Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 4

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2017/0374/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Хохирогч О-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дэлгэрнасан,

Шүүгдэгч *****- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *****гийн *****уяад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1718003290180 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1975 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “ЧЧБТ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, Улаанбаатар хотын ****** оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй,***** овогт *****гийн *****уяа, /регистрийн дугаар/.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/.

 

Шүүгдэгч *****- нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймагйн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт иргэн***** “алттай газрыг нөхөн сэргээлт нэрээр буллаа, хужаагийн дэвсгэр, гуйлгачин” хэмээн урьдын таарамжгүй харилцааны улмаас хэл амаар доромжлон улмаар заамдаж, сэгсрэн, хөлөн тус газарт нь олон удаа өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *****- нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 14 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн нутаг дэвсгэрт иргэн***** заамдаж, сэгсрэн, хөлөн тус газарт нь өшиглөж тархи доргилт, 2 гуян дахь цус хуралт гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч ***** “...*****уяа над руу дайраад “чи яахаараа миний газар дээр нөхөн сэргээлт хийдэг гуйлгачин бэ? Миний 16 кг алтыг булдаг хэн бэ? Чи хужаагийн дэвсгэр минь” гээд над руу дайрсан, ...хоёр гараа өмднийхөө халаасанд хийчихээд хоёр гуя руу зогсоо зайгүй өшиглөөд байсан. Миний хувцасны энгэрээс нэг гараараа бариад дугтраад байсан. Намайг салгах гээд хүү*****, жолооч *****хоёр орж ирээд салгах гэхэд дундуур нь хөл нь өшиглөөд, дээгүүр нь гар орж ирж цохиод байсан. Миний хоёр гуя, *****уяад өшиглүүлээд улайгаад хөхөрсөн байсан. Тухайн үед миний толгой доргиод өвдөөд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9/,

 

Гэрч*****ийн “...570 маркийн машинаас бууж ирсэн хөх куртиктэй хүүхэн хөлөөрөө өшиглөөд дайраад байсан. Тухайн машинаас хөх куртиктэй хүүхэнтэй хамт бууж ирсэн залуу “боль, боль” гээд салгаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 71-72/,

 

Гэрч*****ын “...***** эгч рүү жижиг биетэй, цэнхэр цамц, хар нүдний шилтэй шар царайтай хүүхэн дайраад “чам шиг гуйлгачин, чи хэний газар дээр ирээд, хэний шороог булж түрээ байгаа гуйлгачин бэ?” гээд орилоод ***** эгчийн энгэрээс нь баруун гараараа барьж аваад угзарч сэгсрээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12/,

 

Гэрч *****ын “...Хөх куртиктэй хүүхэн больж өгөхгүй дайраад салгаад байхад буцаж очоод нөгөө эгчийг өшиглөөд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14/,

 

Гэрч *****ы “...2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Шарын гол сумын Эрүүл мэндийн төвд жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байхад орой 19 цагийн орчим шар царайтай 50 орчим насны эмэгтэй хүнд зодуулсан гэж ирсэн. Үзлэг хийж зовиурыг асуухад толгой эргэнэ, өвдөнө, хоёр гуяаар өвдөнө гэсэн зовиур хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1061 дугаартай “...***** биед тархи доргилт, 2 гуян дахь цус хуралт тогтоогдлоо. Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 21/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 20 дугаартай “... 1061 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Магадлуулагч ***** биед тархи доргилт, баруун, зүүн гуяны цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу доргих, цохигдох, унах үед үүсгэгдэх боломжтой, Тархи доргилт нь хүнийг заамдаж, угзарч татах үед үүсгэгдэх боломжтой” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 28-29/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *****-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *****- нь***** цохиж зодоогүй гэж мэдүүлж байх боловч гэрч*****ийн “...570 маркийн машинаас бууж ирсэн хөх куртиктэй хүүхэн хөлөөрөө өшиглөөд дайраад байсан” гэх мэдүүлэг, гэрч *****ын “... Хөх куртиктэй хүүхэн больж өгөхгүй дайраад салгаад байхад буцаж очоод нөгөө эгчийг өшиглөөд байсан” гэх мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч *****хэрэгт хохирол төлбөртэй холбогдолтой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч *****-гаас гаргуулах төлбөргүй байна. Хохирогчийн энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гарган жич шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч***** овогт *****гийн *****уяаг хүний биед хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *****- 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг *****-д сануулсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч *****гэмт хэргийн улмаас учирсан гэм хор, хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *****-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД