Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 4

 

                                                     

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж 

          Улсын яллагч: М.Батзаяа

Шүүгдэгч: Ч.Б 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Ч.Б холбогдох эрүүгийн ,,, тоот хэргийг хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ч.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 12-13 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Цагаан чулуу гэх газарт асфальтан зам дээр 12-14 УБТ улсын дугаартай “Тоёота Премио” маркийн автомашин жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, гээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” мөн дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

* Эрүүгийн ,,, тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд: 

* Хохирогч Г.Гийн  өгсөн: 

 

“...2017 оны 11 дүгээр 26-ны өглөө Архангай аймгийн Ихтамир сумын ойролцоо явж байхад машин эвдэрчихээд сэлбэг авах гэж зам дээрээс машин тосч суугаад Архангай аймгийн төвд ирсэн юм. Тэгээд сэлбэг олдохгүй болохоор нь хот явж сэлбэг авах санаатай аймаг орж ирээд машинтайгаа хот явахаар болоод өдрийн 12 цагийн үед өөрийн найз Э.П гэх залуутай Ч.Бийн машинд суусан юм. Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сум өнгөрөөд явж байтал жолооч Ч.Б замын хоёр тал руу орж байснаа замын хажуугийн шороо руу ороод онхолдчихсон. Тухайн үед машин 4-5 удаа эргэлдэж онхолдоод би машины цонхоор шидэгдсэн. Би осол болох үед машины арын суудал дээр сууж байсан. Осол болох үед жолооч 100 км цагийн хуртай явж байсан. Тухайн үед ойр хавьд нь машин байгаагүй, гадны ямар нэг нөлөө, шалтгаан байгаагүй. Машин явж байгаад замын хажуу хэсэг рүү орохоор нь манай найз М.П урд сууж явж байгаад жолоочийг хөөе яаж байгаа юм гэсэн чинь жолооч замын хажуу тал руу рүлээ мушгиад онхолдчихсон. Жолооч үүрэглээд замын хажуу тал руу онхолдчихсон байх. Аймгаас хөдлөөд л тэр жолооч үүрэглээд замын хажуу тал руу ороод байсан. Жолооч Ч.Б тухайн үед архи дарс хэрэглээгүй байсан... “гэх  мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал /

 

* Гэрч Э.Пын өгсөн:

 

 “...2017 оны 11 дүгээр сарын 26-ны өглөө Ихтамир сумын цаана миний явж байсан машин эвдэрчихсэн юм. Тэгээд зам тосоод зогсож байсан чинь нэг машин зогсохоор нь аймгийн төв орсон. Тэгээд тэр машины жолооч намайг автовакзал дээр буулгаад эндээс хот руу машин явах байх гээд үлдээсэн. Тэр машины жолооч би уг нь Улаанбаатар хот явна та нар утасны дугаараа өгчих гээд дугаар авсан юм. Тэгээд өдөр 11 цаг 34 минутын үед над руу залгаад би хот руу явлаа зардлаа өгөөд хамт явах уу гэж ярьсан. Тэгэхээр нь манай найз Г.Г бид хоёр машинд нь суугаад Архангай аймгийн төвөөс удалгүй гараад явсан. Тэгээд  Цэнхэр сум өнгөрөөд явж байхдаа замын цагаан шугам даваад зөрж байгаа машинуудтай их ойрхон зөрөөд байсан. Тухайн үед би урд талын суудал дээр жолоочийн эсрэг талд сууж явсан юм. Тэгээд цааш явж байхдаа замаа голлоод яваад байсан. Тэгэхээр нь би тухайн жолоочийг үүрэглээд байгаа юм байх гэж бодоод тонгойгоод нүд рүү нь харсан нь нээлттэй зүгээр байх шиг байсан. Тэгээд цааш явж байхдаа  зам голлоод замын хоёр тал руу орж гарч байгаад гэнэт замын эсрэг урсгалд ороод тэр чигтээ явсаар байгаад замын хажуугийн шороон хөвөө рүү ороод шидэгдчихсэн. Машин тэр үед 5-6 удаа эргэсэн байх. Тэгээд манай найз Г.Г машины арын цонхоор шидэгдээд гарчихсан. Тэгээд жолоочийг зүгээр үү гэж асуусан чинь жолооч юм хэлэлгүй толгойгоо дохьсон. Тэгээд би машинаас гараад найз дээрээ очсон чинь манай найз ухаангүй машины ард хэвтэж  байсан. ...Анх замын хажуу хэсэг рүү орох үед би хурдыг нь харсан чинь 120 км цагийн хурдтай явж байсан. Зогсоох арга хэмжээ авсан эсэхийг мэдэхгүй байна. Яг осол болох үед би энэ машин зогсохүй юм байна гэж бодоод бүсээ гацаагаад суудлын доод талаас гараараа зуураад онхолдсон. Би замаас нь суусан болохоор архи уусан эсэхийг мэдээгүй. Ямар ч байсан архи үнэртэхгүй байсан. Осол болох ямар нэгэн гадны шалтгаан нөхцөл байгаагүй. Тухайн үед ойр хавьд машин яваагүй. Миний бодлоор миний сууж явсан машины жолооч үүрэглээд замын хажуу руу орчих шиг болсон. Жолооч бид хоёр хамгаалах бүс хэрэглэсэн байсан. Манай найз ард сууж явсан учраас хамгаалалтын бүс хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/ 

 

* Гэрч П.Ч-ийн өгсөн: 

 

“... 2017 оны 11 дүгээр сары 26-ны өглөө эрт 06 цагийн үед манай хүү Ч.Б Улаанбаатар хот явахаар гэрээсээ ганцаараа гарсан юм. Тэгээд өдөр 14 цагийн үед манай найз “ араас нь явж байгаад харлаа. Танай хүү Ч.Б Архангай аймгийн Цэнхэр сумын цаана осолд орсон байна гэж хэлсэн. Манай хүү төлөв даруу зантай, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй хүн байгаа юм. Гэр бүлийн хувьд эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Архи дарс, тамхи хэрэглэдэггүй, 2 дүүтэй, айлын том хүү байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр тал/

 

Гэрч Н.Л-ийн өгсөн: 

 

“... Манай нөхрийн дүү болох Ч.Б УБТ 12-14 улсын дугаартай автомашиныг худалдаж авахдаа намайг Улаанбаатар хотын хаягтай юм чинь таны нэр дээр авчихъя гээд миний нэр дээр худалдаж авсан байсан юм. Энэ машин миний нэр дээр л байдаг болохоос биш би эзэмших эрхгүй хүн байгаа  юм. ...Надад ямар нэг нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар тал/

 

* Яллагдагч Ч.Б-ийн өгсөн:

 

“... Би Архангай аймгийн Тариат суманд амьдардаг бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр ганцаараа Улаанбаатар хот руу явах ажилтай болчихоод өөрийнхөө 12-14 УБТ улсын дугаартай Тоёота Премио маркын авто машинаа жолоодоод өглөөний 08-н цагийн үед Тариат сумаас Улаанбаатар хотын чиглэлд явсан юм. Замдаа Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Донгой багийн хажууд зам дээр гар өргөөд зогсож байсан 2 хүнтэй уулзтал машин эвдэрсэн Улаанбаатар хот руу явах гэсэн юм гээд байхаар нь би зөвшөөрч 2 эрэгтэй хүнийг машиндаа суулгасан. Бид 3 явсаар байгаад өдөр Архангай аймагт орж ирээд би нөгөө 2 хүнийг өөр машинд суугаад явчих гэж хэлтэл өөр машин олдохгүй байна чамтай хамт явна гээд байхаар нь би тэр 2 хүнтэй хамт хот руу явахаар болсон. Тэгээд өдрийн 12 цаг 30 минутын орчим Архангай аймгийн Цэнхэр сумын нутгаар өнгөрч явсан бөгөөд засмал зам дээр явж байхад нойр хүрээд байсан юм. Тэгээд сэртэл замын зүүн тал руу машин гарчихсан онхолдож байсан. Миний бодлоор машин 2,3-н ч удаа хөрвөөгөөд зогссон юм. Би тухай үед хамгаалах бүсээ зүүсэн байсан бөгөөд манай машинд сууж явсан 2 залуу хамгаалалтын бүсээ зүүсэн байсан эсэхийг би санахгүй байгаа юм. Тэгээд машин хөрвөөж онхолдож байгаад 4-н дугуйн дээрээ буусан бөгөөд би машиныхаа цонхоор буугаад Цэнхэр сумын эмнэлэг, цагдаад дуудлага өгсөн. Машины хойд талд сууж явсан Г.Г гэдэг залуугийн 3-н хавирга хугарсан, нүдэнд нь цус хурсан гэмтэл учирсан байсан. Миний хажууд сууж явсан Э.П гэх залуугийн биед их гэмтэл учраагүй байсан. Миний гар хуруу шалбарч хүзүү өвдөж байсан. Би Г.Г, Э.П гэх хүмүүсийг хохирол, гомдолгүй болгох болно. Би хийсэн хэрэгтэй гэмшиж байна.  Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би нойрмоглоод сэртэл машин замаас гарч явахаар нь гэнэт тоормос гишгэтэл машин гэнэт шидэгдээд онхолдож эхэлсэн юм. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.Миний хүзүүгээр өвчтэй болсон, толгой өвдөж байгаа, гар хуруу шалбарсан байсан өөр гэмтэл учираагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэмтлийн зэрэг аргуулахгүй. Миний бие хэвийн эрүүл байгаа. Би хэдэн км цагийн хурдтай явж байснаа санахгүй байна. Би нэг удаа миллээ харахад 90 км цагийн хурдтай явж байсан юм.Би осол болох үед хэсэг хугацаанд нойрмоглоод унтчихсан байна лээ. Тийм болохоор хэдэн км цагийн хурдтай явж байснаа мэдэхгүй байна. Би Улаанбаатар хотруу явахынхаа өмнө шөнө нь 00 цагийн үед унтаад өглөө 05-н цагийн үед босоод 08-н цагийн үед Улаанбаатар хотруу машинтайгаа гарсан. Тийм болохоор би сайн нойроо авч чадаагүй байхдаа хол замд машин бариж яваад нойрмоглочихсон байна. Тариат сумаас Цэнхэр сум хүртэл 180 орчим км газарт би машнаа өөрөө бариж явсан юм. Би Г, П нарыг өмнө нь таньдаггүй байсан. Тухайн үед надаас гуйж байгаад миний машинд суусан юм. Пнь миний машины урд талын суудал дээр, Г нь миний машины арын суудлыг голлоод суучихсан явж байсан. Би 2013 онд тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болсон. Тэрнээс хойш  машинаа нэг их жолоодохгүй байж байгаад 2017 оны 09 сард машин авч, тээврийн хэрэгсэл жолоодож байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар тал/

 

               * Архангай аймгийн цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 98 тоот дүгнэлтэнд: 

“... Схем зураг болон фото зурган дээр тоормосны ямар нэгэн ул мөр байхгүй байгаа тул 12-14 УБТ улсын дугаартай Тоёото Премио маркийн автомашины жолооч Ч.Б нь зогсоох арга хэмжээ аваагүй байна. Гэрч Э.П нь мэдүүлэгтээ тухайн тээврийн хэрэгсэл 120 км цагийн хуртай явсан гэж мэдүүлжээ. Иймд жолооч Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхээр сонгож явна гэсэн заалтын мөн дүрмийн 9.2-д заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг, 1.5-д “ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Осол гарахад замын гадарга, байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлөөгүй. “Ч.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 9.1-д  “ Жолооч хөдөлгөөний эрчим, эврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ ээмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” мөн дүрмийн 9.2-т “ Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус зөрчсөн буруутай үйлдлийн улмаас уг зам тээврийн осол гарсан байна” гэжээ. /хх-ийн 29 дүгээр тал/,

 

            *Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний ийн 516 тоот дүгнэлтэнд:

               “....Г.Гийн биед баруун талын 3, 4, 5, 6-р хавирганы арын шугамаар зөрөөтэй хугарал, тархи доргилт, духны баруун хэсэг, баруун тохойд зулгаралт гэмтлүүд нь баруун талын хавирганы хугарлууд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт аарна. Тархи доргилт нь 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт, жижиг зулгаралтууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна.  Г.Гийн 3-р шатлалын эмнэлэгт онош тодруулсан материал ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана..” гэжээ. /хх-ийн 35 дугаар тал/

 

                *Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний ийн 515 тоот дүгнэлтэнд:

      “... Э.Пын биед цээжний зүүн урд хэсэг, зүүн түнхний үе орчим зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 41 дүгээр тал/

 

             *Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний ийн 61 тоот дүгнэлтэнд:

“...Ч.Бийн гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй...”гэжээ. /хх-ийн 50 дугаар тал/ 

 

* Хохирлын үнэлгээний тайлан  /хх-ийн 60 дугаар тал/

* Архангай аймгийн авто тээврийн төвийн 171 дугаартай албан бичиг /хх-ийн 87 дугаар тал/

* Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 80 дугаар тал/

* Архангай аймгийн  Тамир сумын Мөрөн багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81 дүгээр тал/

* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн-85-86 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Цагаан чулуу гэх газарт асфальтан зам дээр зам тээврийн осол болж 12-14 УБТ улсын дугаартай “Тоёота Премио” маркийн автомашин онхолдож, Г.Гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Шүүгдэгч Ч.Б  2017 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 12-13 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан баг, Цагаан чулуу гэх газарт асфальтан зам дээр 12-14 УБТ улсын дугаартай “Тоёота Премио” маркийн автомашин жолоодож хөдөлгөөнд оролцох үедээ авто тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж зам тээврийн осол гаргаж зорчигч Г.Гийн биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Г.Гийн “.... Тэгээд Архангай аймгийн Цэнхэр сум өнгөрөөд явж байтал жолооч Ч.Б замын хоёр тал руу орж байснаа замын хажуугийн шороо руу ороод онхолдчихсон. Тухайн үед машин 4-5 удаа эргэлдэж онхолдоод би машины цонхоор шидэгдсэн. Би осол болох үед машины арын суудал дээр сууж байсан ...” гэх мэдүүлэг, гэрч Э.Пын “...Тэгээд цааш явж байхдаа  зам голлоод замын хоёр тал руу орж гарч байгаад гэнэт замын эсрэг урсгалд ороод тэр чигтээ явсаар байгаад замын хажуугийн шороон хөвөө рүү ороод шидэгдчихсэн. Машин тэр үед 5-6 удаа эргэсэн байх. Тэгээд манай найз Г.Г машины арын цонхоор шидэгдээд гарчихсан....” гэх мэдүүлэг  яллагдагч Ч.Бийн “...Тэгээд сэртэл замын зүүн тал руу машин гарчихсан онхолдож байсан. Миний бодлоор машин 2,3-н ч удаа хөрвөөгөөд зогссон юм. ...Тэгээд машин хөрвөөж онхолдож байгаад 4-н дугуйн дээрээ буусан...” гэх мэдүүлэг, хохирогч Г.Гийн биед  хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 516  дугаартай дүгнэлт, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон Архангай аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 98  дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Бийг Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан гэж үзэн мөн мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, тус прокурорын газраас шүүгдэгч Ч.Бийг холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Бид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно. 

 

Хохирогч Г.Г нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар хэргийн материалтай танилцсан тэмдэглэлд тусгагдсан байх тул  шүүгдэгч Ч.Б-ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв. 

 

Шүүгдэгч Ч.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан гэмт хэргийн шинж болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ялыг оногдуулах нь зүйтэй байх ба оногдуулсан торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

             Уг гэмт хэргийн улмаас гэрч Э.П-д хөнгөн хохирол учирсан болох нь Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын хийсэн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний ийн 515 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүхээс Э.П-ыг тухайн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоосон болно. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Ч.Б авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/  сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй. 

 

5. Шүүгдэгч Ч.Б нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь цаашид гарах зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             П.ГАНДОЛГОР