Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/1146

 

 

 

 

 

 

  2022             12              06                                          2022/ДШМ/1146

 

 

      Б.У-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Уранбайгаль,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О,

яллагдагч Б.У, түүний өмгөөлөгч А.З,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2265 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр Б.У-д холбогдох ............... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч Б.У нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 21:20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт .......... дүгээр байрны хойд замд өөрийн эзэмшлийн “Toyota Aqua” загварын ............................. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т “...хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хорооллын доторх замд зорчиж явсан явган зорчигч 10 настай, эрэгтэй О.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Б.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: О.О-ыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах, Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ...”, 3 дахь хэсэгт “...хохирогч нь энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно...” гэж, 8.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хохирогч нас барсан, эрх зүйн чадамжгүй болсон, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах чадваргүй бол энэ зүйлд заасан эрхийг түүний хууль ёсны төлөөлөгч эдэлнэ...” гэж заасан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “....арван найман насанд хүрээгүй хохирогчийн төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох...”, 1.3 дахь заалтад “...хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоохоор хуульчилсан. Иргэний хуульд иргэний чадвар, чадамжийн талаар дараах байдлаар хуульчилсан ба тухайлбал, Иргэний хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “...иргэний эрх зүйн чадвар нь иргэнийг төрсөн үеэс эхэлж, нас барснаар дуусгавар болно, 14.2 дахь хэсэгт “...иргэний эрх зүйн чадварыг хязгаарлахыг хориглоно...” гэж заасан ба чадамжийн тухайд /тухайн хэргийн хохирогч 10 настай/ Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “...7-оос 14 хүртэлх насны этгээд иргэний эрх зүйн зарим чадамжтай байна. Харин Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 18.3 дахь хэсэгт иргэний эрх зүйн чадамжгүй иргэн, түүнд асран хамгаалалт тогтоох, түүний нэрийн өмнөөс хууль ёсны төлөөлөгч хэлцэл хийхээр тодорхой зааж хуульчилсан. Энэ хэргийн тухайд, 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай мөрдөгчийн тогтоолоор осолд өртсөн явган зорчигч О.О-ын төрсөн эх С.О-ыг тогтоож, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, мэдүүлэг авсан /хавтаст хэргийн 19-21 дэх тал/ боловч явган зорчигч 10 настай О.О-аас гэрчийн мэдүүлэг авсан байна /хавтаст хэргийн 22 дахь тал/. Тэгсэн атлаа Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд О.О-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг хохирогч О.О-ын мэдүүлэг мэтээр тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ...” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “хохирогч” хийгээд “гэрч” гэсэн нэр томьёоны тодорхойлолт, эдлэх эрх, үүрэг нь өөр өөр байх атал энэхүү ялгаа заагийг гаргаагүй, улмаар 10 настай О.О-ыг эрх зүйн чадамжгүй этгээдэд тооцсон шүүхийн шийдвэргүй. Иргэний хуулийн 18 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэрээр өөрийнхөө чадамжийнхаа хүрээнд эрх зүйн харилцаанд хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хамтаар оролцох эрхтэй тул түүнээс гэрчээр бус хохирогчоор тогтоож мэдүүлэг авах боломжтой байсан байна. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах. Иймд дээрх асуудлуудыг тодруулах, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол яллагдагч Б.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Уранбайгаль бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2265 дугаартай захирамжийн үндэслэлийг хянуулж, заалтуудыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Оюунханд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 07 дугаар сарын 02-ны өдөр зүүн хөлийнх нь рентген зургийг нь авхуулсан. Уг зургийг хэрэг болж магадгүй гээд угаалгаж авсан. Сайн анзаарах юм бол миний хүү машинд дайруулсан өдрөө шорттой явж байсан. Урд өдрийн рентген зураг дээрээ өмдөө дээш нь болгосон байдаг. Өдөр нь яагаад ингээд гарсан талаар асуухад эмнэлгийн программын өдөр зөрүүтэй байсан байна гэсэн. Дайруулсан хөл нь баруун талын хөл нь байдаг. ...” гэв.

Яллагдагч Б.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч надаас их мөнгө нэхэмжилсэн. Би баримтын дагуу эмчилгээний төлбөрийг төлж барагдуулна гэсэн байр сууринаас хандаж байгаа. ...” гэв.

Яллагдагч Б.У-ын өмгөөлөгч А.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасан хохирол хор уршиг учирсан эсэхийг бүрэн тогтоож чадаагүй гэж үзэж байна. Шинжээч эмчийн 9754 дугаар дүгнэлт эргэлзээтэй гэж үзэж байна. Рентген зураг дээрээс хавчаар ясны хугарал, цууралт үүссэн болохыг тогтоох боломжгүй. Дахин шинжээч томилох шаардлагатай гэж үзэж байна. Хэрэгт авагдсан “Цагаан шонхорын жигүүр” гэх төрийн бус байгууллагын дүгнэлт нь албан ёсны шинжилгээний байгууллагаас гадуур хийгдсэн дүгнэлт байдаг. Уг төрийн бус байгууллагад тусгай мэдлэгтэй хүн ажилладаггүй, цагдаагийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс л байдаг. Эдгээр хүмүүсээр Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг тайлбарлуулж байгаа нь буруу. Энэ дүгнэлт үндэслэлгүй. Жолооч ямар дүрэм зөрчсөн болохыг тогтоож чадаагүй. Хүүхдийг машинаараа мөргөөгүй, хүүхэд гүйж гарч ирээд машины хажуу талыг мөргөөд унасан байдаг. Тэгэхээр жолоочийн биш явган зорчигчийн буруутай үйлдэл байна. Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Прокуророос яллагдагч Б.У-ыг 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 21:20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ............ дугаар хорооны нутаг дэвсгэрт ...................дүгээр байрны хойд замд өөрийн эзэмшлийн “Toyota Aquа” загварын ......................... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т “...хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас хорооллын доторх замд зорчиж явсан явган зорчигч 10 настай, эрэгтэй О.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд О.О-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг хохирогчоор өгсөн мэдүүлэг мэтээр тусгасан. О.О-ыг хохирогчоор тогтоож, мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах, иргэний нэхэмжлэгчээр тогтоохтой холбоотой асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж Б.У-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2022 оны 7 дугаар сарын 10-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилох тухай мөрдөгчийн тогтоолоор осолд өртсөн явган зорчигч О.О-ын төрсөн эх С.О-ыг тогтоож, эрх, үүргийг нь тайлбарлан өгч, мэдүүлэг авсан /хх 19-21/, 10 настай, явган зорчигч О.О-аас гэрчийн мэдүүлэг тус тус авсан байна /хх 22/.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлтэд О.О-ыг гэрчээр асууж авсан мэдүүлгийг хохирогчоор мэдүүлэг өгсөн байдлаар тусгажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар “хохирогч” “гэрч” гэсэн нэр томьёоны тодорхойлолт, эдлэх эрх, үүрэг нь өөр бөгөөд 10 настай хүүхэд эрх зүйн чадамжийнхаа хүрээнд эрх зүйн харилцаанд хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хамтаар оролцох эрхтэй тул түүнийг гэрчээр бус хохирогчоор тогтоож мэдүүлэг авах нь хуульд нийцнэ.

Мөн, дуудлагын лавлагааны хуудсанд “...зам тээврийн ослын талаарх дуудлагыг 2022 оны 7 дугаар сарын 03-ны оройн 21:35:14 секундэд өгсөн...” гэж тэмдэглэсэн /хх 5/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлийг 2022 оны 7 дугаар сарын 03-ны орой 22 цаг 00 минутад эхэлж 22 цаг 30 минутад дуусгасан /хх 6-7, 10-14/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсанд “...2022 оны 7 дугаар сарын 02-ны 17:00-д О.О-ын хөл дээр ломбо унасан...” гэх /хх 95/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудсанд “...2022 оны 7 дугаар сарын 03-ны 22:00-д О.О-ын баруун шагай хавдсан...” гэх /хх 95/, 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9754 дугаар шинжээчийн дүгнэлтэд 2022.07.02-ны өдрийн баруун хөлийн рентген зурагт “...баруун шагайн үений гадна хавчаар ясны хугаралтай” гэж, дүгнэлт хэсэгт “...О.О-ын биед баруун шагайн үений гадна хавчаар ясны хугарал, баруун шилбэ шарх, дух, зүүн нүдний дээд, доод зовхи баруун өвдөг, зүүн тохой тавхай, цээж, зүүн өвдөг зулгарал, зүүн хацар цус хуралт гэмтэл тогтоогдлоо” гэж бичжээ /хх 40/.

Шинжээч Б.Д-ийн “...миний хувьд дээрх рентген зургийн дээрх мондерын он сарыг тавьсан байна. Ер нь бол уг зургийн баруун доод буланд нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны 10:34:55 секунд гэсэн он сарын бичиглэлтэй байсан. Дүгнэлтдээ доод талынх нь он, сарыг тавиагүй, дээд талынх нь он сарыг тавьчихсан буюу бичихдээ буруу он сар өдрийг тавьсан байна...” гэсэн мэдүүлэг /хх 44-45/, рентген зурагт “...баруун доод буланд 7/3/2022 10:35:22” гэж тэмдэглэсэн /хх 96/ гэсэн баримтууд авагдсан байна. Дээрх баримтуудаас үзвэл, зам тээврийн осол нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны 21:35:14-д гарсан талаар дуудлага өгч, хэргийн газрын үзлэгийг 22 цагаас 22 цаг 30 минутын хооронд хийсэн талаар баримт авагдсан бөгөөд хохирогчийн биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлтийг гаргахдаа 2022 оны 7 сарын 02-ны өдрийн рентген зургийг үндэслэж гаргасан мэтээр бичсэн, улмаар энэ талаар шинжээч нь мэдүүлэгтээ тайлбарлаж мэдүүлэхдээ “...буруу огноог дурдсан байна, харин рентген зургийн баруун доод буланд байх 2022 оны 7 дугаар сарын 03-ны 10:34:55 секунд гэсэн он, сарын бичиглэл нь зөв...” гэх агуулга бүхий мэдүүлгийг өгсөн. Хохирогч нь 2022 оны 7 дугаар сарын 02, 2022 оны 7 дугаар сарын 03-ны өдрүүдэд аль алинд нь ахуйн болон зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтсэн байхад энэ гэмтлүүдийг ялгаж зааглаагүй бөгөөд дээрх 2 өдрийн гэмтлийг тус тусад нь зааглаж, аль нь зам тээврийн ослоос үүдэлтэй үүссэн болохыг зөв тогтоох нь зүйтэй.

Харин рентген зургийн баруун доод буланд бичигдсэн гэх цаг хугацаа нь 2022 оны 7 дугаар сарын 03-ны 10:34:55 PM гэсэн бичиглэлтэй буюу оройн цагаар гэж үзэхээр байхад анхан шатны шүүх өглөөний цагаар гэж буруу дүгнэжээ.

Мөн, “Цагаан шонхорын жигүүр” НҮТББ-ийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 22/79 дүгээр дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 19.1-т “...хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно...” гэсэн явган зорчигчтой холбоотой Замын хөдөлгөөний дүрмийн заалтаар яллагдагч Б.У-ыг буруутгасан нь эргэлзээ бүхий болжээ.

Өөрөөр хэлбэл, Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтын агуулга нь явган зорчигчид явган хүний замаас гадна зорчих хэсгээр явах, хорооллын дотор давуу эрхтэй болохыг тодорхойлсон агуулга бүхий заалт бөгөөд тээврийн хэрэгсэл жолоодож явсан хүнд эрх олгож, үүрэг хүлээлгэсэн заалт гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Иймд, Б.У-ыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой ямар зүйл, заалтыг зөрчсөний улмаас осол гарсан нөхцөл байдлыг дахин нягтлан шалгах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэргийн талаар нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлсийг бүрэн нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийх, улмаар хэргийг зөв зүйлчлэхэд чухал ач холбогдолтой юм.

Мөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан тул мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй байна.

Иймд, шүүгчийн захирамж болон магадлалд дурдсан үндэслэлүүдээр мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгүүлэх шаардлагатай тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2265 дугаар хэвээр үлдээж,  прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЗ/2265 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Уранбайгалийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

 

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

 

                        ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ