Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 182/ШШ2024/03835

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 19 182/ШШ2024/03835

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа би,

 

Нэхэмжлэгч: .................. өөрийн байранд байрлах, Х ХК /РД:0000000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................. давхарт байрлах, П ХХК /РД:0000000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Даатгалын нөхөн төлбөрт 9,841,440 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Х ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Д.Л би Х ХК-тай Тоёота Ландкруйзер маркийн ............... улсын дугаартай автомашиныг зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулан тухайн автомашиныг эзэмшиж, ашиглаж байна. Зээлдүүлэгч Х ХК нь Р232030134438 дугаартай Автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г П ХХК-тай 2023.11.29-ний өдөр байгуулан багц-3 сонголтоор 1,920,000 төгрөг төлж даатгуулсан.

Би 2023.12.24-ний өдөр уг автомашинтайгаа ............. эрэг гэх газарт аялж яваад даатгалын тохиолдолд орсон. Би олон машинтай зэрэгцэн цуг явсан бөгөөд хөлдсөн голын гарам дээгүүр гарах үед гарам цөмөрч, миний авто машины урд гупер, арын гупер хэсэгт тодорхой хэмжээний эвдрэл гэмтэл гарсан. Тухайн үед цуг явсан хүмүүсийн туслалцаа авч цааш аялалаа үргэлжлүүлсэн бөгөөд даатгалын гэрээнд заасны дагуу зураг, бичлэг зэргээр замын зорчих хэсэг, мөс тогтсон зам, гармын хэсгийг баримтжуулан мэдэгдсэн. Би А ХХК-иар эвдрэлийг үнэлүүлсэн ба 2024.01.04-ний өдрийн үнэлгээгээр 12,301,800 төгрөгөөр үнэлсэн юм.

Даатгалын компани гэрээгээр хохирлын үнэлгээний 80 хувийг хариуцах учраас даатгалын нөхөн төлбөрт 9,841,440 төгрөгийг шаардсан. Энэхүү даатгалын тохиолдол нь жолоочийн буруутай үйлдлээс болоогүй учраас даатгалын байгууллагад холбогдох баримт, материалыг бүрдүүлэн нөхөн төлбөрийг гаргуулахаар хандсан боловч үндэслэлгүйгээр 2024.02.02-ны өдрийн 24-01/231 дугаартай албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Миний хувьд замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, даатгалын тохиолдлыг баримтжуулсан учраас даатгалын нөхөн төлбөрийг гаргуулах талаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны 2024.04.01-ний өдрийн 3/1192 тоот албан бичгээр даатгалын нөхөн төлбөрийг олгох тухай П-д мэдэгдсэн ба хувийг надад өгсөн. П ХХК нь надад 2024.04.09-ний 24-01/700 дугаартай албан бичгээр нөхөн төлбөрийг олгохоос татгалзсанаа мэдэгдсэн тул шүүхэд хандсан.

Иймд хариуцагч П ХХК-иас даатгалын нөхөн төлбөрт 9,841,440 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ...нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Л нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,341,440 төгрөгөөр бууруулж, 5,500,000 төгрөг болгосныг хариуцагч нь төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч П ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 9,841,440 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Х ХК-иас 2024.05.14-ний өдөр Д.Л-т 2024.11.29-ний өдрийг хүртэлх хугацаатай, П ХХК-иас Б.А-д 2024.05.28-ны өдөр 1 жилийн хугацаатай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан зохигчийг төлөөлөх бүрэн эрх бүхий 29/2829, 24-01/928 дугаартай итгэмжлэлүүдийг олгосны үндсэн дээр зохигч дараах нөхцөлөөр эвлэрийн гэрээ байгуулсан байна.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд: ... нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Л нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,341,440 төгрөгөөр бууруулж, 5,500,000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагч төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулав... гэжээ.

 

Энэхүү эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулан тогтоодог тул хариуцагч П ХХК-иас тэмдэгтийн хураамж 51,475 /5,500,000 төгрөгт ногдох хураамж 102,950 төгрөгийн 50 хувь/ төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 86,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.14-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,000 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Хариуцагч П ХХК-д холбогдох даатгалын нөхөн төлбөрт 9,841,440 төгрөг гаргуулах тухай Х ХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 4,341,440 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, хариуцагч нь үлдэх 5,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч П ХХК-иас 51,475 төгрөг, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас 86,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэгчээс 2024.05.14-ний өдөр тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 173,000 төгрөгийн үлдэх хэсгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА