Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 109/ШШ2024/0017

 

 

 

 

 

    

           Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,  

        хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Одонтуяа би, “Б” ХХК-ий нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Б” ХХК-ий анхны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Р.Б-ыг тогтоолгох” шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн захирал Р.Б- шүүхэд гаргасан хүсэлтэндээ “ ... “Б” ХХК-ий анхны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Р.Б- намайг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна ... ” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Тус шүүх “Б” ХХК-иас Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Б” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм болон өөрчлөлт орсон 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрэм зэрэг шинээр үүсгэн байгуулагдсаныг болон өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, “Б” ХХК-ийн 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2006 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Б” ХХК-ийн дүрэм, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” үүсгэн байгуулагчдын хурлын тогтоол, 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн “Б” ХХК-ийн дүрэм зэргийг улсын бүртгэлд бүртгэхийг Архангай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст даалгах, “Б” ХХК-ийн анх үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Р.Б-ыг тогтоох” шаардлага бүхий нэхэмжлэлд 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

2.  Нэхэмжлэгч “Б” ХХК-иас 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан “Б” ХХК-ий анхны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Р.Б-ыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаа талаар тайлбар гаргасан байна.

3. Улмаар шүүхээс уг хэргийг хэргийн оролцогчдын эрх үүргээ хэрэгжүүлэхэд харшлах зүйлгүй, цаг хугацааны хувьд хэмнэлттэй, түргэн шуурхай байх зарчмын дагуу  2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 109/ШЗ2024/0108 дугаартай шүүгчийн захирамжаар “Б” ХХК-ий нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох 109/2022/0096/3 индекстэй хэргээс “Б” ХХК-ий анхны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Р.Б-ыг тогтоолгох” тухай шаардлага бүхий хэргийг тусгаарласан болно.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ..., нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, ...”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”,66.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.”, 66.4. дэх хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.”, 69.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, уг тусгаарласан хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй байна.

5. Иймд нэхэмжлэгч “Б” ХХК нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Б” ХХК-ий анхны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Р.Б-ыг тогтоолгох” нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

6. Түүнчлэн хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1., 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.2 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК нь Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Б” ХХК-ий анхны үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр Р.Б-ыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                         

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.ОДОНТУЯА