Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2024/0009/з |
Дугаар | 119/ШШ2024/0028 |
Огноо | 2024-06-06 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 119/ШШ2024/0028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Т,
Хариуцагч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү нарын хоорондын
“Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” 02-25-01/078/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т, хариуцагч Н.Азхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүүд холбогдуулан “Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн “2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” 02-25-01/078/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан.
Хоёр. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү нь өөртөө үйлчлэх угаалгын газрын үйл ажиллагаа эрхэлдэг “Д” ХХК-ийн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... орон сууцны хорооллын үйлчилгээний газарт гомдол гаргагч иргэн М.Т-ын өргөдлөөр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02-25-01/078/01 дүгнэлтээр “Д” ХХК-ийн угаалгын газрын үйл ажиллагааг “бүр мөсөн зогсоох”-оор шийдвэрлэсэн ба маргаан бүхий захиргааны актыг нэхэмжлэгчид мэдэгдэж, хүргүүлсэн.
Гурав. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг эс зөвшөөрч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 “шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйлийн 92.1 “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй” хэсэгт тус тус зааснаар Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад гаргасныг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 54 дугаартай албан бичгээр гомдлыг хангахгүй орхиж, дүгнэлтийг хүчингүй болгох боломжгүй талаар хариу өгсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.
Дөрөв. Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Тав. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..... орон сууцны хорооллын үйлчилгээний зориулалттай хэсэгт 100.98 мкв талбай бүхий талбайг 5 жилийн хугацаатай түрээслэн “L” нэртэй өөртөө үйлчлэх угаалгын газрыг ажиллуулж, 3 иргэнийг ажлын байраар хангаж, иргэдэд цэвэр тав тухтай орчинд угаалгын үйлчилгээ үзүүлэх зорилгоор их хэмжээний хөрөнгө оруулалт хийж Бүгд найрамдах Солонгос улсын “L” өөртөө үйлчлэх угаалгын газрын сүлжээг франчайзингийн гэрээний дагуу албан ёсны эрхтэйгээр Монгол Улсдаа нэвтрүүлж, уг сүлжээний салбараа Эрдэнэт хотод нээн ажиллуулж шинэлэг үйлчилгээ, соёлыг түгээн ажиллаж байна.
Гэтэл Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагч Н.Азхүүгийн гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” 02-25-01/078/01 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт гаргасан.
Улсын байцаагчийн дүгнэлтийг хянуулахаар Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйлийн 92.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргад урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдол гаргасан боловч 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр гомдлыг хангах боломжгүй гэх хариуг хүлээн авсан тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.
Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын улсын байцаагч Н.Азхүүгийн гаргасан 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 02-25-01/078/01 дугаартай “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” улсын байцаагчийн дүгнэлтийг хууль бус гэж үзэж дараах үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
1. Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын Д.Жаргалын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10-25-02/103/01 дугаартай “Үйл ажиллагааг түр зогсоох тухай” улсын байцаагчийн актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 98 дугаар зүйлийн 98.1.1 дэх хэсгийг баримтлан илт хууль бус болохыг тогтоолгохоор Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын даргад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр гомдол гаргаж, улмаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд дүгнэлт гарах үед урьд нь гаргасан улсын байцаагчийн актыг хянах процесс дуусаагүй байхад дахин хяналт шалгалт хийж дүгнэлт гаргасан нь хуульд нийцэхгүй байна.
2. Улсын байцаагч Н.Азхүүгийн гаргасан 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02-25-01/078/01 дугаартай “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” улсын байцаагчийн дүгнэлтийн гарчиг болон 1 дэх хэсэгт “угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоож” гэснийг үзэхэд улсын байцаагч өөрт хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай дүгнэлт гаргасан гэж үзэхээр байна. Учир нь үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох эрхийг Барилгын тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль өөр бусад хуулиар улсын байцаагчид олгоогүй байна.
3. Дүгнэлтэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10-р зүйлийн 10.2.3 дахь заалтын дагуу шүүхийн байгууллагад хандан нийтийн зориулалттай угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоолгох гэж заасан боловч Төрийн хяналт шалгалтын тухай хуульд “10-р зүйлийн 10.2.3” гэх заалт огт байхгүй байх тул илэрхий алдаатай захиргааны акт байна.
4. Орон сууцны тухай хуулийн 17-р зүйлийн 17.1.7-д заасан “нийтийн зориулалттай орон сууцны байшинд угаалгын газар ажиллуулахыг хориглоно” гэснийг зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд уг барилга нь орон сууцны зориулалттай боловч манай угаалгын газар нь үйлчилгээний зориулалттай хэсэгт нь үйлчилгээний зориулалтаар үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн талбайг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг. Бусад хуучны угсармал нийтийн зориулалттай орон сууцны барилгад орц, гарц гаргаад үйл ажиллагаа явуулж буй иргэн, хуулийн этгээдүүдтэй адилтгаж үзэх боломжгүй. Мөн орон сууцны орцноос тусдаа орц, гарцтай, барилгын зураг төсөл нь анхнаасаа үйлчилгээний зориулалтаар ашиглахаар хийгдсэн талбайд үйл ажиллагаа явуулж буй тул тус дүгнэлт хуульд нийцэхгүйн дээр уг дүгнэлтээс шалтгаалж их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн ажлын байрандаа үйл ажиллагаа явуулах боломжгүйд хүрч компаний эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирч байна” гэжээ.
Зургаа. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын улсын байцаагч Н.Азхүүгийн 2024 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай дүгнэлтийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үндэслэлийн тухайд нэхэмжлэл дээр “угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох” гэсэн байгаа. Дүгнэлтэд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.3 дахь заалтыг баримтлан дүгнэлт гаргасан гэдэг. Гэтэл ийм хуулийн зүйл заалт байхгүй. Уг маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгох байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Үйл ажиллагааг бүрэн зогсоох эрх хэмжээ, чиг үүрэг байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “тухайн байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдэг үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох үндэслэлтэй байна. Хуульд байхгүй заалтыг үндэслэсэн илэрхий алдаатай захиргааны акт байгаа учраас илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна” гэв.
Долоо. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “Манай газарт иргэн М.Тын өргөдөл ирүүлсний дагуу Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү би 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр газар дээр нь гомдол гаргагч иргэн М.Т, Ц.Т /гэр бүлийн/ нарыг байлцуулан үзэж шалгаад ..... тоот байрны харалдаа доор 1 дүгээр давхарт “Д” ХХК-ний нийтийн угаалгын газар ажиллаж байгааг тогтоож иргэний гомдлыг барагдуулахаар 2024.01.05-ны өдөр гомдол гаргагч иргэнд 02-25-01/078/01 дүгнэлт гарган хүргүүлсэн болно.
1. Улсын байцаагч миний гаргасан дүгнэлт нь Монгол улсын Засгийн газрын 2022 оны 479 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт Хяналт шалгалт хийх нийтлэг журмын 29.1-д заасныг баримтлан нийтийн угаалгын газар орон сууцны барилгад үйл ажиллагаа явуулж байгаа нь Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 заалтыг зөрчиж байгааг тодорхойлсон эрх зүйн хүчин төгөлдөр акт болно. Эрүүл ахуйн байцаагчийн гаргасан акттай ойролцоо хугацаанд буюу хэрэг хянагдаж байхад гарсан гэдэг гомдол нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд гомдол гаргасан иргэний гомдлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэж өгөх үүрэгтэй албан хаагчийн чиг үүргийн дагуу хийгдсэн хяналт шалгалтын үйл ажиллагаа болно.
2. Дүгнэлтийн тэргүүнд “Үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” гэж бичсэн нь эрхээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй улсын байцаагчийн гаргаж байгаа актын агуулгыг мушгин гуйвуулах санаа гэж үзэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар улсын байцаагч үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох эрхгүй бөгөөд орон сууцанд ажиллаж байгаа нийтийн угаалга нь хуулиар хориглосон заалттай үйл ажиллагаа тул бүр мөсөн зогсоох бүрэн үндэслэлтэй гэсэн агуулга болно.
3. Дүгнэлтэд дурьдсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.2.3 гэсэн нь андуурагдсан бөгөөд мөн хуулийн 10.12.3 заалт болохыг залруулж байна. Хуулийн заалт андуурч бичсэндээ уулчлал хүсэж байна. Улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д заасан эрхийн хүрээнд үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох эрхгүй тул нийтийн угаалгын үйл ажиллагааг шүүхийн шийдвэрээр бүр мөсөн зогсоож болохыг гомдол гаргагч иргэнд тайлбарлаж өгсөн.
4. Орон сууцны барилгын зориулалтын үйлчилгээний хэсэг буюу 1 дүгээр давхарт нийтийн угаалгын газар ажиллаж байгаа нь Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 заалтыг зөрчихгүй мэтээр тайлбарлаж байгаа нь цаг хожих хуулийн заалтыг өөрт ашигтайгаар тайлбарлах оролдлого гэж үзэж болохоор байна. Учир нь Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйл /Нийтийн зориулалттай орон сууцны байшинд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглох/ гэж заасан тул зоорийн давхар, техникийн давхар, 1 дүгээр давхраас үл хамааран нийтийн орон сууцанд дээрх хуульд 7 заалтын үйл ажиллагаа явуулах нь уг орон сууцанд амьдарч буй иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл /Үндсэн хуульд заасан/ алдагдах тул төрөөс тухайлан зааж хуулиар хориглож байгаа болно. Бизнес эрхэлж, хөрөнгө оруулж байгаа хүн, хуулийн этгээд тухайн бизнесийн чиглэлийн хууль тогтоомжоо судлаж, хууль зөрчихгүй, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах үүрэгтэй болохыг сануулья” гэжээ.
Найм. Хариуцагч Н.Азхүүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйл ажиллагаа бүрэн зогсоо гэсэн үг, өгүүлбэр байхгүй. Орон сууцны тухай хуульд угаалгын үйл ажиллагаа явуулахыг хориглочихсон байна. Бүр зогсоох нь зүйтэй, гэхдээ би биш шүүхийн шийдвэрээр хэрэгжих ёстой гэдгийг тодорхойлж өгсөн баримт болохоос шийдвэрлэх баримт биш. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 179 дүгээр тогтоолоор батлагдсан хяналт шалгалт хийх тухай нийтлэг журам байгаа. “Дүгнэлт” гэдэг бол улсын байцаагч хяналт шалгалтын дүнд хяналт шалгалтад хамрагдсан барилга байгууламж, бараа бүтээгдэхүүн, ажил, үйлдвэрлэл үйлчилгээний чанар аюулгүй байдал нь хууль тогтоомж, норм дүрэм, стандартын шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох зорилгоор л гаргаж байгаа. Миний энэ гаргасан дүгнэлт бол шийдвэрлэх баримт бичиг биш тодорхойлж өгч байгаа юм. Тухайн иргэний гомдлыг барагдуулж хууль зөрчсөн нь үнэн юм гээд тодорхойлж өгч байгаа. Бүрэн зогсоохдоо шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэх юм. Тэр хуулийн заалтыг буруу биччихсэн гэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн заалтын талаар өмнө нь тайлбар дээрээ залруулга бичиж өгсөн, хуулийн 10.12.3 юмаа, 2-ын тооны өмнөх 1-ийн тоог санамсаргүйгээр орхигдуулсан байна гэдгийг залруулж тайлбартаа хэлсэн. Уг хуулийн 10.12.3 дахь хэсэгт 19.7-д заасан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хуульд өөрөөр заагаагүй бол улсын байцаагчийн шийдвэрийг шүүхээр баталгаажуулан албадан гүйцэтгүүлэх, эсвэл тухайн үйлдвэрлэл үйлчилгээг бүр мөсөн зогсоох талаар холбогдох байгууллагад өгч шийдвэрлүүлэх гэж заасан. Үг, өгүүлбэр тоо, үсэг дээр ярихын оронд Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7 дахь хэсэгт угаалгын газар ажиллуулж болохгүй гээд хориглох заалт дээр тодорхой орчихсон. Энийг тодорхойлж өгсөн эрх зүйн баримт. Энэ үйл ажиллагаа хуулиар хориглосон заалтад хамрагдаж байна. Зогсоохдоо шүүхийн шийдвэрээр хэрэгжүүлэх юм гэдгийг тодорхойлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй байна” гэв.
Ес. Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч талаас анх “улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02-25-01/078/01 дугаартай “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” улсын байцаагчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02-25-01/078/01 дугаартай “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” улсын байцаагчийн дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд хариуцагч Н.Азхүүгээс “өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, 14 хоногт тайлбар гаргах шаардлагагүй, энэ өдрийн шүүх хуралдаанд уг өөрчилсөн шаардлагад холбогдуулан үндэслэл бүхий тайлбараа гаргаад оролцох бүрэн боломжтой” тухайгаа илэрхийлсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд хуульд харшлах зүйл байхгүй гэж үзсэн болно.
2. Нэхэмжлэгч “Д” ХХК нь Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч /Н.Азхүү/-ийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” 02-25-01/078/01 дугаартай “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” дүгнэлтийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, шүүх хуралдаанд уг шаардлагаа дэмжиж оролцсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 /Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй/ дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч шийдвэрлэлээ.
3. Шүүх дараах хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
4. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү иргэн М.Тын гаргасан гомдлын дагуу “Д” ХХК-ийн L угаалгын газарт төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх удирдамжийн дагуу хяналт шалгалт явуулж, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02-25-01/078/01 дугаартай дүгнэлтээр “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох”-оор шийдвэрлэжээ. /Хавтаст хэргийн 9-18 дугаар тал/
5. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүү нь “Д” ХХК-ийн L угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох шийдвэр гаргасан нь хууль зөрчөөгүй, улсын байцаагч өөрийн чиг үүрэгт хамаарах асуудлаар шийдвэр гаргасан гэж үзэхээр байна.
6. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1-д “Хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтэд хяналт тавих”, 10.9.7-д “хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, түүнчлэн осол аюул гарч болох тохиолдолд холбогдох ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, шаардлагатай зүйлийг ариутгах, хоргүйжүүлж цэвэршүүлэх, тухайн барилга байгууламж, машин, тоног төхөөрөмжийн ашиглалтыг зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах буюу зохих шаардлагад харшлахгүй бол өөр зориулалтаар ашиглах шийдвэр гаргах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх” гэж тус тус зааснаар улсын байцаагч нь хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, мөн хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөлөл бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааг түр зогсоох чиг үүргийг хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрхтэй байхаар хуульд зохицуулсан.
7. Түүнчлэн, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно”, 17.1.7-т “саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах“ гэж нийтийн зориулалттай орон сууцанд угаалгын газрын үйлчилгээ эрхлэхийг хуулиар шууд хориглосон.
8. Мөн хариуцагч Н.Азхүүгийн албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилго, зорилт, чиг үүргээс үзвэл “хууль тогтоомж, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт, барилга, байгууламж, эрчим хүч, техникийн улсын хяналт, зохицуулалт, ... болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох төрийн хяналт шалгалтын хэрэгжилтийг хангах, ... барилга байгууламж, ... баримт бичгийн биелэлтэд хяналт тавьж төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, улсын байцаагчийн бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалтын баримт бичиг гаргах, хяналт шалгалтын үр дүнг тайлагнах” зэрэг албаны чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг байна. /Хавтаст хэргийн 120-126 дугаар тал/
9. Дээрх хуулийн зохицуулалтууд, албан тушаалын тодорхойлолтоос дүгнэхэд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүүг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Орон сууцны тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлсэн нь хууль зөрчөөгүй, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
10. Өөрөөр хэлбэл, нийтийн зориулалт бүхий орон сууцанд хориглосон үйл ажиллагаа явуулж байгаа нь орон сууцанд амьдарч буй оршин суугчдын “эрүүл аюулгүй, тав тухтай орчинд амьдрах нөхцлийг хангах” гэснийг алдагдуулахаар байна гэж дүгнэн “угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох”-оор шийдвэрлэсэн нь Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн хяналтын чиг үүрэгт хамаарч байгаа тул “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэх үндэслэлгүй.
11. Иймд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” 02-25-01/078/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.1, 10.9.7, Орон сууцны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч “Д” ХХК-ийн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Барилгын техникийн хяналтын улсын байцаагч Н.Азхүүд холбогдуулан гаргасан “Барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Угаалгын газрын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоох тухай” 02-25-01/078/01 дугаартай дүгнэлтийг илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ