| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 131/2014/00403/И |
| Дугаар | 131/ШШ2015/00074 |
| Огноо | 2015-02-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2015 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 131/ШШ2015/00074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сум дундын 3 дугаар шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын **** тоотод оршин суух, эрэгтэй, ****** регистрийн дугаартай, **** овогт ***** ***** төрийн албанд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ***** шүүхэд гаргасан хүсэлтдээ:
Миний бие 2010 оны 12 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар томилогдож, өнөөдрийг хүртэл ажиллаж байна. 2008 оноос 2012 онд Баянхонгор аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон аймаг, орон нутгийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд идэвхитэй оролцож байсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д зааснаар аймгийн засаг даргад тавигдах шаардлагад дээд боловсролтой, ял шийтгэлгүй, өргүй, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан болохыг шаарддаг. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад ажилласан дээрхи хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэж заасан. Өөрөөр хэлбэл Улсын Их Хуралд суудалтай намд орон тооны албан тушаал эрхэлж байсан хүнийг төрийн улс төрийн алба хаасанд тооцож болохоор хуульд заасан байна.
Миний бие хуульд зааснаар төрийн албанд ажилласанд тооцуулах шаардлагатай тул намайг 2010 оны 12 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд төрийн албанд ажиллаж байсан жил тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн төлөөлөгч **** шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
****** нь 2009 оны 12 сарын 01-ний өдрөөс одоог хүртэл Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж байна. **** нь Ерөнхий сайдын 2012 оны 11 сарын 29-ний өдрийн 80 дугаар захирамжаар аймгийн Засаг даргаар томилогдсон. Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэж заасан.
Мөн ***** нь 1995 оны 06 сарын 15-ны өдрөөс 1996 оны 06 сарын 15-ны өдрийг дуустал цэргийн алба хаасан. Монгол Улсын Иргэнии цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад Цэргийн алба нь төрийн албаны онцлог төрөл бөгөөд цэргийн жинхэнэ болон бэлтгэл албанаас бүрдэнэ гэж, Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь заалтад зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын офицер, ахлагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, гаалийн байцаагч, шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэн нь төрийн тусгай албан тушаалд багтана гэж заасан байна. Үүнийг төрийн албанд ажилласан байна гэж үзээд нэхэмжлэлээ гаргасан байгаа.
Иймд **** 2009 оны 12 сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл төрийн албанд ажиллаж байсан хугацааг тогтоолгоно гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхний хуулбар, итгэмжлэл, 0330279 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2009 оны 12 сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Ардчилсан намын хорооны ээлжит хуралдааны 02 дугаар тогтоолын хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 5723 дугаар лавлагаа, 56 дугаар магадлал, тэмдэглэл хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч **** нь 2010 оны 12 сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд төрийн албанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч 2009 оны 12 сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрийн албанд ажиллаж байсан байдал тогтоолгохоор хүсэлтийг өөрчилжээ.
Хүсэлт гаргагч ***** нь 2009 оны 12 сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Баянхонгор аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдон ажилласан нь түүний 0330279 дугаар нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2009 оны 12 сарын 01-ний өдрийн Баянхонгор аймгийн Ардчилсан намын хорооны ээлжит 9 дүгээр хуралдааны 02 дугаар тогтоолын хуулбар, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтаар нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Улсын Их Хурал хүчингүй болсонд тооцоогүй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, 1995 оны 12 сарын 19-ний өдрийн хуулиар 5, 6 дахь хэсгийг нэмж, 5 дугаар зүйлийг 7 гэж өөрчилсөн талаар Хуульзүйн яамнаас уг хуулийг ирүүлсэн ба мөн хуулийн 6 дахь хэсэгт Улсын Их Хуралд суудалтай намын байгууллагад орон тооны албан тушаал эрхэлж байсан иргэн төрийн албанд шилжин ажиллавал намын байгууллагад ажилласан дээрх хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцох заалтыг баримтлан хүсэлт гаргагч **** хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзнэ.
Хүсэлт гаргагч 1995 оны 06 сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдан цэргийн алба хааж, 1996 оны 06 сарын 15-ны өдөр халагдсан нь Батлан хамгаалахын төв архивын лавлагаагаар нотлогдсон ба хх-17-37-д цугларсан иргэний хүсэлт, дүгнэлт гаргуулах тухай болон 139 дүгээр шүүхий тогтоолыг хэргийн оролцогч гаргаагүй тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6, Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***** 2009 оны 12 сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрийн албанд ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны 4 дүгээр шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ