| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04794/И |
| Дугаар | 182/ШШ2024/03767 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 182/ШШ2024/03767
2024 09 13 182/ШШ2024/03767
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ............... тоот хаягт байрлах, Т ББСБ ХХК /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. тоот хаягт оршин суух, Б овогт А.Х /РД:00000000000/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 2,408,084.12 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн зээл төлүүлэлтийн албаны дарга О.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Х нь Т ББСБ ХХК-иас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2022.03.18-ны өдөр 110260 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 24526 дугаартай Цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 3,600,000 төгрөгийн зээлийг сарын 2.9 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2024.03.20-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан.
Зээлдэгч А.Х нь анх зээл авсан өдрөөс хойш 2023.07.07-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,950,568.03 төгрөгийг, хүүний төлбөрт 1,277,140.54 төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 17,224.65 төгрөгийг, нийт 3,244,933.22 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна.
Зээлдэгч А.Х нь 2024.08.06-ны өдрийн байдлаар 383 хоног хугацаа хэтэрч зээлийн гэрээний үүргийг гүйцэтгээгүй учир талуудын байгуулсан гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 1,649,431.97 төгрөг, зээлийн хүү 663,756.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 79,895.26 төгрөг, нотариатын зардал 15,000 төгрөг, нийт 2,408,084.12 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна... гэжээ.
Хариуцагч А.Х шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие Т ББСБ ХХК-иас зээл авсан нь үнэн. Одоо зээлийн үлдэгдэл нь 2,408,084.12 төгрөг байна. Уг төлбөрийг 2024.09.30-ны дотор 408,084.12 төгрөг, 2024.10.31-ны дотор 500,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 500,000 төгрөг, 2024.12.30-ны дотор 500,000 төгрөг, 2025.01.31-ний дотор 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т ББСБ ХХК нь хариуцагч А.Х-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,408,084.12 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч А.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,408,084.12 төгрөгийг 2024.09.30-ны дотор 408,084.12 төгрөг, 2024.10.31-ны дотор 500,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 500,000 төгрөг, 2024.12.30-ны дотор 500,000 төгрөг, 2025.01.31-ний дотор 500,000 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
Т ББСБ ХХК-иас 2024.08.12-ны өдөр Г.О-д 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 42/4867 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч нь хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч А.Х-оос тэмдэгтийн хураамжид 26,739.5 төгрөг, улсын төсвийн орлогоос 26,739.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.09-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,479 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч А.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,408,084.12 төгрөгийг 2024.09.30-ны дотор 408,084.12 төгрөг, 2024.10.31-ны дотор 500,000 төгрөг, 2024.11.30-ны дотор 500,000 төгрөг, 2024.12.30-ны дотор 500,000 төгрөг, 2025.01.31-ний дотор 500,000 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч А.Х-оос тэмдэгтийн хураамжид 26,739.5 төгрөг, улсын төсвийн орлогоос 26,739.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Т ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.08.09-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,479 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА