Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2024/0422/З |
Дугаар | 128/ШШ2024/0519 |
Огноо | 2024-06-17 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 128/ШШ2024/0519
2024 06 17 128/ШШ2024/0519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С******* э*******” ХХК /РД:6*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б******* нарын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Ашигт малтмал, газрын тосын газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэх тухай 166 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг “С******* э*******” ХХК-д шилжүүлж шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр байх хугацааг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “С******* э*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг шинээр тооцохыг даалгах” гэж тодорхойлсон.
Хоёр:Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нэхэмжлэгч компани нь З******* аймгийн С******* сумын Сант нэртэй газарт орших 2394,79 гектар талбайд XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг.
2.2.Уг тусгай зөвшөөрлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШЗ2024/ дугаар захирамжаар 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №БГ-2 дугаар Барьцааны гэрээг “Ч” ХХК-ийн “Х ф******* ББСБ” ХХК-тай байгуулсан бөгөөд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн.
2.3.“Х ф******* ББСБ” ХХК-иас 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 24/21 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “С******* э*******” ХХК-д шилжүүлэх саналыг гаргасан байна.
2.4.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч “С******* э*******” ХХК-д шилжүүлснийг бүртгэж шийдвэрлэсэн байна.
2.5.Нэхэмжлэгч компаниас уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэхдээ тусгай зөвшөөрлийн анх олгосон огноо, хүчин төгөлдөр байх хугацаа, дуусах хугацаа зэргийг тусгалгүй орхигдуулж шийдвэрлэсэн гэж үзэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ:
Манай компани нь З******* аймгийн С******* сумын Сант нэртэй газарт орших 2394,79 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэх тухай" 166 дугаар шийдвэрээр бусаас шилжүүлэн авсан. Уг тусгай зөвшөөрлийг өмнө нь эзэмшиж байсан "Ч" ХХК нь "Х ф******* ББСБ" ХХК-тай 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн № БГ-2 тоот Барьцааны гэрээг байгуулж, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасны дагуу барьцаалсан ба "Ч" ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул "Х ф******* ББСБ" ХХК-аас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан байна. Улмаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/ дугаар захирамжаар "Ч" ХХК-ийг Зээлийн гэрээ, барьцааны гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болохыг тогтоож шийдвэрлэсэн бөгөөд "Х ф******* ББСБ" ХХК-иас З******* аймгийн С******* сумын нутаг дахь Сант нэртэй 2394.79 гектар талбай бүхий XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг хүссэн TR-009374 дугаартай өргөдлийг хууль, журмын дагуу гаргасан. "Х ф******* ББСБ" ХХК-иас Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй" гэж заасны дагуу манай компани өр төлбөрийг барагдуулахаар болж ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахаар болсон.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс "Х ф******* ББСБ" ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн TR-009374 дугаартай өргөдлийг хянаж үзээд З******* аймгийн С сумын нутаг дахь Сант нэртэй 2394,79 гектар талбай бүхий XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч "Ч" ХХК нь 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №БГ-2 Барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/ дугаар захирамжаар тогтоогдож байх тул "Х ф******* ББСБ" ХХК-иас "С******* э*******" ХХК-д шилжүүлэхийг хүссэн өргөдлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэх тухай" 166 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийг манай компанид шилжүүлсэн байна. Тус шийдвэрийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 10/1920 дугаар албан бичгээр "...ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр танай компанид шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийхийг мэдэгдсэн ба тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болох"-ыг мэдэгдсэн.
Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэх тухай" 166 дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно", 7.4-д "Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно", 11 дүгээр зүйлийн 11.1.15-д "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх", 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах", 51 дүгээр зүйлийн 51.7-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй", 52 дугаар зүйлийн 52.2-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана" гэж заасныг тус тус үндэслэсэн шийдвэр гарсан байна. Манай компанийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 06/24 тоот албан бичгээр дээрх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 166 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч урьдчилан шийдвэрлүүлэх журмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гомдол гаргасан ба уг гомдлын хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 1/1982 дугаар албан бичгээр "... Гомдолд дурдсан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 85 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 144 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 114 дүгээр тогтоолоор "...тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн тооцох эрхийг шилжүүлэн авсан этгээдэд эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгох..." нь зүйтэй гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ" гэж заасны дагуу шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн байна. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд Тусгай зөвшөөрлийг барьцааны дагуу бусдад шилжүүлэхийг зохицуулсан ба тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн тогтоох эрх зүйн зохицуулалт байхгүй тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй" гэсэн хариуг өгсөн байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс З******* аймгийн С******* сумын нутаг дахь Сант нэртэй 2394,79 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу манай компанид шилжүүлж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тусгалгүй орхигдуулж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэх тухай" 166 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно", Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д "Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ", 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах", Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно", 2-т "Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно" гэж заасныг зөрчсөн байна. Зүй нь манай компанид ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу шилжүүлж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн анх олгосон огноо, хүчин төгөлдөр байх хугацаа, дуусах хугацаа зэргийг тусгах зайлшгүй шаардлагатай байсан ба манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн тооцох ёстой байжээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Улсын дээд шүүх, түүний бүрэн эрхийг хуульчилсан байх бөгөөд 25.4-т "Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана" гэж, 25.7.5-д "Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх", 25.7.5.а-д "шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах", 25.7.5.б-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн”, 25.7.5.в-д "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн" 25.7.5.г-д "эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой" гэж тус тус заасан байна.
Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 114 дүгээр тогтоолоор "... Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэж тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн тооцох эрхийг шилжүүлэн авсан этгээдэд эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож хугацааг шинээр тооцох" талаар шийдвэрлэсэн байдаг ба энэ талаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдолдоо дурьдсан боловч шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудал нь манайд хамааралгүй гэсэн хариуг өгч байгаа нь үндэслэлгүй байна. Ашигт малтмал, газрын тосны газраас ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн барьцаалбарыг бүртгэж, улмаар тус тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу "С******* э*******" ХХК-д шилжүүлэхээр бүртгэж шийдвэрлэсэн атлаа хүчин төгөлдөр байх хугацааг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэх тухай" 166 дугаар шийдвэртээ орхигдуулж шийдвэрлэн, мэдэгдэлдээ "... хүчин төгөлдөр байх хугацааг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болно" гэсэн нь манай компани нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. "Ч" ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу шилжүүлэхтэй холбоотойгоор асар их хэмжээний зардлыг манай компаниас гаргасан ба энэ хугацаанд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хүчин төгөлдөр байх хугацааг хэрхэн тооцож байгаа талаар огт мэдэгдэж байгаагүй, урьдчилан сануулж байгаагүй болно. Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэх тухай" 166 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг "С******* э*******" ХХК-д шилжүүлж шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр байх хугацааг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, "С******* э*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг шинээр тооцохыг даалгаж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. “Хера ф*******” банк бус санхүүгийн байгууллагаас “С******* э” компанид санал тавьсан. Манай компани зээлийн барьцаанд байгаа тусгай зөвшөөрөл шилжүүлж авах боломжтой эсэх талаар, Ч зам компани дээр бүртгэлтэй байсан тусгай зөвшөөрлийг шилжүүлж авахын тулд ямар нөхцөл шаардлага байдаг, ямар баримт материал цуглуулж хаана хаана ханддаг талаар судалсан. Ашигт малтмал газрын тосны газартай удаа дараа очиж уулзсан. “С******* э” компани судалж байгаад тусгай зөвшөөрлийн шийдвэр шилжүүлэн авахаар шийдвэрлэж, өргөдлөө гаргаад өргөдлийг Ашигт малтмал улсын тосны газраас өөрийн бүрэн эрхийнхээ өмнө шийдвэрлэсэн.
Бид Ч цаг компаниас тухайн зээлийн барьцаанд байсан өр, тухайн тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа бүрдүүлэх үйлчилгээний хөлс, мөн татварын татвар төлөх ёстой гэх мэтчилэн ийм зардлуудыг гаргасан. Кадастрын хэлтсийн даргын 103 дугаар шийдвэрээр манай тусгай зөвшөөрлийг шилжүүлж бүртгэсэн хэр нь тусгай зөвшөөрөл нь 05 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болгосныг мэдэгдэж байгаа нь өөрөө манай компанийн албан ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж байна гэж бид үзэж байгаа.
Үндэслэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг хэлнэ. Манайх болохоор Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гэж заасан. Тэгэхээр манай компани татвар төлөгч хуулийн этгээд. Бид уг асуудлаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Ашигт малтмал газрын тосны газрын даргад гомдол гаргасан. Гомдол гаргасны хариуд Ашигт малтмалын агентлагийн даргаас хүлээж авах боломжгүй, эрх зүйн зохицуулалт байхгүй гэсэн хууль бус хариу өгч байгаа юм.
Бид хуульд заасан нөхцөл журмын дагуу тусгай зөвшөөрлийг шилжүүлж аваад байхад тусгай зөвшөөрлийг ямар хугацаатай яаж олгох, хэдий хугацаанд дуусах талаар нарийвчлан заагаагүй эрх зүйн зохицуулалт байхгүй гээд хүлээж авахгүй байгаа нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй.
Хууль зүйн үндэслэлийг дурдахад Ашигт малтмалын тухай хуульд зааснаар 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах хайгуулын тусгай зөвшөөрлийг мөн Зөвшөөрлийн тухай хууль дээр тусгай зөвшөөрөлтэй эрхэлж байгаа тусгай зөвшөөрлийн хугацаа 5 жилээс доошгүй байна гэх мэтчилэн ийм хууль эрх зүйн зохицуулалтууд нь байгаад байна. Захиргааны байгууллага өөрөө энэ хугацааг тооцож шийдвэрлэхгүй байгаа хууль бус эс үйлдэхүй байна. Эс үйлдэхүйн талаар Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д зааснаар хуульчлаад зохицуулсан байна . Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй эсвэл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор заасан.
Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гээд ингээд маш тодорхой захиргааны байгууллагын хэрэгжүүлэх эрх, үүрэг, чиг үүргийг маш тодорхой заасан байхад “С******* э” компанийн байгууллагын тусгай зөвшөөрөлд шилжүүлж бүртгэсэн мөртөө хугацааг нь дуусгавар болгож шийдвэрлэж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэсэн ийм хүсэлтэй байна” гэв.
3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
“С******* э*******" ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн "...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэх тухай" 166 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг "С******* э*******" ХХК-д шилжүүлж шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр байх хугацааг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, "С******* э*******" ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн хугацааг шинээр тооцохыг даалгах" шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
З******* аймгийн С******* сумын нутаг дахь Сант нэртэй 3952 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр "Э и" ХХК-д анх олгосныг Геологи, уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 450 дугаартай шийдвэрээр "Ч" ХХК-д шилжүүлсэн байна. "Ч" ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтад "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах" гэж заасны дагуу Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 379 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2011 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн, Кадастрын хэлтсийн даргын 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2014 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс тооцон 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн, Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 166 дугаартай шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс тооцож 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийлгэсэн.
Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэх тухай" 166 дугаар шийдвэрээр "Ч" ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийг "С******* э*******" ХХК-д шилжүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай" 10/1920 дугаартай албан бичгээр тус компанид мэдэгдсэн. Ашигт малтмал, газрын тосны газрын вэб сайтад 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл барьцаалагч банк санхүүгийн байгууллагад анхааруулж, 2024 оны 5 дугаар сард ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хүснэгтэд заасан хугацаанд Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйл болон 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу төлж бүртгүүлэхийг хүссэн зар байршуулсан. Дээрх хүснэгтийн 19-д "С******* э*******" ХХК-ийн төлбөр төлөх огноог 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр болохыг тогтоосон байна. "С******* э*******" ХХК-ийн маргаж буй нэхэмжлэлийн үндэслэлдээ:
1."Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс З******* аймгийн С******* сумын нутаг дахь Сант нэртэй 2394,79 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу манай компанид шилжүүлж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тусгалгүй орхигдуулж шийдвэрлэсэн байна" гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэх тухай" 166 дугаар шийдвэр Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно", 7.4-д "Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно", 11 дүгээр зүйлийн 11.1.15-д "ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцаан өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх", 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах", 51 дүгээр зүйлийн 51.7-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй", 52 дугаар зүйлийн 52.2-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52 1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана" гэж заасныг тус тус үндэслэн шийдвэрлэсэн. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэхийг зохицуулсан заалтад мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21 дэх заалтад "тусгай зөвшөөрөл эзэмшигч" гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг хэлнэ гэж хуульчилсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн тооцох эрх зүйн зохицуулалтгүй байгаа тул төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.
2.Мөн нэхэмжлэгч нь "... Өөрөөр хэлбэл, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн "Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэх тухай" 166 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д "Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно", Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6-д "Сонгон шалгаруулалтад шалгарсан хуулийн этгээд эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 34.1-д заасан хугацаанд төлсөн бол төрийн захиргааны байгууллага ажлын 3 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож, хайгуулын тусгай зөвшөөрөл болон олгогдсон талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ", 21 дүгээр зүйлийн 21.1.5-д "энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах", Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно", 2-т "Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно" гэж заасныг зөрчсөн байна" гэж нэхэмжлэлдээ дурдаж маргасныг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дугаартай тогтоолоор “Шүүх нь Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хууль, Монгол Улсын соёрхон баталж, нэгдэн орсон олон улсын гэрээг хэрэглэхээс гадна Үндсэн хуульд харшлахгүй бол олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээг төсөөтэй хэрэглэж болно, Иргэний болон захиргааны эрх зүйн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй бол шүүх төсөөтэй харилцааг зохицуулж байгаа хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ, Тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус, түүнчлэн хуулийн зүйл, заалт хоорондоо зөрчилтэй, шударга ёсонд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс, хэргийг шийдвэрлэхээс татгалзаж болохгүй” гэж зааснаас үзэхэд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тухайн нэхэмжлэлийг хянан захиргааны хэрэг үүсгэсэн байна. Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 2 дугаартай зөвлөмжөөр Эрх зүйн маргаантай харилцааг тогтоох, хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэх шүүгчийн ажиллагаанд хуулийг алдаа мадаггүй хэрэглэхийн гол шалгууруудын нэг нь хууль хэрэглээний үндсэн зарчмуудыг чанд баримтлах явдал юм, мөн Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй бол тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулна гэж заасан, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт .... Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ", 11.6 дахь хэсэгт "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ байхгүй, эсхүл байгаа нь тодорхой бус гэсэн үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах эрхгүй" гэж зөвлөмж гарсан нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байх бөгөөд төрийн захиргааны байгууллагаас нарийвчлан зохицуулагдаагүй, хуульд холбогдох заалтгүй байхад төрийн захиргааны байгууллагын шийдвэр, мэдэгдлийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
3.Нэхэмжлэлийн үндэслэлдээ ".... Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 114 дүгээр тогтоолоор "... Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлснийг бүртгэж тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн тооцох эрхийг шилжүүлэн авсан этгээдэд эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгож хугацааг шинээр тооцох талаар шийдвэрлэсэн байдаг ба энэ талаар урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гаргасан гомдолдоо дурдсан боловч шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэсэн асуудал нь манайд хамааралгүй гэсэн хариуг өгч байгаа нь үндэслэлгүй байна" гэжээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт "...Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана", 25.7.5 дахь заалтад "Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх", 25.7.5.а. "шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах...", 25.7.5.б. "хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн", 25.7.5.в. "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн", 25.7.5.г. "эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой" гэж тус тус хуульчилсан бөгөөд Шүүхийн тухай хуулийн заалтыг болон "С******* э*******" ХХК-д хамааралгүй шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг үндэслэн шийдвэрлэх боломжгүй болно.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Хариуцагчийн итгэмжилсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 166 дугаартай шийдвэрээр тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу тус тус шилжүүлэх тухай шийдвэр гарсан. Уг шийдвэрээр “К Т” компаниас “С******* э” компанид шилжүүлэн бүртгэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу тус компани 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10/1920 дугаартай шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлсэн. Тухайн мэдэгдэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болгохыг мэдэгдсэн.
Тус компаниас манай агентлагт 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр гомдол гаргасан. Тус албан бичигт агентлагийн даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний 1/1982 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. Тус хариунд Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйлд тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэхийг зохицуулсан ба тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн тооцох эрх зүйн зохицуулалт байхгүйн тулд танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Тус хариу нь хуульд нийцэж байгаа гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгана гэдэг. Энэ хуулийн зохицуулалтаар нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын хугацаа 12 жил дууссан, 05 дугаар сарын 20 нэгнийг дуусгавар болж байгаа. Ашигт малтмалын тухай хуулийн 52 дугаар зүйл дээр барьцааны гэрээний үндсэн дээр шилжүүлж байгаа болохоос биш шилжүүлэхийг л хуульчилсан болохоос биш тэр хугацааг нөхөж олгох, тийм хугацааг нэмж тооцуулах талаар эрх зүйн зохицуулалт байхгүй. Төрийн захиргааны байгууллагаас энэ хуулийн хугацааг нэмж тооцож олгох ийм боломжгүй юм гэж үзэж байгаа юм. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэсэн ийм тайлбартай байгаа” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэрэгт “тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу өөр этгээдэд шилжүүлсний дараа тусгай зөвшөөрлийн хугацаа тоолох” хууль хэрэглээний маргааны үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2024/0 дугаартай “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн дагуу З******* аймгийн С******* сумын Сант нэртэй газарт орших 2394,79 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд эзэмшигч “Ч цаг” ХХК-иас гаргуулж, “Х ф*******” банк бус санхүүгийн байгууллагад олгохоор шийдвэрлэсэн байна.
2.2.Уг тусгай зөвшөөрөл нь 2008 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Э-И” ХХК-ийн нэр дээр анх олгогдож /ХХ-ийн 11 дэх тал/, 2011 онд “Ч цаг” ХХК-д шилжүүлж /ХХ-ийн 12 дахь тал/, хуульд заасан журмын дагуу сунгагдаж буюу Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэрээр уг тусгай зөвшөөрлийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан болох нь *******Х дугаартай тусгай зөвшөөрөл дээр тэмдэглэсэн тэмдэглэгээгээр нотлогдож байна. /Эдгээр үйл баримтууд нь маргааны зүйл биш учраас шүүх нотлох баримтаар цуглуулах шаардлагагүй гэж үзсэн/
2.3.Ийнхүү “Ч цаг” ХХК-ийн хувьд түүний эзэмшиж байсан З******* аймгийн С******* сумын Сант нэртэй газарт орших 2394,79 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа Ашигт малтмалын тухай хуулийн 21.1.5-д заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болох байна.
2.4.Дээрх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 183/ШШ2024/0 дугаартай захирамжийн дагуу “Х ф*******” банк бус санхүүгийн байгууллагаас “Ч цаг” ХХК нь ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг “С******* э*******” ХХК-д шилжүүлэх өргөдөл болон хүсэлтийг тус тус бичгээр гаргаж, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлжээ. /ХХ-ийн 36-37 дахь тал/
2.5.Том татвар төлөгчийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 02/549 дүгээр албан бичгээр “Ч цаг” ХХК-ийг эрх борлуулсны төлбөрт 23,373,710 төгрөг төлсөн болохыг тодорхойлж, “Ч цаг” ХХК нь эрх шилжүүлсний татвар төлснөө Ашигт малтмал, газрын тосны газарт хандан албан бичгээр мэдэгджээ. /ХХ-ийн 77 дахь тал/
2.6.Дээрх баримтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 166 дугаар тушаалаар “... З******* аймгийн С******* сумын Сант нэртэй газарт орших 2394,79 гектар талбай бүхий XV-*******Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ч цаг” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүй ... байх тул “Х ф*******” банк бус санхүүгийн байгууллагаас “С******* э*******” ХХК-д шилжүүлснийг бүртгэж шийдвэрлэжээ. /ХХ-ийн 30 дахь тал/
2.7.Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10/1920 дугаартай албан бичгээр “С******* э*******” ХХК-д хандаж, Шийдвэрийн дагуу мэдэгдлийг хүргэж, ингэхдээ уг мэдэгдэлдээ “Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1. дэх хэсэгт заасны дагуу дээрх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болохыг мэдэгдсэн байна. /ХХ-ийн 31 дэх тал/
2.8.Улмаар “С******* э*******” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандан “... манай компанид ашигт малтмалын хайгуулын XV-*******Х дугаартай тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу шилжүүлж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн анх олгосон огноо, хүчин төгөлдөр байх хугацаа, дуусах хугацаа зэргийг тусгах зайлшгүй шаардлагатай байсан ба манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн тооцох ёстой” гэсэн гомдлыг гаргасныг тус даргаас шийдвэрлэхээс татгалзжээ.
2.9.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д заасны дагуу барьцаалагч “Х ф*******” банк бус санхүүгийн байгууллага болон тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авах хүсэлт гаргасан “С******* э*******” ХХК-д “урьдчилан” XV-*******Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх дуусгавар болж байгаа, эрх шилжсэн тохиолдолд хэрхэн тооцох талаар огт мэдэгдэж байгаагүй атлаа, хариуцагчийн үзэж байгаагаар 26 хоногийн дараа дуусгавар болох ёстой гэж үзсэн тусгай зөвшөөрлийг шилжүүлсний дараа дуусгавар болохыг мэдэгдсэн нь төрийн захиргааны байгууллагын “үйлчилгээ үзүүлэх” чиг үүрэг, зорилго, мөн чанарт огт нийцэхгүй үйлдэл гаргасан зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1-т “Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “Нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгоно” гэж, 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” эрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөл эзэмшигчийн эрх болгож тогтоогдсон байна[1].
3.2.Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээргүй, эсхүл энэ хуулийн 22, 28 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч нь мөн хуулийн 7.1-д заасан эрх бүхий этгээдэд тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг тэргүүн ээлжинд гаргах эрхтэй” гэж, мөн зүйлийн 51.8-д “Тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 14-өөс доошгүй хоногийн өмнө төрийн захиргааны байгууллага энэ тухай тусгай зөвшөөрөл барьцаалагчид мэдэгдэх бөгөөд барьцаалагч энэ мэдэгдлийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 51.7-д заасны дагуу шилжүүлэх саналыг уг албанд ирүүлнэ” гэж, 52 дугаар зүйлийн 52.1.5-д “тусгай зөвшөөрөл шилжүүлэн авч байгаа этгээд түүнийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрч байгааг нотлох баримт” гэж, мөн зүйлийн 52.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 52.1-д заасан баримт бичгийг хянаж, тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж тус тус заажээ.
3.3.Гэвч энэ хуульд заасан хугацаа нь дуусаж байгаа тусгай зөвшөөрлийг хугацааг хэрхэн тооцох талаар хуулийн зохицуулалт байхгүй байгаа боловч 51 дүгээр зүйлийн 51.7, 51.8-д зааснаар тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох нөхцөл бүрдсэн тохиолдолд төрийн захиргааны байгууллага энэ тухай барьцаалагчид 14 хоногоос дээш хугацааны дотор мэдэгдэх, барьцаалагч нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэх саналыг 10 хоногийн дотор гаргах эрх олгосон зохицуулалтаас үзвэл тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 4 хоногоос дээш хугацааны дотор өөр этгээдэд шилжүүлж болох зохицуулалтыг хийсэн байгаа энэ нь тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авсан шинэ этгээдийн хувьд уг хугацааг шинээр тоолох ёстой гэж үзэх логик бүхий зохицуулалт юм.
3.4.Иймд “Ч цаг” ХХК-ийн гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас барьцаалагч “Х ф*******” банк бус санхүүгийн байгууллагаас ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг “С******* э*******” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргаж, үүнийг нь үндэслэн тусгай зөвшөөрөл өөр этгээдэд шилжсэнийг бүртгэсэн нь хуульд нийцсэн бөгөөд ингэж тусгай зөвшөөрлийн эрх шилжсэн тохиолдолд шинээр эрх олж авсан этгээдийн тусгай зөвшөөрөл эзэмших хугацааг шинээр тоолох нь хууль зөрчихгүй болно.
3.5.Нөгөө талаас иргэний эрх зүй дэх “барьцааны эрх”, “барьцаагаар хангагдах эрх” гэдэг ойлголтууд нь эрх зүйн харилцаанд оролцогчийн үүргийн гүйцэтгэлээр хангагдаагүй эрхийг барьцааны зүйлээр хангах, сэргээн эдлүүлэх гэсэн ойлголт, зарчим юм.
3.6.Иймд зээлийн үүргээ гүйцэтгээгүй “Ч цаг” ХХК-ийн үүргийг гүйцэтгэлийг хангуулах зорилготой барьцааны зүйлийг шилжүүлэн авсан “С******* э*******” ХХК-ийн уг тусгай зөвшөөрлийг эзэмшилдээ байлгах, хайгуул явуулж, үр шимийг нь хүрэх эрхийг нь хангах нь Монгол Улсын Үндсэн хуулиар зарласан “хүний эрхийг эрхэмлэн дээдлэх” тунхаглал, Арван есдүгээр зүйлийн 1-т “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалт, төрийн үйл ажиллагааны “шударга ёс”-ны зарчимд нийцнэ.
3.7.Иймд тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг хүлээн зөвшөөрсөн байгаа тул Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасны дагуу байгууллагаас ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг шинэчлэн тооцох нь нэхэмжлэгчийн шилжүүлэн авсан тусгай зөвшөөрлийн хувьд эрх, үүргээ хэрэгжүүлэх боломж олгох нь зүйтэй гэж дүгнэв.
3.8.Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 114 дүгээр тогтоолоор “барьцааны гэрээний дагуу тусгай зөвшөөрөл шилжүүлэн авсан этгээдийн хувьд уг тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн тогтоох талаар” Ашигт малтмалын тухай 19 дүгээр зүйлийг тайлбарлах замаар хэргийг шийдвэрлэсэн байгаа ба Улсын дээд шүүхээс ийнхүү хуулийг хэрхэн хэрэглэх, ойлгох талаар тайлбарлаж, адил тарлийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн байхад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь ийнхүү шүүхийн шийдвэрийн үр нөлөөг алдагдуулан, дахин эрх зүйн маргаан үүсгэж байгаа нь 14-өөс доошгүй хооногийн өмнө хууль бус болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.
3.9.Нэхэмжлэгчийн “манай компанид шилжүүлж шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тусгалгүй орхигдуулж шийдвэрлэсэн” гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг шинээр тоолохыг даалгаж шийдвэрлэж байгаа нь Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 166 дугаар тушаалд уг хугацааг заавал тусгаж шийдвэрлэх ёстой гэсэн дүгнэлт биш бөгөөд хариуцагч нь өөрийн эрх хэмжээний хүрээнд Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн зохимжтой байдлаар шийдвэрлэх ёстой гэсэн ойлголт болохыг анхаарвал зохино.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.4, 106.3.12 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “С******* э*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг барьцааны гэрээний дагуу бусдад шилжүүлэх тухай 166 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын *******Х дугаартай тусгай зөвшөөрлийг “С******* э*******” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр хугацааг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “С******* э*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг шинээр тооцохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “С******* э*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
1.Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8-д хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгож “хайгуулын тусгай олгож” байсан заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцож, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох хугацааг энэ хуулиар зохицуулахгүй болсон байна.