| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/02927/И |
| Дугаар | 182/ШШ2024/03778 |
| Огноо | 2024-09-17 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/03778
2024 09 17 182/ШШ2024/03778
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............... тоот хаягт оршин суух, Б овогт Э.Б /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............. тоот хаягт оршин суух, Б овогт М.У /РД:0000000000/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, сургалтын зардалд жил бүр 8,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, хариуцагч М.У, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч М.У-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, сургалтын зардалд жил бүр 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Миний бие Э.Б нь М.У-тай дунд сургуулийн нэг анги байсан бөгөөд 2015 оноос үерхэж байгаад 2017 онд нэг гэрт хамтран амьдарсан бөгөөд 2018.02.17-ны өдөр хүү У.Ц-ийг төрүүлсэн.
Бид хамтран амьдарч байхдаа хоорондын таарамжгүй харьцаа, үл ойлголцлоос болж 2018 оны 12 сарын сүүлээс салж, одоо миний бие өөрийн хүү У.Ц-ий хамт ээжтэйгээ түүний гэрт амьдарч байна.
Бид тусдаа амьдарснаас хойш одоог хүртэл М.У нь хүүгээ харж хандаж байгаагүй, хүү минь эцгээ ч сайн мэдэхгүй өсөж байгаа бөгөөд өнгөрсөн олон жилийн хугацаанд эцэг хүнийхээ хувьд үр хүүхдээ тэжээн тэтгэхэд ямар ч оролцоо байгаагүй, тэжээн тэтгэх талаар ямар ч санаачилга гаргадаггүй байсан.
Одоо хүү минь 6 нас хүрсэн. Энэ намар МУБИС-ийн харьяа ЕБС-ийн нэгдүгээр ангид орохоор бүртгүүлсэн бөгөөд жилийн сургалтын төлбөр нь ойролцоогоор 4 сая төгрөг, өдөр өнжүүлэхийн жилийн төлбөр 4,500,000 төгрөг болж байгаа.
Иймд хариуцагч М.У-аас 2018.02.17-ны өдөр төрсөн хүү У.Цд сар бүр хүүхдийн тэтгэлэг болон МУБИС-ийн харьяа ЕБС-ийн сургалтын болон өдөр өнжүүлэх төвийн зардал 8,500,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагч М.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хүүхдэдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Харин 8,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүлээн зөвшөөрөхгүй... гэв.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.04.30-ны өдөр 150,950 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 3 х/,
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4 х/,
-У.Ц-ий төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 5 х/,
-М ӨЭМТ-ийн эрүүл бойжиж байгаа тодорхойлолт /хх-ийн 6 х/,
-2024.04.01-ний өдрийн Хүүхдийн эрүүл өсөж бойжиж байгаа, вакцинд хамрагдсан... гэсэн тодорхойлолт /хх-ийн 6 х/,
-Худалдаа хөгжлийн банкны 2024.08.28-ны өдрийн Шилжүүлгийн мэдээлэл /хх-ийн 25 х/,
-Голомт банкны 2024.08.29-ний өдрийн Цахим гүйлгээний баримт /хх-ийн 26-27 х/,
-Голомт банкны 2024.08.23-ны өдрийн Цахим гүйлгээний баримт /хх-ийн 28 х/,
-2024.08.29-ний өдрийн Монгол Улсын Боловсролын Их сургуулийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн 2024-2025 оны хичээлийн жилд эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах төлбөртэй сургалтын гэрээ /хх-ийн 29-31 х/ зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч М.У-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, сургалтын зардалд жил бүр 8,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагын тухайд
2.1Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, талуудын тайлбараар Э.Б, М.У нар нь дунд сургуулийн нэг анги байсан бөгөөд 2017 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2018.02.17-ны өдөр хүү У.Ц төрсөн болох нь иргэний улсын бүртгэлийн 000000000000 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
2.3.Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага эцэг, эхийг тогтооно гэж заасны дагуу 2018.02.17-ны өдөр төрсөн хүү У.Ц-ий эцэг нь Б овогт М.У /РД:00000000/, эх нь Б овогт Э.Б /РД:0000000000/ нар болохыг Захиргааны журмаар тогтоож, ......... дүүргийн Улсын бүртгэлийн ажилтан төрсний бүртгэлд 2018.02.28-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгожээ. /хх-ийн 5 х/
2.4.Хариуцагч нь У.Ц-ийг өөрийн төрсөн хүү гэдэгт маргаагүй тул Гэр бүлийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар ...эцэг, эх нь хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргийн дагуу... хариуцагч М.У-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, 2018.02.17-ны өдөр төрсөн хүү У.Ц-ийг тэжээн тэтгүүлэх, тэтгэлгийн хэмжээг Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2.5.2018.02.17-ны өдөр төрсөн хүү У.Ц нь одоо эх Э.Б-ын асрамжинд эрүүл энх өсөн бойжиж байгаа тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар асрамжийг тогтоож шийдвэрлэх шаардлагагүй учраас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
3.Сургалтын зардалд жил бүр 8,500,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Гэр бүлийн тухай хуулийн 48.1-д Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасан.
Иймд дээрх хуульд заасны дагуу хариуцагч М.У-аас сургалтын төлбөрийн зардалд 4,250,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1‑т зааснаар нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч С.У-аас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 58,553 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.
Үндэсний статистикийн хорооны даргын 2024.03.01-ны өдрийн А/29 тоот тушаалаар 2024 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшинг Улаанбаатар хотод 454,200 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 135 дугаар зүйлийн 135.2.8-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018.02.17-ны өдөр төрсөн хүү У.Ц-ийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, сар бүр эцэг М.У-аар тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч С.У-аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3.2018.02.17-ны өдөр төрсөн хүү У.Ц нь эх Э.Б-ын асрамжид байгаа болохыг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2.2-т заасны дагуу Э.Б, М.У нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хариуцагчийг хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгасугай.
5.Хариуцагч М.У-аас сургалтын зардалд жил бүр 4,250,000 төгрөгийг гаргуулсугай.
6.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1‑т зааснаар нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч М.У-аас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 58,553 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА