Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/03839

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 20 182/ШШ2024/03839

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............... тоот хаягт оршин суух, О овогт У.Г /РД:000000000/-ы нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ................... тоот хаягт байрлах М ХХК /РД:000000000/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 31,653,600 төгрөг гаргуулах тухай үндсэн,

У.Г-аас 13,580,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч У.Г,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н,

Хариуцагчийн төлөөлөгч Б.А,

Хариуцагчийн өмгөөлөгч С.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.О нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие М ХХК-ийн захирал Б.А-тэй барилгын ажил гүйцэтгүүлэхээр 2021.09.06-ны өдөр ............................. байрлах газар дээр жилийн 4 улиралд ашиглагдах, амьдран суух зориулалттай дүнзэн торх хийцлэлтэй амины орон сууцыг эхлээд 75,600,000 төгрөгийн төсвөөр барьж, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг байгуулсан.

Гэрээнд заасан дагуу миний бие төлбөрийг бүрэн хариуцаж төлсөн боловч ажил гүйцэтгэгч нь ажлыг бүрэн гүйцэт дуусгаж, түлхүүр гардуулах үүргээ биелүүлэхгүй ажлыг дутуу хийж, орхиод хаяад алга болсон. Анх гэрээ байгуулах үед Б.А нь дүнзэн байшин барих туршлагатай, манай компанийн ажилчид бүгд мэргэжлийн чадварлаг хамт олон байгаа гэж итгүүлэн гэрээний 4.1-д заасан урьдчилгаа 30,000,000 төгрөгийг авч ажлыг эхлүүлсэн.

Байшин барих газар нь цэвдэгтэй байна, суурийн ажлыг хийхэд нэмэлт зардал гарна гэж хэлэхэд би хамтран суурийн ажилд оролцсон. Гэрээний дагуу дүнзэн торхыг бэлэн болгох, авч ирж суурьд бэхлэх ажлыг эхлүүлэх үед 20,000,000 төгрөг өгөх ёстой үүргээ биелүүлсэн. Хятадын хил хаах гээд байна, хурдан материалаа татах шаардлагатай байна гэж хэлээд 25,600,000 төгрөгийг аваад гэрээнд заасан хугацаанд байшинг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй. 

Барилгыг үргэлжлүүлэн барьсан иргэд барилгын дүнз нь чанарын шаардлага хангахгүй муудсан, барилгын тааз намхан стандарт бус, дээврийн хийц болон цонхнууд нь гэрээнд заасан шаардлага хангахгүй байдлаар хийсэн байсан талаар хэлсэн. Тиймээс чанарын шаардлага хангахгүй ажлыг дахин засуулж, нэмэлт материал авч хийсэн, мөн огт хийгдээгүй байсан хаалга, дээврийн дулаалга, дотоод засал зэрэг ажлыг хийж дуусгуулсан.

Ажил гүйцэтгэгч нь гэрээт ажлаа бүрэн дуусгаж түлхүүр гардуулах хугацаа 2021.10.20-ны өдөр дуусгавар болон хүлээлгэн өгөхөөр харилцан тохирсон боловч хариуцагч нь 8 дугаар сараас хойш ажиллаагүй. Удаа дараа гэрээгээ дүгнэх, хийсэн ажлын чанарын талаар шаардлага тавьсан боловч уулзаагүй. Гүйцэтгэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь чанар, стандартын шаардлага хангахгүй байсан учраас засан сайжруулах, дутуу ажлыг Г, Ж нартай гэрээ байгуулан хийлгэж байшинг ашиглалт оруулахад нэмэлтээр 31,653,000 төгрөгийн материалын зардал, ажлын хөлс, тээврийн зардал гарсан...

Иргэний хуулийн 343, 350 дугаар зүйл, Барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.1, 2.3, 7.1-д заасныг зөрчсөн буюу биелүүлээгүйгээс учирсан хохирол 31,653,600 төгрөгийг М ХХК-иас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Хариуцагч М ХХК-ийн захирал Б.А шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: ...2021.09.06-ны өдөр У.Г-тай Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний зүйлийн 2.1-т ........................... гэх зусланд байрлах газарт дүнзэн торх хийцлэл бүхий амины орон сууцыг барих буюу аяган суурийн ажлыг гүйцэтгэх, 2.3-т Аяган суурийг гүйцэтгэх ажлын материал тоноглолыг Арматур, бетон, цутгалт суурийг хөндий гүйцэтгэнэ гэж тус тус заасны дагуу харилцан тохиролцож ажлыг эхэлсэн.

Манай компани нь 2021.09.07-ны өдрөөс аяган суурийг хийх газрын хөрсний хуулалтын ажлаа эхлэхэд газар нь намаг, цэвдэгтэй байсан буюу бидний тооцоолсноос өөр нөхцөл байдал үүссэн учир захиалагчид мэдэгдсэн. Захиалагч У.Г нь барилгын инженерт үзүүлэн аяган суурийг хийхээс татгалзаж нил суурь хийхийг санал болгосон.

Уг нь барилгын төсөвт аяган суурийг 3,500,000 төгрөгт багтаан, шалыг дан нэг үе цутгалтаар хийхээр төлөвлөгдсөн байсан. Компани нь гэрээнд өөрчлөлт оруулъя нэмэгдэл зардлын мөнгө гарлаа гэхэд ажлаа хийчхээд дараа нь тооцъё гэсэн ба энэхүү зардлаа тухайн үед захиалагчид хэлсэн байсан. Манай компани нил суурь, шалыг 3 удаагийн давхар цутгалт хийж дараахь нэмэлт зардлыг гаргасан. Үүнд:

Нил суурийг хийхэд газрыг бүхэлд нь ухаж бэлтгэдэг тул эксватор машин хөлсөлсөн үнэ 800,000 төгрөг, Барилгын суурийн цутгалтад 24 куб 250 маркийн зуурмаг авсан 170,000х24=4,080,000 төгрөг, шалны улны дайрганы үнэ 7 машин х 200,000=1,400,000 төгрөг, шаланз 12 куб, 21 м.кв талбайд цутгахад 170,000х12=2,040,000 төгрөг, гадны ком 44х44 хэмжээтэй 1,100 ширхэг х 3,350 төгрөг=3,685,000 төгрөг, дотор ком 44х20 хэмжээтэй 1,100 ширхэг х 2,750=3,025,000 төгрөг, шалны 2 дахь үеийн цутгалтын дайрга 6 хово х 200,000=1,200,000 төгрөг, шалны цутгалт 10 см зузаантай 9 куб 170,000=1,530,000 төгрөг нийт 17,760,000 төгрөг болсон. Аяган суурийг хийсэн бол түүний зардал 3,500,000 төгрөг, шалны дан цутгалтын үнэ 4 куб 680,000 төгрөг болохоор тус тус төсөвлөгдсөн байсан. Төсөвлөгдсөн зардлаа хасаад нэмэлт гарсан зардал болох 13,580,000 төгрөгийг У.Г-аас гаргуулж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгч У.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч эрүүл мэндийн шалтгаантай байгаа учраас миний хувьд нэхэмжлэлийн шаардлагаасаа 29,153,600 төгрөгөөс татгалзаж, 2,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрэх боломжтой... гэв.

 

Хариуцагч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие муу байна. Сөрөг нэхэмжлэлээс татгалзаж байна. 2,500,000 төгрөгийг 2024 ондоо багтаан төлье... гэв.

 

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд ...нэхэмжлэгч У.Г нь нэхэмжлэлийн шаардлагаас 29,153,600 төгрөгийг, хариуцагч М ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзав.

Хариуцагч нь нэхэмжлэлийн үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2024.12.31-ний дотор багтаан нэхэмжлэгчийн Хаан банкны 0000000000 тоот дансанд төлнө... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У.Г нь хариуцагч М ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 31,653,600 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг,

Хариуцагч М ХХК нь нэхэмжлэгч У.Г-д  холбогдуулан ажил гүйцэтгэхэд гарсан нэмэлт зардал 13,580,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан.

 

Шүүх хуралдааны явцад талууд хоорондоо эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч У.Г нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 29,153,600 төгрөгийг, хариуцагч М ХХК нь 13,580,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь тус тус татгалзаж,

М ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2024.12.31-ний дотор багтаан нэхэмжлэгч У.Г /Хаан банкны 0000000000 тоот данс/-д төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д ...улсын тэмдэгтийн хураамжийг ... зохигч эвлэрсэн бол хувааж хариуцуулахаар хариуцуулахаар заана гэж заасан тул улсын тэмдэгтийн хураамжид У.Гы 2022.04.04-ний өдөр төлсөн 316,218 төгрөг, М ХХК-ийн 2022.06.22-ны өдөр төлсөн 225,850 төгрөгийн 50 хувийг тус тус Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас буцаан олгож, үлдэх 50 хувийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас эвлэрсэн 2,500,000 төгрөгийн үнийн дүнд ногдох тэмдэгтийн хураамжид 27,475 төгрөг /54,950 : 2/-ийг гаргуулан У.Г-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч У.Г нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 29,153,600 төгрөгийг, хариуцагч М ХХК нь 13,580,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь тус тус татгалзаж, М ХХК нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагын үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 2024.12.31-ний дотор багтаан нэхэмжлэгч У.Г /Хаан банкны 0000000000 тоот данс/-д төлж барагдуулахаар харилцан тохиролцсон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар У.Г-ы 2022.04.04-ний өдөр төлсөн 316,218 төгрөг, М ХХК-ийн 2022.06.22-ны өдөр төлсөн 225,850 төгрөгийн 50 хувийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 100200700941 тоот данснаас тус тус буцаан олгож, үлдэх 50 хувийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 27,475 төгрөгийг гаргуулан У.Гд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА