| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/03110/И |
| Дугаар | 182/ШШ2024/03774 |
| Огноо | 2024-09-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 16 өдөр
Дугаар 182/ШШ2024/03774
2024 09 16 182/ШШ2024/03774
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,
Нэхэмжлэгч: ................... өөрийн байранд байрлах, С ХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................. тоот хаягт байрлах, Х ХХК /РД:000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,631,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х ХХК нь найман нэрийн хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа С ХК-ийн бүтээгдэхүүнийг худалдан авч борлуулдаг байсан ба 2022.08.12-ны өдөр 628,800 төгрөг, 2022.09.09-ний өдөр 354,800 төгрөг, 2022.10.20-ны өдөр 647,600 төгрөгтэй тэнцэх буюу нийт 1,631,200 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүргүүлэн авсан...
Талууд дээрх өрийг тооцооны үлдэгдлийн баталгаагаар 2024.04.30-ны өдөр баталгаажуулсан боловч өнөөдрийг хүртэл хугацаанд ямарваа нэгэн төлбөр төлөлгүй компанийг хохироож байна.
Иймд Х ХХК-иас бүтээгдэхүүний төлбөр 1,631,200 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Х ХХК-ийн захирал А.Э шүүхэд гаргасан тайлбартаа: ...Х ХХК нь С ХК-иас 2022 онд бараа худалдаа авсан нь үнэн. Нийт дүн нь 1,631,200 төгрөг. Уг төлбөрийг 2024.10.10-ны өдөр 407,800 төгрөг, 2024.11.30-ны өдөр 407,800 төгрөг, 2024.12.30-ны өдөр 407,800 төгрөг, 2025.01.30-ны өдөр 407,800 төгрөгөөр тус тус төлж барагдуулна... гэжээ.
Нэхэмжлэгч С ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчийн тайлбартай танилцаж, төлбөр төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С ХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан 1,631,200 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хариуцагч Х ХХК-ийн захирал А.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,631,200 төгрөгийг 2024.10.10-ны өдөр 407,800 төгрөг, 2024.11.30-ны өдөр 407,800 төгрөг, 2024.12.30-ны өдөр 407,800 төгрөг, 2025.01.30-ны өдөр 407,800 төгрөгөөр бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.
С ХК-иас 2024.05.03-ны өдөр Г.Б, Д.А нарт 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 01/562 дугаартай итгэмжлэлийг олгосны дагуу төлөөлөгч Д.А нь хариуцагчийн дээрх тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул талуудыг төлбөр төлөх хугацааны хувьд харилцан тохиролцсон гэж үзнэ.
Энэхүү тохиролцоо нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч Х ХХК-иас тэмдэгтийн хураамжид 20,525 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 20,525 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.07-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,050 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Х ХХК-ийн захирал А.Э нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,631,200 төгрөгийг 2024.10.10-ны өдөр 407,800 төгрөг, 2024.11.30-ны өдөр 407,800 төгрөг, 2024.12.30-ны өдөр 407,800 төгрөг, 2025.01.30-ны өдөр 407,800 төгрөгөөр тус тус нэхэмжлэгч С ХК-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Х ХХК-иас тэмдэгтийн хураамжид 20,525 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 20,525 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.07-ны өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41,050 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА