Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2022/ДШМ/1161

 

                                  

          

М.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг, 

шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Э.Гомбо, 

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан, 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/983 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Г-ийн өмгөөлөгч Э.Гомбо давж заалдах гомдол гаргасныг үндэслэн шүүгдэгч М.Гд холбогдох 2209000001403 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандах илтгэснээр хянан хэлэлцэв.

............. овгийн М.Г, ......... оны ..... дугаар сарын .....-ний өдөр ......... төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, механикч мэргэжилтэй, ........................ ажилтай, ам бүл 1, ...................................... тоотод түр оршин суух; 

М.Г нь 2022 оны 7 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М” худалдааны төвийн ойролцоо хохирогч С.Хансүндэртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, гараараа нүүрэн тус газар нь цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт   хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Г-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Гэс нийт 8,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Х-д олгож, хохирогч нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурдаж шийдвэрлэжээ. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбо давж заалдах гомдол болон шүүх хуралд гаргасан тайлбартаа: ...шүүгдэгч М.Г нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатнаас өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч С.Хд эмнэлгийн тусламж үзүүлэн түүнтэй холбогдон гарсан зардлыг бүрэн төлсөнөөс гадна цаашид гарсан хохирол, гэм хорыг хуульд заасны дагуу хохирогч иргэний журмаар нэхэмжлэсэн тохиолдолд гэм хорыг арилгахаа шүүх хуралдааны явцад илэрхийлсэн байх ба улсын яллагч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн”, 1.4 дэх хэсэгт “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч М.Г нь “Ньюком Майнинг Сервис” ХХК-д 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хойш одоог хүртэл үр бүтээлтэй ажиллаж хөдөлмөрлөж өөрийн хүү Г.С-ийг өсгөн хүмүүжүүлдэг хувийн байдлыг тус тус харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дахь хэсэгт заасан “Торгох ял”-аар шийтгүүлэх санал гаргасан боловч шүүх нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/983 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч М.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчтэй санал нэг байна. Нийтэд тустай ажил хийх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэв.

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, хувийн байдлыг харгалзан тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг М.Гд холбогдох 2209000001403 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

М.Г нь 2022 оны 7 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “М худалдааны төвийн ойролцоо хохирогч С.Хансүндэртэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь цохиж, зодон С.Хансүндэрийн эрүүл мэндэд нь “...зүүн чамархай, нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд цус хуралт, зүүн ухархайн доод ханын хугарал, нүдний алимын салстад цус харвалт, баруун, зүүн өвдөгт зулгаралт...” гэсэн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч С.Х-ийн: “...Ажлын таарамжгүй харилцааны улмаас М.Г нь намайг хэд хэдэн удаа цохисон. ...” /хх 10/,

гэрч Ц.Б-ын: “...Гал-Эрдэнэ нь С.Х-ийг таксинд суулгана гээд зогсож байснаа гэнэт зодолдоод эхэлсэн. Гал-Эрдэнийн биед ил харагдах шарх, сорви байгаагүй харин С.Хансүндэрийн зүүн нүд нэлээд хөхөрсөн байсан...” /хх 15-16/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 10223 дугаартай “...С.Х-ийн биед зүүн чамархай, нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн завжинд цус хуралт, зүүн ухархайн доод ханын хугарал, нүдний алимын салстад цус харвалт, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх 23-24/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч М.Г-ийн С.Х-тэй маргалдаж, түүний нүүрэн тус газар нь цохиж, зодон эрүүл мэндэд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжтэй байна.

Анхан шатны шүүхийн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч М.Г-ийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцжээ.  

Хохирогч С.Хансүндэрийн нэхэмжилсэн хохирлоос нотлох баримттайгаар нэхэмжилсэн (шүүх эмнэлэгт шинжээчийн дүгнэлт гаргуулсан) 8000 төгрөг /хх 41/-ийн төлбөрийг М.Гэс гаргуулан хохирогчид олгохоор, нүдний имплант суулгахад шаардлагатай гэх 2,500,000 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах төрлийн ялуудаас шүүх шүүгдэгч М.Гд нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон 300 цагийн хугацаагаар оногдуулсан нь шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдэх болсон нөхцөл байдал, хохирогчид учруулсан гэмтлүүдийн хэр хэмжээнд тохирсон байна.

Мөн шүүхээс М.Гд нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.    

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбын “...Нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/983 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.     

  2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАТСАЙХАН

              ШҮҮГЧ                                                          Б.АРИУНХИШИГ

              ШҮҮГЧ                                                          Д.ОЧМАНДАХ