Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 163

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: Н.Ц

Шүүгдэгч: Д.Ц,  Ю.М

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Ц, Ө овогт Ю.Мнарт холбогдох,,,тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Д.Ц, Ю.М

 

              Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Д.Ц, Ю.М нар нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужир гэх газраас иргэн Б.Жгийн 12 тооны хонийг хулгайлж, 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Д.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Бид хоёр хулгайлсан хонио Архангай аймгийн Хотонт сумын төвд Б.Цгийн хашаанд оруулж, Хархорин сум руу зарсан гэв.  

 

Шүүгдэгч Ю.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Улаан хужир дээр хэсгээрээ тасарсан байхаар нь туугаад өөрийнхөө хонинд нийлүүлээд, хулгай хийсэн нь үнэн. Д.Ц бид хоёр хамт Хархорин сум ороод буцсан. Хулгай хийсэн 4 тооны хонио Б.Ц-гийн хашаанд уяж орхисон. Тэгээд Хархорин сум руу зарсан гэв. 

 

* Эрүүгийн ,,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

 

* Хохирогч Б.Ж-гийн өгсөн: 

“...2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манай хонь өглөө бэлчээртэй гараад  Улаан худаг гэх газарт ус уух гэж орсон. Тухайн үед би малаа дурандчихаад хэсэг орхиод буцаад хонин дээрээ очиход манай хониноос хонь дутуу байх шиг болохоор нь тоолоод үзэхэд 12 ширхэг хонь дутуу байсан. Тэгээд би хонио эрээд тэр хавиар сураг тавихад тухайн өдөр Д.Ц, Ю.М гэх 2 залуу хонио Улаан Хужирт оруулаад буцсан гэх сураг сонсоод Хотонт сумын урд гол дээр хонио хайж яваад Ю.М, Д.Ц гэх 2 залуу болон 2 жаахан хүүхэдтэй таарсан. Тэгээд тэдний хониор ороод үзэхэд манай 8 хонь зүсээрээ гарч ирсэн ба тэдгээр хүмүүсийн өөрийнх нь хоньтой манай хонийг нийлүүлж тууж явсан. Тэгээд би хонь нийлсэн үү гэж асуухад ах аа нэг хэсэг хонь манай хонины хойноос дагаж ирээд нийлсэн, та хонио үз гэсэн. Тэгээд би хонио шүүгээд 5 эм хонь, 3 хурга олж авсан. Тэгсэн 4 тооны бүдүүн эр хонь байхгүй байсан юм. Тэгээд л цагдаад хандаж шалгуулахаар болсон. ...Ор сураггүй алга болсон 4-н хонь нь нас нийлсэн, бүдүүн тарга тэвээргэ сайтай хонинууд байгаа юм. Дээрх 4 хонинд эвэртэй 3 халзан хонь, 1 нь битүү хар толгойтой, хар цээжтэй, эвэртэй хонь байсан. Олж авсан 8 тооны хониноос 5-н эм хонь, 3-н хурга байсан. Манай хонинууд зөв чихний үзүүрээсээ цуулбар имтэй, ууцан дээрээ ногоон будагтай хонинууд байгаа юм. Би алдсан 4 эр хонио тус бүрийг нь 150.000 мянган төгрөгөөр, 5 эм хонио тус бүрийг нь 80.000 төгрөгөөр, 3 хургаа тус бүрийг нь 20.000 мянган төгрөгөөр үнэлж байна. Манайх хонь ямаа нийлсэн 150 орчим тооны малтай.  Урьд өмнө ингэж алга болж байгаагүй. Манай хонь хэсгээрээ салаад тасраад байхаар арвин хоньтой айл биш, ер нь бол өөрсдөө салах ямар нэгэн шалтгаан байхгүй байсан. Тэр өдөр цаг агаар цэлмэг, тогтуун өдөр байсан юм. Манайх нийтдээ хонь хурга нийлсэн 61 тооны хонин сүрэгтэй ба хонь байсан газар тасарч үлдэхээр хад асга, гол горхи гэхээр зүйл байхгүй, тал газар байсан. Хулгайд алдагдсан хонинууд миний эзэмшлийн мал байгаа юм. Яагаад тухайн хонинууд танай хонинд байгаа талаар асуухад бид хоёр хонио тууж явсан чинь араас эдгээр хонинууд дагаад ирсэн, эдгээрээс өөр хонь, мал бид хоёрын хонинд нийлээгүй гэж хэлсэн. ...Гэтэл Ю.М, Д.Ц нар манай 12 тооны хонийг хулгайлаад өөрсдийнхөө хонинд нийлүүлээд хонио сумын төв рүү тууж оруулан, миний 4 хонийг сумын төвд үлдээгээд 8 тооны хонийг өөрсдийнхөө хоньтой хамт байлгаж байхад нь олж авсан. Миний алга болсон гэх 4 тооны эр хонь зүс имээр яг мөн байсан ба би төлбөртөө тухайн хонинуудаа буцааж авсан. Дутсан хонинуудаас 8-ыг нь би өөрөө олж  авсан болохоор тухайн 8-н тооны хонин дээр гомдол санал байхгүй. Бас өөрийн 4-н тооны эр хонийг олж авсандаа баяртай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 11,12-13 дугаар тал/,

 

*Гэрч Ж.О-ийн өгсөн:

 “...2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр манайх бэлчээр дээрээсээ 12 тооны хонь дутаад манай аав Б.Ж хайж байгаад 8 тооны хонийг өөрийнхөө хонинд нийлүүлээд Д.Ц, Ю.М нар нь тууж явсныг олж, өөрийн хонио авсан байсан. Тэгээд 4 эр хонь дутсан юм. Би 2017 оны 08 дугаар сарын 15-ны өглөө 4 хонио сураглъя гэж бодоод өглөөний 10 цагаас 11 цагийн хооронд Ю.Мтай очиж уулзахад согтуу байсан. Намайг 4 эр хонио асуухад юун хонь, ямар хонь, өчигдөр манай хоньтой нийлээд ялгаад орхисон гээд урдаас агсраад байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь Ю.М “за за би танай хонийг авсан, хоёулаа цагдаа сэргийлэх гэхгүйгээр тохиролцъё, 4 хургатай хонь өгье, гэхдээ  би тухайн хонинуудыг авч хэрэглээгүй. Тэр айлын малчин жижиг тэрэгтэй малчинд зарж борлуулсан гэж хэлсэн Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр тал/,

 

    * Гэрч П.Бийн өгсөн:

    “...2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчим намайг Хархорин суманд байхад Цгэх залуу нь над руу залгаад Хотонт суманд 4 эр хонь байна та худалдаж авах уу гэхээр нь би зөвшөөрч Хотонт суманд өөрийн хүү болох Б.Цгийн хашаанд очиход тэдний хашаанд байдаг модон байшингийн зүүн талд 4 тооны эр хонь уяатай байсан. Тухайн үед тэднийд манай хүү Б.Ц, Д.Ц, Ю.М 3 байсан. Тэгээд би хонины наймаагаа Ю.М, Д.Ц хоёртой ярилцаад 4 тооны эр хонийг нийтэд нь 300.000 төгрөгөөр худалдаж авч, амьдаар нь ачаад Д.Ц, Ю.М хоёрыг суулгаад Хархорин сум руу хөдөлсөн. Тэгээд зам дээр тэр 2 буугаад хоцорсон. Би нөгөө 4 хонийг Хархорин суманд нэг танил айлдаа түр тавьсан. Одоо амьд байгаа. ...Миний худалдаж авсан хонинууд эвэртэй, хар халзан нас нийлсэн бүдүүн хонь1,  эвэртэй хар нүдэн хонь 1, мухар шүдлэн хонь 1 байсан. Хонины ханш асуухаар нь сайн мэдэхгүй байна, эр хонь 100000 хүрэхгүй байна гэхэд 4 эр хонь 300.000 төгрөгөөр авбал ав гэхээр нь авсан. Би хулгайн мал гэдгийг мэдээгүй...”  гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/,

 

*Гэрч Б.Ц-гийн өгсөн: 

           “...2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр 15 цагийн орчимд гэртээ байж байтал Д.Ц, Ю.М хоёр нь 2 жоохон хүүхдийн хамт дөрвүүлээ хонь тууж ирлээ гээд Д.Ц, Ю.М 2 манай гэрт орж ирээд 4 тооны хонь зарах гэсэн юм. Танай хашаанд барьж аваад уяад орхиё, танай аав болох П.Б гуайтай ярьсан гэж хэлээд манай хашаанд хонио тууж оруулж ирээд 4 тооны хонийг барьж авч уяж орхиод тэд хонио туугаад явсан. Тэгээд удалгүй манай аав П.Бтай хамт Ю.М, Д.Ц нар машинтай ирсэн ба манай аав тухайн 4 хонийг худалдаж авна гээд 4 хонийг ачаад явсан. Ю.М, Д.Ц нар аавтай хамт Хархорин сум руу явсан. Тухайн хонинуудыг манай хонь л гэж хэлж байсан. Ямар ч байсан халзан зүсмийн хонь байсан. Бусад 3-н хонийг нь анзаараагүй, машинд амьдаар нь ачаад явсан...” гэх мэдүүлэг /хх- ийн 20-21 дүгээр тал/,

 

* Гэрч С.Л-гийн өгсөн:

                  “...Манайх ер нь хонио хулгайд алдаад байдаггүй юм. Тэгсэн сая 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр малын бэлчээр дээрээс 12 тооны хонь дутаад манай нөхөр хайж байгаад 2 морьтой явсан хүний хониор Хотонт сумын урдуур урсдаг голын эрэг дээр таарч тэдний хонинд үзэхэд 8 тооны хонь гарч ирсэн бөгөөд 4-н тооны эр хонь нь олдоогүй юм. Тэгээд цагдаад өгсөн чинь манай хонийг 2 хүн аваад 4 тооны эр хонийг нь зарж борлуулсан талаар мэдсэн. Манайх сумын төвийн хойгуурхан байдаг айл байгаа юм. Манай тэр хавиар мал арвин биш, тэгээд ч   манай мал цөөхөн, зүсээр нь тоолчихдог учир энд тэнд тасар ч үлдээд байдаггүй. Айлын хонинд нийллээ гэхэд ижил ижлээрээ ялгараад гараад ирдэг. Тиймээс тухайн хүмүүс санаатай авсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/,

 

*Гэрч Т.У өгсөн:

 “..2017 оны 08 дугаар сарын байдлаар малын тарга тэвээрэг сайн хуримтлагддаг ба нэг эр хонийг 30 килограммаар дундажлахад зах зээлд нэг кг мах 5000 төгрөгийн ханштай байгаа тул эр хонийг 150.000 төгрөгөөр үнэлсэн. Харин хургатай хонь, манай суманд 100.000 төгрөгийн ханштай байдаг тиймээс 1 эм хонийг 80.000 төгрөгөөр, 1 хургыг 20.000 төгрөгөөр үнэлсэн. ” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/,

 

*Гэрч Д.Б өгсөн:

 “...2017 оны 08 дугаар сарын байдлаар манай суманд хонины үнэ ханш сумын ханшаар тухайн малын үнэлгээтэй ижил үнэтэй байгаа тул тухайн үнэлгээг тооцож гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/

 

*Гэрч Г.Б  өгсөн: 

“...Б.Ж-гийн амжиргааны хэдэн тооны хонь ямаатай айл байдаг. 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн орой манай хонь дутлаа танайхны малаар байна уу гээд шүүж явсан. Тэгсэн 2017 дугаар сарын 15-ны өдөр малыг нь авсан хүмүүс цагдаад баригдсан. Тэгээд ирээд мэдүүлэг өгөөдхөөч гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн ... дугаар тал/

 

* Сэжигтэн яллагдагч Ю.М-гийн өсгөн: 

“...Би 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг Улаан хужир гэх газраас Б.Жгийн 12 тооны хонийг Д.Цгийн хамтаар хулгай хийсэн. Тэгээд 4 тооны эр хонийг Базардаргиа гэдэг хүнд бүгдийг нь нийтэд нь 300.000 төгрөгт бодож зараад мөнгийг нь авсан. Тэгээд сүүлд нь цагдаад баригдсан. Д.Ц бид хоёрт мөнгө төгрөгний хэрэг болохоор нь л хулгай хийсэн. Б.Жгийн хонь “Улаан хужир” дээр хэсгээрээ тасарсан байхаар нь туугаад өөрийнхөө хонинд нийлүүлээд аваад явчихсан юм. Бид хоёр явган явсан. Хонь малаа хулгай хийснийхээ дараа П.Б гуайн гэрт мотоцикльтой очоод хонь заръя гэж хэлсэн. П.Б гуай өөрийнхөө машинтай Д.Ц бид хоёрыг суулгаад Хотонт суманд ирээд хонио ачаад аваад явсан. Д.Ц бид хоёр ч хамт Хархорин сум ороод буцсан. Д.Ц бид хоёр 4-н хонь Б.Цгийн хашаанд уяж орхисон байсан юм. Би хохирол төлбөрөө барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 44 -45 дугаар тал/,

 

*Шүүгдэгч Д.Цгийн өгсөн: 

“... 2017 оны 08 дугаар сарын 14-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Улаан хужир гэх нэртэй малын хужир ургадаг газарт би өөрийн мал хардаг айлын малыг хужирлахаар эхнэрийнхээ том хүү болох Ю.Мгийн хамт хонио тууж яваад өглөөний 08 цагийн үед хужирт малаа оруулаад өдөр 14 цагийн орчимд малаа хужраас гаргаж туугаад гэр рүүгээ явж байхад засмал замын урд талд хэсэг хонь зогсож байсан. Тэгтэл Ю.М хүнд хонины өртөй байгаа юм энэ хонинуудыг туугаад аваад явья гэж хэлэхээр нь би хүний малыг хамаагүй ингэж авч явж болох юм уу гэж асуухад гайгүй байх гэж надад хэлсэн. Тэгээд би түүнд хариу хэлээгүй, тухайн үед бол хонинууд өөрөө нийлсэн байсан тэгээд бид нөгөө хонио өөрийнхөө хоньтой хамт туугаад Ш гэж дууддаг айлын хашаанд хашиж байгаад 4 тооны эр хонь сонгож Ю.Мгийн хамт бид хоёр бариж аваад Шын хашаанд уяж орхисон. Тэгээд л бид нөгөө үлдсэн хонинуудыг нь хамт хоньтойгоо Шын хашаанаас тууж гаргаад гэр рүүгээ буцах замдаа Хотонт сумын урд талын гол дээр орхисон. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр би гэртээ байж байхад Мажаачамаагийн хамт цагдаа нар манайд ирсэн. Ю.М аваад явья гээд байхаар нь л би яач чадаагүй, тэрнээс биш авч явах дургүй байсан. Бид хоёр 4 тооны нас нийлсэн эр хонь барьж авсан, имийг нь бол сайн анзаараагүй. Малын бэлчээр дээрээс хэдэн тооны хонь туусан нарийн тоог нь бол би хэлж мэдэхгүй байна гэхдээ үлдсэн хонийг нь голын эрэг дээр тэр чигт нь үлдээсэн. Тухайн хонинуудыг өөрийн эзэмшлийнх биш гэдгийг мэдэж байсан, айлын мал байсан. 2017 оны 07 дугаар сарын 14-ний орой Ю.М ганцаараа гарч яваад шөнө гэртээ ирсэн. Тухайн хонийг хааш нь зарсныг тэр л мэдэж байгаа байх. Шар гэж дууддаг хүний бүтэн нэрийг нь би мэдэхгүй хүмүүс онгорхой Шар л гэж дууддаг юм. ...Би Ю.Мгийн хамтаар 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Б.Жгийн 12 тооны хонийг хулгайлсан юм. Тэгээд 4 хонийг нь зарсан. Харин үлдсэн 8 тооны хонийг нь борлуулж чадаагүй, хулгай хийсэн өдрөө эзэнтэй нь тааралдаад буцаагаад өгсөн юм. Дээрх 4 хонийг П.Б гэдэг хүнд 300.000 төгрөгөөр зарсан. Бид хоёр явган явсан. Хулгай хийсэн хонио Архангай аймгийн Х сумын төвд Б.Цгийн хашаанд оруулж уясан. Би хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Ю.М бид  хоёрт мөнгөний хэрэг  гарсан. Тэгээд л хулгай хийсэн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/,

* Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 261 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар/ хх-ийн 57-61 дүгээр тал/

*Хотонт сумын Бургалтай багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 46-47 дугаар тал/

*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52-54 дүгээр тал/ 

*Хотонт сумын Орхон багийн Засаг драгын тодорхойлолт /хх-ийн 7 дугаар тал/ 

  *Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл хх-ийн 4,6 дугаар тал

*Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5 дугаар тал/ 

*Малын үнэлгээ /хх-ийн 30 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, Улаанхужир гэх газраас иргэн Б.Жгийн 12 тооны хонийг Д.Ц, Ю.М нар хулгайлж, 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна. 

 

Шүүгдэгч Д.Ц, Ю.М нар нь 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт баг, “Улаан хужир” гэх газраас иргэн Б.Жгийн 12 тооны хонийг хулгайлж, 1.060.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Жгийн  “...Ю.М, Д.Ц нар манай 12 тооны хонийг хулгайлаад өөрсдийнхөө хонинд нийлүүлээд хонио сумын төв рүү тууж оруулан миний 4 хонийг сумын төвд үлдээгээд 8 тооны хонийг өөрсдийнхөө хоньтой хамт байлгаж байхад нь олж авсан...”гэх мэдүүлэг, гэрч Ж.О-ийн “...Тэгэхээр нь би цагдаа дуудлаа шүү гэсэн чинь Ю.М за за би танай хонийг авсан хоёулаа цагдаа сэргийлэх гэхгүйгээр тохиролцъё, 4 хургатай хонь өгье, гэхдээ  би тухайн хонинуудыг авч хэрэглээгүй. Тэр айлын малчин жижиг тэрэгтэй малчинд зарж борлуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч Б.Цгийн “...Д.Ц, Ю.М хоёр нь 2 жоохон хүүхдийн хамт дөрвүүлээ хонь тууж ирлээ гээд Д.Ц, Ю.М2 манай гэрт орж ирээд 4 тооны хонь зарах гэсэн юм. Танай хашаанд барьж аваад уяадахъя, танай аав болох Б гуайтай ярьсан гэж хэлээд манай хашаанд хонио тууж оруулж ирээд 4 тооны хонийг барьж авч уяж орхиод хонио туугаад явсан...” гэх мэдүүлэг шүүгдэгч Ю.М болон шүүгдэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ю.М, Д.Ц нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр  шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан  нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүгдэгч Ю.М, Д.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.  

 

Шүүгдэгч Д.Ц, Ю.М нарыг бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. 

 

Шүүгдэгч  Д.Цгийн хувийн байдлын талаар хэрэгт Сэлэнгэ аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 261 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1.3, 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн тухай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн  57-61х/ авагдсан болно. 

Хохирогч Б.Ж нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд /хх-ийн 65х/ тусгагдсан байх тул шүүгдэгч Ю.М, Д.Ц нарыг хохирогчид төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

 

Иргэний нэхэмжлэгч П.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хэргийн материалтай танилцаад 300.000 төгрөг нэхэмжилж байна гэсэн боловч шүүгдэгч Д.Ц, Ю.М нар нь иргэний нэхэмжлэгч П.Бд хохирлыг барагдуулсан, энэ талаар иргэний нэхэмжлэгч П.Б нь хүсэлт ирүүлсэн болно.  

 

Шүүгдэгч Д.Ц, Ю.М нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэнийг тэдэнд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан болон тэдгээрийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж дүгнэв. 

 

 Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Х овогт Д.Цолмон, Ө овогт Ю.М нарыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Ю.М нарыг хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Ю.М нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.

 

4. Шүүгдэгч Д.Ц, Ю.М нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, болохыг тус тус дурдсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц, Ю.М нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6. Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Ц, Ю.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

              

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ              П.ГАНДОЛГОР