Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2024/0009/З |
Дугаар | 109/ШШ2024/0016 |
Огноо | 2024-06-20 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 109/ШШ2024/0016
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, иргэн С.П-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цагдаагийн газарт холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагчийн зүгээс С.П-ийн нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. С.П- нь 1974 онд төрсөн, 50 настай, 2007 оны 2 дугаар сараас эхлэн өнөөг болтол цагдаагийн байгууллагад тасралтгүй 18 дахь жилдээ зөрчил, дутагдал гаргалгүй ажиллаж байна. Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 112 дугаар тушаалаар 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн жолоочийн албан тушаалд томилогдож, улмаар 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс дадлагажих ажилтнаас чөлөөлөгдөж, шуурхай албаны жолоочоор томилогдож цагдаагийн бүрэлдэхүүнд орсон. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. дэх хэсэгт “Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно.”, 70.2. дахь хэсэгт “Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.”, 70.7 дахь хэсэгт “Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.” гэсний дагуу С.П-ийн дадлагажихаар ажилласан 1 жил 1 сар 8 хоногийн хугацааг төрийн тусгай алба хаасан хугацаанд тооцуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Тус шүүх иргэн С.П-ийн нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Цагдаагийн газарт холбогдох “С.П- миний 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 112 дугаартай энгийнээр түр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар түр томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
2. Уг хэргийн үйл баримтын тухайд, иргэн С.П- нь анх Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2007 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 13 дугаар тушаалаар сантехникч-мужаанаар түр томилогджээ. Улмаар мөн газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 112 дугаар тушаалаар С.П-ийг 2008 оны 11 дүгээр сарын 21-ны өдрөөс эхлэн шуурхай албаны жолооч орон тоон дээр энгийнээр түр томилон ажиллуулсан байна. Үүний дараа 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 125 дугаар тушаалаар Цагдаа, жолоочийн дамжаанд суралцаж төгссөн С.П-ийг 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс Шуурхай албаны жолооч, дадлагажих энгийн ажилтны үүрэгт ажлаас чөлөөлж, цагдаагийн бүрэлдэхүүнд оруулж, шуурхай албаны жолоочоор томилон, цагдаагийн дэд ахлагч цол олгожээ. (Хавтаст хэргийн 7-9 дэх тал)
3. Нэхэмжлэгч С.П- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... С.П- миний бие 2007 оны 02 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 18 жил ажиллаж байгаа бөгөөд цаашдаа Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар байнгын тэтгэвэр тогтоолгох гэтэл цагдаагийн байгууллагад 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд энгийнээр ажилласан 1 жил 1 сар 8 хоногийн хугацааг дадлагажигч ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох шаардлага үүсээд байна ...” гэж тайлбарлажээ.
4. Нэхэмжлэгч С.П-ийг 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 112 дугаар тушаалаар шуурхай албаны жолооч орон тоон дээр энгийнээр түр ажиллах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 1993 оны 12 дугаар сарын 2-ны өдөр батлагдсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 4.-т “Цагдаагийн алба хаагчаар томилохын өмнө туршилтын хугацаагаар, эсхүл дагалдуулан ажиллуулж болно. Дагалдах ажилтан бие дааж цагдаагийн алба хаагчийн үүрэг гүйцэтгэхгүй.” гэж зохицуулсан байна.
5. Мөн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр батлагдсан одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7. дахь хэсэгт Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.”, Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3. дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албанд анх орсон иргэнд туршилтын хугацааг 6-12 сар хүртэл хугацаагаар тогтоож болно.”, 28.4. дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалд ажилласан туршилтын хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.”, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 54 дүгээр тогтоолоор батлагдсан Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журмын 1.4.-т Төрийн тусгай албан хаагчийн эрх зүйн байдлыг тухайлан зохицуулсан бусад хууль тогтоомжид туршилтын хугацаагаар ажиллуулах асуудлыг нарийвчлан зохицуулаагүй бол энэхүү журмыг баримтална., 7.1.-т Туршилтаар ажилласан хугацааг төрийн алба хаасан хугацаанд оруулан тооцно гэж тус тус заажээ.
6. Хариуцагч Архангай аймгийн Цагдаагийн газрын дарга нь 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 31/2750 дугаар албан бичгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Э-г томилж, Э.Э-д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20, 21, 28 дугаар зүйлд заасан хариуцагчийн эрх үүргийг бүрэн эдлүүлэн хэргийн оролцогчийн бүх эрх үүргийг олгожээ. (Хавтаст хэргийн 16 дахь тал)
7. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э-с нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн талаар тайлбар гаргажээ. Тодруулбал, С.П- нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. С.П- нь 1974 онд төрсөн, 50 настай, 2007 оны 2 дугаар сараас эхлэн өнөөг болтол цагдаагийн байгууллагад тасралтгүй 18 дахь жилдээ зөрчил, дутагдал гаргалгүй ажиллаж байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. дэх хэсэгт “Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор 1 жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно.”, 70.2. дахь хэсэгт “Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.”, 70.7 дахь хэсэгт “Туршилтын хугацааг төрийн тусгай албанд ажилласан хугацаанд оруулан тооцно.” гэсний дагуу С.П-ийн дадлагажихаар ажилласан 1 жил 1 сар 8 хоногийн хугацааг төрийн тусгай алба хаасан хугацаанд тооцуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна гэж дурджээ.
8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, 28 дугаар зүйлийн 28.2.2.-т нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно., 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ. гэж тус тус заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.
9. Иймд иргэн С.П-оос Архангай аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан “С.П- миний 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 112 дугаартай энгийнээр түр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар түр томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
10. Мөн нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулан баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1., 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Цагдаагийн албаны тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1., 70.2., 70.7. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.П-оос Архангай аймгийн Цагдаагийн газарт холбогдуулан гаргасан “С.П миний 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд дадлагажих ажилтнаар ажиллаж байсныг тогтоохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Архангай аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтсийн даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 112 дугаартай энгийнээр түр томилсон тушаалыг дадлагажих ажилтнаар түр томилох болгон өөрчлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА