| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04629/И |
| Дугаар | 182/ШШ2024/03842 |
| Огноо | 2024-09-20 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 182/ШШ2024/03842
2024 09 20 182/ШШ2024/03842
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .................... өөрийн байранд байрлах, К ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.А /РД:000000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...К ХХК нь Улаанбаатар хотыг бүрэн өндөр хурдтай хэрэглэхэд хялбар, байгаль орчинд хор хөнөөлгүй, ухаалаг техник технологид суурилсан утасгүй сүлжээ болон шилэн кабелиар интернетийг хувь хэрэглэгч болон албан байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг. Хариуцагч Э.А нь 2022.11.21-ний өдөр TENTECH-2 үйлчилгээний №ТТ05213 тоот хэрэглэгчийн гэрээ-г манай компанитай байгуулсан. Энэхүү гэрээгээр К ХХК нь интернет, телевиз болон камер харах багцалсан үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч нь сар бүрийн 05-ны өдрөөс 20-ны өдрийн дотор 29,500 төгрөгийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн. Мөн гэрээний дагуу шинээр хэрэглэгчид LITE-5, ROUTER, VOO тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч үйлчилгээг гэрээ байгуулснаас хойш зохих ёсоор хүргэж ирсэн. Гэрээний 4.4-ийн дагуу хариуцагч нь сар бүрийн 20-ны өдрийн дотор төлбөрийг төлж барагдуулах үүргийг хэрэглэгч хүлээсэн боловч 5 сарын хугацаанд 86,700 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй хугацаа хэтрэлттэй компанийг хохироосоор байна. Мөн түүнчлэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.6.1-д төлбөр төлөөгүй 2 сар болсон бол тоног төхөөрөмжийн төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчид бүрэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон байдаг.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.А-д холбогдуулан гэрээний төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2024.06.05-ны өдрийн 184/ШЗ2024/13603 дугаартай шүүгчийн захирамжаар Э.А нь ....................... тоот хаягт оршин суудаггүй болох нь тогтоогдсон.
Иймд Э.А-г эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоож өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.07.03-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-Улсын бүртгэлийн 00000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,
-2024.07.03-ны өдрийн 24/07-476 тоот Д.А-т олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,
-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.05-ны өдрийн 182/Ш32024/13603 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 6 х/,
-2022.11.25-ны өдрийн Зарлагын баримт /хх-ийн 7 х/,
-2022.11.21-ний өдрийн ТТ05213 дугаартай TENTECH үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ /хх-ийн 8 х/,
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 9 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.А-гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.11.21-ний өдрийн ТТ05213 дугаартай TENTECH үйлчилгээний хэрэглэгчийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.А-гийн оршин суух хаягийг ....................... тоот гэж тодорхойлсны дагуу К ХХК нь 553,200 төгрөг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.05-ны өдрийн 182/ШЗ2024/13603 дугаартай шүүгчийн захирамжаар Э.А нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 6 х/,
Э.А нь К ХХК-тай 2022.11.21-ний өдөр ТТ05213 дугаартай TENTECH үйлчилгээний хэрэглэгчийн гэрээ байгуулан бараа бүтээгдэхүүн авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах К ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 7-8 х/,
Э.А нь 2022.11.21-ний өдрийн ТТ05213 дугаартай TENTECH үйлчилгээний хэрэглэгчийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... болох нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.05-ны өдрийн 184/ШЗ2024/13603 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд К ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.А-гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.А /РД:000000000/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Э.А-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА