Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/1201

 

 

 

 

 

 

  2022             12              20                                          2022/ДШМ/1201

 

 

  Ж.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Ж.Д-гийн өмгөөлөгч Ю.Б,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/1257 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ю.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Д-д холбогдох ........................дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ж.Д нь 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ............... дугаар хороо, ............. цэргийн ангийн ................ тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Х.Э-тай маргалдаж дайрах үед тэднийг болиулахаар дундуур нь орж Ж.Д-гийн хоёр гарыг барьж авсан хүү Э.Д-гийн зүүн талын гарын урд хэсэг рүү нь гараараа нэг удаа хүчтэй цохисны улмаас Э.Д-гийн эрүүл мэндэд “зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ж.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ж.Д-д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ж.Д давж заалдах гомдолдоо: “...Би энэхүү хэргийг мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж, хэргээ бүрэн үнэн бодитоор хүлээн зөвшөөрсөн. Мөн бага насны 6-7 насны 2 хүүхэд болон өсвөр насны буюу шилжилтийн эмзэг үе дээрээ байгаа хүүхдийн хамт амьдардаг. Цаашид өөрийн буруутай үйлдлийг ухамсарлаж байгаа хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасны дагуу хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлоо барагдуулсан, ар гэрээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж 1257 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Ж.Дгийн өмгөөлөгч Ю.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 5 дугаар хуудсанд Ж.Д-гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Бусдад учруулсан хохирол их биш, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэлээ гэж дүгнэжээ. Миний үйлчлүүлэгч Ж.Д нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргасан гэж үзэхгүй байна. Ж.Д нь давж заалдах гомдолдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа гэдгээ илэрхийлж байх тул түүний хувийн байдал болон ар гэрийн нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялаар хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч Ж.Д нь тохиолдлын шинжтэй гэмт хэргийн улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй буюу хууль зүйн туслалцаа аваагүй оролцсон. Гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. ...” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй. Шүүгдэгч Ж.Д-гийн хувьд урьд нь ар гэртээ агсам тавих үйлдэл гаргаж байсан. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн гишүүдээ айлгаж, согтуурч агсам үйлдэл гаргаж, гэрийнхээ эд зүйлийг эвдэн сүйтгэдэг зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргадаг болох нь тогтоогдсон. 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ар гэртээ согтуурхаж, эхнэр лүүгээ дайрч доромжилсон. Уг үйлдлийг нь зогсоохыг оролдсон насанд хүрээгүй өөрийн төрсөн хүүхдэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан эрүүгийн хариуцлага үндэслэлтэй тул давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй ойлгож хэрэглэсний улмаас шүүгдэгчийн үйлдлийг хүндрүүлэн зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж эрх зүйн байдлыг нь дордуулсан байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Д нь 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн .............дугаар хороо.................... цэргийн ангийн ...................тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Х.Э-тай маргалдаж түүн рүү дайрах үед тэднийг болиулахаар дундуур нь орж шүүгдэгч Ж.Д-гийн хоёр гарыг барьж авсан өөрийн төрсөн хүү Э.Д-гийн зүүн талын гарын урд хэсэг рүү нь гараараа нэг удаа хүчтэй цохисны улмаас Э.Д-гийн эрүүл мэндэд “зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

насанд хүрээгүй хохирогч Э.Д-гийн “...гэр лүү яваад ортол аав Д орон дээр суучихсан согтуу “та нарыг би бүгдийг нь ална” гэхээр нь би аав Д-г та яагаад байгаа юм бэ гэсэн чинь “чи муу шээс ойрд болохгүй байгаа шүү, би чамайг ална шүү” гэсэн. Тэгээд гэрт бас эд зүйл газраар шидсэн байхаар нь цэвэрлээд байж байтал манай аав босож ирээд ээж руу дайраад байхаар нь би дундуур нь ороод аав Д-ийн 2 гарыг бариад авсан чинь аав хоёр гараа сугалж гаргаж ирээд миний зүүн гарын нударга хэсэг рүү аав гараараа нэг удаа хүчтэй цохисон чинь миний зүүн гар өвдөөд эхэлсэн, тэгээд харсан чинь миний зүүн гарын нударга хэсгийн үе хойшоо болчихсон байхаар нь ээжид хэлтэл Гэмтэл согог судлалын үндэсний төвд миний гарыг үзүүлээд боолгосон.” /хх 6-8, 9/,

гэрч Х.Э-гийн “...2022 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед манай нөхөр Д 0.75 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг ганцаараа уусан ба архиндаа согтоод би эрх чөлөөтэй баймаар байна гээд агсраад над руу дайраад байхаар нь манай хүү Д бид хоёрын голоор орсон чинь манай нөхөр Д хүү Д-ийн зүүн гар луу нь гараараа 1 удаа цохисон. Тэгсэн чинь манай хүү Д-гийн зүүн гар нь гэмтчихсэн. ...Манай нөхөр Д намайг болон манай хүү Д бид хоёрыг өмнө цохиж зодож байгаагүй.” /хх 13/,

яллагдагч Ж.Д-гийн “...Уг зүйл ангитай холбоотой гомдол санал надад байхгүй. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” /хх 86-87/ гэх мэдүүлгүүд,

“...Д-гийн биед зүүн гарын чигчий хурууны алганы шивнүүр ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гараар тулж дарж, дарагдаж унах үед үүсэх боломжтой. Тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 9911 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 18-19/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 1/, “...Сонгинохайрхан дүүргийн ......... дугаар хороо ................. дүгээр Цэргийн ангийн ................тоотод “Хурдан хүрээд ир, хүн амины хэрэг гарах нь байна” гэх дуудлагыг шалгаад төрсөн хүү Д-г зодож хурууг нь хугалсан... аав Д-г олж Дуулгат-120-д эрүүлжүүлэв.” гэсэн цагдаагийн дэслэгч Г.Т-ийн илтгэх хуудас /хх 52/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 65-70/, дуудлага, мэдээллийн жагсаалт /хх 75/, хохирогч Э.Д-гийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 76/ болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд болох шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогч нар нь өөр хоорондоо хувийн таарамжгүй харилцаатай байсан нь яллагдагч Ж.Д, насанд хүрээгүй хохирогч Э.Д, гэрч Х.Э-гийн мэдүүлгүүдээр нотлогдсон байтал прокуророос шүүгдэгч Ж.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэг нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгодог бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас байнга буюу тухайн үйлдлийн давтамж, сэдэлт, санаа зорилго, хугацааны үргэлжилсэн байдлаараа ялгаатай билээ.

Хувийн таарамжгүй байдлаас шалтгаантай гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд дунд үйлдэгдсэн гэмт хэрэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх учиргүй бөгөөд энэ нь хууль хэрэглээний алдаатай шийдэл юм.

Шүүгдэгчийн үйлдлийг үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилсэн явдал нь эрүүгийн хариуцлага тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд харшилсан байна.

Иймд шүүгдэгч Ж.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зөвтгөн зүйлчлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ж.Д-гийн холбогдсон гэмт хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн тул түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, Ж.Д-гийн хувийн байдал, гэм буруу зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг 32 /гучин хоёр/ цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 /зургаа/ сарын хугацаанд хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг Ж.Д-д анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Иймд давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлт болон нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Ж.Д-гийн “...хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...”, мөн түүний өмгөөлөгч Ю.Б-ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул түүний хувийн байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4  дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2022/ШЦТ/1257 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

            “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

1 дэх заалтыг “Шүүгдэгч Ж.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Д-г 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэж тус тус өөрчилж түүнийг нэн даруй сулласугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

- “Шүүгдэгч Ж.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийг түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж, түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 32 /гучин хоёр/ цагийн хугацаагаар тогтоосугай.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.Д-д мэдэгдсүгэй.”,

- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Ж.Д-д “Зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг 6 /зургаа/ сарын хугацаанд хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоосугай.”,

-“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Ж.Д-д мэдэгдсүгэй.” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч Ю.Б нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.ОЧ

                                 ШҮҮГЧ                                                               Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                 ШҮҮГЧ                                                               Ж.ЭРДЭНЭЧИМЭГ