Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 119/ШШ2024/0029

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Ю” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.У, Э.Н

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр

Гуравдагч этгээд: “Т” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б, Г.О, Э.Ч нарын хоорондын

““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч худалдан авах” ЭҮТӨҮГ/202301834 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг  хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Т” ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/15-20-0066 дугаар гэрээг хүчингүй болгуулах”-ыг тус тус хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У, Э.Н,  хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ, Б.Эрдэнэбаяр, гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Г.О, Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ю” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “Тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр /хурлын тэмдэглэл/,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн СЭ-112-12/546 тоот мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Т” ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/15-20-0066 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан болно.

2. “Ю ” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301834 дугаар нээлттэй цахим тендерт оролцжээ.

3. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн СЭ-112-12/545 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “Ю” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4-д заасан шаардлагыг хангаагүй  учраас 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн тус компанийн тендерээс татгалзаж байгааг мэдэгдсэн байна.

4. 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

5. Нэхэмжлэгч “Ю ” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

- “Т” ХХК-ийн ирүүлсэн Маягт 1 тендерийн хүчинтэй хугацаа тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш ажлын 30-аас доошгүй өдөр байх шаардлагыг хангаагүй,

-“Т” ХХК-ийн Шүүхийн тусгай архивын 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 23-2/36407 дугаартай тодорхойлолтын хуулийн хүчинтэй хугацаа дууссан байхад захиалагч шаардлага хангасан гэж үзсэн,

- “Т” ХХК-ийн санал болгосон хүнд даацын өөрөө буулгагч автомашин нь захиалагчийн тавьсан техникийн тодорхойлолтын ерөнхий буюу гол үзүүлэлтийг хангаагүй

-“Т” ХХК-ийн санал болгосон техникийн үйлдвэрлэгч Komatsu компанийн албан ёсны 3-н цахим хаягийн 2-т нь тус автосамосвалын даацын мэдээлэл нь санал болгосон техникийн мэдээллээс зөрж байгаа нь тус автосамосвалын бодит даацын мэдээлэлд эргэлзээ түрүүлж шаардлага хангаагүй байхад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ЭҮТӨҮГ/202301834 дугаартай тендер шалгаруулалтад “Т” ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус гэж тодорхойлжээ.

6. Нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үндсэн 3 шаардлагаа дэмжиж байгаа. Өмнөх шүүх хурал дээр 4 үндэслэлээ дурдаж хэлсэн. Шүүх хуралдааны явцад манай гаргасан үндэслэлийг няцааж байгаа нөхцөл байдлыг дурдсан болохоор өмнөх хурал дээрх үндэслэлүүдээс хурлын явцад тогтоогдсон ноцтой үндэслэлүүд болох тендерийн Үнэлгээний хорооны гишүүдтэй холбоотой үндэслэлийг дурдая.

ЭҮТӨҮГ/202301834 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын ерөнхий захирлын 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/43 тоот тушаалаар байгуулсан тус үнэлгээний хороо Д.Эрдэнэбаяр, Б.Чинзориг, Б.Болор-Эрдэнэ, Б.Батзориг, А.Золбоо, Ж.Март, Д.Эрдэнэдалай гэсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй баталсан. Хэрэгт авагдсан материалтай танилцаж байх явцад Үнэлгээний хорооны гишүүд болох А.Золбоо болон Д.Будсүрэнтэй холбогдолтой асуудал нэлээд хурцаар яригдсан. “Эрдэнэт үйлдвэр” өөрийн зүгээс тодорхой хариу тайлбарууд, 8 дугаар сарын 02-ны өдрийн тушаалд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэх мэтчилэн баримтуудыг хавсаргаж өгсөн. Гэхдээ өнөөдрийн хурал дээр үндсэн гаргасан 4 үндэслэл шүүх хуралдааны явцад олж тогтоогдсон 5 дахь үндэслэл, өмнөх хурал завсарласнаас хойш Эрдэнэт үйлдвэрийн гаргаж өгсөн материалуудаас олж тогтоогдож байгаа 6 дахь ноцтой зүйл байгаа. 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 43 дугаар тогтоолд Ж.Март гэдэг хүн дурдагдсан байгаа. Тендерийн үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл, тендерийн нээлтийн тэмдэглэл зэргээс харвал Ж.Мартын оронд Үнэлгээний хорооны бус гишүүн болох Б.Наранбат, А.Золбоогийн оронд Д.Будсүрэн гэсэн хүмүүс тус тус гарын үсэг зурсан байна. Хууль бус бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороо ЭҮТӨҮГ/202301834 дугаартай тендерийг үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газраас 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн А/507 тушаалаар 2023 оны А/43 тушаалд өөрчлөлт оруулж, үнэлгээний хорооны гишүүн А.Золбоог Д.Будсүрэн гэж өөрчилж тушаалын бусад заалтыг хэвээр үлдээсэн. 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн нээлтийн тэмдэглэлээс харвал Үнэлгээний хорооны гишүүнээр Д.Будсүрэн биш А.Золбоо байгаа нь Сангийн сайдын 2019 оны 255 дугаар тушаалын хавсралт, худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журмын 3.2.1 дэх хэсэгт “Үнэлгээний хороо байгуулсан шийдвэр ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх зөрчил үүссэн тухай холбогдох мэдээллийг цахим системд бүртгэсэн байна.” гэдгийг зөрчсөн байна. А.Золбоог Д.Будсүрэнгээр сольсон тушаал, мэдэгдэл, цаасаар байгаа боловч цахим дээр тусгагдаагүй байна. Хамгийн ноцтой зүйл нь 2023 оны 1 дүгээр сард Ерөнхий захирал Ёндонгийн баталсан тушаал дээр Ж.Март гэж хүн байсан боловч цаашдаа үргэлжлээд явахад энэ хүн огт үнэлгээний хороонд байхгүй байгаа. ЭҮТӨҮГ/202301834 дугаартай тендер 1 дэх удаагаа зарлагдахдаа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон тул тендер шалгаруулалтыг дахин зарлахаар болсон. Дахин зарлахдаа 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 2 дахь удаагаа зарласан. Бараа нийлүүлэлтийн хуваарийг гэрээ байгуулснаас 30-90 хоног дотор байсныг гэрээ байгуулснаас хойш 210 хоног дотор болгон өөрчилсөн байгаа. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн ЭҮТӨҮГ/202301834  дугаартай тендерийг зарлахдаа бараа нийлүүлэх хугацааг 30-90 хоног байсан бол 2 дахь удаагаа зарлахдаа 210 хоног болгоод өөрчилчихсөн. Ингэхдээ Үнэлгээний хорооны ямар ч хурал хийлгүйгээр зарласан. Тус өөрчлөлтийг Үнэлгээний хорооны гишүүд олонхийн саналаар шийдвэрлэсэн эсэх, Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл байхгүй байгаа нь Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалаар батлагдсан Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулал зохицуулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийг нэгдсэн санд бүртгүүлэх журмын 4.1-д Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байна гэснийг тус тус зөрчсөн байна.

Иймд хууль бус бүрэлдэхүүнтэй Үнэлгээний хорооны зохих хууль, журмын дагуу тендерийг зохион байгуулаагүй, шаардлага хангаагүй тендерийг шалгаруулсан тул Үнэлгээний хорооноос гарах аливаа шийдвэр дагаж гарсан захиргааны акт зэрэг нь хүчингүй тул манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.  

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа. Эхлээд 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шаардлагыг гаргаснаар тус компанийн эрх ашиг яаж зөрчигдсөн, яаж сэргэх нь тодорхойгүй. Хууль зүйн үндэслэл байхгүй нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан. “Ю” компани нь худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дүгээр дүгнэлтийн дагуу эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Улсын байцаагчийн энэ дүгнэлтийг үндэслээд эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр бүртгэгдсэн. Энэ баримт нь худалдан авах ажиллагааны цахим системд байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-д “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх энэ хуулийн 521.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж, мөн хуулийн 14.5-д “төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслээд тендерт оролцох эрхийн хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж нийтэд мэдээлнэ.” гэж тус тус хуульчилсан. Энэ эрхээ хязгаарлуулсан учир дээрх хуульд заасан үндэслэлийн дагуу “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан. Гэрээг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага зөвшөөрөхгүй учраас үндэслэлгүй. “Ю” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцээгүй байсан учраас Эрдэнэт үйлдвэр татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагууд нь бүхэлдээ үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

8. Гуравдагч этгээд “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай компани тус маргаан бүхий тендерт хамгийн сайн тендерээр шалгараад гэрээ байгуулах эрхтэй болсон. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Өмнөх шүүх  хуралдаан дээр мөн адил нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх тодруулж байсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт зааснаар аль нэг шаардлагыг нэхэмжлэгч тодорхойлж, шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгчийн 3 нэхэмжлэл бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Хүнд даацын өөрөө буулгагч”  худалдан авах ЭҮТӨҮГ/202301834 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан зөвлөмж, дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох гэж байгаа. Шүүхээс тогтоох шаардлага юм уу, хүчингүй болгох шаардлага юм уу гэж асуухад хүчингүй болгохоор томьёолол нь яригдаж байгаа боловч бичгээр гаргасан шаардлага нь өнөөдрийг хүртэл тогтоох гэж байгаа. Захиргааны ерөнхий хуульд зааснаар илт хууль бус болохыг тогтоож болно. Эрхтэй болохыг тогтоож болно. Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож болно. Мөн хуулийн 106.3.1 дэх хэсэгт ямар нэгэн тогтоох шаардлага байх боломжгүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байгаа гэдгийг шүүх анхаарч авч үзэх байх. Нэхэмжлэлийн шаардлагыг албан ёсоор тодруулж, өөрчилж шүүхэд ирүүлээгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “шүүх дараах тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гээд 54.1.5-д “нэхэмжлэлийг төлөөлөл бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхтэй эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан.” гэж байгаа. Мөн хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл, хэргийг хянан шийдвэрлэх явцад эсвэл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж заасан. “Ю” компанийн хувьд Монгол Улсын Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 79 дугаартай дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалаар тендерт оролцох эрхийг хязгаарлуулсан гэх этгээдийн бүртгэлд хамруулах жагсаалтад бүртгэгдсэн. Сангийн яамны сайтад хуульд зааснаар олон нийтэд нээлттэй байршуулдаг. Тендерийг 2023 оны 9 сарын 15-ны өдөр зарлаж 2024 оны 2 сарын 5-ны өдөр нээсэн. Нээсэн өдрийн байдлаар 2 компани тендер ирүүлсэн байсан. Цахимаар холбогдох лавлагаануудыг Үнэлгээний хорооноос татан авч үзэхэд 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар манай компанийн тендерийг хамгийн сайн тендер гэж шалгаруулсан. 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу шинэчилсэн найруулгын хүчин төгөлдөр болохоос өмнө зарлагдсан учраас 2005 оны Тендерийн тухай хуулиар зохион байгуулж дуусгахаар заасны дагуу энэ ажиллагаа явагдаж байгаа. Тус компанийн хувьд тендерт оролцох эрхээ хасуулсан этгээдийн жагсаалтад бүртгэгдсэн атлаа тендерт материалаа ирүүлсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэлээр тендерт оролцогч эрхээ хасуулсан этгээдийн жагсаалт бүртгэгдсэн буюу тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй болох нь тогтоогдвол Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д заасны дагуу тус компанийн ирүүлсэн тендерийг хэлэлцэлгүй тулгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан ерөнхий нөхцөлийг хангаагүй байсан тул 27 дугаар зүйлд заасан тендерийн хянан үзэх үе шатаас тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзаагүй. 28 дугаар зүйлд заасан тус компанийн ирүүлсэн тендерийг үнэлэх ажиллагаа хийгдээгүй. Тендерийн үнэлгээний нэхэмжлэлд дурдагдаж байгаа асуудал бол Тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу гаргасан зөвлөмжийн дагуу хийсэн захиалагчийн гэрээ байгуулалтын олгосон мэдэгдэл, байгуулсан гэрээтэй холбоотой маргаж байгаа тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн эрх яаж сэргэх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Сангийн яам гомдлыг хянаагүй. Сангийн яам тус компанид өгсөн хариундаа хар жагсаалтад орсон байгаа учраас тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрт холбогдуулан гомдол гаргах эрхгүй гэдгийг дурдсан. Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоол гарсан. Уг тогтоол дээр байгаа хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж дараах байдлаар тодорхойлох нь зүйтэй гээд нэхэмжлэлийн шаардлагаас тодорхойлогдсон захиргааны үйл ажиллагаа нэхэмжлэгчид чиглээгүй, түүний эрх зүйн байдлыг хөндөөгүй нь илэрхий тодорхой тухайн этгээдийн тухайн асуудалд маргах эрхгүй, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзнэ. Захиргааны шийдвэрийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэл гаргаж буй этгээдэд чиглэсэн буюу түүний эрх зүйн байдлыг хөндсөн үр дагаварт хүргэхүйц, хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоогдсон эсвэл татгалзсан нөхцөлүүд багтана. Эрх зүйн үйлчлэл гэдэгт уг этгээд нь эрх олгосон үүрэг бий болгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон, үгүй бол түүний хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан гэдгийг ойлгоно. Нэхэмжлэгч гаргагч этгээдийн эрх зүйн байдал нь шууд болон шууд бусаар өөрчлөлт оруулахгүйгээр байвал түүнд чиглэсэн үйлчлэлгүй гэж тодорхой тайлбарласан байна. Улсын Дээд шүүхийн уг тайлбарыг тус шүүхээр хянан шийдвэрлэж байгаа захиргааны хэрэгтэй нийлүүлэн авч үзэх юм бол маргаан бүхий тендерт гуравдагч этгээдээр оролцож байгаа “Т” компанийг хамгийн сайн гэж шалгаруулан гэрээ байгуулах эрх олгон, гэрээ байгуулсан захиргааны үйл ажиллагаа нь тус компанид чиглээгүй, эрх зүйн байдлыг хөндөөгүй, шууд болон шууд бусаар өөрчлөлт оруулаагүй, түүний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хязгаарлаагүй байгаа учраас уг тендер сонгон шалгаруулалттай холбоотой нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэдэг нь тодорхой байна. Сангийн яамны улсын байцаагчийн дүгнэлт, Сангийн сайдын шийдвэр нь тодорхой авагдсан. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох нь тогтоогдсон учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Хэрэв шүүхээс энэ компанийн нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх юм бол эрх зүйн байдлын хувьд нэхэмжлэгч компани энэ тендерт оролцоогүй. Тендерт оролцоогүй хар жагсаалтад оролцсон этгээд тендерийн Үнэлгээний хорооны шийдвэртэй холбогдуулж нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх, цаашлаад нэхэмжлэлийг нь хүлээж авч шийдвэрлээд үр дагавар үүсгэдэг болох юм бол дурын этгээд аль ч тендерт холбогдуулаад нэхэмжлэл гаргаж болдог юм байна. Үнэлгээний хорооны шийдвэрийг хянуулж болдог юм байна гэдэг хууль зүйн буруу үр дагаварт хүргэнэ.

Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 1. Нэхэмжлэгч “Ю ” ХХК нь “Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч худалдан авах” ЭҮТӨҮГ/202301834 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрийг  хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Т” ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/15-20-0066 дугаар гэрээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн болно.

3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбарыг  үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны  01 дүгээр сарын 23-ны өдрийн А/43 дугаартай “Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалын 52 дугаар хавсралтаар “Хүнд даацын өөрөө буулгагч” /ЭҮТӨҮГ/202301834/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулсан ба 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А/507, А/59 дугаар ерөнхий захирлын тушаалуудаар  Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тус тус өөрчлөлт оруулж байсан нь  баримтуудаар тогтоогдож байна.

4.1. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр “Хүнд даацын өөрөө буулгагч” /ЭҮТӨҮГ/202301834/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан байна.

 4.2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу тендерт оролцогч нар тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан гэж Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хэд хэдэн удаа гомдол гаргаж байсан ба тендерийн баримт бичигт байгаа зөрчлийг арилгуулах талаар холбогдох үүргийг өгч засуулж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

4.3. Тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж тендерийг үнэлсэн ба “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Хүнд даацын өөрөө буулгагч автомашин” худалдан авах ЭҮТӨҮГ/202301834 тоот тендерт “Ю” ХХК, “Т” ХХК-иуд оролцсон ба “Ю” ХХК нь 113.380.223.49 төгрөгийн татварын өртэй, Сангийн яамнаас “Эрхээ хязгаарлуулсан этгээдийн жагсаалт”-д бүртгэгдсэн гэдэг үндэслэлээр тухайн компанийн тендерээс татгалзсан тухай 09 дугаар шийдвэрийг  гаргасан байна.  

4.4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн СЭ-112-12/545 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ.” гэж, 14.1.4-т “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон” гэж тус тус заасан.

...Иймд хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.4-д заасан шаардлагыг хангахгүй байх тул 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн танай компанийн тендерээс татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэсэн хариу өгчээ.

4.5. Нэхэмжлэгч “Ю” ХХК захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд 2024 оны 02 дугаар 13-ны өдөр гомдол гаргасны дагуу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 03/901 дугаар албан бичгээр “... Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар танай компанийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг гурван жилийн хугацаанд хязгаарласан тул танай ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй болохыг үүгээр мэдэгдье.”  гэсэн хариуг хүргүүлжээ. 

4.6. Нэхэмжлэгч “Ю” ХХК-д Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны “Хяналт шалгалт хийх тухай” 03 дугаартай удирдамжийн дагуу Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Ч.Б хяналт шалгалт хийж 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 79 дугаартай “Хяналт шалгалтын тухай” Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтийг гаргасан байна.

4.7. Уг дүгнэлтээр “Ю” ХХК-тай холбоотойгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтын дагуу “Ю” ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.

4.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана.”,  “Ерөнхий нөхцөлийг магадлах” гэсэн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ:”, 14.1.4-т  “сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”, 27 дугаар зүйлийн 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн чадавхийн шаардлага”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” гэж хуульчилсан.

4.9. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 521 дүгээр зүйлийн 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна.”, 521.2.1-д “Энэ хуулийн 14.1.4, 14.1.6, 14.1.7-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргуулах” гэж заасан.

4.10. Дээрхи хуулийн заалтуудын дагуу “Ю” ХХК ерөнхий нөхцөлийг хангаагүй, худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамрагдсан гэдэг үндэслэлээр тендерийн Үнэлгээний хороо “Ю” ХХК-ийн тендерийг хэлэлцэхгүйгээр татгалзсан нь  хуульд нийцсэн байна гэж шүүх үзлээ.

4.11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийн шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулахаар, ...захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ.”, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, ..-ыг хүчингүй болгуулах, ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, ...хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчээс захиргааны хэргийн шүүхэд хандаж хүчингүй болгуулахаар маргаж буй захиргааны акт нь хууль бус байхын зэрэгцээ түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан бол шүүх тухайн захиргааны актыг хүчингүй болгох боломжтой.

4.12. Тодруулбал, нэхэмжлэгчийн шүүхээс сэргээлгэхээр шаардаж буй эрх, ашиг сонирхол гагцхүү хуулийн дагуу үүсч хамгаалагдсан байх нь маргаан бүхий захиргааны актыг шүүхээс хүчингүй болгох замаар нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж, уг зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг өмнөх байдалд нь сэргээн тогтоох урьдчилсан нөхцөл болдог.

4.13. Түүнчлэн  захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд чиглэдэг.

4.14. Нэгэнт нэхэмжлэгч “Ю” ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн ерөнхий нөхцөлийг хангаагүй, тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай улсын байцаагчийн саналын дагуу бүртгэсэн, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч худалдан авах” ЭҮТӨҮГ/202301834 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдэл, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Т” ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/15-20-0066 дугаар гэрээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй  байна.

4.15. Иймд дээрх үндэслэлүүдээр “Ю” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.16. Гуравдагч этгээд нь “Ю” ХХК-ийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй гэж тайлбарласан.

 4.17. “Ю” ХХК тухайн тендерт оролцохоор тендерийг хүргүүлсэн, холбогдох тендерийн баримт бичгүүдэд гомдол гарган хянуулж байсан ба 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр тендерийг нээж ерөнхий нөхцөлийг хангаж байгаа эсэхийг хянан үзэхэд тендерт оролцох эрхийг хязгаарласан этгээдийн бүртгэлд бүртгэсэн болох нь тогтоогдсон учраас нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж шүүх үзээгүй болно.

4.18. Нэгэнт нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэлгүй учраас “Т” ХХК-ийн тендерт дүгнэлт хийх шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.4,  14.5,  27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан  гаргасан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Хүнд даацын өөрөө буулгагч худалдан авах” ЭҮТӨҮГ/202301834 дугаартай тендерийн Үнэлгээний хорооны “Т” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Т” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн мэдэгдлийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Т” ХХК-тай байгуулсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2024/15-20-0066 дугаар гэрээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ю” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болно.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БОЛОРМАА