| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жанчивсүрэнгийн Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 1926000070133 |
| Дугаар | 2022/ДШМ/1202 |
| Огноо | 2022-12-20 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 2022/ДШМ/1202
2022 12 20 2022/ДШМ/1202
Н.С-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Оюунбат,
шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ц.М,
нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Б.Бээжин нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1452 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.С-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ...................... дугаар эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.С нь:
1. 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Х” худалдааны төвийн орчим иргэн Б.Ж-ыг “манай охин “Х” худалдааны төвийн зоорийн давхарт хүнсний лангуу ажиллуулдаг юм. Би аав нь байгаа юм. Намайг С гэдэг, охинтойгоо тооцоо хийчихээд ирж мөнгийг нь өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулан түүнээс 1.692.000 төгрөгийн үнэ бүхий 25 кг-ын савлагаатай 11 ширхэг гурил, 5 кг-ын савлагаатай 10 ширхэг гоймон, 25 кг-ын савлагаатай 1 ширхэг будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг авсан,
2. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 27-ны өдрийг хүртэл хугацаанд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Л-г “Барилгын ажилчдын хоол хүнсний хэрэгцээг хангана” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж 2.450.520 төгрөгийн өртөг бүхий хүнсний бараа, мөн “Тендерийн мөнгө орж ирэх хүртэл хугацаанд бэлэн мөнгө хэрэгтэй байна” гэж хуурч биет 700.000 төгрөг зэргийг авсан,
3. 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “А” нэртэй газрын орчим иргэн Д.У-ын 23 хонины гулууз мах, үхрийн 1 бүтэн, 1 тал махыг зарж борлуулсны дараа түүнийг “Мах зарсан орлогын 2.000.000 төгрөгийг мах худалдан авсан хүн дутуу өгсөн” гэж хуурч, мах зарж борлуулсан орлогын 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
4. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ж” худалдааны төв дотор иргэн Ж.Э-ыг “мах худалдаж авъя” гэж хуурч, түүнээс 926.640 төгрөгийн үнэ бүхий 85.8 кг хонины мах авсан,
5. 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-т өөрийгөө барилгын материалын дэлгүүр түрээслүүлдэг Б гэх нэрээр танилцуулж, зөөврийн компьютерын цүнх, өвлийн куртик, биеийн тамирын хослол, эрэгтэй, эмэгтэй даавуун дотуур хувцас зэргийг худалдан авах гэж байгаа мэтээр итгэл төрүүлэн, мөн бараа нэмж авсны дараа нэг мөр тооцоог хийе гэж хуурч, бусдаар тухайн бараануудыг өөрийн түрээслүүлдэг дэлгүүр лүү зөөлгөж байгаа мэтээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Б.Б-ыг төөрөгдөлд оруулж, түүнээс 5.025.000 төгрөгийн үнэ бүхий 13 ширхэг зөөврийн компьютерын цүнх, 21 ширхэг өвлийн куртик, 16 ширхэг биеийн тамирын хослол, 440 ширхэг эрэгтэй, эмэгтэй даавуун дотуур хувцас зэргийг авсан,
6. 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 19 дүгээр байранд иргэн Д.Б-ыг “хонины мах зарна” гэж хуурч, түүнээс “Хаан” банкны дугаарын дансыг ашиглан 1.910.790 төгрөгийг шилжүүлэн авсан,
7. 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Т” ХХК-ийн урд иргэн Н.Б-г “мах, цагаан идээ худалдан авна” гэж хуурч, түүнээс 8.192.500 төгрөгийн үнэ бүхий 56 кг ээзгий, 424.8 кг хонины мах, 313.8 кг үхрийн мах зэргийг авсан,
8. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт иргэн Д.С-ийг “мах худалдаж авна” гэж хуурч, түүнээс 4.340.000 төгрөгийн үнэ бүхий 135 кг хонины гулууз мах, 230 кг үхрийн мах зэргийг авсан,
9. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Авто тээврийн үндэсний төв дээр байхдаа иргэн Б.Т-ыг түүний эзэмшлийн Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг иргэн Ч.Т-ын эзэмшлийн Приус 41 маркийн тээврийн хэрэгслээр сольж, зөрүүнд нь 6 сая төгрөгийг өгнө” гэж хуурч түүнээс “Хаан” банкны дансыг ашиглан 3.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
10. 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн орчим иргэн Т.А-г “тээврийн хэрэгсэл худалдаж авах гэсэн чинь мөнгө дутчихлаа, цалин буухаар эргүүлээд өгье” гэж хуурч, түүнээс 2.000.000 төгрөгийг, мөн үргэлжилсэн үйлдлээр буюу 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн Т.А-г "мөнгөний хэрэг гараад байна, цалин буухаар өгье” гэж хуурч, түүнээс 2.000.000 төгрөгийг тус тус “Хаан” банкны дансыг ашиглан шилжүүлэн авсан,
11. 2021 оны 12 дугаар сарын 25, 30-ны өдрүүдэд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Г-ыг “контейнер олж өгнө” гэж хуурч түүнээс “Хаан” банкны дансыг ашиглан 2 удаагийн гүйлгээгээр 3.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,
12. 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” нэртэй махны дэлгүүрийн орчим иргэн Г.Г-ийг мах худалдаж авна” гэж хуурч, 1.381.600 төгрөгийн үнэ бүхий 125.6 кг үхрийн мах авсан,
13. 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн П.Н-г “цагаан идээ худалдан авна” гэж хуурч, түүнээс 2.275.000 төгрөгийн үнэ бүхий цагаан идээ авсан,
14. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” худалдааны төвийн гадна иргэн Д.А-г “гар утсыг чинь зараад өөр утас авч өгье” гэж хуурч, түүнээс 517.000 төгрөгийн үнэ бүхий “Редми КЗО” загварын утсыг авсан,
15. 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Э” худалдааны төв дотор иргэн Э.Г-ийг'“мах худалдан авна” гэж хуурч, түүнээс 3.775.250 төгрөгийн үнэ бүхий 232 кг гахайн мах, 198.5 кг хонины мах зэргийг авсан,
16. 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ц” ХХК-ийн махны дэлгүүр дотор иргэн Б.Я-г “цайны газарт мах авна” гэж хуурч, түүнээс 2.535.200 төгрөгийн үнэ бүхий 7 ширхэг хонины гулууз мах, 9 ширхэг хонины сүүл, 27.2 кг үхрийн цул мах, 19.6 кг үхрийн гуя зэргийг авсан,
17. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Х” нэртэй хоолны газарт иргэн С.Д-ийг “гарал үүслийн бичигтэй хямдхан мах худалдана” гэж хуурч, түүнээс 1.252.000 төгрөгийг бэлнээр авсан,
18. 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн П.Э-ийг “мах худалдаж авна" гэж хуурч, түүнээс 5.662.025 төгрөгийн үнэ бүхий 355.15 кг үхрийн мах, 161 кг хонины мах зэргийг авсан,
19. 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Б-г “мах худалдан авна” гэж хуурч, түүнээс 3.282.900 төгрөгийн үнэ бүхий 353 кг үхрийн мах авсан,
20. 2021 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 25-ны өдрийн хооронд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт иргэн Б.С-ыг “төлбөрийг нь дараа бөөнд нь хийнэ” гэж хуурч, түүнээс нийт 1.630.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний бараа, барилгын материал зэргийг авсан,
21. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт иргэн Э.Б-ийг “40 тонны жинтэй контейнер зарна" гэж хуурч, түүнээс 1.400.000 төгрөгийг бэлнээр, 3.500.000 төгрөгийг арилжааны банкны данс ашиглан авч, нийт 4.900.000 төгрөгийг авсан,
22. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б-г “Би М зочид буудлын ахлах нягтлан бодогч хийдэг, тэтгэвэрт гарсан хүмүүсдээ ууц өгөх гэж байгаа юм, зарж байгаа гуталнаас чинь ажилчиддаа авч өгье” гэж хуурч, түүнээс 7.802.500 төгрөгийн үнэ бүхий эрэгтэй хүний 10 ширхэг хос гутал, 11 ширхэг хонины гулууз мах зэргийг авсан,
23. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Б” худалдааны төв дотор иргэн С.О-г “махыг чинь зарж өгнө” гэж хуурч, түүнээс 529.200 төгрөгийн үнэ бүхий 54 кг хонины мах авсан,
24. 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Төв аймгийн Зуунмод сум Номт 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Д-г “мах худалдан авна” гэж хуурч, түүнээс 3.127.040 төгрөгийн үнэ бүхий 448 кг хонины мах авсан,
Мөн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Б-ын зүгээс найдвартай зогсоолд түр хугацаанд байршуулахаар итгэмжлэн өгсөн ..................... улсын дугаартай “Исузу Элф” маркийн тээврийн хэрэгслийг “А” ХХК-д эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр 3.000.000 төгрөгөөр худалдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 9.000.000 төгрөгийн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сард Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Х.Б-ын Дорнод аймаг руу авчруулахаар итгэмжлэн өгсөн 300 ширхэг хөнгөн блокийг завшсаны улмаас 2.370.000 төгрөгийн хохирол, нийт 11.370.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Өвөрхангай аймгийн прокурорын газраас: Н.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялыг 12 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ын урьд цагдан хоригдсон 243 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.С-оос 6.090.000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Ц.О 2.960.000 төгрөгийг, Д.С-д 3.130.000 төгрөгийг тус тус олгож, мөн нийт 79.050.155 төгрөгийг гаргуулан хохирогч нарт тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардалд шүүгдэгч Н.С-оос 80.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Б-д, 109.500 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Д.С-д тус тус олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...надад өгсөн ялыг хөнгөрүүлж, дэглэм бууруулж өгнө үү. Дэглэм буурснаар өөрийн мэргэшил, авьяас, чадвараа зөв талаас нь ашиглаж ажил хөдөлмөр хийж хохирлыг хурдан барагдуулах болно. ...” гэв.
Шүүгдэгч Н.Сын өмгөөлөгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгчийн гаргасан гомдлын гол агуулга нь хорих ангийн дэглэм буруулж өгөхийг хүссэн. Иймд Н.С-ын хувийн байдал болон түүний нас зэргийг харгалзан үзэж хорих ангийн дэглэмийг буруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор М.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.Сын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.С нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 удаагийн давтамжтай үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, нэр бүхий хохирогч нарт нийт 89.603.045 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг,
Мөн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Х.Б-ын зүгээс найдвартай зогсоолд түр хугацаанд байршуулахаар итгэмжлэн өгсөн ...................... улсын дугаартай “Исузу Элф” маркийн тээврийн хэрэгслийг “А” ХХК-д эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр 3.000.000 төгрөгөөр худалдаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас 9.000.000 төгрөгийн, мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 09 дүгээр сард Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Х.Б-ын Дорнод аймаг руу авчруулахаар итгэмжлэн өгсөн 300 ширхэг хөнгөн блокыг завшсаны улмаас 2.370.000 төгрөгийн, хохирогч Х.Б-т нийт 11.370.000 төгрөгийн хохирол учруулсан хөрөнгө завших гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:
хохирогч Б.Ж-ын /1хх 23-24/, гэрч Г.Г-ы /1хх 26-27/, хохирогч Д.Л-ийн /2хх 52, 91-92/, хохирогч Д.У-ын /2хх 144-145/, гэрч Ж.Р-ын /2хх 148/, хохирогч Ж.Э-ын /2хх 37-38/, гэрч Д.О-гийн /2хх 182-183/, хохирогч Б.Б-ын /2хх 227/, гэрч Ж.Э-гийн /2хх 229-230/, хохирогч Д.Б-ны /3хх 22-23/, гэрч Б.С-ын /3хх 39/, хохирогч Н.Б-ийн /3хх 115-116/, хохирогч Д.С-ийн /3хх 170-171/, гэрч Д.Г-ийн /3хх 177/, гэрч Ч.А-ын /3хх 173/, хохирогч Б.Т-ын /3хх 244/, гэрч Ч.Т-ын /3хх 249-250/, хохирогч Т.А-ийн /4хх 37/, хохирогч Б.Г-ын /4хх 71/, гэрч Ч.Г-ийн /4хх 110/, хохирогч Ч.Г-ийн /8хх 141-142/, гэрч З.Х-ийн /4хх 110/, хохирогч П.Н-ийн /4хх 180-181/, гэрч Т.Т-ын /4хх 186/, хохирогч Д.А-ийн /4хх 246-247/, хохирогч Э.Г-ийн /5хх 51/, гэрч Д.М-ийн /5хх 56/, гэрч П.Б-ын /5хх 61-62/, хохирогч Б.Я-ийн /5хх 150/, гэрч Ж.Б-ийн /5хх 164/, хохирогч С.Д-ийн /5хх 212/, гэрч Б.Б-ийн /5хх 214/, хохирогч Б.Б-ийн /6хх 15-16/, гэрч Ш.Д-ы /6хх 18/, гэрч П.Э-ийн /6хх 20/, гэрч М.М-ын /6хх 22-23/, хохирогч Д.Б-ийн /6хх 92-93/, гэрч М.Б-ийн /6хх 99-100/, гэрч Ч.Э-ийн /6хх 102-103/, гэрч Х.Т-ын /6хх 105-106/, хохирогч Б.С-ын /6хх 189-190/, гэрч А.Ч-ын /6хх 191-193/, гэрч Ш.О-ийн /6хх 195-196/, хохирогч Э.Б-ийн /6хх 222/, гэрч Д.Л-ийн /6хх 230/, гэрч Н.Б-ийн /6хх 232/, гэрч Д.Г-ийн /6хх 234-235/, хохирогч Б.Б-ийн /7хх 79-80/, хохирогч С.О-ийн /7хх 133-134/, хохирогч Д.Д-ийн /7хх 212-214/, гэрч Д.Н-ын /7хх 221-222/, хохирогч Х.Б-ын /7хх 9, 12/, гэрч А.З-ийн /7хх 23-24/, яллагдагч Н.С-ын “...Би өөрийн гаргасан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” /1хх 79, 2хх 166, 2хх 211, 3хх 13-14, 3хх 127, 3хх 203, 4хх 14-15, 4хх 44, 4хх 103, 5хх 237-238, 6хх 204-205, 7хх 39-40/ гэх мэдүүлгүүд,
таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1хх 32-34, 35-40, 2хх 59, 3хх 107-109, 4хх 165-167, 4хх 168-170, 6хх 9-11, 6хх 179-184, 6хх 213-217, 7хх 125-128/,
хөрөнгийн үнэлгээний шинжээчийн тайлан /2хх 204, 2хх 232-233, 3хх 191, 5хх 77, 5хх 167, 7хх 32, 7хх 87, 8хх 157/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 126-127, 4хх 4-5, 7хх 152-153/, “ЛЭНДС” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 47-50/, “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /4хх 202-203/, “Арвижих эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 28/, “Тольдох Оюуны Өгөөж” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 112-116/, “Эй жэй жэй эм” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 224-230/,
“Хаан” банкны дансны хуулга /2хх 71/, “Хаан” банкны дугаартай дансны хуулга /3хх 25/, “Хаан” банкны иргэн Н.С-ын дугаартай дансны хуулга /4хх 10-11/, “Хаан” банкны иргэн Т.А-ийн дансны хуулга, /4хх 32-34/, “Хаан” банкны иргэн Б.Г-н дансны хуулга /4хх 73/, “Хаан” банкны Э.Б-н дансны хуулга /6хх 248/,
бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 64-68/, “М” ХХК-ийн тооцооны хуудас бүхий баримтууд /4хх 126-127/, Н дэлгүүрийн зарлагын баримт /6хх 171-175/, гэмт хэргийн талаарх гомдол, гомдпыг хүлээн авсан тэмдэглэл /7хх 4-6/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /7хх 192-194/, эд зүйл эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /7хх 198-199/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх 200-202/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Н.С-ыг “залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон”, мөн “бусдын итгэмжлэн харицуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх хэргийг шүүхээр хэлэлцэж шийдвэрлэхэд шаардагдах нотлох баримтын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн баталж чадах нотлох баримтын хүрэлцээтэй байдалд үндэслэж хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоож хянан шийдвэрлэжээ.
Залилах гэмт үйлдэл нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг гэмт хэрэг ба гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг бөгөөд шүүгдэгч Н.С-ын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 24 удаагийн давтамжтай үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийт 89.603.045 төгрөгийг хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэрэг үйлдсэн, мөн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж нийт 11.370.000 төгрөгийг хохирол учруулсан нь залилах болон завших гэмт хэргүүдийн шинжид хамаарч байна.
Шүүх, шүүгдэгч Н.С-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 10 жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт хорих ялыг 12 жилийн хорих ялаар тогтоож, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.
Шүүгдэгч Н.С “...2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн хэргийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү. Би хийсэн хэрэг, алдаа дутагдлаа ухамсарлан ойлгосон тул хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. Мөн дэглэм бууруулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч Н.С нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр иргэн Б.Ж-ын 1.692.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг авсан залилах гэмт хэрэг үйлдэж үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 1 дүгээр сар хүртэл 23 удаагийн үйлдлээр бусдыг залилах гэмт хэрэг үйлдсэн тул зөвхөн нэг үйлдлээр 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь тухайн гэм буруутай этгээд өөрийн амьдралын зорилго, үндсэн ажил болгож нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд үйлдэж дадал зуршил болсон, гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг тогтвортой залгуулах эх үүсвэр болгон гэмт этгээд үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл болгож, тогтвортой ашиглан, хэвшмэл шинжтэй болгосон үйлдлийг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм.
Хавтаст хэргийг судлан үзэхэд, шүүгдэгч Н.С нь нийт 24 удаагийн үйлдлээр залилах гэмт хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нэр бүхий иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө авсан бөгөөд “Миний бие өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.” гэж мэдүүлсэн ба гэмт хэрэг үйлдэх замаар олсон ашиг орлогыг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулсан үйлдлийг амьдралын эх үүсвэр болгон хэрэгцээндээ зарцуулсан гэж үзэх хангалттай үндэслэлтэй бөгөөд 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн тул шүүгдэгч Н.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчид үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө хуульд заасан ялын төрөл, хэмжээнд нийцүүлэн цээрлэл үзүүлэхийн зэрэгцээ, хохирлыг нөхөн төлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод чиглэдэг бөгөөд шүүгдэгчийн хүсэл сонирхол, амьдралын нөхцөл, боломжид нийцүүлж ял оногдуулдаггүй тул шүүгдэгчид оногдуулсан ял болон хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв.
Харин шүүх шийтгэх тогтоолд шүүгдэгч Н.Сын “Хаан” банкны ..................дугаартай дансны мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын зөвшөөрлийг шийтгэх тогтоол гарснаар хэрхэх талаар шийдвэрлээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Иймд магадлалд дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулж, шүүгдэгч Н.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1452 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
“...Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8 дугаартай хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.С-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ын 2022 оны 10 дугаар сарын 7-ны өдрөөс 2022 оны 12 дугаар 20-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 75 хоногийг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ