Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/03853

 

 

 

 

 

 

 

 

2024 09 20 182/ШШ2024/03853

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ............ тоот хаягт байрлах, Г ББСБ ХХК /РД:0000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б /РД:00000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Г ББСБ ХХК-аас А.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,135,585 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхээс хариуцагч этгээд А.Б-гийн хаягаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолтоор тогтоогдсон тул манай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

А.Б нь 2021.03.31-ний өдөр манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа ................. тоотод оршин суудаг байсан.

2022 оны 04 сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл тухайн хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн тодорхойлолт үндэслэн 2022 оны 05 сарын 11-ны өдрийн 101/ШЗ2022/11601 тоот захирамжаар хэрэгсэхгүй болгож шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.

2022 оны 11 сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 182/2022/03287 тоот эрэн сурвалжлах шийдвэр гарч, 2023 оны 03 сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсээс ирүүлсэн 28жн-2/784 дугаартай албан тоотод .............. тоотод оршин сууж байгааг олж тогтоосон. 2024 оны 04 сарын 30-ны өдөр дээрх хаягаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024 оны 05 сарын 30-ны өдрийн 101/ШЗ2024/15332 тоот захирамжаар тус хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон.

Үүнээс шалтгаалан манай байгууллага нэхэмжлэлээ шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байдалд хүрээд байна.

Иймд А.Б-г эрэн сурвалжилж өгнө үү... гэжээ.

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 3 х/,

-Улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.12-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 4 х/,

-2024.08.08-ны өдөр олгосон итгэмжлэл /хх-ийн 5 х/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.30-ны өдрийн 101/ШЗ2024/15332 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 6-7 х/,

-Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн 2023.03.02-ны өдрийн 28Ж/784 тоот албан бичиг /хх-ийн 8 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.11.10-ны өдрийн 182/Ш2022/03287 дугаартай шүүхийн шийдвэр /хх-ийн 9-11 х/,

-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.05.11-ний өдрийн 101/ШЗ2022/11601 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 12-13 х/,

-2021.03.31-ний өдрийн 2284 дугаартай Зээлийн гэрээ /хх-ийн 14-16 х/,

-Зээл хүсэгчийн анкет /хх-ийн 17 х/,

-А.Б-гийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 18 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б-гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021.03.31-ний өдрийн 2284 дугаартай Зээлийн гэрээнд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б-гийн оршин суух хаягийг ................. тоот гэж тодорхойлсны дагуу Г ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 2,135,585 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.30-ны өдрийн 101/ШЗ2024/15332 дугаартай шүүгчийн захирамжаар А.Б нь нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 6-7 х/,

 

А.Б нь Г ББСБ ХХК-тай 2021.03.31-ний өдрийн 2284 дугаартай Зээлийн гэрээ байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г ББСБ ХХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 14-16 х/,

 

А.Б нь 2021.03.31-ний өдрийн 2284 дугаартай Зээлийн гэрээнд тусгагдсан дээрх хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.05.30-ны өдрийн 101/ШЗ2024/15332 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, Г ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-ийн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр тус тус тогтоогдлоо.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд Г ББСБ ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б-гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох А.Б /РД:00000000/-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар А.Б-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА