| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2023/04039/И |
| Дугаар | 182/ШШ2024/03832 |
| Огноо | 2024-09-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 18 өдөр
Дугаар 182/ШШ2024/03832
2024 09 18 182/ШШ2024/03832
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, шүүгч О.Аззаяа, шүүгч Б.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............ өөрийн байранд байрлах, Э ХХК /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............. байрлах, НУ,
Хариуцагч: ................ байранд байрлах, НГ-нд тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 806,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г,
Хариуцагч НГ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,
Иргэдийн төлөөлөгч У.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Н нар оролцов.
(Хариуцагч НУ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У, Ц.Л нар нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул талуудын хүсэлтийг үндэслэн тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч НУ, НГ-нд тус тус холбогдуулан гэм хорын хохиролд 806,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Э ТӨХК-ийг Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан 1998.06.03-ны өдрийн дуудлага худалдаагаар худалдан авч 1998.06.15-ны өдрийн Төрийн өмчийн хорооны 463 дугаар тогтоол гарсан байдаг. Уг дуудлага худалдаагаар Э ХХК-ийг хувьчилж авах үед 539 нэр төрлийн эд хөрөнгийг хүлээн авсан бөгөөд тэрхүү эд хөрөнгийн жагсаалтад гаднаас орох 20 см зузаантай, 6,7 м өргөнтэй, 1,3 км урт бетон хучмал даацын зам буюу одоогийн ............ гудамжнаас М ХХК хүртэлх 1,3 км бетон зам багтсан байдаг. Компани нь өнөөдрийг хүртэл Э ХХК нэрээр үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ тус бетон даацын замын ашиглалт, эвдрэл гэмтэлтэй холбоотой бүхий л засвар үйлчилгээг хариуцан тухай бүр засварлаж ирсэн.
Гэтэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021.12.03-ны өдрийн 11/33 дугаар тогтоолын дагуу ............ гудамжнаас М ХХК хүртэлх Т ХХК-ийн зүүн талаар 1,74 км авто зам тавигдахаар болж, уг авто замын трассд компанийн өмчлөлийн хашаан доторх газар болон объект өртсөн гэх үндэслэлээр манай компанитай тохиролцоо хийх саналыг гаргасныг компанийн зүгээс Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин, авто замын трассд өртөж буй газрыг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрсөн. Харин үүний хариуд Н-аас нөхөн олговорыг олгохоор болсон ба компанийн зүгээс зөвхөн манай компанийн хашаан доторх хэсэг өртөж байна гэж ойлгон дээрх тохиролцоог хийж өөрийн компанийн хашаан доторх өртөгдөж буй газар болон объектыг чөлөөлсөн.
Гэтэл 1,74 км авто замыг тавих явцад манай компанийн хашаан доторх газраас гадна хашааны гаднах 1998 онд өмч хувьчлалаар худалдаж авсан бетон даацын авто зам уг трассд өртсөн бөгөөд бид Н болон НГ-нд хандан манай компанийн өмчлөлийн өртөж буй 1,3 км авто замд холбогдуулан нөхөх олговорыг шийдэж өгөхийг хүссэн. НГ-наас Нийтийн эзэмшлийн газар тул нөхөх олговор олгохгүй гэсэн хариуг өгсөн.
Бид 1998 онд худалдаж авсан компани, түүнтэй дагалдан ирсэн 1,3 км урттай бетон даацын авто замын өмчлөгч мөн болохоо баталгаажуулах зорилгоор Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдуулан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг авто замын өмчлөгч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахад иргэний шүүхээс өмч хувьчлалаар худалдаж авсан эд хөрөнгийн өмчлөгчөөр дахин тогтоох боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Анх өмч хувьчлалын дуудлага худалдаагаар уг компанийг худалдаж авах үед компанийн бүх эд хөрөнгө өөрийн гэсэн үнэлгээтэй байхын зэрэгцээ Нийслэлийн өмчийн харилцааны газар нь уг 1,3 км бетон авто зам нь 1998 оны хувьчлалаар хувьчилж авах үед дагалдаж хувьчлагдсан гэдгийг, Замын хөгжлийн газар нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн албан бичигтээ Э ХХК-ийн 1,3 км бетон зам шинээр хийгдэх автозамын нөлөөлөлд өртөж, давхцаж байгаа нь үнэн гэх буюу манай компанийн өмчлөлийн бетон зам өртсөн гэдгийг тус тус хүлээн зөвшөөрдөг.
Түүнчлэн компанийг худалдаж авах үед уг авто зам нь 4,000,000 төгрөгийн үнэлгээтэй байсан бөгөөд тухайн үед хүлээлгэн өгсөн эд хөрөнгийн жагсаалтанд гаднаас орох 1,3 км авто бетон зам гэж тодорхой тусгасан байдаг. Тийм атал Н болон НГ нь тус газрыг нийтийн өмч гэж тайлбарлан бидний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх, хувийн өмчид халдан хохирол учруулсан.
Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасан ба 1998 оны өмч хувьчлалаар компанийг худалдан авахад 1,3 км гаднаас орох зам гэж эд хөрөнгийн жагсаалтанд бичсэн нь газрыг мөн хамаатуулж ойлгох ойлголт бөгөөд бетон авто зам нь газраас салгаж үл болох, салгасан тохиололд зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд хөрөнгө юм. Түүнчлэн, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.2-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж тус тус заасан.
Нэхэмжлэгчийн хувьд 1998 онд Төрөөс зохион байгуулсан өмч хувьчлалаар компанийн хамт худалдан авахад дагалдан ирсэн 1,3 км бетон авто замыг 2022 он буюу бидний өмчид халдах хүртэл засвар үйлчилгээг хариуцан ажиллаж ирсэн байх атал Төр өөрөө худалдсан эд хөрөнгөө нийтийн эзэмшлийн газар гэдэг нэрэн дор бидний зөвшөөрөлгүйгээр халдан эвдэлж, мөн цаашид ямар ч байдлаар ашиглах боломжгүйгээр хуулан шинээр авто зам тавьсан нь хуулиар тогтоосон хувийн өмч халдашгүй байх зарчмыг зөрчин хохирол учруулсан гэж үзэж байна.
Иймд Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан тул Э ХХК-ийн хашааны гадна байрлах ............ гудамжнаас М ХХК хүртэлх 1,3 км бетон авто зам буюу үл хөдлөх эд хөрөнгөд учруулсан гэм хорын төлбөрт 806,000,000 төгрөгийг хариуцагч НУаас гаргуулж өгнө үү.
НГ-нд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна... гэв.
2.Хариуцагч НУ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Газрын тухай хуульд газрыг өмчилж, эзэмшиж, ашиглаж болохоор заасан. Газрын эзэмшиж эсвэл ашиглах тохиолдолд газрыг баталгаажуулж, гэрээ байгуулан газар эзэмших эрхийн гэрчилгээ эсвэл газар ашиглах эрхийн гэрчилгээ авах ёстой. Тухайлбал, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.2-т Газар эзэмших эрхийн гэрчилгээг зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгоно, 27.3-т Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна, 27.4-т Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж тус тус заасан. Тус гэрчилгээг Газрын тухай хуулийн 23.3 дугаар зүйлд зааснаар Аймаг, нийслэлийн газрын албанаас Засаг даргын шийдвэрийг үндэслэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно. Харин газрыг өмчлөх тохиолдолд Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар өмчлөгч мөн болохыг баталгаажуулж эрх бүхий байгууллагаас улсын бүртгэлийн гэрчилгээг авсан байх ёстой.
Нэхэмжэгч нэхэмжлэлдээ дурьдсанаар Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ гэж заасны дагуу 1,3 км гаднаас орох зам гэж эд хөрөнгийн жагсаалтанд бичсэн нь газрын мөн хамаатуулж ойлгох ойлголт. Иймд газраас салгаж үл болох, салгасан тохиолдолд зориулалтын дагуу ашиглах боломжгүй эд хөрөнгийн хувьд газар нь албан ёсоор баталгаажаагүй тохиолдолд тус компанийн өмч гэж үзэх боломжгүй.
НГ-наас Э ХХК-д илгээсэн 2022.08.05-ны өдрийн 01-11/3900 дугаар албан бичигт дурьдсанаар хуулийн дагуу бүртгэлтэй байсан тус компанийн эзэмшлийн 0000000000 нэгж талбарын дугаартай 36,308 м.кв газраас 4,262 м.кв газар болон эд хөрөнгө төлөвлөлтөд өртөж, нөхөх олговрыг олгосон. Харин маргаан бүхий газар нь тус нэгж талбарт хамаарахгүй, нийтийн эзэмшлийн газарт хамаарч байгааг тодорхойлсон.
Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна гэж заасан. Хэрэв авто замыг эзэмших тохиолдолд дараах зохицуулалтын дагуу эзэмшинэ. Үүнд: Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байна, 17.3-т Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, Н-, түүнээс эрх олгосон этгээд байна, 17.4-т Тусгай зориулалтын авто замын хөрөнгө оруулагч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр авто замыг эзэмшиж болно гэж тус тус заасан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий 1,3 км замыг дээрх эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр л эзэмшиж байгаа болохоос өмчлөх боломжгүй...
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уг авто замын өмчлөгч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахад иргэний шүүхээс өмч хувьчлалаар худалдаж авсан эд хөрөнгийн өмчлөгчөөр дахин тогтоох боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан гэж, мөн Замын хөгжлийн газар нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн албан бичигтээ Э ХХК-ийн 1.3 км бетон зам шинээр хийгдэх автозамын нөлөөлөлд өртөж, давхцаж байгаа нь үнэн гэж буюу манай компанийн өмчлөлийн бетон зам өртсөн гэдгийг тус тус хүлээн зөвшөөрдөг гэсэн.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хавсаргасан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.04.20-ны өдрийн 06907 дугаар захирамжаар Э ХХК-ийн 1,3 км бетон авто замын өмчлөгч болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байхад уг зөрчлүүдийг арилгахгүйгээр дахин нэхэмжлэлийг ирүүлсэн гэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Мөн Замын хөгжлийн газар нь Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн албан бичигт 1,3 км урттай бетон зам нь шинээр хийгдэх авто замын нөлөөлөлд өртөж давхцаж байгаа нь үнэн гэж тодорхойлсноос биш уг зам нь тус компанийн өмч гэж тодорхойлоогүй. Гэтэл нэхэмжлэгч уг захирамж, албан бичгийн агуулгыг илт мушгин гуйвуулсан байна.
Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хорын төлбөрт 806,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Гэтэл хариуцагчийн зүгээс хууль ёсны дагуу бүртгэлтэй байсан газраас тус компанийн эзэмшлийн газартай давхцаж байгаа хэсгийг тодорхойлж нөхөх олговрыг өгсөн. Харин маргаан бүхий авто зам, газар нь нэхэмжлэгчийн өмч биш төрийн өмчийнх учраас хариуцагчийн санаатай эсвэл болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Иймд Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
3.Хариуцагч НГ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Засаг даргын 2018 оны 1135 дугаар захирамжаар Э ХК нь 0000000000 нэгж талбарын дугаартай 36,308 м.кв газрыг эзэмшдэг байсан. Энэ эдэлбэр газрын 4,262 м.кв газар буюу ............ гудамжнаас М ХХК болон Т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдэх авто замын нөлөөлөлд өртсөн.
Энэ авто замын нөлөөлөлд өртсөн талаар манай албанаас мэдэгдэж, хөрөнгийн үнэлгээ хийгдэж, НГ-ны даргын баталсан нөхөн олговрын үнийн дүнг зөвшилцөх хуудсаар үнийн дүнг тухайн компанитай зөвшилцсөн бөгөөд нийт эд хөрөнгөн дээр нь 601,322,119 төгрөгийн нөхөн олговор олгохоор тохиролцсон.
Нэхэмжлэгчийн эзэмшлийн 36,308 м.кв газраас 4,262 м.кв газрын үнэлгээ нь 394,149,760 төгрөг, бусад эд хөрөнгийн үнэлгээ нь 207,212,439 төгрөг, нийтдээ 601,362,199 төгрөг болсныг талууд тохиролцоод Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/721 дүгээр захирамжийг үндэслэн тухайн компанид олгосон. Олгохдоо газар чөлөөлөх гэрээг эрх бүхий этгээдтэй нөхөн олговрын үнийн дүнг зөвшилцөх хуудсыг баталгаажуулдаг байдаг. Энэ хуудсан дээр үүнээс өөр санал гомдол байхгүй гэсэн байдаг...
Манай албаны чиг үүрэг зөвхөн эргэлтийн цэгийн дагуу мэдээллийн санд бүртгэгдсэн эд хөрөнгөд нөхөн олговор олгох үүрэгтэй. Түүнийхээ дагуу энэ 601,362,199 төгрөгийг олгосон. Хэрвээ үнэхээр өөрсдийнх нь энэ өмч хөрөнгө үнэгүйдэх гэж байгааг мэдсэн бол тухайн үедээ асуудлаа тавиад шийдвэрлэх ёстой байсан...
Өөрөөр хэлбэл хилийн шугамаас гаднах газар бол Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д заасны дагуу нийтийн эдэлбэр газар байгаа. Нийтийн эдэлбэр газар нь нийтээр ашиглахаар тогтоосон төрийн өмчийн газрыг хэлнэ гэж хуульд заасан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, мөн гадна байгаа эд хөрөнгийн асуудалд манай алба хариуцахгүй... гэв.
4.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2023.09.20-ны өдөр 4,187,950 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,
-2023.09.20-ны өдрийн 1/101 тоот Ц.Г-ад олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 5 х/ зэрэг баримтуудыг,
5.Хариуцагч НУ тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2023.10.30-ны өдрийн 03/6852 тоот Д.Ц, Л.Б нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 41 х/,
-2023.10.04-ний өдрийн 01/6226 тоот Л.Н-д олгосон итгэмжлэл /хх-ийн 42 х/,
-2023.11.20-ны өдрийн 01/7355 тоот Б.Б, З.Д, С.У нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 49 х/,
-2024.08.09-ний өдрийн 01/4532 тоот Ц.Л-т олгосон итгэмжлэл /2-р хх-ийн 128 х/ зэрэг баримтуудыг,
6.Хариуцагч НГ нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2023.11.22-ны өдрийн 01-06/6382 тоот Ш.А-д олгосон итгэмжлэл /хх-ийн 48 х/,
-2024.05.24-ний өдрийн 01-03/3661 тоот Б.М-д олгосон итгэмжлэл /хх-ийн 78 х/,
-2022.06.02-ны өдрийн 10/266 тоот Голомт банкны Тодорхойлолт /хх-ийн 167 х/,
-Газар чөлөөлсөн талаарх гэрэл зургууд /2-р хх-ийн 168-176 х/,
-2022.05.27-ны өдрийн Чөлөөлсөн газрыг хүлээлцсэн акт /2-р хх-ийн 177 х/,
-2022.05.09-ний өдрийн 04 тоот Э ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын Итгэмжлэл олгох тухай тогтоол /2-р хх-ийн 178 х/,
-2022.02.24-ний өдрийн Ф ХХК-ийн үнэлгээний тайлан /2-р хх-ийн 179-196 х/,
-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /2-р хх-ийн 197 х/,
-Э ХХК-ийн компанийн дүрэм /2-р хх-ийн 198-199 х/,
-Улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ /2-р хх-ийн 200 х/,
-2019.03.23-ны өдрийн 01107-2018/00727 тоот Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /2-р хх-ийн 201-204 х/,
-Нийслэлийн Засаг даргын 2022.05.25-ны өдрийн А/721 дүгээр захирамж /2-р хх-ийн 205-206 х/,
-2022.06.22-ны өдрийн 166 тоот Төлбөрийн хүсэлт /2-р хх-ийн 207 х/,
-Иргэн, хуулийн этгээдийн газар, эд хөрөнгийн нөхөх олговрын гүйцэтгэл /2-р хх-ийн 208 х/ зэрэг баримтуудыг,
7.Тус шүүхийн 2024.05.16-ны өдрийн 182/ШТ2024/00173 дугаартай Шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоолын дагуу Хөрөнгийн үнэлгээний Ф ХХК-иас ирүүлсэн 2022.05.19-ний өдрийн .............. 20 дугаар хороо, Үйлдвэрийн баруун бүс 46/1, 46/2 тоотод байрлах, Э ХХК-ийн өмчлөлийн авто зам дээр хийсэн үнэлгээний тайлан /хх-ийн 79-97 х/,
-Архивын ерөнхий газраас ирүүлсэн Э ХХК-ийг 1998 онд хувьчлах үеийн бүх баримтууд /хх-ийн 98-250 х, 2-р хх-ийн 1-97 х/,
-Өмчийн харилцааны газраас ирүүлсэн Э ХХК-д хүргүүлсэн 2022.06.21-ний өдрийн 4/857 дугаар албан бичиг /2-р хх-ийн 98-99 х/,
-Нийслэлийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2022.05.25-ны өдрийн А/721 дүгээр захирамж /2-р хх-ийн 100-102 х/,
-Замын хөгжлийн газраас ирүүлсэн Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлсэн 2022.06.07-ны өдрийн 6/1147 дугаар албан бичиг, түүний хавсралт /2-р хх-ийн 110-126 х/,
-НГ-наас 2022.05.27-ны өдрийн Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эгүүлэн авах тухай 2022-А/721-1 тоот гэрээ, Протокол, Нөхөх олговрын үнийн дүнг зөвшилцөх 2022/320 дугаартай хуудас, 2022.05.02-ны өдрийн 2022/320 дугаар бүхий хурлын тэмдэглэл /2-р хх-ийн 160-166 х/ зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс НУ, НГ-нд тус тус холбогдуулан гаргасан хохирол 806,000,000 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч НУ, НГ-нд тус тус холбогдуулан хохирол 806,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.1.Шүүх хуралдааны явцад НГ-нд холбогдох шаардлагаасаа татгалзаж, 806,000,000 төгрөгийг НУ-аас гаргуулах шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
а. Манай компани Э ТӨХК-ийг Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан 1998.06.03-ны өдрийн дуудлага худалдаагаар 801,549,900 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тухайн үед 539 нэр төрлийн эд хөрөнгийг хүлээн авсан. Энэхүү эд хөрөнгийн жагсаалтад гаднаас орох 20 см зузаантай 6,7 метр өргөнтэй 1,3 км урт бетон зам буюу одоогийн ............ гудамжаас М ХХК хүртэлх 1,3 км урттай бетон зам багтдаг учраас 1998 оноос хойш 2022 онд бидний өмчид халдах хүртэл засвар үйлчилгээг хариуцаж байсан.
Мөн дээрх зам нь манай компанийн өмч болох нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2022.06.21-ний өдрийн 4/857 тоот шинээр баригдах автозамын трасст орсон 1,3 км бетонон авто зам нь Э ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг хувьчлах хөрөнгийн жагсаалтад багтаж, 1998 онд Төрийн өмчийн хорооноос хувьчлагдаж танай компанид шилжсэн... гэх албан бичиг, Замын хөгжлийн газрын 2022.06.07-ны өдрийн 6/1147 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа.
Гэтэл Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021.12.03-ны өдрийн 11/33 дугаар тогтоолын дагуу ............ гудамжнаас М ХХК хүртэлх Т ХХК-ийн зүүн талаар 1,74 км авто зам тавигдахаар болж, уг авто замын нөлөөлөлд манай компанийн өмчлөлийн хашаан доторх газар болон объект өртсөн. Манай компани Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжин, авто замын трассд өртөж буй газрыг чөлөөлөхийг хүлээн зөвшөөрсөн...
Гэвч Н болон НГ-наас зөвхөн манай компанийн хашаан доторх обьектод л нөхөн олговор олгож, хашааны гаднах 1,3 км урттай бетон замыг нийтийн өмч гэж тайлбаран холбогдох олговорыг олгохгүй бидний хуулиар хамгаалагдсан өмчлөх эрх, хувийн өмч болох 20 см зузаантай, 6,7 метрийн өргөнтэй 1,3 км урт бетон замыг маань эвдэж үл хөдлөх эд хөрөнгөд хохирол учруулсан...
Иймээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу хариуцагч НУ-аас 1,3 км урт бетон замын хохирол 806,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарласан..
3.Хариуцагч НУ татгалзлын үндэслэлээ Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна гэж заасан. Хэрэв авто замыг эзэмших тохиолдолд дараах зохицуулалтын дагуу эзэмшинэ. Үүнд: Авто замын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүнээс эрх олгосон этгээд байна, 17.3-т Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, Н, түүнээс эрх олгосон этгээд байна, 17.4-т Тусгай зориулалтын авто замын хөрөнгө оруулагч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр авто замыг эзэмшиж болно гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь маргаан бүхий 1,3 км замыг дээрх эрх бүхий байгууллагуудын шийдвэрээр л эзэмшиж болохоор хуульд заасан болохоос авто замыг өмчлөх боломжгүй бөгөөд эзэмших эрх үүсээгүй. Уг газар нь холбогдох хуулийн дагуу нийтийн өмч учраас нэхэмжлэгчид 806,000,000 төгрөгийн бодит хохирол учирсан гэж үзэхгүй. Мөн Н-ын хувьд хууль зөрчсөнөөс үүссэн гэм буруутай үйлдэл байхгүй гэж маргасан.
4. Хариуцагч НГ-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...нэхэмжлэгч манайд холбогдох шаардлагаасаа татгалзсан хэдий ч Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 1,3 км зам нь нь нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 806,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.... гэж тайлбарлаж байна.
5. ............ дугаар хороо, ............ гудамжаас М ХХК хүртэлх Т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдсэн авто замын нөлөөлөлд Э ХХК-ийн эзэмшлийн 4,262 м.кв газар болон эд хөрөнгө өртөж нийт 601,362,199 төгрөгийн нөхөх олговор олгосон талаар талууд маргаагүй тул шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж бүрэлдэхүүн үзлээ.
6.Харин талуудын маргааны зүйл нь Э ХХК-ийн 1998 онд дуудлага худалдаагаар 4,000,000 төгрөгөөр худалдан авсан ............ гудамжаас М ХХК хүртэлх 1,3 км урттай 20 см зузаантай 6,7 метр өргөнтэй бетон замын бетоныг эзэмших болон өмчлөх эрхтэй эсэх, бетон замын хохирлыг шаардах эрхтэй эсэх тухай байх тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх нь зүйтэй.
6.1. Нэхэмжлэгч нь манай компани Э ТӨХК-ийг Төрийн өмчийн хорооноос зохион байгуулсан 1998.06.03-ны өдрийн дуудлага худалдаагаар 801,549,900 төгрөгөөр худалдан авсан бөгөөд тухайн үед 539 нэр төрлийн эд хөрөнгийг хүлээн авсан. Энэхүү эд хөрөнгийн жагсаалтад гаднаас орох 20 см зузаантай 6,7 метр өргөнтэй 1,3 км урт бетон зам буюу одоогийн ............ гудамжаас М ХХК хүртэлх 1,3 км урттай бетон зам багтдаг учраас 1998 оноос хойш 2022 онд бидний өмчид халдах хүртэл засвар үйлчилгээг хариуцаж байсан.
Мөн дээрх зам нь манай компанийн өмч болох нь Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2022.06.21-ний өдрийн 4/857 тоот шинээр баригдах автозамын трасст орсон 1,3 км бетонон авто зам нь Э ХК-ийн төрийн мэдлийн хувьцааг хувьчлах хөрөнгийн жагсаалтад багтаж, 1998 онд Төрийн өмчийн хорооноос хувьчлагдаж танай компанид шилжсэн... гэх албан бичиг, Замын хөгжлийн газрын 2022.06.07-ны өдрийн 6/1147 тоот тодорхойлолт зэргээр тогтоогдож байгаа.
Уг замын үнэлгээг үнэлгээний байгууллагаар хийлгэхэд 806,000,000 төгрөгөөр үнэлсэн учраас хариуцагч Н буюу У-аас нөхөн төлбөрийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байгааг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь:
Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.13, 42 дугаар зүйлийн 42, 43 дугаар зүйлд зааснаар газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газрыг улсын тусгай хэрэгцээнд бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргах, Засгийн газар нь бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал, газар эзэмшигчтэй түүний хийсэн урьдчилсан тохиролцоог харгалзан зохих шийдвэр гаргах, уг шийдвэрийг үндэслэн тухайн шатны Засаг дарга иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ байгуулан тухайн газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах, бусдын эзэмшил газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тухай шийдвэрт газар эзэмшигчтэй урьдчилан хийсэн тохиролцоог харгалзан уг газраас салгаж үл болох барилга байгууламж, бусад эд хөрөнгийг тухайн үеийн ханшаар үнэлсэн үнэ, газрыг чөлөөлөх зардлыг тусгахаар зохицуулсан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ, 16.3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж заасан.
Нийслэлийн Засаг даргын 2022.05.25-ны өдрийн А/721 тоот Нөхөх олговор олгох тухай захирамжаар ...Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ............ гудамжаас М ХХК хүртэлх, Т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдэх авто зам (.............. 20 дугаар хороо) төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний нөлөөлөлд өртсөн хуулийн этгээдэд олгох нөхөх олговрын хэмжээг баталжээ. Захирамжийн хавсралтад Э ХХК (2555913), .............. 20-р хороо, Үйлдвэрийн баруун бүс 46/1, 46/2, нэгж талбарын дугаар 0000000000, үндсэн талбайн хэмжээ 36,308 м.кв, эдэлбэрийн хэлбэр эзэмших, Гэрчилгээний дугаар Э-00000000000, Нөлөөлөлд өртсөн газрын хэмжээ 4,262 м.кв, үнэлгээ 394,149,760 төгрөг, Хөрөнгийн нөхөх олговрын үнэлгээ 207,212,439 төгрөг, нийт 601,362,199 төгрөгөөр тогтоож, уг олговрыг 2022.06.22-ны өдөр шилжүүлжээ. /2 хх-ийн 205, 206, 207 х/
Дээрх захирамжийг үндэслэн 2022.05.27-ны өдөр Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай №2022-А/72-1 тоот гэрээ байгуулагдаж, мөн өдөр НГ болон Э ХХК-ийн төлөөлөгчид Э ХХК-ийн эзэмшиж буй газар болон эд хөрөнгийг чөлөөлөх, нөхөх олговрын мөнгө олгох асуудлыг хэлэлцэж протокол үйлдсэн байна. /2 хх-ийн 163 х/
Иймээс хариуцагч НУ нь нэхэмжлэгч Э ХХК-ийн Үндсэн хуулиар баталгаажсан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Мөн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Өмч хувьчлах тухай хуулийн 9 дүгээр зүйлд эд хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргасан байгууллага нь хувьчилсан эд хөрөнгийн шинэ өмчлөгчийн эрхийг нотолсон гэрчилгээ олгоно гэжээ.
Монгол Улсын Төрийн өмчийн хорооны 1998.04.24-ний өдрийн 257 дугаар тогтоолоор Э Улсын үйлдвэрийн газрыг Э ХК болгон өөрчлөн зохион байгуулж хувьчлахаар шийдвэрлэж, үндсэн хөрөнгийн судалгааг гаргаж байжээ. /2 хх-ийн 19-20, 33 х/
Өмч хувьчлалын хүснэгт №4 Э үндсэн хөрөнгийн судалгаа гэх баримт /2хх-ийн 33 х/-ийн 16 дугаарт гаднаас орох автозам 1983 он анхны үнэ 4,000,000 төгрөг... гэж бичигдсэн байгааг тухайн хуулийн этгээдийн өмч гэж үзэх боломжгүй.
Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Авто замын тухай хууль /1998 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т орон нутгийн чанартай авто зам гэж нийслэл, аймгийн нутаг дэвсгэр дэх сум, дүүрэг, хот, суурин газрыг хооронд нь холбосон авто замыг;
3.1.10-т аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам гэж аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэр дэх 3 дугаар зүйлийн 3.1-ийн 7,8,9-д зааснаас бусад авто замыг ойлгоно гэж,
14 дүгээр зүйлийн 14.1-д Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь /цаашид авто замын эзэмшигч гэх/ авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь аймаг, Н, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замын өмчлөгч, эзэмшигч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна гэж,
Авто замын тухай хууль /2017 он/-ийн 4.1.9.аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам гэж аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн нутаг дэвсгэрт дотоодын хэрэгцээндээ зориулан барьсан авто замыг;
4.1.23.нийслэлийн авто зам гэж Улаанбаатар хот, түүний дагуул хот, дүүргийн нутаг дэвсгэр дэх авто замыг ойлгоно гэж,
17 дугаар зүйлд Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын болон нийслэл, орон нутгийн чанартай авто зам нь төрийн нийтийн өмч байна. Нийслэл, орон нутгийн чанартай авто зам, түүний зурвас газрыг эзэмшигч нь аймаг, Н, түүнээс эрх олгосон этгээд байна гэж тус тус заасан байна.
Дээрх зохицуулалтуудын агуулгаас үзэхэд ............ гудамжнаас М ХХК хүртэлх Т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдсэн 1,74 км урттай авто замын трассд өртсөн Э ХХК-ийн гаднаас орох 1,3 км урттай бетонон зам төрийн нийтийн өмчид хамаарч байх тул нэхэмжлэгчийн өмчлөл, эзэмшлийн зам гэж үзэх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтад дурдсан гэм хорын хохирлыг гаргуулахаар шаардах эрхийн урьдчилсан нөхцөл нь бусдын эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр учирсан хохирол, уг гэм буруутай үйлдэл, хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байсан тохиолдолд гэм хорыг арилгах үүрэг гэм буруутэй этгээдэд үүсдэг.
Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн ............ гудамжаас М ХХК хүртэлх, Т ХХК-ийн зүүн талаар шинээр хийгдэх авто зам (.............. 20 дугаар хороо) төсөл хэрэгжүүлэх арга хэмжээний нөлөөлөлд өртсөн хуулийн этгээдэд олгох нөхөх олговрын олгосон болох нь тогтоогдсон тул хариуцагчаас 806,000,000 төгрөгийг гаруулж шийдвэрлэх үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч НУ, НГ-нд тус тус холбогдох гэм хорын хохиролд 806,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч У.О ...806,000,000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна... гэж дүгнэсэн бөгөөд энэхүү дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн үндэслэл бүхий байна гэж үзэв.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнтэй холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 2023.09.20-ны өдөр төлсөн 4,187,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан НУ, НГ-нд тус тус холбогдох хохирол 806,000,000 төгрөг гаргуулах тухай Э ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн 2023.09.20-ны өдөр төлсөн 4,187,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА
ШҮҮГЧИД О.АЗЗАЯА
Б.ЦОЛМОН