Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/1177

 

 

 

 

 

 

  2022             12              13                                          2022/ДШМ/1177

 

 

      О.Г-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ц.Оч, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Түвшинбаяр,

шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч П.А,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/2578 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч П.А-ын гаргасан давж заалдах гомдол, прокурор Г.Түвшинбаярын бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлээр О.Г-т холбогдох ...................... дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим өөрийн амьдардаг хашаанд байхдаа гэр бүлийн маргааны улмаас тусдаа амьдарч байсан эхнэр Б.Я-ыг “өөртэй нь уулзаагүй, хадам эхийн гэр рүү орлоо” гэх шалтгаанаар өөрийн татаж байсан тамхиа хадам эх Д.Ж-ийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийн баруун дээвэр хэсэгт шидэн гал тавьж, улмаар дээвэр, цагаан бүрээс, брезент зэргийг санаатай устгаж, гэмтээсний улмаас хохирогч Д.Ж-т бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 363.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Т нь шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шүүгдэгчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг тодорхойлсон. Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдлыг хянана. Үүнд, мөн хэсгийн 4.1 дэх заалтад “...шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх...” гэж, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “...гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр...”-ийг хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт шүүх хуралдааны явцад нотолно гэж тус тус заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх байдал нотлогдоогүй байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, сэдэл, зорилго, хохирол, хор уршигт хандаж буй хандалга зэргийг шалгаж тогтоох нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөр байна. Тухайлбал, тухайн цаг хугацаанд гэрт байсан гэх хүмүүсээс уг асуудлыг тодруулж мэдүүлэг авах замаар болон бусад хэлбэрээр дээрх нөхцөл байдлыг тодруулсны дараа шүүх хэргийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр хянаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “...шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана...” гэж заасныг баримтлан шүүгдэгч О.Г-т холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч О.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Г-ийн өмгөөлөгч П.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...О.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн нь үнэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/2578 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Түвшинбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/2578 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч О.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 02 цагийн орчим өөрийн амьдардаг хашаанд байхдаа гэр бүлийн маргааны улмаас тусдаа амьдарч байсан эхнэр Б.Я-ыг “өөртэй нь уулзаагүй, хадам эхийн гэр рүү орлоо” гэх шалтгаанаар өөрийн татаж байсан тамхиа хадам эх Д.Ж-ийн эзэмшлийн 5 ханатай монгол гэрийн баруун дээвэр хэсэгт шидэн гал тавьж, улмаар дээвэр, цагаан бүрээс, брезент зэргийг санаатай устгаж, гэмтээсний улмаас хохирогч Д.Ж-т бага хэмжээнээс дээш хэмжээний буюу 363.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.Г нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд хэргийг шилжүүлэхээс өмнө гаргасан байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь шүүгдэгч О.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянаад,  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-т холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, О.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг дахин шалгах шаардлагагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.

Хохирогч Д.Ж “...хохирлыг төлж барагдуулсан, гомдол, саналгүй...” /хх 71/ гэх мэдүүлэг, шүүгдэгч О.Г “...миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх 72/ гэсэн хүсэлтийг прокурорт гаргасан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 318 дугаар “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоолын дагуу шүүгдэгч О.Г-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал гаргасныг, шүүгдэгч О.Г танилцаж гарын үсэг зурсан байх тул уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй. 

Харин, шүүх шүүгдэгч хүсэлтээсээ татгалзаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүсээгүй байхад мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Иймд прокурор Г.Түвшинбаярын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч О.Гийн өмгөөлөгч П.Аын гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ШЗ/2578 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч О.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.АРИУНХИШИГ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ц.ОЧ

 

 

                                 ШҮҮГЧ                                                              Ж.ЭРДЭНЭЧИМЭГ