Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/03841

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 20 182/ШШ2024/03841

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ................ өөрийн байранд байрлах, К ХХК /РД:5408733/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.О /РД:0000000000/-ийг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...К ХХК нь Улаанбаатар хотыг бүрэн өндөр хурдтай хэрэглэхэд хялбар, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаалаг техник технологид суурилсан утасгүй сүлжээ болон шилэн кабелиар интернетийг хувь хэрэглэгч болон албан байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Хариуцагч Д.О нь 2022.04.26-ны өдөр TENTECH-2 үйлчилгээний №ТТ02159 тоот хэрэглэгчийн гэрээ-г манай компанитай байгуулсан. Энэхүү гэрээгээр К ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч нь сар бүрийн 05-ны өдрөөс 20-ны өдрийн дотор 29,500 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Мөн гэрээний дагуу шинээр хэрэглэгчид LITE-5, ROUTER, VOO тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч үйлчилгээг гэрээ байгуулснаас хойш зохих ёсоор хүргэж ирсэн. Гэрээний 4.4-ийн дагуу хариуцагч нь сар бүрийн 20-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах үүргийг хэрэглэгч хүлээсэн боловч 5 сарын хугацаанд 63,954 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хугацаа хэтрэлттэй компанийг хохироосоор байна. Мөн түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д төлбөр төлөөгүй 2 сар болсон бол тоног төхөөрөмжийн төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчид бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.О-т холбогдуулан гэрээний төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024.03.13-ны өдрийн 182/ШЗ2024/04721 дугаартай шүүгчийн захирамжаар Д.О нь ............................ тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон.

Иймд Д.О-ийг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоож өгнө үү... гэжээ.

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.03-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,

-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,

-2024.07.03-ны өдрийн 24/07-482 тоот Д.А-т олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.13-ны өдрийн 182/Ш32024/04721 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 6 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.06.22-ны өдрийн 182/Ш32023/08201 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 7 х/,

-2022.04.26-ны өдрийн ТТ02159 дугаартай TENTECH үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ /хх-ийн 8-9 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 10 х/,

-2022.04.26-ны өдрийн 723 тоот .............. дугаар хорооны Засаг даргын оршин суугаа хаягийн болон ам бүлийн тодорхойлолт /хх-ийн 11 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.О-ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.04.26-ны өдрийн ТТ02159 дугаартай TENTECH үйлчилгээний хэрэглэгчийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.О-ийн оршин суух хаягийг ............................ тоотгэж тодорхойлсны дагуу К ХХК нь 453,454 төгрөг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.13-ны өдрийн 182/ШЗ2024/04721 дугаартай шүүгчийн захирамжаар Д.О нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 6 х/,

 

Д.О нь К ХХК-тай 2022.04.26-ны өдөр ТТ02159 дугаартай TENTECH үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүн авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах К ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 8-9 х/,

 

Д.О нь 2022.04.26-ны өдрийн ТТ02159 дугаартай TENTECH үйлчилгээний хэрэглэгчийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.03.13-ны өдрийн 182/ШЗ2024/04721 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд К ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.О-ийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Д.О /РД:0000000000/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Д.О-ийг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА