Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 02

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2017/0381/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г. Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн,

Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч С- нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Мөнхбаатарын Сэргэлэнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1718002950146 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.     

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С- нь 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэр 11 дүгээр цэцэрлэгийн урд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасныг зөрчин согтуугаар Тоёота Приүс маркийн 68-22 УБЧ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.2-т заасныг зөрчсөнөөс явган зорчигч А.Батзоригийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн яллагдагч С- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-т заасныг зөрчиж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С- нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч С-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Согтуу хүн зам дээр гарч ирээд би машинаа жолоодоод 15 дугаар багийн чиглэлд явж байсан чинь согтуу хүн зам дээр гарч ирээд би машинаа зогсоосон. Тэр согтуу хүн хажуугаар гарах гэж байснаа толь мөргөөд зам дээр унасан. Бид нар буугаад зүгээрүү гэсэн чинь зүгээр ганц шил архи аваад өгчих гээд байсан. Тэгэхээр нь тэр хүнийг замын хойд явган хүний зам руу гаргаж орхиод цаашаа явж байсан чинь цагдаа гарч ирээд зогсоосон. Би хохирлыг бүрэн барагдуулсан байгаа“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49/,

 

Хохирогч А.Батзоригийн “...2017 оны 10 дугаар сарын 14-ний шөнө Мангиртын 11 дүгээр цэцэрлэгийн урд зам дагаад алхаж явтал нэг машин өмнөөс ирээд намайг мөргөсөн. Тэгээд эмнэлэг дээр ирсэн чинь миний зүүн хөл, шилбэ хэсэгээрээ 2 хугарсан. Надад гомдол санал байхгүй, эмчилгээний зардалд 600,000 төгрөг авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17, 18/,

 

Гэрч Б.Цэндбаярын “...Сэргэлэнгийн машинтай Мангиртын Хараацай дэлгүрээс 0,5 литрийн 5 ширхэг лаазтай Нийслэл пиво аваад бид нар Дархан-50 цогцолбор дээр очиж машин дотор ууцгаасан. Би урд талын хоёр суудалны дундуур толгойгоо хийгээд зам хараад явж байхад замын голд нэг согтуу хүн зам голлоод хоёр тийшээ гуйваад алхаж байсан. Сэргэлэн тулж ирээд тормозоо гишгэж зогсоод тэр согтуу хүний хажуугаар тойроод гарах гэхэд тэр согтуу хүн өөрөө гуйвж орж ирээд машины толинд цохигдоод газар унасан. Ууганбаяр, Сэргэлэн бид нар тэр ахыг замын хажууд суулгаад машиндаа суугаад 50 метр орчим явж байхад нэг цагдаа машин зогсоож шалгасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/,

 

Гэрч А.Нарангэрэлийн “...Тэр хүн машины миний сууж явсан хаалгыг мөргөөд цаашаа унасан.  Бид нар тэр ахыг машин замаас нөгөө тал руу гаргаж орхиод цаашаа явж байтал цагдаа таараад бид нарыг саатуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1022 дугаартай “...А.Батзоригийн биед зүүн шилбэний битүү хугаралтай гэмтэл тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25/,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-4/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 8/

 

Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хавтаст хэргийн 6-7/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч А.Батзориг “Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаар хүсэлт ирүүлсэн байх тул шүүгдэгч С-гээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С- нь хөнгөн гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдал, мөн түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаан шувуут овгийн Мөнхбаатарын Сэргэлэнг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 7.3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 3.4-т зааснаар С-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

3. Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Шүүгдэгч С-гээс гаргуулах төлбөргүй, хохирогч А.Батзориг нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдсугай.

 

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг С-д сануулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон ”тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, хорих ял оногдуулах болохыг сануулсугай.

7. Энэ хэрэгт хураагдан ирсэн С-гийн №1175866 тоот жолоочийн үнэмлэхийг “тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалт тогтоосон шийдвэрийг биелүүлэх зорилгоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж, хуульд заасан журмын дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ГЭРЭЛТ-ОД