Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 119/ШШ2024/0030

 

                                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Х” ХХК /Гүйцэтгэх захирал А.С/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.У

Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга /М.Түмэнжаргал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баттүвшин,

Хариуцагч: Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар /Д.Цолмон/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Дүүрэнжаргал нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин, О.Дүүрэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь Орхон аймгийн Засаг даргад холбогдуулан “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэлээр захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулж Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан.

3. Нэхэмжлэгч “Х” ХХК-д Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжаар Баян-Өндөр сумын ..... хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар 3 жилийн хугацаатай ашиглуулсан.

4. Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд уг Засаг даргын шийдвэрийн талаарх гомдлоо тухайн захиргааны байгууллагад гаргаж, хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

5. “Х” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ““Х” ХХК нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар Баян-Өндөр сумын ..... хороололд 7 га газрыг орон сууцны зориулалтаар ашиглах эрх олж авсан. Энэ захирамж гарсанаас хойш газар ашиглах гэрчилгээ гаргуулах, гэрээ байгуулах асуудлаар Орхон аймгийн Засаг дарга болон Газрын албанд хандахад элдэв шалтаг зааж, асуудлыг шийдэхгүй байсан. Ингээд 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар тус компанид “Газар ашиглуулах эрх олгосон захирамжийг хүчингүй болгосон” тухай мэдэгдсэн. “Х” ХХК захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс “Хариуцагч нь нэхэмжлэгчтэй тохиролцон газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ олгох боломжтой байжээ. “Х” ХХК-д газар олгосон өөрийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь зөрчилтэй захиргааны актыг гаргасан гэж үзэхээр байна” гээд Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжийг хүчингүй болгосон. Энэ хэрэг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн.

Нэгэнт газар ашиглах эрх олгосон захирамж хүчин төгөлдөр хэвээр үлдсэн тул Газрын албанаас газар ашиглах эрх олгосон гэрчилгээ олгох, гэрээ байгуулах үүрэгтэй байсан. Гэтэл Орхон аймгийн Засаг даргын 2021.11.29-ний өдрийн А/625 дугаар захирамжаар 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар газар олгосон нь дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн гээд А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна. Үүний өмнөх нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэх явцад Засаг даргын зүгээс ийм шалтгаан тайлбар өгч байгаагүй. Төрийн байгууллага өөрийнхөө гаргасан шийдвэрийг тухай бүр өөр өөр өнцгөөс тайлбарлаж, биечилж уулзахыг шаардаж байгаа нь хувийн сонирхолоор асуудалд хандаж байгааг нотлож байна.

Энэ захирамжийг “Х” ХХК-д мэдэгдээгүй бөгөөд шуудангийн хаягаар илгээсэн гэх боловч компанийг төлөөлөх эрхгүй этгээд болох ....... дугаартай хүний утсыг шуудангийн дугтуй дээр тавьсан байна. Ийм учраас шуудангаас хаяг алдаатай, тодорхойгүй гэсэн үндэслэлээр буцаагдсан байна. Тухайн үед буюу 2021 онд” Х” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд Монгол Улсад томилогдоогүй, компанийг үүсгэн байгуулагч Хятад улсын иргэн В нь Хятад улсад хилийн хоригтой, Монгол Улсад ирэх боломжгүй байсан тул компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд байсан.

Хятад улсад цар тахал өвчний улмаас тогтоосон хилийн хориг 2023 оны 2 дугаар сард цуцлагдсан. Хятад Улсын иргэн Хятад Улс дахь Монгол Улсын Консулын газраар дамжуулан Монгол Улсын иргэнд итгэмжлэл олгож үйл ажиллагаагаа төлөөлүүлэн явуулдаг байсан боловч зөвхөн Хятад улсын нотариатын газраас итгэмжлэл авах хуулийн зохицуулалттай болсон байдаг. Мөн Хятад улсын нотариатын газраас итгэмжлэл хүлээн авч байгаа этгээдийг нотариатын үйлдэл хийхэд заавал байхыг шаарддаг тул захирал В өөрийн итгэж байгаа хүнд итгэмжлэл олгох боломжгүй байсан.

Газар ашиглах эрхийг Засаг даргаас өөрөө олгосон бөгөөд тухайн үед дуудлага худалдаа явагдаж байгаагүй, дуудлага худалдааны үнэ гэдгийг нөхөн авах журмаар үйл ажиллагаа хэрэгжиж эхэлсэн нь хожим мөрдөж эхэлсэн, нөхөж авч байгаа төлбөр билээ. Бид харилцан тохиролцож, хуульд заасны дагуу дуудлага худалдааны төлбөрийг төлөх үндэслэлтэй бол хуульд заасан үндэслэл журмаар төлөх болно.

Тус компанийн газар ашиглах эрхийг хууль бус үндэслэлээр цуцалж энэ тухай манайд хуульд заасны дагуу мэдэгдээгүй тул гомдол гаргаж байна. Газрын албаны зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргахад хүлээж авдаггүй байсан атал шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй орхигдуулсанд гомдолтой байна.

“Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар 2023 оны .....  сард томилогдсон А.С би 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт “Эрэн сурвалжлагдаж, хилийн хориг тавигдаж, олон удаа дуудагдсан”-ны дагуу очсон. Ингээд шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт тус компанид аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 197 тоот албан бичгээр ..... хороололд ашиглуулахаар шийдвэрлэсэн, газрын гэрээгээ байгуулж гэрчилгээ авахыг мэдэгдсэн тухай албан бичиг байгааг олж мэдсэн. Ингээд газрын алба дээр очиж уулзаад бичиг баримттай танилцаж, Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн хүсэлтийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн Засаг даргад гаргаж шуудангаар хүсэлтээ явуулсан. Удаа дараа утсаар асуухад “Манайх өргөдлийг шуудангаар хүлээж авсан, хянан шийдвэрлээд хариу өгнө” гэсэн боловч хариу өгөхгүй эс үйлдэхүй гаргаж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Бидний зүгээс 2012 оны 12 дугаар сарын 16-ныг дуустал хариу хүлээгээд арга буюу нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Орхон аймгийн Засаг даргын 2021.11.29-ний өдрийн А/625 дугаар захирамж хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгуулах тухай нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2007 онд Газрын алба, Тамгын газарт өргөдөл гаргаж газар ашиглах эрхийг олж авсан. Эрдэнэт хотын .....  хороолол гэдгийг бүтээн байгуулаад хороолол босгох эрх авсан. Эрдэнэт үйлдвэр болон Засаг даргатай гэрээ байгуулаад тухайн үед Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 40 мянган айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд тухайн газрыг олгож байгаа учраас газрын төлбөр авахгүй, мөн хорооллыг барьж дуусгах хүртэл гэсэн хугацаагаар газрын гэрээ, гэрчилгээ байгуулагдсан. Нэхэмжлэгч компани гэрээ байгуулснаас хойш үүргээ гүйцэтгээд эхний ээлжийн 21 орон сууцыг барихын тулд захаас нь авахуулаад наад талаас нь суурь тавиад яг байшингуудаа тэр хэмжээгээр дугаарлаад 13-21 гэсэн 8 орон сууцыг бариад эхэлсэн. Барилга бариад эхэлж байх хугацаанд Эрдэнэт үйлдвэр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй ажилчдаа орон сууцанд хамруулаагүй учраас дараа дараагийн хөрөнгө оруулалт орж ирээгүй учраас барилгажилтын ажил зогссон байсан. Засаг даргын Тамгын газраас хорооллыг барьж дуустал гэж олгосон мөртлөө гэрээн дээрээ 2 жил гээд заачихсан байсан. Үүнээс болоод өнөөдрийн байдал үргэлжилж байгаа. 2010 онд хүсэлт гаргасан. 2015 онд 21 га газрыг 7 га болгоод захирамж гарсан. Гэрчилгээ авчих юм бол хөрөнгө оруулагч нар болон гэрээ байгуулах гэж ирж байгаа хүмүүст газраа үзүүлнэ. Гэтэл гэрээ байгуулдаггүй.

Нэг. Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, гомдлыг ханган шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагааг хийхгүй байх тухай заажээ. Орхон аймгийн Засаг даргын 2020.08.18-ны өдрийн 02б /1942 дугаартай “гэрээгээ байгуулж, гэрчилгээгээ авахгүй бол шийдвэрээ хүчингүй болгоно” гэсэн бичгийг “Х” ХХК-д гэж хаяглаад, хуулбарыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангид хүргүүлсэн байна. “Х” ХХК-ийн үүсгэн байгуулагч В 2015 онд Хятад улсад өр авлагаа шийдвэрлэнэ гэж очоод хилийн хориг тавигдсан учир Монгол улсад байгаагүй. Иймд 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 19..... тай албан бичгийг “Х” ХХК-ийг төлөөлөн хүлээж авах эрх бүхий этгээд Монгол Улсад байгаагүй. Засаг даргын энэ бичиг хаяг тодорхойгүй улмаас буцаагдсан нотлох баримт хэрэгт авагдсан байна.

Хоёр. В-ний зүгээс гүйцэтгэх захирлаар томилсон хятад улсын иргэн Б нь түүний зөвшөөрөлгүйгээр шударга бус ажиллагаа явуулаад, хууль бус бичиг баримт үйлдсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ч төлөөлөн оролцох хүн томилоогүй болно. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа иргэн Б-ын нэхэмжлэлтэй “Х” ХХК-д холбогдуулан гаргасан 1,2 тэрбум төгрөгийн нэхэмжлэлтэй хэргээс үүдэн түдгэлзсэн байсан. Энэ хэрэг 2023 оны 3 дугаар сард эцэслэн шийдвэрлэгдсэн. Хятад улс 2020 оны эхээр Ковид цар тахал өвчний улмаас тогтоосон хилийн хоригоо 2023 оны 1 дүгээр сард цуцалсан учир иргэн А.С Хятад улсад очиж В захирлаас итгэмжлэл авсан. Үүнийг нотлох зорилгоор иргэний хэргийг шийдвэрлэсэн шийдвэр, магадлалын хуулбар, Хятад улсын хилийн хориг цуцлагдсан тухай мэдээлсэн баримтыг шүүхэд нотлох баримтаар хүргүүлсэн.

Гурав. В нь Хятад улсад өөр хотод очиж, эмчилгээнд явж байхдаа компанийн тамга тэмдэг, гэрчилгээгээ алга болгосон тул шинээр “Х” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдэг шинээр авсан болно. Тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б нь 2017 оны 5 дугаар сард хүчингүй болгосон тамга гэрчилгээг ашиглан “Х” ХХК-ийг төлөөлөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох эрх олгосон үйлдлээс үүдэн тус компанийг хохироосон асуудлыг бид 2023 оны 10 дугаар сард шийдвэр гүйцэтгэх байгууллагаас мөн мэдсэн болно. Эдгээр гурван үндэслэл нь “Х” компани Орхон аймгийн Засаг даргын мэдэгдэл, шийдвэрийг мэдэх боломжгүй байсныг нотлох хүндэтгэн үзэх нөхцөл юм.

Дөрөв. Орхон аймгийн Засаг дарга нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019.05.15-ны өдрийн 1З дугаар шийдвэртэй хэргээр “Орхон аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамж”-ийг хууль бус гээд хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад биелүүлээгүй төдийгүй 2015.11.03-ны өдрийн А/574 дугаар захирамжийг 2021.11.29-ний өдрийн захирамжаар “Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т ... дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гэж заасныг зөрчсөн” тул гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон нь хууль бус юм. Энэ захирамжийн 2 дахь заалтаар 2007 оны 65 дугаар захирамжийг ч мөн хүчингүй болгожээ. Газрын тухай хуулийн 33.1.2-д энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэжээ. Энэ зохицуултад 5 га хүртэлх болон /29.1-д 0,07 га/, /29.2-д 0,1 га/, 29.3 үр тариа 100 га хүртэл, төмс, хүнсний ногоо 5 га хүртэл/ хэмжээтэй газрыг заасан байна.

Орхон аймгийн Засаг даргын зүгээс анх олгосон газрыг хуулийн энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгох гэж байгаа бол Захиргааны ерөнхий хуулийн 2.....  зүйлийн 27.1. “3ахиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.” 27.2. “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ” гэж заасан ажиллагаа явуулах үүрэгтэй байсан. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” 43.2. “3ахиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.” 43.5-д “Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажпын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно” гэж заасан заалтууд зөрчигдсөн тул нэхэмжлэгч 2015 оны захирамж хүчингүй болсонг мэдэх боломжгүй байсан.

Тав. Орхон аймгийн Засаг даргын 2015.11.13-ны өдрийн А/574 дугаар захирамжийн дагуу газар ашиглуулах гэрчилгээ авах, гэрээ байгуулах талаар удаа дараа эрх бүхий төрийн захиргааны байгууллагад хүсэлт гаргасан боловч шийдэгдэхгүй байсан. Захиргааны байгууллага газар ашиглуулах шийдвэр гаргачихаад гэрчилгээ гаргаж өгөхгүй, гэрээ байгуулахгүй байснаа 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар тус компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн ба хэргийн талаарх магадлал, тогтоолд хуулийн үндэслэлийг тодорхой заасан. 2007 онд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 40000 айлын орон сууц төслийн хүрээнд 21 га газарт орон сууцны хороолол барих зориулалтаар анх газар олгосон. Гэрээ байгуулахдаа газрын төлбөрөөс чөлөөлсөн. 2007 онд Монгол Улсын аж ахуйн нэгжүүд мөнгөгүй, барилга барих чадамж муутай байсан нь тодорхой баримт юм. Ийм учраас Орхон аймгийн Засаг дарга 21 га газарт орон сууцны хороолол барих боломж олгосон. Гэхдээ л газар ашиглах хугацааг 2, 3 жилээр олгосноос үүдэн “Х” компанийн хөрөнгө оруулагч татах боломжийг хязгаарласан билээ. Манай компанийн зүгээс хүлээсэн үүргээ биелүүлж орон сууцаа барьж эхэлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд Эрдэнэтэд хотод ирж .....  хорооллын шав тавих ёслолд оролцсон, хорооллын ерөнхий загвар зураг төлөвлөгөө зэргийг нотлох фото зургийн баримтыг 2010 онд шийдвэрлэсэн хэргээс хуулбарлан хэрэгт хавсаргуулахаар өгсөн.

Манай компани 2006.07.27-ны өдөр Эрдэнэт хотын ...... хорооллын орон сууцны барилга угсралтын ажлыг хамтран гүйцэтгэх гэрээг Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүү, Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Х.Наранхүү нартай гурвалсан гэрээ байгуулсан. Мөн 2006.11.01-ний өдөр Орхон аймгийн Засаг даргатай Орхон аймгийн Эрдэнэт хотын ...... хорооллын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний зорилго Монгол Улсын Засгийн газрын “40000 орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж заасан төдийгүй гэрээний 2.1, 2.5, 2.6, 2.7-д Орхон аймгийн Засаг дарга, Эрдэнэт үйлдвэрийн захирал нар тодорхой үүрэг хүлээсэн байгаа. Энэ үеийн нөхцөл байдлыг өнөөдрийн байгаа өнцгөөс харсан дүгнэлтээр үнэлж захирамжийг хүчингүй болгож байгаа нь хуулийн үндэслэлгүй юм.

“Х” ХХК нь газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг хүсээд, төрийн байгууллагын ажилтнуудтай БНХАУ-ын Эрээн хотод хүртэл уулзалт зохион байгуулж үйлчилж байсан. Эрх бүхий төрийн байгууллага “Х” ХХК-д газар ашиглах эрх олгосон захирамжаа өмнө маргаж байгаагүй үндэслэл зааж хүчингүй болгож байгаа нь хууль бус юм. Манай компани орон сууцны хорооллыг өөрийнхөө хөрөнгөөр барьж эхлүүлсэн бөгөөд гэрээний нөгөө тал үүргээ зөрчиж, ажилчидаа орон сууц худалдан авах нөхцөл боломжоор хангах үүргээ биелүүлээгүйгээс дараа дараагийн орон сууц барих, хөрөнгө оруулагч татах боломжоо алдсан гэдгийг өмнө мөн тайлбарласан байгаа. Иймд дээр дурдсан 5 үндэслэлийг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү”

“Хаяг тодорхой биш юмаа ирж авдаггүй болохоор цуцалсан гэж байна. Гэтэл гэрээ байгуулаагүй, гэрчилгээгээ авдаггүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хамаа алга. Гэтэл өөрсдөө анх орон сууцны хороолол барих хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор өгсөн газраа гэнэтхэн нэг өдөр танайх ерөөсөө дуудлага худалдаанд ороогүй, төсөл сонгон шалгаруулалтад ороогүй гэж хүчингүй болгож байгаа нь хууль бус. Хариуцагч тайлбартаа захиргааны ажиллагааг 20 хүнд мэдэгдэх ёстой нэг хүнд мэдэгдэх ёсгүй гэж байна. Өнөөдөр хуулийн заалтууд нэг мөр хэрэгжих ёстой. Юмаа авахгүй эрхээ зөрчиж байгааг мэдсээр байж цаг хождог хүмүүс байна. Аргыг нь хуульд заагаад өгчихсөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд хэрвээ санаатайгаар юмаа авахгүй ирэхгүй байвал хэвлэл мэдээллээр мэдээллэх гээд бичсэн байна. Энэ заалтыг зөрчсөн сонсох ажиллагаа хийгээгүй, энийгээ мэдүүлээгүй, шал өөр үндэслэлээр хэрэгсэхгүй болгочихсон. Ядаж бид нарыг дуудлага худалдаанд орох юм уу? бид нар журмаа өөрчиллөө гээд мэдэгдэх ёстой. Ямар ч мэдэгдэх ажиллагаа хийхгүйгээр өөр шалтгаанаар хэрэгсэхгүй болгочхоод байгаа нь хууль бус учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хууль бус актын дагуу гарсан дараа дараагийн сонгон шалгаруулалт өөрөө хүчингүй учраас тэр асуудалтай маргах шаардлагагүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү. Бид нар өнөөдөр өгсөн бүх нотлох баримтаар өөрийнхөө үндэслэлийг баталчихлаа. Захиргааны ерөнхий хуулийн тэр заалтуудыг ерөөсөө хэрэгжүүлэхгүйгээр шийдвэр гаргаад л явуулаад байдаг. Өөр үндэслэлээр шийдвэр гаргачихсан нь бид нарын нэхэмжлэлийг хангах үндэслэл тогтоогдсон гэж үзэж байна” гэв.

7. Хариуцагч Орхон аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас “Х” ХХК-д газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээ авахыг удаа дараа албан бичгээр мэдэгдэж байсан боловч “Х” ХХК-аас нэг ч удаа хууль тогтоомжид заасны дагуу холбогдох материалыг бүрдүүлж батлагдсан загварын дагуу газар ашиглах өргөдөл гаргаж байгаагүй болно. Дээрх мэдэгдлийг хүлээж аваагүй хэмээн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байх бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгэлтэй албан ёсны хаягаар шууданг явуулсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-т “Оролцогч энэ хуулийн 18.1-д заасан этгээдийг нэрлээгүй бол түүнд хаяглагдсан баримт бичгийг баталгаат шуудангаар явуулснаас хойш нийслэлд ажлын таван өдөр, орон нутагт ажлын 10 өдөр, харин цахим шуудангаар явуулсан баримт бичгийг түүнийг илгээснээс хойш ажлын таван өдөр өнгөрснөөр баримт бичиг гардуулсанд тооцно” гэж зааснаас үзэхэд баримт бичгийг гардуулсанд тооцогдоно.

2. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 121 дүгээр тогтоолын 2-т “Агаарын замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс үе шаттайгаар эхлүүлэх, коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж, шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийж эхлэхийг Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга С.Амарсайханд даалгасугай” гэж заасан. Үүнээс харахад нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлд хилийн хоригтой, Монгол Улсад ирэх боломжгүй байсан, ковид-19 цар тахлын улмаас хилийн хориг 2023 оны 02 дугаар сард цуцлагдсан гэх нөхцөл байдал нь нотлогдохгүй байна.

3. Нэхэмжлэгч “Х” ХХК-д аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар орон сууцны .....  хороололд 7 га газрыг 3 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийн үндэслэх хэсэгт Газрын тухай хуулийн 33.1.2 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Газрын тухай хуулийн 33.1.2-т “...иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ" гэж заасан боловч “Х” ХХК-д газар олгохдоо ямарч дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулалгүй хууль бусаар газар ашиглуулах шийдвэр гаргасан байдаг.

Ийнхүү Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжаар газар ашиглуулах шийдвэрийг хүчингүй болгосон нь хуулийн үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баттүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхны захирамж 2007 оны 65 дугаар захирамж байдаг. Энэ захирамж бол энэ хэрэг дээр яригдах шаардлагагүй. Захирамжийн тухайд бүх асуудлууд шүүхээрээ яваад шийдэгдээд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар захирамж гарсан. Газрын тухай хуулийн 33.1, 33.2 дахь хэсгийг үндэслэдэг. Захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт “Баян-Өндөр сумын .....хороолол 7 га газрыг орон сууцны зориулалтаар “Х” компанид 3 жилийн хугацаатай ашиглуулсугай, энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2007 оны 65 дугаар захирамж, Орхон аймгийн Засаг дарга болон “Х” ХХК-ийн захирал нарын 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 01/06 дугаартай гэрээг хүчингүй болсонд тооцсугай” гэдэг захирамж гарсан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч талаас 2021 оны А/625 дугаартай захирамжийг хүчингүйд тооцуулъя гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаад газар ашиглах эрхээ сэргээлгэе гэдэг асуудал яриад байгаа. 2015 оны захирамжийг хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал харагдаж байна. Гэтэл сая нотлох баримтаар гаргаж өгөөд байгаа баримтуудаа нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулж тайлбарлаад байгаа нь үндэслэлгүй байна. Нэгэнт хүчингүй болчихсон асуудал шүүх хуралдаан дээр яриад байна. Итгэмжлэлтэй холбоотой компанийнхаа дотоод асуудлыг нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбож тайлбарлаад байна. Эдний компанид итгэмжлэгдсэн төлөөлөгч томилчих итгэлтэй хүн байх, байхгүй байх, компани тамга, тэмдгээ хаях, хаяхгүй нь компанийн дотоод зохион байгуулалтын асуудал болохоос биш компани төрийн захиргааны байгууллагатай харилцахтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгаанд орохгүй. Сонсох ажиллагааны тухайд Улсын бүртгэлийн хэлтсээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааг авсан. 2021 оны уг лавлагаанд “Х” компанийн хаягийн мэдээлэл 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ямар ч өөрчлөлт ороогүй байгаа. 3 өөр хаяг бичсэн шуудан илгээсэн байна гэсэн. Бид 2012 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн буюу Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг төлөв нь хүчинтэй, идэвхтэй байгаа ... дугаар хороо ... тоот гэсэн. Байхгүй утасны дугаар бичиж явуулсан гээд байгаа. Гэтэл  701002.. гээд дугаар нь байж байдаг. Улсын бүртгэлийн лавлагаа дээр бичигдсэн бүх хаяг руу явуулсан байдаг. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа дээр хүртэл энэ хаягийн мэдээлэл нь байгаа. “Х” ХХК-д гэрээгээ байгуулаач гэрчилгээгээ авчих гээд бичгүүдийг явуулна. Үүний дараагаар ямар ч хариу ирэхгүй байна. Тэгэхээр нь захирамжийг хүчингүй болгох нөхцөл байдал үүслээ гэдэг мэдэгдлийг хүргүүлнэ. Мөн адил хариу ирэхгүй. Хамгийн сүүлд захирамжаа хүчингүй болгоод захирамжийг албан ёсны Улсын бүртгэлд бүртгэлтэй хаягаар хүргэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр дээр 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдрүүдэд Г.У гэх хүнд итгэмжлэл олгосон нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн байна гээд дүгнэчихсэн. Гэтэл Орхон аймгийн төр захиргааны байгууллагатай харилцах болохоор газрын гэрээ, гэрчилгээ авах болохоор өөрсдөө ирдэггүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилдоггүй, албан ёсны хаягаар нь шуудан хүргүүлэхээр хүлээж авдаггүй. Улаанбаатар хотод шүүх дээр хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэх болохоор итгэмжлэлээ олгоод яваад байгаа. Энэ асуудал бол хилийн боомт, хилийн хориг гэж тайлбарлаад байгаа нэхэмжлэлийнх нь тайлбар тогтоогдохгүй байна. Монцамэ агентлагийн сайт гэж тайлбарлаад байна. Гэтэл Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 121 дүгээр тогтоол гарсан. Тогтоолын 2 дугаарт агаарын замын боомтоор нэвтрэх зорчигч хөдөлгөөнийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлж, Ковид 19-ийн дархлаажуулалтад хамрагдаж шинжилгээ хийлгэсэн гэрчилгээг харилцан зөвшөөрсөн улсуудтай хуваарьт нислэг хийхийг зөвшөөрсүгэй гээд Монгол Улсын Шадар сайд, онцгой комиссын дарга С.Амарсайханд даалгаад шийдвэрлэчихсэн байгаа. Нэг сайтын мэдээлэл хууль зүйн үндэслэлтэй юу, Монгол Улсын Засгийн газрын тогтоол хууль зүйн үндэслэлтэй юу гэдэг асуудал яригдах байх. 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар газрыг 3 жилийн хугацаатай ашиглуулахаар шийдвэрлэсэн. Хуулийн хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дуусаж байгаа. Газрын тухай хуулийн 37 дугаар  зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрхийн хугацаа дуусахаас өмнө сунгуулах хүсэлтийн тухай яригдана. Нэхэмжлэлийн шаардлага нь захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээг гаргаж, гэрээ байгуулахыг даалгах тухай гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа. Хэрэгт холбогдох байгууллагуудаас нотлох баримтуудыг цуглуулсан. Өмнөх хэргүүдийг бас авсан. Энэ компани 2007 онд анх газар ашиглах эрхтэй болсон өдрөөсөө хойш нэг ч удаа дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад орж байгаагүй. 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа газрын төлбөр гэдэг юм төлж байгаагүй. Одоо 2015 оны захирамжийн асуудал яригдаж байна. Нэгэнт 2007 оны захирамж хүчингүй болсон. 2015 оны захирамжаар нэхэмжлэгч компанид газрыг ашиглуулахдаа Газрын тухай хуулийн 33.1.2, нэгжийн хуулийг үндэслээд 3 жилийн хугацаатай 7 га газрыг ашиглуулаад байгаа. Гэтэл Газрын тухай хуульд 29.1, 29.2, 29.3-д заасан хэлбэрээс илүү газар эзэмшүүлэх бол тухайн асуудлыг дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ гээд заачихсан байгаа. Энэ компани дээр ямар ч дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтад оролцсон баримт байдаггүй. 2015 оны А/574 дүгээр захирамж хууль тогтоомж зөрчиж гарсан байна. Тиймээс 2021 оны А/625 дугаар захирамжаар хууль бус газар ашиглуулах шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болоод байгаа А/625 дугаар захирамж холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй. Аймгийн Засаг дарга хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан захиргааны акт учраас хүчингүй болгож шийдвэрлэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

“Нотлох баримт шинжлэн судалж байхад наана чинь түрээсэлж байсан хаяг юм билээ гэдэг асуудлыг яриад байна. Тэгэхээр бид нарын шуудангаар хүргээд байгаа хаяг бол эдний хаяг мөн. Улсын бүртгэлийн лавлагаа дээрээ ч байгаа. Хэрвээ түрээсийн байранд байж байгаад хаяг нь өөрчлөгдсөн бол улсын бүртгэлд хөдөлгөөн хийлгэж, хаягийн өөрчлөлтөд тэмдэглүүлэх ёстой. Бид бол төрийн захиргааны байгууллага, хувь хүн хуулийн этгээдтэй харилцахдаа албан ёсны хаягаар харилцана. Хамгийн гол асуудал нь нотлох баримт шинжлэн судлуулах нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс дандаа он цагийн хувьд 2007 он, 2009 он, 2010 оны хэргүүдийг судлуулж байна. Эдгээр хэргүүд бол бүгд шийдэгдээд дууссан. 2015 оны А/574 дүгээр захирамжаар 7 га газрыг ашиглуулах эрх олгосонтой нэхэмжлэгч маргахгүй байгаа. А/574 дүгээр захирамжийн үндэслэл Газрын тухай хуулийн 33.1.2-ыг үндэслээд гарчихсан байгаа. Маргааны зүйл болоод байгаа захиргааны акт А/625 дугаар захирамж Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд ч тэр хууль бус шийдвэрийг хүчингүй болгох зохицуулалтыг хууль тогтоогчоос заагаад өгчихсөн. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх хэсэгт хууль зөрчиж гарсан шийдвэр хүчингүй болно гэж заасан. Мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Газрын тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж гаргасан шийдвэрийг дээд шатны Засаг дарга, эсвэл тухайн шатны Засаг дарга өөрөө хүчингүй болгоно” гээд хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд аймгийн Засаг дарга А/625 дугаар захирамжаар А/574 дүгээр захирамжийг хүчингүй болгосон. Гол маргааны зүйл болоод байгаа захиргааны акт хууль тогтоомж зөрчиж гараагүй. Хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй. 2015 оны захирамжаар 7 га газрыг эзэмших, ашиглах эрх үүсээд байгаа. Өөрөөр хэлбэл цоо шинэ харилцаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж тайлбарлаад байгаа байдал нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

9. Хариуцагч Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших, ашиглах эрх олгох, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх үйл ажиллагаанд Газрын тухай хууль, Кадастрын зураглал газрын кадастрын тухай хууль болон Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ыг дагаж мөрдөн ажилладаг.

Дээр дурдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 14.2 д заасны дагуу Газрын улсын бүртгэлийн мэдээллийн хуудас иргэн, хуулийн этгээд бөглөн, улсын бүртгэлийн дундын мэдээллийн сангаас улсын бүртгэлийн дугаар авч, холбогдох баримтуудыг хавсарган нэгж талбарын хувийн хэрэг үүсдэг. Манай байгууллагын зүгээс “Х” ХХК-д 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 19.....  албан бичгээр гэрээ байгуулж, гэрчилгээ авах талаар мэдэгдсэн ч гэрээ байгуулж, гэрчилгээ авах өргөдөл хүсэлтээ өгөөгүй учир нэгж талбарын хувийн хэрэг үүсээгүй болно” гэжээ.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын дагуу эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дараалал болон өргөдөл гаргах дарааллыг зааж өгсөн. Эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллын 2.1.1-д “иргэн, хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах” гэж байгаа. Нэхэмжлэгч компанид аймгийн Засаг даргын захирамжийн дагуу өгсөн газар ашиглах гэрээ байгуулах өргөдөл байхгүй. 3 дугаар зүйлд иргэн, хуулийн этгээд өргөдөл гаргах нь гээд 3.1.1-д шинээр газар эзэмших, ашиглах бол өргөдлөө гаргана гэсэн байгаа. Өргөдөл гаргасны дараа өргөдлийг судалж үзээд манайхаас гэрээ байгуулж гэрчилгээ олгоно. Гэрээ байгуулахад 2 тал гарын үсэг зурснаар эрх үүргээ хүлээн зөвшөөрч гэрээ хүчин төгөлдөр болдог. Гэрээ байгуулж гэрчилгээгээ аваач гэсэн мэдэгдлүүдийг явуулсан талаар дурдлаа. 2016 он, 2017 он, 2020 онд мэдэгдлүүд явсан байдаг. Тухайн үед Геодези, зураг зүйн газрын газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох журмын дагуу манайх үйл ажиллагаагаа явуулсан” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                   ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгчийн “газар ашиглах эрхийг сэргээлгэх” гэдэг нь бие даасан нэхэмжлэлийн төрөлд хамаарахгүй бөгөөд Орхон аймгийн Засаг даргын 2021 оны А/625 дугаар захирамж хүчингүй болох эсэхээс шалтгаалан газар ашиглах эрх сэргэх эсэх нь дагаж шийдвэрлэгдэх учиртай тул шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

2. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон бөгөөд “Орхон аймгийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн А/125 дугаар захирамжаар өөр этгээдэд газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэртэй маргахгүй, хууль бус шийдвэрийн дараа гарсан бүх шийдвэр хууль бус учраас энэ захирамжтай маргаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхгүй” гэж тайлбарлав.

3. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

3.1. Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 65 дугаар “Газар түр ашиглуулах” захирамжаар орон сууцны .....  хорооллын барилгыг барих 21 га газрыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Х” ХХК-д барилгын ажил дуусах хүртэл хугацаанд зөвхөн орон сууцны цогцолбор барих хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулахаар шийдвэрлэж, газар ашиглуулах эрхийн 00026... дугаартай гэрчилгээг 2007 оны 03 дугаар сарын 07-ны өдөр олгож, Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн  319 дугаартай захирамжаар газар ашиглуулах хугацааг 2010 он 03 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар сунгасан;

Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 319 дугаартай “Газар эзэмших, ашиглах эрхийг гэрчилгээг сунгах тухай” захирамжийг мөн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 130 дугаар захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэснийг Орхон аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 26 дугаартай шийдвэрээр маргаан бүхий захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн; /2010/0019/з дугаартай захиргааны хэрэг/

Дээрх газрын маргаан нь 2010 оноос хойш үргэлжилж явсаар Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжаар Баян-Өндөр сумын .....хороололд 7 га газрыг “Х” ХХК-д орон сууцны зориулалтаар 3 жилийн хугацаатай ашиглуулсан үйл баримтууд тогтоогдсон.

3.2. Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр захирамжаар “Х” ХХК-д 7 га газар ашиглуулахаар шийдвэрлэснээр Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 65 дугаар захирамж болон 2006 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/06 дугаартай “Орхон аймгийн Эрдэнэт хотын ...... хорооллын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ”-г хүчингүй болгож, ингэснээр анхны 21 га газрын газар ашиглах эрх, тухайн газар дээр орон сууцны хороолол байгуулах төсөл, гэрээний үйлчлэл дуусгавар болсон байна. Тодруулбал, орон сууцны цогцолбор барих болзол,  шаардлагатайгаар гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдэд анх газар ашиглуулсан шийдвэр, орон сууцны хороолол байгуулах зориулалтаар газар ашиглуулах эрх зүйн харилцаа дуусгавар болжээ. /I хавтаст хэргийн 68 дахь тал/

3.3. Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дүгээр “Газар ашиглуулах тухай” захирамжийг Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар “Газар ашиглуулах шийдвэр хүчингүй болгох тухай” захирамжаар хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд захиргааны байгууллага ийнхүү хүчингүй болгож  буй үндэслэлээ “Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзжээ. /хавтаст хэргийн 67 дахь тал/

3.4. Гадаадын хөрөнгө оруулалтай аж ахуйн нэгжид газар ашиглуулахад Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-д “Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид энэ хуулийн дагуу газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах бөгөөд уг хугацааг Засгийн газар тогтооно”, 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 32, 33.1.2, 33.2, 33.5, 34.1-34.5, 34.6.1 - 34.6.8, 34.6.10, 34.6.11, 34.7-34.10-д заасан журмыг баримтална” гэж заасан журмыг баримтлана. Иймд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Х” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргахад дээрх хуулийн зохицуулалтыг баримтлан шийдвэр гаргах нь зүйн хэрэг юм. 

3.5. “Х” ХХК-ийн маргаж буй 7 га газар нь 2007 онд орон сууцны цогцолбор барих зориулалтаар ашиглуулсан 21 га газрын байршилтай давхцаж байгаа хэдий ч анх газар ашиглуулах шийдвэрийн үндэслэл болсон “Орхон аймгийн Эрдэнэт хотын ...... хорооллын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ” хүчингүй болсон, анхны болзол шаардлагаар газар ашиглуулсан аймгийн Засаг даргын захирамж болон гэрээний үйлчлэл дуусгавар болжээ.

3.6. Иймд Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар захирамжаар “Х” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8-д зааснаар тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор газрыг ашиглуулах нь хуульд нийцнэ. Орхон аймгийн Засаг дарга нь ийнхүү газар ашиглуулах шийдвэр гаргахдаа Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасан журмыг хэрэгжүүлээгүй гэж газар ашиглуулах шийдвэр гаргах журам зөрчсөн хууль бус шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй байна.

3.7. Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамж нь газар ашиглуулах эрх олгосон шинжээрээ үйлчлэл нь чиглэсэн этгээддээ эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт байх боловч газар ашиглуулах шийдвэр гаргахдаа хуулийн холбогдох заалтыг зөрчсөн шинжээрээ эрх зүйн зөрчилтэй захиргааны акт буюу эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад хамаарна.

3.8. Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжаар газар ашиглуулах шийдвэр гаргасан нь хэдийгээр өмнө ашиглах эрх үүссэн 21 га газартай холбоотой хэдий ч тухайн 21 га газрыг ашиглах үндэслэл болсон орон сууцны цогцолбор барих гэрээ бүрэн хэрэгжүүлээгүй, уг гэрээг хүчингүй болгосон, үүнтэй холбоотой “Х” ХХК болон Орхон аймгийн Засаг дарга нарын хооронд маргаан үүсч байсан нөхцөл байдал тогтоогдоогүй.

3.9. Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжаар 7 га газрыг ашиглуулахаар шийдвэрлэхдээ тухайн газар дээр ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, орон сууцны зориулалтаар ямар хугацаанд ямар нөхцөлтэйгээр орон сууц барьж ашиглалтад оруулах зэрэг болзол, шаардлага тодорхой бус байгаа нь Газрын тухай хуульд зааснаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахдаа тусгай болзол, хугацаатайгаар, дуудлага худалдаа эсхүл төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зориулалтаар газрыг ашиглуулах журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.10. Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захирааны актыг түүнийг батлан гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно: 48.2.1.хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан;...” гэж заасан үндэслэлээр хүчингүй болгох эрхтэй.

3.11. Энэхүү эрхийн хүрээнд хууль зөрчсөн шийдвэрээ өөрөө хүчингүй болгож шийдвэрлэсэн нь тухайн шийдвэр гаргах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэсвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /г/-д “г/газар, газрын хэвлийн тухай хууль тогтоомж, тэдгээрийн биелэлтийг хангах чиглэлээр Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж биелэлтийг нь хангуулах”, 29.3-т “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасныг зөрчөөгүй, аймгийн Засаг даргын шийдвэр гаргах эрх хэмжээнд хамаарч байна.

3.12. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж зааснаар  Орхон аймгийн Засаг даргын  2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжийг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн зөрчөөгүй гэж үзлээ.

3.13. Өмнө нь “Х” ХХК-нд газар ашиглуулахаар шийдвэрлэсэн Орхон аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн А/574 дугаар “Газар ашиглуулах тухай” захирамжийг тус аймгийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/78 дугаар захирамжаар хүчингүй болгож, уг маргаан нь Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 360 дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн. /119/2018/0008/з/ дугаартай хэрэг/

3.14. Дээрх маргаан нь Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжид заасан үндэслэлээс өөр үндэслэлээр гарсан захиргааны акттай холбоотой маргаан байсан бөгөөд дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Х” ХХК-д газар ашиглуулах эрхийн гэрчилгээ олгох, газар ашиглах гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг биелүүлж, гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

3.15. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсоны дараа “Х” ХХК нь Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт газар ашиглах гэрээ байгуулах, газар ашиглуулах эрхийн гэрчилгээг авах талаар ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй болох нь хариуцагчийн тайлбар, холбогдох бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд “хүсэлт гаргаж байгаагүй” гэх тайлбараар нотлогдсон.

3.16. “Х” ХХК-д Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/1886 дугаартай албан бичгээр газар ашиглах гэрээ байгуулж, гэрчилгээгээ авах талаар мэдэгдэж уг албан бичгийг хоёр удаа тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн боловч заасан хаягт уг компани, түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд байгаагүй, мөн Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 197 дугаартай албан бичгийг хүргүүлж байсан үйл баримтууд тогтоогдсон. /I хавтаст хэргийн 74-77, 97-104 дэх тал/

3.17. Иймд “Х” ХХК-ийн зүгээс газар ашиглах эрхийн гэрчилгээг авах, гэрээ байгуулах, газрыг зориулалтын дагуу ашиглах талаар захиргааны байгууллагад ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй, ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар захиргааны байгууллагатай харилцаж байгаагүй, газар ашиглах талаар ямар нэгэн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаагүйгээс дүгнэхэд газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүйд захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.

3.18. Нэхэмжлэгч талаас ““Х” ХХК-ийн захирал В нь 2015 онд БНХАУ-д өр, авлагаа шийдвэрлүүлэхээр очоод хилийн хориотой байсан учраас Монгол Улсад ирэх боломжгүй, итгэмжлэл олгох боломжгүй байсан, ковид цар тахлын улмаас БНХАУ хилийн хоригоо 2023 оны 2 дугаар сард цуцалсан, компанийн тамга, тэмдэгээ гээгдүүлсэн”, мөн “газар ашиглах эрхийн гэрчилгээгүй учраас хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах, орон сууц барих санхүүжилт татах боломжгүй байдал үүссэн” гэж тайлбарлаж байгаа нь газар ашиглах эрхийн гэрчилгээг авах, гэрээ байгуулах хүсэлтээ гаргахгүй байх, газрыг зориулалтын дагуу ашиглахгүй байх, Монгол Улсад бүртгэл бүхий аж ахуйн нэгж нь холбогдох захиргааны байгууллагатай харилцахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж дүгнэв.

3.19. Орхон аймгийн Засаг дарга болон Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газраас “Х” ХХК-ийн улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээдийн оршин байх хаягаар газар ашиглах гэрээ байгуулах, гэрчилгээг авах талаар албан бичгүүд болон Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаартай захирамжийг хүргүүлсэн байх тул тухайн хаягтаа байгаагүйд захиргааны байгууллагын буруутгах үндэслэлгүй бөгөөд хуулийн этгээд оршин байх хаягтаа байхгүй, түүний төлөөлөх эрх бүхий этгээд Монгол Улсад байгаагүй нь захиргааны байгууллагыг мэдэгдэх, сонсох ажиллагааг хийгээгүй гэж буруутгах үндэслэл болохгүй.

3.20. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт “Х” ХХК нь газар ашиглах гэрээ байгуулах, эрхийн гэрчилгээг авах талаар хүсэлт гаргаагүй тул захиргааны байгууллагыг газар ашиглах эрхийн гэрчилгээг олгоогүй, олгохоос татгалзсан, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан гэх захиргааны байгууллагын эс үйлдэхүй, эсхүл татгалзсан шийдвэр тогтоогдохгүй байна. Мөн Орхон аймгийн Засаг даргын  2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй тул газар ашиглах эрхийн гэрчилгээг олгох, гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

3.21. Иймд  БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Х” ХХК-д Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8-д зааснаар газрыг тусгай зориулалт, хугацаа, болзолтойгоор ашиглуулах, ийнхүү ашиглуулахдаа дуудлага худалдаа эсхүл төсөл шалгаруулах журмаар шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөн хууль бус шийдвэрээ өөрөө хүчингүй болгож, захиргааны байгууллагын газар ашиглуулах шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд газар ашиглах эрхээ хэрэгжүүлээгүй гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн газар ашиглах харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “Газар төрийн хяналт, хамгаалалтад байх” зарчимд нийцнэ гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006-12-15/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3 /г/, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.3, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 44 дүгээр зүйлийн 44.5, 44.8, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтуудыг баримтлан “Х” ХХК-ийн Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А/625 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, газар ашиглах эрхийг сэргээлгэх, газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргаж, гэрээ байгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          П.УУГАНЦЭЦЭГ