| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2017/0148/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2017-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: С.Б, Г.У
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш м овогт С.Б, М овогт Г.У нарт холбогдох ,,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: С.Б, Г.У
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Г.У нь 2017 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, дүгээр баг, ,,, тоотод иргэн С.Бийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, дүгээр баг, Ц,,тоотод иргэн Г.Уийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Эрүүгийн ,,,тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Г.Уийн өгсөн:
“...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, дүгээр баг ,, өөрийн нөхөр Б түүний төрсөн ах С.Б, эхнэр С нартай байсан. С эгч нөгөө талын өрөөнд ор дэр засаад явж байсан. Бид нар өмнө хүүхдийн үсний найранд ороод бүгд нилээн согтуу байсан. Тэгээд би аавынхаа талаар С.Бтой ярих гээд нэрийг нь хэлээд байж байтал та нар аавыгаа алсан гээд над руу шууд дайрсан. Тэгэхээр нь надад аавыгаа алсан мэт маш муухай санагдаад явчихсан. Би босоод шаазан цайны аяга аваад С.Б ахын толгой руу нь шууд цохьсон. С.Б тэгтэл намайг толгой руу 2-3 удаа, нүдрүү нэг удаа цохьсон. Манай нөхөр Баттөр хажуугаар орж ирээд С.Бийг салгаад цааш аваад явсан. Тэгтэл миний нүд хавдаад хөхөрсөн. Тэгээд би цагдаа дуудаад өөрийн нөхөр Б, С.Б 2-ыг эрүүлжүүлэхэд өгсөн. ...Миний тархи толгой өвдөөд байна. Нүд хөхөрсөн шинжээчийн дүгнэлт гаргуулна. Би толгойдоо ямар нэгэн хуучин гэмтэлгүй. Өмнө нь С.Бтой гайгүй харилцаатай байсан. Тухайн өдөр хуувийн тааражгүй харилцааны улмаас намайг цохисон. Би эхлээд С.Бийг цохьсон. Би С.Б ахтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж С.Б ахын толгойн тус газар нь би шаазан аягаар нэг удаа цохисон. Намайг аягаар цохиход С.Б ахын толгойноос нь цус гойжсон. С.Б ах хэлэхдээ манай талийгаач аав Ганзоригийг та нар аавыгаа өөрсдөө алсан гээд байсан. Би тэгэхээр нь уурандаа аягаар цохисон. С.Б ахын гэрт байдаг аяга байгаа. Уг аяга шаазан Н1Ю гэсэн бичигтэй сэнжтэй цайны аяга байгаа ягаандуу өнгөтэй аяга байдаг. Энэ аяга С.Б ахын гэрт байгаа. Би эмчилгээ хийлгээгүй, ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5 дугаар тал/
*Хохирогч С.Б-ийн өгсөн
“...Би 2017 оны 10 дугаар сарын 30-ны орой Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дүгээр баг,,, тоотод манай гэрт манай дүү С.Б болон түүний эхнэр Г.У миний эхнэр У.О нар байсан. Бид нар тухайн өдөр согтуу байсан. Айлын хүүхдийн үсний найран дээр очоод ирсэн байсан. Нилээн их согтуу байсан. Тэгээд би У-тэй аавынх нь талаар ярьж байсан. Тэгээд та нар ер нь арчаагүйдээ аавыгаа алдсан, бараг л алчихсан хүмүүс шүү дээ гээд хэлтэл намайг цайны аягаар толгойн зулай хэсэгт нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би босч ирээд нүдэнд нь нэг, толгойд хоёр удаа цохьсон. Удалгүй цагдаа нар ирээд эрүүлжүүлэх рүү аваад явсан. Миний толгой хагарсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй. Гэмтлийн зэргээ тогтоолгосон. Би толгойдоо ямар нэгэн хуучин гэмтэл байхгүй. Г.Утэй ямар нэгэн өр авлага өш хонзонгүй. Би өөрийн биед эмчилгээ хийлгээгүй, эмчилгээ хийлгэхгүй, толгой хагарах гэх мэтийн асуудал байдаг л зүйл. Би гомдолгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17, 18-19 дугаар тал/
*Гэрч С.Бийн өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 30-ны орой манай ахын гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг Цагаан давааны 30-39 тоотод би өөрийн эхнэр Г.У, төрсөн ах С.Б, бэр эгч У.О нартай хамт хууч хөөрөөд сууж байсан. Тухайн үед 00 цаг өнгөрч байсан байх, нарийн сайн санахгүй байна. Бид нар айлд хүүхдийн үсний найран дээр оччихоод бүгд архи ууцгаасан байсан. Манай эхнэр маш их согтуу байсан. Манай ах мөн ялгаагүй согтуу байсан. Би бараг тасрах гэж байсан. Бүгд их хэмжээгээр айлд өгсөн архийг нь уугаад байж байсан юм. Тэгээд тэд нар юм яриад сууж байсан. Би хэн, юу яриад байгааг нь ч мэдэхгүй манараад, доошоо тонгойгоод сууж байтал манай эхнэр хашхираад явчихсан. Тэгээд босоод хартал манай ахын толгойноос цус гарчихсан, манай эхнэрийг С.Б ах цохиж байсан. Би тэр хоёрын дундуур ороод салгасан. Тэгээд сууж байтал цагдаа нар орж ирээд аваад гарсан. ... Манай ах гараараа цохисон гэсэн. Би согтуу байсан. Тэгээд эхнэр орилхоор нь харсан. Тэгтэл ах эхнэрийг цохиж байсан. ...Манай эхнэр Г.У манай ах С.Бийн толгой руу аягаар цохисон гэсэн. Гэхдээ аяга хагараагүй байсан. Цайны шаазан аяга байгаа юм. ..Бид нар айлын үсний найран дээр огт маргалдаагүй. Ах С.Бийн гэрт очоод л манай эхнэр аавынхаа талаар яриад, хувийн таарамжгүй харилцаа үүсгэсэн байна лээ. Сүүлд нь эхнэрээс сонссон. ...Манай эхнэр Г.У нь 1990 онд төрсөн. Айлын 2 дахь хүүхэд байгаа юм. Даруу төлөв зантай, заримдаа огцом ууртай, барьсан юмаа авч шидэх гээд байдаг зантай юм. Манай эхнэр Г.У болон ах С.Б нарын хооронд ямар нэгэн өр авлага, өш хонзон байхгүй. Тухайн үед болсон хэргийг манай эхнэр Г.У, манай ах С.Б, бэр эгч У.О нар мэднэ....” гэх мэдүүлэг хх-ийн 12-13 дугаар тал/
*Гэрч У.О-ын өгсөн:
“...2017 оны 10 дугаар сарын 30-ны орой манай гэр болох Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг, Цагаан давааны 30-39 тоотод манай нөхөр С.Б, түүний төрсөн дүү С.Б, түүний эхнэр Г.У нар байсан. Бид нар айлд хүүхдийн үсний найран дээр очоод бүгд нилээн их архи уусан байсан. Тэгээд шөнө 00 цаг болох гэж байсан байх, би ор дэр засаад хойд талын өрөөнд байж байхад түс тас гээд хүн юм цохих шиг дуу гараад явсан. Би ор засч байснаа тэр чигт нь орхиод унтлагын өрөөнөөс гараад ирэхэд манай нөхрийн толгойноос нь цус гарчихсан, С.Б манай нөхрийг тэвэрч аваад зогсож байсан. Би Г.У С.Б нар нэг нэгнийгээ цохилоо гэж бодсон. Тэр өрөөнд ороод би Г.Уийг салгаад аваад гарсан. Гадаа гараад Г.У цагдаа дуудсан. Г.У-ийг гадаа гарахад нь би хамт дагаад гарсан. Г.Уийн нэг талын нүд нь хөхөрсөн байсан. ...Манай нөхрийг Г.У аягаар цохьсон байсан. Намайг ороход аяга гартаа атгачихсан зогсож байсан. Би цохиж зодож байхыг нь хараагүй. Гэхдээ Г.У өмнө нь хүнтэй маргалдаж зодолдоогүй манай нөхөрт цохиулаад нүд нь хөхөрсөн байсан. Бид нар айлын найранд очсон. Бүгд нилээн их согтсон байсан. Найран дээр хүмүүс янз янзын архи өгөөд байсан. Тэр бүгдээс нь ууж хэрэглэсэн. Гэртээ ирээд архи уугаагүй. Би өөрийн нөхөр С.Бтой ханилаад 13 жил болж байна. Манай нөхөр даруу, төлөв зантай, архи дарс уудаггүй хүн. Айлын үсний найран дээр очоод л архи уусан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар тал/,
*Гэрч С.-Ггийн өгсөн:
“...Миний төрсөн ах С.Б даруу төлөв зантай, архи дарс нэх их уудаггүй. Эхнэр
хүүхэддээ халамжтай. Амьдрал ахуйн байдал нь дунд зэргийн, эхнэр нь оёдлын газар ажилладаг. Өөрөө эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Манай бэр Г.У даруу төлөв зантай, би нэг харьцаад байдаггүй болохоор сайн мэдэхгүй байна. Эмийн санд эм найруулагч хийдэг. Амьдрал ахуй нь дунд зэргийн хүмүүс байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 463 дугаартай дүгнэлтэнд:
“...С.Бийн биед, зулайн баруун ба зүүн талд хуйханд шарх, зөөлөн эдийн няцралт, баруун хөмсөгний гадна хэсэгт, духны зүүн дээд хэсэгт жижиг жижиг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох, шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл бөгөөд хэрэг гарах үед үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 34 дүгээр тал/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 462 дугаартай дүгнэлтэнд:
“...Г.Уийн биед, тархи доргилт, нүүрний баруун тал, баруун нүд, хамрын нурууны орчмыг хамарсан зөөлөн эдийн няцралт, цус хуралт, баруун нүдний салстад цус хуралт, баруун хацрын доод хэсэгт жижиг 2 ш зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох,шүргэх, нидрэгдэх үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь тус тусдаа *Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам*-ын 2-4-1-д зааснаар, биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарана. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Учирсан гэмтлүүд нь тус тусдаа шинэ гэмтэл бөгөөд хэрэг гарах үед үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 34 дүгээр тал/
* Булган сумын Тамир багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34, 54 дүгээр тал/
* Архангай аймаг дахь Цагдаагийн газрын тодорхойлолт /хх-ийн 56 дугаар тал/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-33, 52-53 дугаар тал/
* Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл /хх-ийн 49 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2017 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, дүгээр баг, ,,тоотод иргэн С.Б, Г.У нар нь харилцан бие биеийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Г.У нь С.Бийн толгойн тус газар аягаар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч С.Б нь Г.Уийг эрх чөлөөнд халдаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хохирогч С.Бийн “...намайг цайны аягаар толгойн зулай хэсэгт нэг удаа цохьсон. Тэгэхээр нь би босч ирээд нүдэнд нь нэг, толгойд хоёр удаа цохьсон...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Уийн “...Би босоод шаазан цайны аяга аваад С.Б ахын толгой руу нь шууд цохьсон. С.Б тэгтэл намайг толгой руу 2-3 удаа, нүдрүү нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг, гэрч С.Бийн“.... Тэгээд босоод хартал манай ахын толгойноос цус гарчихсан, манай эхнэрийг С.Б ах цохиж байсан. Би тэр хоёрын дундуур ороод салгасан...” гэх мэдүүлэг, гэрч У.Оын “...Би ор засч байснаа тэр чигт нь орхиод унтлагын өрөөнөөс гараад ирэхэд манай нөхрийн толгойноос нь цус гарчихсан, С.Б манай нөхрийг тэвэрч аваад зогсож байсан. ...Г.Уийн нэг талын нүд нь хөхөрсөн байсан. ...Манай нөхрийг Г.У аягаар цохьсон байсан. Намайг ороход аяга гартаа атгачихсан зогсож байсан...” гэх мэдүүлэг, С.Б, Г.У нарын биед хөнгөн хохирол учирсан талаар гарсан Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 сарын 31-ний өдрийн 463,462 дугаартай дүгнэлт, сэжигтэн яллагдагч С.Б, Г.У нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Г.Уийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байна гэж үзэв.
Шүүгдэгч С.Б, Г.У нар нь харилцан бие биедээ гомдол саналгүй талаар мэдүүлсэн /хх-ийн 67-68 дугаар тал/ байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Тус аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Б, Г.У нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлэхэд шүүгдэгч С.Б, Г.У нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, оногдуулах ялын талаар прокурортой тохиролцсон байх бөгөөд шүүхээс тэдэнд эрүүгийн хуульд заасан торгох ял оногдуулж, уг ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч С.Б, Г.У нар нь тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож тэдэнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аяга 1 ширхэгийг шүүгдэгч С.Бт буцаан олгож шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч С.Б, Г.У нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш м овогт С.Б, М овогт Г .У нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн тусгай хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Г.Уийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Г.У нарт шүүхээс оногдуулсан 500 / таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б, Г.У нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б, Г.У нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аяга 1 ширхэгийг шүүгдэгч С.Бт буцаан олгосугай.
7. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Б, Г.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР