Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 182/ШШ2024/03766

 

 

 

 

 

 

 

 

2024 09 13 182/ШШ2024/03766

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: ............... хаягт байрлах, ЧХ /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч, ............. тоот хаягт оршин суух, Б овогт З.С /РД:0000000000/-т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэг 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

ЧХ-ийн дарга А.Сэрээтэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...З.С /РД:0000000/ нь Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэг олгох 2019.06.21-ний өдрийн 47 тоот гэрээгээр 3,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай буюу эргэн төлөх сүүлийн хугацаа нь 2022.06 сард дуусахаар тохирсон. Хариуцагч З.С нь дээрх хугацаанд 1,000,000 төгрөгийг төсөвт төвлөрүүлэн эргэн төлсөн байна...

Иймд З.С-ээс 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч З.С шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие З.С нь ЧХ-ээс 3,000,000 төгрөгийн зээл авч 1,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 2,000,000 төгрөгийг 2024.09.30-ны дотор 500,000 төгрөг, 2024.10.31-ний дотор 500,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 500,000 төгрөг, 2025.12.31-ний дотор 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.

 

Нэхэмжлэгч ЧХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.С шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ЧХ нь хариуцагч З.С-т холбогдуулан гэрээний үүрэгт 2,000,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч З.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг 2024.09.30-ны дотор 500,000 төгрөг, 2024.10.31-ний дотор 500,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 500,000 төгрөг, 2025.12.31-ний дотор 500,000 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

ЧХ-ээс 2024.05.04-ний өдөр Ч.С-д 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 128 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.

 

Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоохоор зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг учир хариуцагч З.С-ээс 23,476 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч З.С нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,000,000 төгрөгийг 2024.09.30-ны дотор 500,000 төгрөг, 2024.10.31-ний дотор 500,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 500,000 төгрөг, 2025.12.31-ний дотор 500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч ЧХ-т төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч З.С-ээс тэмдэгтийн хураамж 23,476 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА