдийн хурлыг 60.46 хувийн ирцтэйгээр хийж удирдах зөвлөлийн гишүүнд орон сууцыг төлөөлж Батмөнх, Д*******, оффисыг төлөөлж Сүхбаатар, Буянаа, үйлчилгээний газрыг төлөөлж Арслан нарыг баталсан нь СӨХ-д тухайн байранд үйл ажиллагаа явуулдаг төлөөлөл бүрэн хамрагдсан гэж үзэхээр байна.

Ийнхүү Газрын тухай хууль, холбооны дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд  “Г*******” СӨХ-ны бүх гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалж, тэднийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий холбооны гүйцэтгэх захиралын тодруулж гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл бүхий байна.

Түүнчлэн “Г*******” сууц өмчлөгчдийн холбооны дүрмийн 7.1-д Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт холбооны өдөр тутмын үйл ажиллагааг холбооны дүрэмд заасан эрх хэмжээ, удирдах зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэх захирал эрхэлнэ, мөн дүрмийн 7.2.8-д “Холбооны нэрийн өмнөөс Г******* төвийн байшингийн дэвсгэр болон орчны газрыг ашиглах тухай хүсэлтийг Газрын тухай хуулийн 441 дүгээр зүйлд заасны дагуу зохих шатны засаг даргад гаргах, ашиглах гэрээ байгуулах”  гэж зохицуулсан бүрэн эрхийн хүрээнд тус СӨХ-ийн гүйцэтгэх захирал Д.Д******* 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 16/047 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн зарим шаардлагаас татгалзаж, нэхэмжлэлээ тодруулж  ирүүлснийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл “Г*******” сууц өмчлөгчдийн холбоо Газрын тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн хүрээнд “Г*******” төвийн барилгын суурийн 1450 мкв дэвсгэр газрыг орчны газрын адил үзэж ашиглахаар хүсэлт гаргах эрхтэй байна.

Нөгөө талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажлын хэсгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр “Г*******” СӨХ-д гишүүдийн саналаар орон сууцны барилгын сууриар 1450 мкв газрыг ашиглуулахаар зөвшөөрсөн нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 5/14 дугээр тогтоолын дагуу иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийн нэр шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн дээрх хурлын шийдвэрээр нотлогдсон байна.

Харин “Г*******” СӨХ-ийн барилгын сууриар 1450 мкв газрыг ашиглуулах хүсэлтийг ажлын хэсгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн хурлаар хэлэлцээд зөвхөн 11 айлын тоогоор оногдох хэсгийн газрыг эзэмшүүлэх  боломжтой гэж үзсэн гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй бөгөөд тус хуралдаанаас гарсан шийдвэртэй нийцэхгүй байна.

Иймд хариуцагч Нийслэлийн засаг дарга Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т “холбоонд тухайн орон сууцны байшингийн өрөнхий төлөвлөгөөг үндэслэн дэвсгэр болон орчны газрыг газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тодорхой болзолтойгоор гэрээний дагуу ашиглуулах” гэж  заасан бүрэн эрх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Г*******” төвийн барилгын сууриар буюу 1450 мкв газар эзэмших эрхийг “Г*******” СӨХ-д шилжүүлж гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлэх үндэстэй байна гэж дүгнэв.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 38 дугаар зүйлийн 38.1, 441 дүгээр зүйлийн 441.1,  Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасныг тус тус баримтлан “Нийслэлийн засаг даргын 2004 оны 164 дүгээр захирамжаар Ж******* ХХК-д олгосон, Г******* төвийн барилгын 1450 мкв газрын, эзэмших эрхийн гэрчилгээг “Г*******” СӨХ-д шилжүүлэн олгохыг Нийслэлийн засаг даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.  

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               А.НАСАНДЭЛГЭР