Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 128/2022/0466/З |
Дугаар | 128/ШШ2024/0513 |
Огноо | 2024-06-12 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2024/0513
2024 06 12 128/ШШ2024/0513
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж, шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч А.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “С*******” ХХК /РД:2*******/,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Д.З*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.М*******,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Я.Б*******, Б.Б*******, Ж.Х*******,
Гуравдагч этгээд: С******* яам,
Гуравдагч этгээд С******* яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.У*******, Б.И,
Гуравдагч этгээд “Д-11” Сууц өмчлөгчдийн холбоо,
Гуравдагч этгээд “Д-11” Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Ё.Э
Гуравдагч этгээд “Д-11” Сууц өмчлөгчдийн холбооны өмгөөлөгч Л.Н нарын хооронд үүссэн “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Я.Б*******, гуравдагч этгээд “Д-11” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Булгантамир нарыг оролцуулав.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А дүгээр захирамжаар нэхэмжлэгч компанийн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн дуусгавар болгож шийдвэрлэжээ.
2.2.Нэхэмжлэгч компаниас Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч “С*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ:
“Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар захирамжийг хүчингүй болгуулах. Нэхэмжлэлийн утга: "С*******" ХХК нь С дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 234 тоот захирамж, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 418 тоот захирамж, 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А тоот захирамж, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А тоот захирамж, 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн А тоот захирамжаар С дүүргийн 7 дугаар хороонд байрлах нэгж талбарын 1 дугаар бүхий 3251,0 м.кв /0,3251 га/ газрыг үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар эзэмшиж, газрын эрхийг зохих ёсоор сунгуулж байсан.
Өөрийн эзэмшлийн газартаа Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газраар 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А-1,46 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар, үйлчилгээ, орон сууцны цогцолборын эскиз зургаа батлуулж, 2017 оны 12 дугаар сарын 12 дугаар сарын 25-ны өдрийн 0001151, 0001152 дугаар бүхий барилгын ажлын зөвшөөрөл авч, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зөвшөөрлийн хугацааг сунгуулан холбогдох холбогдох хуульд заасны дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэвч Нийслэлийн Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А дугаар захирамжаар манай компанийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон, энэхүү захирамжийг Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0309 дугаар шийдвэрээр, 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 421 дугаар магадлалаар, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дугаар тогтоолоор эцэслэн дүгнэж, хууль зөрчсөн, алдаатай болохыг тогтоосон. Гэтэл нийслэлийн Засаг дарга өмнөх захирамжийн агуулгад хамаарах асуудлыг дурдаж, "мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилсөн" гэх үндэслэлээр 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дугаартай захирамж гарган манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг дахин хүчингүй болголоо.
"С*******" ХХК нь эрх бүхий байгууллагаас олгосон барилгын ажлын зөвшөөрлийг өөрчлөөгүй байтал нийслэлийн Засаг даргын хууль бус захирамжийн улмаас дахин хохирлоо. Энэхүү маргаан бүхий А тоот захирамж гаргахтай холбоотой Захиргааны ерөнхий хуульд заасан процедурын шаардлагыг хангуулаагүй, эрх, ашиг сонирхол нь хөндөгдөх манай компанид мэдэгдэх, сонсох ажиллагааг явуулаагүй. Учир нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03-06/1150 дугаартай мэдэгдэлд "...2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор холбогдох тайлбар, саналаа ирүүлнэ үү" гэсэн байтал энэхүү албан бичгээ 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Монгол шууданд өгч, манай компанид 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирсэн. Ийм байдлаар тайлбар, саналаа өгөх боломжоор хангалгүйгээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан байна.
Иймд Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.2.Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Манай компани 2004 онд дүүргээс энэ газрыг авсан. 2010 онд Нийслэлийн Засаг даргын мэдэлд очоод тэндээс захирамж гарч нийслэлийнх болгосон. Уг газрыг авахад анх төмөр, бетонон, модон гарааш хогийн цэг байсан. Харин дараа нь С дүүргийн захиргаатай хамтраад тус газрын нутаг дэвсгэрт хамаарч буй талбайд хөрөнгө гаргаж чөлөөлж,тухайн үед гараашийг нүүлгэх шийдвэр гаргаад бүх юмнуудыг нүүлгэж, цэвэрлээд газар дээр нь нэг хашаа барьсан. Өөрт оногдох 3254 метр квадрат талбай дээрээ хашаа бариад байж байтал С дүүрэг шинээр нүүж ирэх болоод тухайн үед газар дээр байсан 3 давхар байшинг буулгаад гуравдагч этгээдийн нэг барилга барих талбай гарсан.
Барилгын ажил дууссаны дараа Сэлбэ голыг өргөн болгож урсгалыг нь өргөн болгоно, клонкжуулна гээд С дүүргийн Засаг даргын орлогч байсан н.Э гэж хүн энд ажиллаж байгаад тэр ажлаа хийх гэсэн голынхоо шороог аваачиж Цагаан даваа руу хаячихаар буцаж дүүрчхээд болохгүй байсан учраас манай талбай дээр байсан уул шиг шороо босгож байж Сэлбийн голын клонк барьж, голыг өргөн болгож тохижилт хийлгэсэн байгаа юм. С дүүрэгтэй бид хамтраад их боломжийн ажиллаж байсан. Гэтэл С дүүрэг энэ барилгаа бариад дууссаныхаа дараа бидэнд ч хэлэхгүйгээр манай газар дээгүүр бохирын шугам тавьчихсан. Тэрийг нь Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн авто үйлчилгээний удирдах газар, Улаанбаатар хотын Хот байгуулалт, хөгжлийн газрын инженерийн алба нь бүгд мэдэхгүй гээд зөвшөөрөл өгөөгүй. Манай компанийн барьж буй барилгын суурийн ажил 2015 оны 07 дугаар сарын 02-нд эхэлсэн байх. Барилгын суурийг ухаж эхлэхэд манай газрын доор бохирын шугам байхгүйгээр зураг төслөө батлуулсан учраас газар доороос олсон бохирын шугамыг хагалсан. Тэгээд тэрийгээ засаж сэлбээд, манай талбай дээгүүр бохирын шугам зөвшөөрөлгүй тавьсан учраас Ус сувгийн удирдах газар, Орон сууц, нийтийн ахуй үйлчилгээний газар, Хотын инженерийн хэлтсээр тусгай зураг гаргуулан батлуулж бохирын шугамыг хажуу тийш нь холдуулсан. Тэгэхдээ зураг төсвийнхөө дагуу батлагдсан. Албан ёсоор мэдээллийн санд өгчихсөн байсныг болиулаад өөрсдийн нь хийснийг гаргаж өгсөн.
Тухайн хугацаанд манай барилгын талбай доогуур бохирын шугам тавьчихсан, байсан учраас бид хажуу тийшээ буюу зүүн тийшээ өөрийн эзэмшлийн газрын барилгын суурь хөдөлгөсөн байгаа. 2019 эсвэл 2020 он оны 01 дүгээр сарын 20-ны үеэр гуравдагч этгээд болон манай хоёрын барилгын дунд байдаг хойноос холбогдсон бохирын шугам задарсан. Манайх ч 5 жил ашиглаагүй байж байсан нүх рүү гуравдагч этгээдийн бохирын шугам задарснаас болж манайх руу бохир ус алдсан учраас хөрс шороог зайлуулах, бөглөрсөн хоолойнуудыг цэвэрлэх байгууламжаар цэвэрлүүлж маш их хөрөнгө зарсан. Тэр үед ковид дөнгөж гарч байсан, эхэлж байсан болохоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар ирсэн С дүүргийн Мэргэжлийн хяналтын газар ч ирсэн, ирээд талбай дээр байгаа зүйлээ цэвэрлэ гэж бидэнд үүрэг өгөөд, бид цэвэрлэж маш их ажил ундарсан. Цэвэрлэсний дараа арай гайгүй болоод шугамыг нь засаж орхичхоод бид талбайнхныхаа бүх хөрс, шороог бүгдийг нь зөөж аваачаад хөрсний оронд шинэ хайрга хийгээд, үнэр нь арилгах гэж маш их юм болсон. Тэгэхдээ мэргэжлийн байгууллагууд бүгдийг нь хийж, бид нэлээн үйлээ үзэж байж тус ажлыг хийсэн байдаг. Тэгээд харин Мэргэжлийн хяналт газар, Нийслэлийн мэргэжлийн байгууллагууд миний хийсэн ажил дээр үнэлж дүгнээд бидний барилгыг үргэлжлүүлэх эрхийг буцааж сэргээж өгсөн.
Ийнхүү ажлаа хийж эхэлснээс хойш бас 2, 3 удаа бохирын шугамууд задарч байснаас шалтгаалан бидэнд барилгын ажлаа хийж гүйцэтгэхэд хүндрэл гарч байсан. Тэгээд зөвшөөрөлтэйгөөр хажуугаар тусад нь тавиад манай барилгын суурь өрөмдөх гээд тавьчихсан бол болох л байсан юм. Яагаад гэвэл бид хамтраад хоорондоо төлөвлөгөөтэй ярьсан. Тэгэхдээ барилгыг нь барьж байсан компани тийм зүйл мэдээгүй байсан байх. С дүүргийн хажууд байгаа кемпийн байгаа газар манайх байсан юм. Тэгээд бид хоорондоо зөвшилцөөд 5000 м.кв хэмжээтэй газрыг чөлөөлж өгсөөр байгаад одоо 3254м.кв болчихсон байсныг би 2, 3 жилийн өмнө мэдсэн. Бид өөрсдийнхөө газар дээр барилгаа барьчхаад, хүний газар дээр орчихсон байсан ч гэсэн би Хот байгуулалт, хөгжлийн газрынхантай ярьж байгаад нэгэнтээ манайх хойд талдаа барилга нь баригдах юм байна. Тэр урд талынхаа газрыг улсын мэдэлд өгчихье та нар ашиглуулчих, хэл ам гаргаад яах вэ гээд би уг нь 757м2 хасуулчихсан байгаа, тэр бичиг нь байгаа. Манай компанийн барилгын гүйцэтгэгч Харү констракшн ХХК бөгөөд захиалагч нар өнөөдөр шүүх хуралдаан дээр ирсэн байна.
Манай компанийн буруугүй гэдэг шалтгаанаас болоод 4 жил гаран болсон барилгын улмаас учирсан хохирлыг хурдан барагдуулах хэрэгтэй. Учир нь манай компани “Д-11” СӨХ-ны өмнө ч буруу байхгүй, номын сангийн өмнө ч буруу байхгүй. Яагаад гэвэл гуравдагч этгээдийн барилга хойно нь авсан гуравдагч этгээдийн барилга нь манай урд байгаа. Өөрийнхөө талбайгаас хасаад гуравдагч этгээдэд өгөөд байхад өшөө давраад гуравдагч этгээдээр оролцоод байгаа нь надад таалагдахгүй байгаа юм. Д-11 СӨХ-ны төлөөлөгч Ё.Э, сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн энэ н.О сууц өмчлөгчдийн холбоогоо тараачихсан хэр нь хуралд ирээд оролцогчоор сууж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“С*******” компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар захирамжаар цуцалсан. Энэхүү захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Засаг дарга холбогдуулж нэхэмжлэл гаргасан. С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000м2 газар эзэмших эрх анх “С*******” ХХК-д 2004 оны С дүүргийн Засаг даргын 234 дугаар захирамжаар үүссэн. Үүнээс хойш Нийслэлийн Засаг даргын 2010 оны 418, 2012 оны А дугаар захирамж, 2015 оны А дугаар захирамж, 2018 оны А дугаар захирамжуудаар тус тус газрын хэмжээ багасаж, газар эзэмших эрхийн хугацааг сунгах байдлаар дараалсан шийдвэрүүд гарч байсан.
Өөрөөр хэлбэл, С дүүргийн Засаг даргын нэг захирамж. Үүний дараа 4 дэх захирамж Нийслэлийн Засаг даргаас гарсан. Ийнхүү газар эзэмших эрхээ хэрэгжүүлээд газар дээрээ 2012 оноос "архитектур төлөвлөлтийн даалгавар"-аа батлуулаад одоогийн каркас 5 давхар хүртлээ баригдчихсан байгаа энэ барилгын төсөл маань анх 2015 оноос хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр 2012 онд зөвшөөрлүүд нь эхнээсээ гараад явсан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг А дугаар захирамжаас өмнө нэг удаа бас цуцалж байсан. Эхний захирамжийн тухайд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр “С*******” компани эрх бүхий байгууллагаас батлагдан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан нь Барилгын тухай хууль болон Газрын тухай хууль тогтоомжид, газар эзэмшигчийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж бусдын газар эзэмших эзэмшилтэй газартай холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөр нөлөөлж байгаа учир гэрчилгээг хүчингүй болгосугай гэдэг агуулга бүхий захирамж гарсан. Энэхүү захирамжийг 3 шатны шүүхээр шийдвэрлүүлээд, шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон. Хяналтын журмаар Улсын дээд шүүх гомдлыг хүлээж аваагүй. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн асуудал байна гэж 6 сарын хугацаанд түдгэлзүүлээд, энэ зөрчил бодитой эсэх асуудлыг тогтоох юм байна, үүнийг захиргаанд даалгаж, түдгэлзүүлэх шийдвэр гарсан. Улсын дээд шүүх гомдлыг хүлээж авахгүй гэдэг танхимын нийт шүүгчдийн хуралдааны тогтоол 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гарсан.
Өнөөдрийн бидний маргаж байгаа акт 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр. цаг хугацааны хувьд бодоод үзэхээр Дээд шүүхийн тогтоол гараад яг бүтэн 6 сарын дараа, 03 дугаар сарын 27-ны өдөр тэр шүүхийн түдгэлзүүлсэн 6 сарын хугацаа дуусаж байгаа. Тэгэхээр 03 дугаар сарын 26, 27-ны өдөр бямба, ням гараг байсан учраас 25-ны өдөр буюу боломжит хамгийн сүүлийн өдрөө Нийслэлийн Засаг даргын захирамжаар маргаан бүхий захирамжийг гаргасан. Захирамжийн агуулга С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны зориулалтаар 3254м.кв газрыг эзэмших “С*******” компанийн мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрлийг дур мэдэн өөрчилж, нийтийн эрх ашигт сөр нөлөөлсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрх дуусгавар болгосугай гээд Д.С дарга гарын үсэг зураад захирамж гарсан байна. Тийм учраас уг захирамжтай холбоотой, нэгдүгээрт эдгээр үндэслэлүүд энэхүү зөрчилтэй холбоотой үндэслэлүүд тогтоогдох уу гэдэг асуудал үүснэ. Хоёрдугаарт Газрын тухай хуулийн аль заалтаар тусгаад байгаа юм гэдэг асуудал үүснэ.
Гуравдугаарт захиргааны үйл ажиллагаа хуульд заасан процессынхоо дагуу явсан уу гэдэг асуудал үүсэж байна. Мэргэжлийн байгууллагаас олгосон барилгын зөвшөөрөл гэж юуг ойлгох юм гэдэг асуудал бол маргаан бүхий захирамжид дурдагдаагүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөр нөлөөлсөн гэдэгт хэнийг хамааруулж ойлгох юм, хэрхэн ямар байдлаар нөлөөлөл бий болгоод байгаа юм, сөрөг үр дагавар нь юу юм гэдэг асуудал энэ маргаан бүхий захирамжаас огт харагддаггүй. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас гаргаж өгсөн тайлбар баримтаар энэ асуудал тогтоогддоггүй. Үндэслэлийн тухайд, хууль хэрэглээний тухайд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар хуульд үндэслэх тусгай зарчмыг захиргаа хэрэгжүүлэх ёстой. Үндсэн хуулийн 1.2-т зааснаар хууль дээдлэх гэж үйл ажиллагааны үндсэн зарчим байх ёстой. Газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах харилцаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар зохицуулагдана. Гэтэл энэ маргаан бүхий захирамж Газрын тухай хуулийг огт хэрэглээгүй гарсан. Тэгэхээр энэ нь маргаан бүхий захирамж хууль бус байх, хүчингүй болгох хангалттай үндэслэл мөн.
Түүнчлэн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр маргаан бүхий захирамжийг гаргасан. Үүнээс өмнө сонсох ажиллагаа хэрэгжсэн эсэх, 6 сарын түдгэлзүүлсэн хугацаанд захиргаа ямар ажил хийсэн юм, нөхцөл байдлыг хэрхэн шинжлэн судалж тогтоосон юм гэдэг асуудал заавал яригдах ёстой. Энэ хугацаанд захиргаа ямар ч ажил хийгээгүй “С*******” компанийг дуудаж газар дээр огт ажиллаагүй. Нөхцөл байдлыг тогтоох, шинжлэн судлах зай хэмжээ, норм стандарт хэний ямар эрх, хэрхэн, яаж хөндөгдөөд байгаа юм гэдэг асуудлыг тогтоох ажиллагаа огт хийгдээгүй. Ингээд 03 дугаар сарын 23-ны өдөр “С*******” компанид хаяглагдсан мэдэгдэл ирсэн бөгөөд үүнд 2022 оны 03 дугаар сарын 27-ны дотор тайлбар саналаа ирүүлэх гэсэн бөгөөд энэ сонсох ажиллагааны мэдэгдэл 03 дугаар сарын 23-ны өдрийн албан бичигтээ холбоотой 03 дугаар сарын 27-ны өдөр тайлбараа ирүүлсэн. Маргаан бүхий акт өөрөө 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гарсан. Бид нарт тайлбар өгөх боломжит хугацаа 03 дугаар сарын 27-нд гэж заасан атлаа 03 дугаар сарын 25-ны өдөр акт гаргачихсан байгаа. Тийм болохоор 03 дугаар сарын 23-ны өдрийнхөө мэдэгдлийг, 03 дугаар сарын 29-ний өдөр шууданд хийсэн. Бид нар маргаан бүхий акт гараад газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болчихсон гэдэг захирамжийг мэдсэний дараа тэр мэдэгдэл нь шуудангаар ирсэн. Энийг бид нар нэхэмжлэлдээ хавсаргаад өгсөн байгаа. Шуудангийн дугтуй дээр гардуулах төв салбар хэрхэн, яаж, хэзээ хүлээж авсан гэдэг дардаснууд нь байгаа.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагч тайлбараа өгөхдөө маргаан бүхий захиргааны актын хуулийн үндэслэлийг дурдаад үндсэн зөрчлийг тодорхойлсон тайлбар хэлсэн. Ямар нэгэн байдлаар тогтоосон нотлох баримт, дүгнэлт, захиргаанаас хийгдсэн ажиллагааны талаар огт тайлбар дээр дурдагддаггүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээд С******* яам болоод “Д-11” СӨХ-оос тайлбаруудыг өгч байсан. С******* яамны тайлбарт 2014 онд барилгын ажил эхлэх явцад батлагдсан зургаар барилгын хойд тал, автомашины зам, ногоон байгууламж, барилгаар тойрсон гарцтай төлөвлөгдсөн байсан. Гэвч барилгын ажил эхлэх явцад Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамнаас контейнер байрлуулж, барилгыг хойд хэсэгт тулган тавьж өндөр төмөр хашаа барьсан. Үүнээс болж барилга хойд талдаа газаргүй, автомашин зорчих галын машин орох, аюулгүй байдал, гамшиг ослын үед авах арга хэмжээний норм дүрэм болгох, холбогдох стандартыг хангах шаардлага хэрэгжихэд асуудал тулгарсан. Нийслэлийн Засаг даргын 2008 оны Үндэсний номын санд С дүүргийн 7 дугаар хороонд газар олгосон ба энэхүү газар дээр 9948м2 талбай бүхий А, Б, В блок буюу 3 блок, зоорины болон 11 давхар номын сангийн барилга баригдаж байна гэж тайлбар дээрээ дурдсан.
Үндэсний төв номын сангийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй, хөндөгдөж байна гэж үзээд өнөөдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа. Үндэсний төв номын сангийн барилгын асуудал өнөөдөр С******* яаманд харьяалалтай хэвээрээ байгаа учраас С******* яамны дараах тайлбар ирснийг дурдлаа. Үндэсний төв номын сангийн барилгын асуудал, ажил, төлөвлөгөө, баримт бичгүүд дандаа манай захирамж, барилгын "архитектур төлөвлөлтийн даалгавар", эскиз зураг, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн дараа гардаг. Өөрөөр хэлбэл урд талд нь 16 давхар барилгын төлөвлөлт хийгдчихсэн байхад ойрхон тулгаад 10 хэдэн метрийн зайтай барилга буюу номын сангийн барилга баригдчихаад байна. Анх газар олголт хийх үед "архитектур төлөвлөлтийн даалгавар" суурь батлагдах үед норм дүрмээ хангуулах, хуульд нийцүүлэх шаардлага С******* яаманд, Үндэсний номын сангийн барилгад тавигдах ёстой. Анхны төлөвлөлтөөр хаалга, үүд болон зогсоол, тохижилт бүгд хойд тал руугаа буюу Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамны талдаа байх ёстой байсан гэдгийг гуравдагч этгээд нь өөрсдөө зөвшөөрдөг. Ийнхүү Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яам хашаа бариад контейнер тавьчихсан учраас бид нар орох гарах гарцгүй болчихлоо. Тийм учраас урд талынхаа барилга нураалгая, газрыг нь хүчингүй болгуулъя. Урд талын барилгаас хамаараад бид нарын эрх зөрчигдөөд холбогдох стандарт норм дүрмүүд нь алдагдаад байна гэдэг ийм агуулга бүхий тайлбар хэлээд манай газар эзэмших эрхийн улмаас өөрсдийнх нь эрх зөрчигдөх боллоо гэдэг үндэслэлээр гуравдагч этгээдээр оролцож байгаа.
Тэгэхээр хэний эрх түрүүлж үүссэн бэ, хэний эрх түрүүлж хамгаалагдах ёстой юм бэ, хэн нь хууль дүрэм зөрчиж байгаа бэ гэдэг асуудлыг нотлох баримт шинжлэн судлах шатанд тусгайлан судлуулна. Үндэсний төв номын сангийн барилга 2013 оны "архитектур төлөвлөлтийн даалгавар"-аар 7 давхар байхаар төлөвлөгдсөн. Эскиз зураг нь яг одоогийн баригдах талаасаа өөр барилга. Одоо баригдаад ашиглалтад орчихсон байгааг нь харахад 11 давхар, эскиз зургаасаа өөр барилга баригдчихсан. Үүнээс юу гэж дүгнэх гээд байна гэхээр 4 давхар нэмж барих хэмжээнд эскиз зургаа зөрчиж барих хэмжээнд холбогдох барилгын зай, стандарт зөрчиж галынхаа норм дүрмийг зөрчиж барилга барьсан субъект нь С******* яам өөрөө юм гэж хэлэх гээд байгаа юм.
“Д 11” СӨХ-ны эзэмшилд хамаарал бүхий “Д 12”-ын А, Б гэдэг 2 ижил барилга тухайн үед 2008 онд “М ө” компани барьсан. Өнөөдөр сууц өмчлөгчдийн холбооны эзэмшлийн эрхэнд, энэ барилга руу шилжсэн байгаа юм. Тус барилга өөрийнхөө эзэмшил бүхий 2083м2 талбай дээр бүтэн барилгажсан ямар нэгэн орц, гарц огт байхгүй. Манай компанийн газар эзэмших эрх болоод “Д 11” СӨХ-ны газар эзэмших эрх хоёр залгаа, хоорондоо ямар ч завсаргүй. Бүтэн барилгажаад 900 гаран метр квадрат, манай компанийн 931,05м2-аар манай эзэмшил газар дээр “Д 11” СӨХ-ны зам байгаа, зогсоол байдаг. Зүүн талын барилгын, зүүн хойд талын өргөтгөл болоод өнцөг нь 48.51м2-аар манай газар руу даваад орчихсон. Үндсэндээ бид нар урьд нь 3254м.кв газар эзэмших эрхтэй боловч урд талд байгаа “Д-11” СӨХ-ны хоёр барилгын нөлөөллийн улмаас бид нар 2000 м.кв газрыг ашиглах зай үгүйтэй байна. Тэгэхээр өнөөдөр “Д 11” СӨХ оршин суугчдын эрхийг бид нар зөрчөөгүй. Харин эсрэгээрээ эдгээр байрны оршин суугчид зам талбай, тохижилт нь манай газар эзэмших эрхийг зөрчиж байна. Хойд талын номын сан бид нараас хойно баригдсан тэгэхээр энэ номын сангийн эрхийг зөрчиж байгаа.
Тэгэхээр хэдийгээр Нийслэлийн Засаг дарга хэний эрхийг зөрчиж байна гэдгийг тодорхойлоогүй боловч бид нар урд талынхаа айлтай болоод, хойд талынхаа айлтай магадгүй зөрчилдсөн, хөндөгдсөн ямар нэгэн байдлаар нөлөөлөл үүссэн байж болох юм гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ингээд тойроод сууцгааж байна. Тэгэхээр энэ хоёр аж ахуйн нэгж сууц өмчлөгчдийн холбоо болоод С******* яамтай, бид нарын үйл ажиллагааны улмаас бид нарын эрх ашиг сонирхолд нь нөлөөлөл бий болсон, зөрчигдсөн зүйл бол огт алга гэдгийг хэлмээр байна. Түүнчлэн “Д-11” СӨХ манай компанийн газар эзэмших эрх хүчинтэй байх үед 2020 онд даалгаврыг барилгын зөвшөөрлийг хүчингүй болгуулъя гэж Захиргааны хэргийн шүүх дээр маргаж байсан “С*******” компани гуравдагч этгээдээр оролцож байсан. Тухайн үед манай компанийн газар эзэмших эрх цуцлагдсаны дараа нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаны үр дагавар юу юм гэхээр дахин энэ асуудлаар маргах эрхгүй болдог. Тэгэхээр бид нарын эрх ашиг сонирхол хөндөгдсөн юм.
“С*******” компанийн газар эзэмших эрх нь хууль бус гэдэг асуудлыг ярих боломж, хууль зүйн боломж “Д 11” СӨХ-ны хувьд дуусжээ, тэр эрхээ алджээ гэж нэг талаасаа үзэх үндэслэлтэй. Тухайн маргаанд хариуцагчаар оролцож байсан Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас “Д 11” СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагад ямар тайлбар өгч байсан гэдгийг дурдмаар байна. Нийслэлийн Засаг дарга 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0 тоот хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд “С*******” компанид Нийслэлийн Засаг даргын А дугаар захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгасан шийдвэр нь хуулиар олгосон бүрэн эрхийнх нь хүрээнд гарсан хууль зүйн үндэслэл бүхий байх тул гэж үндсэндээ “С*******” компанийн талд тайлбарыг Нийслэлийн Засаг дарга өгч байж. Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн тайлбартаа, “С*******” компани нь барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ Барилгын тухай хуульд заасны дагуу баримт бичиг бүрдүүлэн өгснийг судлаад тус газраас баримт бичгийн бүрдэл хангуулсан тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгосон гэж дурдаж байсан. 2020 оны 10 сард хойд талын номын сангийн барилгын ажлын явцтай Ерөнхий сайд танилцах ажлын хүрээнд энэ урд талд байгаа барилга төв номын санд баригдаж байхад, барилга барьж болохгүй гэдэг асуудал өрнөөд энэ газрыг цуцлах гээд үндсэндээ даргын шийдвэрээр явсан. Ямар нэгэн байдлаар хуульд нийцүүлж гарсан захиргааны шийдвэр биш гэдэг тайлбарыг хэлмээр байна. Тухайн үед ерөнхий сайдын ярьж байсан ярианы видео бичлэгийг нотлох баримтаар авагдчихсан байгаа. Нийслэлийн удирдлагуудыг суулгаад Ерөнхий сайд ярихдаа номын сангийнхаа урд талд ийм юмтай байж болохгүй гэдэг асуудлыг ярихад Нийслэлийн удирдлагууд юу гэж хэлсэн гэхээр ““С*******” компани анх ийм байдлаар газар эзэмших эрхээ аваад хэрэгжүүлээд явж байжээ. Ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн зүйл байхгүй байна, тэгэхээр хууль зөрчсөн эсэх асуудал байгаа эсэхийг нь судалъя” гэдэг байр суурийг н.Б орлогч түр орлон байхдаа амаараа хэлж байсан бичлэг байгаа. Ямар нэгэн байдлаар “С*******” компанийн газар эзэмших эрхийг цуцлаад урд талын барилгыг байхгүй болгочихъё гэдэг шалтаг хайж, үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг цуцлаад байна. Газар эзэмших эрхийг цуцлахдаа барилгатай холбож тайлбарлаж байгаа. Тэгэхээр барилгын үйл ажиллагаа тусдаа захиргааны үйл ажиллагаа, газрын эрх нь тусдаа захиргааны шийдвэрээр олгогддог тодорхой хамаарал байх боловч барилгыг алдаатай барилаа, зөв барилаа, буруу барилаа, эсвэл том байна, жижиг байна гэдгээс үл хамааран газрын эрх тусдаа хийгдэх ёстой. Магадгүй барилга дээр танайх давхрынхаа хэмжээг бууруулчих, багасгачих, ингээд зураг төсөлдөө өөрчлөлт оруулчих гэдэг асуудлаар зөвшилцсөн бол бид нар уг асуудлыг хүлээж авах эсэх, боломж байсан байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр тэр барилгаас хамааран шууд газрын эрхийг буюу суурь эрхийг хүчингүй болгож байгаа асуудал Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан шийдвэр, үндэслэл бүхий байх хуулийн нөхцөл байдалд тохирсон байх, энэ зарчмуудыг зөрчиж байна гэж харж байна. Өнөөдөр “С*******” компанийн хэрэгжүүлж байгаа апартмент гээд төсөлд олон оролцогчид байдаг.
Түүнчлэн олон захиалагчид байгаа 2020 онд газар эзэмших эрхийг анхны захирамжаар цуцалснаас хойш 4 жил болчихсон байна. Энэ хугацаанд өнөөдрийн шүүх хуралдаанд ажиглагчаар сууж оролцож байгаа энэ захиалагч нар түрээсийн байранд амьдраад, ах дүү, хамаатан садныхтай амьдраад хохироод, хүлээгээд явж байгаа. Магадгүй энэ төсөл хэрэгжихгүй болоод бид нар төлбөр мөнгийг нь төлж авлаа гэхэд, тухайн үед төлж байсан төлбөрөөр, энэ хүмүүс барилга худалдаж авч байр худалдаж авч чадахгүй. Тэгэхээр барилгын үнэ цэнэ, үнэ өртөг нэмэгдсэн, тухайн үед төлж байсан гэрээ цуцлагдах тохиолдолд хуучин үндсэн эрх нь сэргэхээргүй ийм нөхцөл байдалд байна. Тэгэхээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг шүүх харгалзаж үзээч гэж хүсэж байгаа юм. Миний бие 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 202/44 гэдэг албан бичгээр 9 хуудас бүхий тайлбарыг шүүхэд өгсөн. Хэргийн 3 дугаар хавтасны 194 дүгээр тал дээр авагдсан энэ тайлбарын хүрээнд өнөөдөр миний тайлбарууд болон шинэчлэн судлуулах нотлох баримтууд авагдсан байгаа. Тайлбарын хөл хэсэг дээр дурдаж байгаа нотлох баримтууд хэргийн хаана байгаа гэдгийг тухайлан дурдсан байгаа. Тийм учраас бүх тайлбар маань нотлох баримттай, хууль зүйн үндэслэлтэй байгаа учраас маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөөч гэж хүсэж байна” гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
““С*******" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, түүний 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна. Тайлбар гаргах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А дугаар захирамжаар "С*******" ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 0309 дүгээр шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А дугаар захирамжийг дахин шинэ акт гарах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Улмаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 421 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр 27-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж тус тус шийдвэрлэсэн. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.2-т заасны дагуу Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр 27-ны өдрийн 240 дүгээр тогтоол гарснаас хойш 6 сарын хугацааг тооцож, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дүгээр захирамж гарсан. Ийнхүү Нийслэлийн Засаг даргын маргаан бүхий 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дүгээр захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2 дахь заалт, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.17 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 8.1.2, 8.1.3, 8.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн гарсан захиргааны акт болно” гэв.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нэмэлт тайлбар байхгүй” гэв.
3.6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Энэ хэрэг нь анх 2020 онд үүссэн хэрэг мөн өмнө нь бүтэн хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээр ороод бүхэл бүтэн 6 сарын түдгэлзсэн учраас тайлбараа товчхон гаргая. Нэхэмжлэгч талаас хэлж байгаа Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзээд захирамж гарсан гэж үзээд байгаа юм. Барилгын тухай хуулийг зөрчсөн байна. Газар эзэмших эрх нь газар эзэмших эрх олгох тухай захирамжийг үндэслэдэг. Тэгээд анхан болон давж заалдах шатны шүүхээр ороод түдгэлзүүлээд 6 сарын хугацаанд түдгэлзүүлсэн, түдгэлзүүлсэн байх хугацаанд өнөөдрийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй гуравдагч этгээд С******* яам, “Д-11” СӨХ-оос Нийслэлийн Засаг даргад хандаж гомдол гаргасан байдаг юм. Тухайн гомдлыг үндэслээд С******* яамтай харьцаад С******* яамны эрх ашиг болон “Д-11” СӨХ-ны эрх ашгийг түүнчлэн энд амьдарч байгаа иргэдийн эрх ашиг хөндөгдөөд байна гээд С******* яамтай харьцаад С******* яам болон “Д-11” СӨХ-оос ирсэн өргөдөл гомдлын дагуу бид нар шалгаж үзээд, энэ нь үнэхээр барилгын зураг, барилгын материал зэрэг нь зөрүүтэй юм байна. Тийм болохоор нийтийн эрх ашгийг хөндөх юм байна. Мөн зогсоол, орц, гарц гээд яриад байсан зүйл нь байхгүй болчихсон юм байна гээд манайхаас үүн дээр 2022 оны дүнгүүд нь гаргасан юм. Нэхэмжлэгч талаас хэлж байгаа нь Газрын тухай хуулийн ямар ч заалтыг зөрчсөн юм, яагаад зөрчсөн гээд захирамж гаргаад газар эзэмших эрхийг хүчингүй болгоод байгаа юм гэж байна. Тодруулаад хэлчихье бусад нь тайлбар дээр байгаа. Энэ нь болохоор Захиргааны ерөнхий хууль, Барилгын тухай хуулийг зөрчсөн байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар нийтийн ашиг сонирхолд сөр нөлөөлсөн бол тус иргэн, хуулийн этгээд захиргааны акт хүчингүй болгох эрхтэй. Газар эзэмших эрх өөрөө яаж үүсдэг гэхээр газар эзэмших эрх олгох тухай захирамжийг үндэслэж газар эзэмшигчийн гэрчилгээг үүсгэдэг. Тийм болохоор тус захирамж маань өөрөө хүчингүй болсноор газар эзэмших эрх дуусгавар болно гэж үзэж байгаа” гэв.
3.7.Гуравдагч этгээд С******* яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
“Номын сангийн тухай хуулийн 7.1-д "Монгол Улсын Үндэсний номын сан нь монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий байгууллага байна", 7.5-д "Үндэсний номын сангийн сан хөмрөг төрийн хамгаалалтад байна" гэж тус тус заасан. Монгол Улсын Үндэсний номын санд 3 сая гаруй ном судар хадгалагдаж байгаагаас 1 сая гаруй нь эртний гар бичмэл болон барын ном судар, дэлхийн бичиг үсгийн дурсгалд дахин үл давтагдах ганц хувь хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдаж байна. Тус номын сангийн барилга хуучирч муудан монгол түмний өнө эртний хийгээд эдүгээ цагийн оюун санааны олон ховор, нандин үнэт зүйлсийг стандартын шаардлага хангасан орчин нөхцөлд хадгалах, хамгаалах болон байгалийн гамшиг, цахилгаан, эрчим хүчний гэнэтийн эрсдэл үүссэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж төр, засгийн зүгээс онцгойлон анхаарч Үндэсний номын сангийн шинэ барилга байгууламж барихаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр- ийн "2.6.1-д Үндэсний бахархал, монгол өв соёлыг өвлүүлж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн дараах барилга байгууламжийг барьж ашиглалтад оруулна: 2.6.1.3-д Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиглалтад оруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" гэж заасан. Энэхүү зорилтын хүрээнд дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээтэй уншигчдын тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн, олон улсын номын сангийн стандарт шаардлагад нийцсэн номын сантай болохоор Үндэсний номын сангийн барилгын ажил явагдаж байна. Үндэсний номын сангийн шинэ номын санд монгол болон гадаад хэлний хэвлэмэл ном, хэвлэлийн сан хөмрөгүүдийг шилжүүлэн, цахим болон чөлөөт сонголттой номын сангийн үйлчилгээ зонхилсон, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутан залуус болон гэр бүлээрээ ном унших орчныг бүрдүүлсэн бүх насныхан үйлчлэх үндэсний хэмжээний номын сан юм. Нийслэлийн Засаг даргын 2008 оны захирамжаар Үндэсний номын санд СБД-ийн 7 дугаар хороонд газар олгосон ба энэхүү газар дээр 9948,2 кв.м талбай бүхий А, Б, В блок /Зблок/ зоорийн болон 11 давхар бүхий Үндэсний номын сангийн барилга баригдаж байна. Үүнд: Барилга баригдах явцад дараах хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсэж байна.
1.2014 онд барилгын ажил эхлэх явцад батлагдсан зургаар барилгын хойд талд авто машины зам, ногоон байгууламж, барилгаа тойрсон гарцтай төлөвлөгдсөн байсан. Гэвч барилгын ажил эхлэх явцад АНУ-ын Элчин сайдын яамнаас контейнер байрлуулж, барилгын хойд хэсэгт тулган тавьж өндөр төмөр хашаа барьсан. Үүнээс болж барилга хойд талдаа газаргүй авто машин зорчих, галын машин орох, аюулгүй байдлыг хангах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд галын аюулгүй байдал, гамшиг ослын үед авах арга хэмжээний норм, дүрэм болон холбогдох стандартыг хангах шаардлага тулгарсан.
2.С дүүргийн Төр захиргааны байр авто зогсоол багатай, дүүргийг чиглэсэн иргэд ихтэй байдаг, номын сангийн шинэ барилга бүрэн хэмжээгээр ашиглалтад орсны дараа Монгол Улсын Үндэсний номын сангаар үйлчлүүлэх иргэдийн машин тавих зогсоол, гадна тохижилт ногоон байгууламж хийх, урд талд баригдаж буй 16 давхар барилга баригдсан тохиолдолд үзэгдэх орчингүй, байгалийн гэрэл, дулаан хаах эрсдэл бий болох юм.
3.Ашиглалтад орсны дараа номын сангийн сан хөмрөгүүдийг нүүлгэх, тавилга, техник, тоног төхөөрөмжийг зөөж тээвэрлэхэд хүндрэл үүсэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдлууд үүсээд байна.
4.Соёл, урлаг, боловсролын салбарын Үндэсний байгууллага болох Үндэсний номын сангийн орчны тохижилт, ногоон байгууламж, ажиллагсдын болон уншигч, хэрэглэгчдийн ая тухыг хангах, олон улсын болон үндэсний хот, мужийн номын сангуудын жишиг, хөгжлийн түвшинд хүрэх нөхцөл боломжийг бүрдүүлэх шаардлагад тулгарч байна. Үндэсний номын сангийн барилгын хувьд зөрчигдөж буй хууль тогтоомж, норм стандарт: Номын сангийн барилга нь Монгол Улсад мөрдөгдөж буй MNS ISO11799:2019 "Мэдээлэл ба баримтжуулалт. Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавих шаардлага" стандартад зааснаар эрсдэлийн тооцоог оролцуулсан ерөнхий үнэлгээ нь болзошгүй аюул, заналыг урьдаас тооцсон байна" гэж заасан.
Үүнд: Архив, номын сангийн өв сан бүхий байшин барих газар нь дараах эрсдэлийг харгалзан үзсэн байна. -Байшин барилгыг дараах аюул заналыг тооцож, аюул сааруулах, саармагжуулах замаар доторх өв санг хамгаалахаар зохион байгуулсан байна. Байгаль цаг уурын гадаад орчны хэлбэлзлийн хөнөөлт үр нөлөөг аль болох багасгахын тулд барих байшингийн ерөнхий зүг чиг, хөрсний гулсалт болдог эсэх, барилга барих газар болон байшин барилгын цаг уурын ерөнхий байдалд онцгой анхаарах хэрэгтэй гэсэн шаардлагууд тавигддаг. Мөн Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18.3-т "Барилга байгууламж, гэр хорооллыг гал түймэр унтраах автомашин чөлөөтэй хүрэлцэн очих зам, байрлах тусгайлсан талбайтай, гал түймэр унтраах үед ашиглах усан хангамжтай байхаар төлөвлөнө". Үндэсний номын сан болон "С*******" ХХК-ийн 16 давхар орон сууцны барилгын хоорондын зай зөвхөн автомашины замаар тусгаарлагдаж байгаа нь барилга хоорондын зайн норм, стандартыг зөрчиж байгаа юм. Иймд "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай" Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-т "бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөр нөлөөлсөн", 49.3.5-д "нийтийн ашиг сонирхолд ноцтой сөрөг нөлөө үзүүлэхээс урьдчилан сэргийлэх, эсхүл түүнийг зайлуулахын тулд" захиргааны актыг цуцалж болно гэж заасны дагуу хууль ёсны зөв шийдвэр гэж үзэж дэмжиж байна” гэв.
3.8.Гуравдагч этгээд “Д11” Сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Нийслэлийн засаг дарга А дугаартай захирамж үндэслэлтэй гарсан гэж үздэг. Бид нар үүнийг амаар тогтоосон зүйл биш. Энэ газар нь 4 байцаагчийн 5 дүгнэлт гарсан барилга хоорондын зай алдагдсан байна. Манайх эхэлчихсэн байсан бөгөөд нэхэмжлэгч талын барилга дараа хэлсэн 2,3 метр байх ёстой байтал. Манай эрх барилга хоорондын зай алдагдсан. 238 өрхийн 1000 гаруй оршин суугчид байна. Барилга барих гэж байгаа Тэр нь дээр барилгын суурийг зутгаад 5 жил нурах маш өндөр эрсдэлтэй гэдгийг Монгол Улсын инженер СӨХ-д харсаар байж нурах юм уу гэж СӨХ-д маш их хүсэлт тавьдаг. 2020 оны 06 дугаар сарын 04-ний Нийслэлийн мэргэжлийн хяналтын Даваасүрэн гэж хүн гэтэл үүн дээр манай байрны иргэд Нийслэлийн мэргэжлийн хяналт дээр очиж гомдол гаргасан. Яагаад ийм бичиг өгсөн талаар н.Эрдэнэчимэг дарга хурал хийсэн мэргэжлийн хяналтын дотоод н.Эрдэнэчулуун дарга 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр албан бичгээ ерөнхий төлөвлөгөөний газар өгсөн. Барилга баригдаж байх явцдаа иргэдийн эрх зөрчигдөж байна. Хүүхэд машинд дайруулаад хөлөө хугалж байсан. Нэхэмжлэгч талын кран унаж байсан. Тийм учраас бид нар барилгаа каркасаа босгосон боловч “Д-11” СӨХ барилга хүлээгээд авсан газрын асуудал шийдэгдэхгүй. Хоёрдугаарт тэнд хүмүүс нь багтахгүй. Зогсоол байшин нь багтахгүй. Хүн нь явж багтахгүй. Нөгөө хоёр байр нь манай байрны хүмүүстэй зодолдож магадгүй. Манай барилгад1000 хүн оршин суудаг” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ маргаанд “барилга барих стандарт, газрын эзэмших гэрээ зөрсөн” гэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн талаар:
2.1.1.”С*******” ХХК-д С дүүргийн Засаг даргын 2004 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 234 дүгээр захирамжаар С дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн байрны зүүн урд байрлуулан 0.5 га газрыг орон сууцны барилга барих зориулалтаар олгожээ. /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн ХХ-2-ын 75 дахь тал/
2.1.2.Уг газрын хэмжээг багасгаж, газар эзэмших эрхийг баталгаажуулж гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 481 дугаар захирамжаар, нэхэмжлэгч “С*******” ХХК-д орон сууцны зориулалтаар 3254 метр квадрат газрыг, 5 жилийн хугацаатай эзэмших эрх үүсэж, 2010 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 0228471 дугаартай гэрчилгээ авч, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан, газрын хилийн заагийг кадастрын мэдээллийн санд оруулсан байна. /ХХ-2-ын 169-174 дэх тал/
2.1.3.”С*******” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015, 2018, 2020 оны захирамжуудын дагуу газар эзэмших эрхээ 2015 онд 2 жилийн хугацаагаар сунгуулж 000317135 дугаартай гэрчилгээ, 2018 онд 15 жилийн хугацаагаа сунгуулж 0 дугаартай гэрчилгээ, 2020 онд мөн 15 жилийн хугацаатай олгосон 0 дугаар гэрчилгээ авч, гэрээ байгуулжээ. /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн ХХ-1-н 12-14, 95, 105 дахь талууд, мөн хэрэгт Нийслэлийн Засаг даргын захирамжууд авагдсан байгаа/
2.1.4.“С*******” ХХК нь 2012 онд үйлчилгээ, орон сууцны цогцолборын эскиз зураг, Ерөнхий төлөвлөгөөгөө Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргаар батлуулсан байна. /ХХ-2-ын 178- 191 дэх тал/
2.1.5.Нийслэлийн хот байгуулалт, газрын бодлогыг хэрэгжүүлэх газар, Газар зохион байгуулалт, барилгажилт, дэд бүтцийн хангамж, орчны эрүүл ахуйн талаар техникийн нэгдсэн шийдэл, дүгнэлт гаргах Мэргэжлийн комисс /цаашид “Мэргэжлийн комисс” гэх/-ын 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар ”С*******” ХХК-ийн барилга барих зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хэлэлцээд, “өглөө Тамгын газрын даргаас бичиг ирсэн тул больё” гээд “Хасах” дүгнэлтийг гаргажээ. /ХХ-2-ын 111-112, 116-119 дахь тал/
2.1.6.Үүний дараа Мэргэжлийн комиссын 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар Хурлын дарга нь “С дүүргийнхэн өөр юм яриад байгаа” гэх тайлбар гаргаж, архитектор нь “Тийм, урд барилгаасаа зай ав гэсэн шаардлага тавьсан, одоо өндөр барилгын хэмжээг багасгаж орж ирж байгаа” гэх тайлбар гаргаж, тус компанийн барилгыг бариулах асуудлыг хойшлуулж шийдвэрлэсэн болох нь уг өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /ХХ-2-ын 127 дахь тал/
2.1.7.Мэргэжлийн комиссын 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Сэлбэ голын тохижилт, С дүүргийн шинэ барилгын ажилд нь газраа боломжит байдлаар ашиглуулж байгаа учир дүүргийнхэн дэмжиж байна” гэх, “өмнөх хуралд давхрын тоог багасгаж орж ирсэн” гэх, “38 дугаар коллектор явах учир 2 гараж буулгасан, ажил нь хийгдэнэ” гэх тайлбаруудыг гаргаад “захирамжийн төсөлд оруулахаар шийдвэрлэжээ. /ХХ-2-ын 134 дэх тал/
2.1.8.Ингээд Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай” А дугаар захирамжаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил газарт байршуулан барилга байгууламж барих, өргөтгөхөд зориулан газрын зориулалтыг өөрчлөн 5 хүртэлх жилийн хугацаанд барилга барихыг зөвшөөрч, уг захирамжийн Хавсралтын 1.45 дахь хэсгээр “С*******” ХХК-д орон сууц, контор, үйлчилгээний барилгын зориулалтаар С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, орон сууцны 10 дугаар байрны зүүн хойд талд байршуулан 0,1 га газрыг” гэж шийдвэрлэжээ. /ХХ-2-ын 86, 90 дэх тал/
2.1.9.Үүнээс өмнө “С*******” ХХК-иас Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд ерөнхий архитекторт 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр албан бичгээр хандаж “ерөнхий төлөвлөгөөг батлуулахаар 2 жил гаран болоход одоо болтол батлахгүй байгаагаас болж “М г”-ын 12 давхар 2 орон сууц манай эзэмшлийн газар руу орж баригдсан тул дүүрэг хариуцсан Архитекторын хүсэлтээр ерөнхий төлөвлөгөө дахин өөрчлөгдсөн, энэ талаар гомдол гаргаагүй, гэтэл дахин С дүүргийн Засаг даргын Тамгын газар манай газрыг барилгын талбай болон ашиглаж байгаа, ... ерөнхий төлөвлөгөөг хуралд оруулахгүй байгааг анхаарч батлуулж өгөх”-ийг хүссэн хүсэлтээ гаргаж байжээ. /ХХ-2-ын 164 дэх тал/
2.1.10.Эндээс үзвэл тус компанид уг газар дээрээ барилга барих “ашиг сонирхол” 2004 онд уг зориулалтаар газар эзэмших эрхтэй болсноор үүссэн, харин барилга барих “хууль ёсны эрх” нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А дугаар захирамжийн үндсэн дээр үүсэж, энэ цаг хугацаанд “С*******” ХХК-ийг уг барилгыг барихад ямар нэг бусдын эрхийг зөрчих зөрчил байхгүй болохыг мэргэжлийн байгууллага, албан тушаалтнууд хянан хэлэлцэж, тогтоон шийдвэрлэсэн байжээ.
2.1.11.Улмаар “С*******” ХХК-д орон сууц, контор, үйлчилгээний барилга барих зөвшөөрөл болон Архитектур төлөвлөлтийн даалгавар 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон /ХХ-2-ын 163 дахь тал/, Барилгын ажлын зөвшөөрөл нь 2015, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр олгогдож, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр сунгагдсан байна. /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн ХХ-1-ийн 244-247 дахь, ХХ-2-ын 84 дэх тал/
2.1.12.Мөн Зураг төслийн баримт бичгийн 278/2015 дугаартай Магадлалын ерөнхий дүгнэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр авсан, Техникийн нөхцөлийн сунгалт нь 2020 онд хийгдсэн байна. /Захиргааны хэргийн 128/2020/индекстэй хэргийн ХХ-1-ийн 233-238 дахь тал/
2.1.13.Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газраас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 3/724 дугаар албан бичгээр “С*******” ХХК-д хандаж “С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “С*******” ХХК-ийн эзэмшлийн газарт одоо баригдаж байгаа үйлчилгээтэй, орон сууцны барилгын сууриас 2 метр зайд манай эзэмшлийн бохирын ф200 мм-ийн шугамын трасс таарч байгааг шилжүүлэх талаар судалж үзлээ. Уг бохирын шугамыг С дүүргийн Тамгын газрын барилга баригдахдаа 2014 онд гүйцэтгэгч компани нь манай зөвшөөрөлгүйгээр трассыг танай газраар шилжүүлэн, хотын мэдээллийн санд бүртгүүлсэн байна. Бохирын шугамыг шилжүүлэх ажлын зургийг эрх бүхий байгууллагаар хийлгэж, шинэ трассыг Хот байгуулалт, хөгжлийн газартай зөвшилцөн, холбогдох байгууллагуудаар хянуулна уу” гэжээ. /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн ХХ-1-ийн 239 дэх тал/
2.1.14.Эдгээрийн дараа Улаанбаатар хотын Ус сувгийг удирдах газрын 2020 оны 05 дугаар сарын18-ны өдрийн 2/1082 дугаар албан бичгээр “С*******” ХХК-д хандаж, барилгын талбайд ойр байгаа хэрэглэгчийн бохир усны шугамыг зөөж шилжүүлэх, төвийн бохир усны 38 дугаар гол цуглуулах шугамыг хэсэгчлэн нэвтрэх суваг оруулж хамгаалалтын бэхэлгээ хийлгэх ажлын зураг оруулан холбогдох байгууллагатай зөвшилцөн батлагдсан зургийн дагуу ажлыг хийж гүйцэтгэн, гүйцэтгэлийн зургийг хотын мэдээллийн санд оруулсны дараа “С дүүргийн 7 дугаар хороо, “М ө” ХХК-ийн орон сууцны хойд талд баригдах орон сууц, контор, үйлчилгээний 4-18 давхар барилгад олгосон техникийн нөхцөлийг олгох асуудлыг хэлэлцэх боломжтой” гэж шийдвэрлэж байжээ. /ХХ-2-ын 202-203 дахь тал/
2.1.15.Барилгын хөгжлийн төвөөс 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 3 дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийг нэгтгэл гэх баримт бичгийг гаргаж, уг баримт бичгээр магадлалын дүгнэлтийг хийж нэгтгэн бүртгэлийн дугаар олгосноор уг барилгын гаднах ариутгах татуургын шугам шилжүүлэх ажлын зураг төслийг зөвшөөрчээ. /ХХ-2-ын 209-215 дахь тал/
2.1.16.Эндээс үзвэл “С*******” ХХК-ийн барьж байгаа барилгын хажууд баригдсан бохирын шугамын хамгаалалтын бүсийн хэмжээ тус компанийн барилгын сууриас 2 метр зайтай байгаа нь тус компанийн буруутай үйлдэл, үйл ажиллагаанаас болоогүй, эрх бүхий байгууллагаас уг бохирын шугамыг шилжүүлэн зөөхийг зөвшөөрсөн, энэ нь техникийн хувьд боломжтой болох нь нотлогдлоо.
2.1.17.“С*******” ХХК нь барилгаа зүүн тийш 4 метр шилжүүлэн барьсан шалтгаанаа манай зэрэгцээ С дүүргийн Тамгын газрын барилгыг барьсан компани барилгынхаа бохирын шугамыг зохих байгууллагын зөвшөөрөлгүй манай барилгын суурийг оруулан тавьсан, өндөр барилга бариулахгүй, хажуугийн барилгад нөлөөлнө гэсэн тул барилгын зургийг өөрчлөн барилгын байршлыг шилжүүлсэн, энэ талаар зохих байгууллагад мэдэгдээд шилжүүлсэн гэж тайлбарласан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүдээс няцаах тайлбар, нотлох баримт гаргаж өгөхгүй байна.
Иймд “С*******” ХХК нь барилгын суурийг зүүн тийш шилжүүлэн барьсан нь тус компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй гэдэг нь ийнхүү тогтоогдлоо.
2.1.18.“С*******” ХХК-ийн барьж байгаа барилгын тууш хана нь ”М-ө” ХХК-ийн барьсан С дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Дийн гудамж, Х цогцолборын 12А цэгэн барилгын хананаас нь 24 метрээс илүү зайтай, 12Б цэгэн барилгын хананаас 22 метрийн зайтай, өндөр хэсгээрээ хананууд зэрэгцээгүй, харин автомашины граж буюу газар доорхи байгууламж нь уг барилгын суурьд нийлсэн байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдлоо. /ХХ-4-ийн 16 дахь тал/
2.1.19. “С*******” ХХК-ийн газар эзэмших гэрээ, гэрчилгээний дагуу эзэмшиж буй газарт “М-ө” ХХК өөрийн барьсан барилгын авто зогсоолыг барьсан боловч “С*******” ХХК үл маргах журмаар ашиглуулдаг болохоо нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч тайлбарласан, үүнийг “Деневер-11” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрсөн болно.
2.2.Гуравдагч этгээд С******* яамны талаар:
2.2.1.Нийслэлийн Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 352 дугаар захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт номын сангийн барилгын зориулалтаар С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх орон сууцны 9 дүгээр байрны зүүн урд талд байршуулан 0,7 га /7000 метр квадрат/ газрыг эзэмших эрх олгожээ. /ХХ-4-ийн 41 дэх хуудасны арын нүүрт/
2.2.2.Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 781 дүгээр захирамжаар “уг газрын эзэмшигчийг өөрчлөн болон газрын хэмжээг багасгаж” буюу Улсын үндэсний номын санд “номын сангийн зориулалтаар” 0,3 га буюу 3050 метр квадрат газар ашиглах эрх олгож, Төрийн байгууллагад газар эзэмшүүлэх 0234789 дугаартай гэрчилгээ олгож, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэжээ. /ХХ-4-ийн 29- дэх хуудасны арын нүүр, 30-33 дахь хуудас/
2.2.3.Улсын үндэсний номын санд 2013 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 2 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар болон Барилгажих талбайн схем зургийг баталж өгсөн байгаа ба эдгээр нь хамт байж хүчинтэй баримт бичиг болдог болох нь түүнд тэмдэглэснээр тогтоогдож байна. /ХХ-4-ийн 38, 42 дахь тал/
2.2.4. Барилгажих талбайн схем зурагт тус номын сангийн эзэмших 0.3 га газрын 0.17 га-д нь барилга барих, барилгын байрлал нь АБ-ВГ 70 метр, БВ-АБ 25 метр байхаар барилгын байрлалыг тогтоож өгчээ.
2.2.5.Улсын үндэсний номын сан нь уг газрыг эзэмших хүсэлтдээ ”Улсын үндэсний номын сангийн цогцолбор” нэртэй 3056.0 метр квадрат 1 дүгээр давхар бүхий, суурийн давхар болон 8 давхар барилгыг зураг төслийг хавсаргасан байна. /ХХ-4-ийн 44-50 дахь тал/
2.2.6.Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий архитектораас Улсын үндэсний номын сангийн шинэ барилгын Ерөнхий төлөвлөгөөг 2013 онд баталсан байгаа ба уг төлөвлөгөөнд “С*******” ХХК-ийн барилгыг “Төлөвлөгдсөн” гэж, номын сангийн барилгыг “Төлөвлөж буй” гэж тэмдэглэснээс үзвэл “С*******” ХХК-ийн барилга түрүүлж төлөвлөгдсөн байсан болох нь тогтоогдож байгаа ба энэ талаар тухайн үед с******* асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний төв номын сан зэрэг байгууллагууд “номын сангийн стандартад нийцэхгүй” гэж үзсэн бол эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх, цаашилбал, шүүхэд хандаж маргах эрхтэй байхад маргаагүй, улмаар эдгээр барилгын зураг төсөл, төлөвлөлтийг өөрчлүүлэх талаар хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байхад ийм хүсэлт гаргаж байгаагүй тул нь уг төлөвлөлтийг зөвшөөрсөн гэж үзэх эрх зүйн үр дагавартай. /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн ХХ-3-н 80 дахь тал/
2.2.7.Улмаар Улсын үндэсний номын сан нь 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 70х25 метрийн хэмжээтэй барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлөө авсан байгаа боловч дээрх анхны зургаараа барилгаа бариагүй, цаг хугацаандаа барилгын ажлаа эхлээгүй болох нь уг зургаар нотлогдохын хамт нэхэмжлэгч ийнхүү тайлбарлаж, бусад оролцогчоос няцаагаагүй болно. /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн ХХ-3-н 81 дэх тал/
2.2.8. Улсын үндэсний номын сан өөрийн барилгын өөрчлөлтийн зурагт 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулсан байна. /ХХ-4-ийн 88-99 дэх тал/
2.2.9. Ингээд 2019 онд Үндэсний номын сан нь 15 жилийн хугацаагаар газар эзэмших эрхийнхээ хугацааг сунгуулж, 000002004 дугаартай гэрчилгээ авч, гэрээг байгуулжээ. /ХХ-4-ийн 54, 56 дахь хуудсанд/
2.2.10.Мөн барилгынхаа Техникийн нөхцөлийн сунгалтыг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 47/2020/87 дугаартай хийлгэжээ. /ХХ-4-ийн 83-87 дахь тал/
2.2.11.Барилгын хөгжлийн төв нь Хот байгуулалт, хөгжлийн газарт хандан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 1/3751 дугаартай албан бичгээрээ “С******* яамны захиалгатай Үндэсний номын сангийн барилгын ажил, эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл хүсжээ. /ХХ-4-ийн 81 дэх тал/
2.2.12.Хот байгуулалт, хөгжлийн газраас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Үндэсний номын сангийнд барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосноор /ХХ-4-ийн 110 дахь тал/ уг барилгын ажил үргэлжилж дууссан болох нь тогтоогдож байна.
2.2.13.С******* яаманд буюу Үндэсний номын сангийн барилгын газар эзэмших эрх үүссэн 2009 онд Үндэсний номын сангийн барилгын газар болон “С*******” ХХК-ийн газрын хооронд нийтийн зориулалттай авто зам байсан болох нь 2010 оны сансрын зургаар тогтоогдлоо. /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн ХХ-3-н 14 дэх тал/
2.2.14.Үндсэн номын сан нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 228 дугаартай албан бичгээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандаж “... Номын сангийн шинэ барилын ажил 2014 онд эхлэх үед батлагдсан зургаар барилгын хойд талд авто машины зам, ногоон байгууламж, барилгаа тойрсон гарцтай төлөвлөгдсөн байсан боловч Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас барилгын хойд хэсэгт контейнер тулган тавьж өндөр төмөр хашаа барьсан. Үүнээс болж барилга хойд талдаа газаргүй, авто машин зорчих, галын аюулгүй машин орох, аюулгүй байдлыг хангах боломжгүй нөхцөл үүссэн нь Архив, номын сангийн өв сан бүхий барилга барихад тавигдах шаардлага MNS ISO 11799:2019, Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавигдах шаардлага MNS 5742:2019, мөн аюулгүй байдал, гамшиг ослын үед авах арга хэмжээний норм, дүрэм болон холбогдох бусад стандартыг хангахгүй байна” гэж тайлбарлаад газар эзэмших эрхийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан байна. /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн ХХ-3-н 98-99 дэх тал/
2.2.15.Энэ албан бичгээс үзвэл Үндсэн номын сангийн барилгын орц, зам талбай нь ард талдаа төлөвлөгдсөн, энэхүү төлөвлөлт, норм стандарт нь “С*******” ХХК-иас бус, Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яамнаас хашаагаа өргөтгөж барьснаас болж зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.
2.2.16.Харин Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 01-07/1717 дугаар албан бичигт “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн ээлжит хурлаар Америкийн Нэгдсэн Улс, ... элчин сайдын яамдын улсын тусгай хэрэгцээнд авсан газрын хэмжээнд өөрчлөлт оруулан ... улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжиж, тогтоол гаргасан” талаар дурдсан байгаа ба энэ нь тус Элчин сайдын яамны газрын хэмжээг 2000 метр квадратаар багасгасан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлалаа.
2.2.17.Иймд Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны ашиглаж байгаа газраас 2000 метр квадрат газар хасаж, улсын тусгай хэрэгцээнээс гаргасан, уг газрыг Үндсэн номын сангийн авто зогсоолоор эзэмшүүлэх асуудлыг судалж, шийдвэрлэж байгаагаас үзвэл түүний орчны газартай байх эрх зарим талаар сэргээгдэх боломжтой гэдэг нь тогтоогдож байна.
2.2.18.Уг Улсын үндэсний номын сангийн барилгын захиалагч нь С******* яам учраас шүүх тус яамыг энэ хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан болно.
2.3.Гуравдагч этгээд “Д-11” сууц өмчлөгчдийн холбооны талаар:
2.3.1.”М-ө” ХХК нь иргэн Ц.Г хамтаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжаар, С дүүргийн 7 дугаар хороо, Америкийн Нэгдсэн Улсын элчин сайдын яамны урд байршуулан 0,14 га /1400 метр квадрат/ газрыг, үүний дараа ”М-ө” ХХК дангаараа газрын хэмжээг ихэсгэн, мөн Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 124 дүгээр захирамжаар С дүүргийн 7 дугаар хороонд 2083 метр квадрат газрыг орон сууцны зориулалтаар эзэмшиж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, гэрээ байгуулсан байна. /ХХ-3-ын 230, 233-235, 239-240 дэх талууд, Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн ХХ-3-н 62-63 дахь тал/
2.3.2.”М-ө” ХХК уг газар дээрээ барилга барихаар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 2008 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр авч /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн ХХ-3-н 73 дахь тал/, улмаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах комиссын 2011 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 119/2011 дугаартай актаар С дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, /Дийн гудамж 12А/ Х цогцолборын 107 айлын орон сууцны барилгыг ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэжээ. /ХХ-3-ын 247249 дэх тал/
2.3.3.Барилга байгууламжийг ашиглалтад оруулах техникийн комиссын 2010 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 122/201 дугаартай актаар уг барилгыг “2008 оны 04 дүгээр сараас барьж эхэлсэн, 2009 оны 12 сард барьж дуусгасан гэж тэмдэглэсэн байна. /ХХ-3-ын 250 дахь тал/
2.3.4.”М-Ө” ХХК-ийн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 174 дүгээр албан бичгээр Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандаж тухайн газрыг “Д-11” сууц өмчлөгчдийн холбоонд шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргасан байна. /ХХ-3-ын 222 дахь тал/
2.3.5.“Д-11” сууц өмчлөгчдийн холбоо нь Нийслэлийн өмч, газрын харилцааны албанд хандаж, ”М-Ө” ХХК-ийн эзэмшдэг С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 2083 метр квадрат газрыг өөрөө шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлтийг гаргасан байна. /ХХ-3-ын 223 дахь тал/
2.3.6.”М-Ө” ХХК нь С дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, /Дийн гудамж 12А/ Х цогцолборын 12б хаягтай, зүүн талын орон сууцны барилгыг барихдаа өөрийн эзэмшил газрын хилийн заагаас илүү гаргаж буюу зэргэлдээ орших “С*******” ХХК-ийн газар руу 0,41 сантиметр өргөнтэй, нийт 1 метр квадрат талбайгаар орж баригдсан болох нь шинжээчийн дүгнэлт болон С*******” ХХК-иас Нийслэлийн барилга хот байгуулалт, төлөвлөлтийн газрын дарга бөгөөд ерөнхий архитекторт 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдөр албан бичгээр тус тус нотлогдож байна. /ХХ-2-ын 164, ХХ-4-ийн 16-19, 22 дахь тал/
2.3.7.Мөн “М-ө” ХХК-ийн барьсан барилгын орчны авто зогсоолын 931.05 метр квадрат, явган хүний болон барилгын орчны 48.51 метр квадрат талбай нь “С*******” ХХК-ийн эзэмшлийн газартай давхцаж байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон талаар хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрт дүгнэсэн тул энэ шийдвэрээр дүгнэлт өгөхгүй. /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн шүүхийн шийдвэрт. ХХ-3-н 34-37 дахь тал/
2.3.8.Гуравдагч этгээд “Д-11” сууц өмчлөгчдийн холбоо нь өөрийн хөндөгдөж байгаа эрх ашиг гэдгийг “энэ барилгын суурь тавигдаад 5 жил болсон тул суурь нь чанаргүй болох барилга барьвал манай барилга руу нурж ирнэ, манайх авто зогсоолгүй, хүн амын нягтрал ихэснэ” гэх тайлбарласан.
2.4.Бусад тогтоогдсон үйл баримтын талаар:
2.4.1.Монгол Улсын ерөнхий сайд 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын явцтай танилцах, номын сангийн шинэ барилгын урд талд баригдаж, үзэгдэх орчин, байгалийн гэрлийг хааж, орчны оршин суугчид болон номын сангаар үйлчлүүлэгчдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа 16 давхар орон сууцны барилга барих болон газар ашиглах зөвшөөрөл олгосон асуудлыг танилцуулахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгожээ.
2.4.2.Монгол Улсын Ерөнхий сайдын өгсөн үүргийн дагуу Нийслэлийн Засаг дарга 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А дугаар захирамжаараа “С*******” ХХК-ийг эрх бүхий байгууллагаас батлагдсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан нь Барилгын болон Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, ашиг сонирхолд сөр нөлөөлж байгаа гэх үндэслэлийг гаргаж, тус компанийн газар эзэмших эрхийн 0 дугаартай гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлээд, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдэллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэжээ. /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэргийн ХХ-1-н 15 дахь тал/
2.4.3.“С*******” ХХК нь дээрх захирамжийг эс зөвшөөрч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүх хянаад, 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр “... Нийслэлийн Засаг даргын 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А дугаар захирамжийг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дүгээр тогтоолоор “хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэснээр дээр анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /Захиргааны хэргийн 128/2020/ индекстэй хэрэгт/
2.4.4.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 309 дүгээр шийдвэрт:
-Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2020 оны Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А дугаар захирамжийг гаргахдаа С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт газар эзэмшигч “С*******” ХХК нь эрх бүхий байгууллагаас батлагдсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан нь Барилгын болон Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөр нөлөөлсөн хэмээн үзэж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн 0 дугаар гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэсэн ч тухайн захиргааны актын үндэслэл болсон батлагдсан зураг төслийг өөрчлөн барилга байгууламж барьсан гэх нөхцөл байдал нь хэний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй болох, бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөр нөлөөлж байх тул хэмээн хэний, хуульд заасан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөр нөлөөлсөн болох зэрэг үйл баримтыг бүрэн гүйцэт нягтлан тогтоолгүй шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судалж, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй гэж;
-2014 онд С дүүргийн Тамгын газрын барилга барихтай холбоотойгоор гүйцэтгэгч компани нь эрх бүхий байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын эзэмшлийн бохирын ф200 мм-ийн трассыг нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн эзэмшиж буй маргаан бүхий С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах газарт шилжүүлэн, хотын мэдээллийн санд бүртгүүлсэн. Улмаар нэхэмжлэгч өөрийн барилгыг эзэмшил газартаа, батлагдсан тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлж барихад хүрсэн гэх үйл баримт тогтоогдож байна гэж;
-Үүнтэй холбогдуулан шүүх, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар захиалагч нь барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах, барилгын ажлын зөвшөөрлийг энэ хуулийн 22, 23, 26 дугаар зүйлд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 37.4-д захиалагч барилга байгууламжийн зураг төслийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр өөрчлөхийг хориглоно хэмээн заасан тул нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн өөрийн барилгыг чухам ямар шалтгааны улмаас батлагдсан тэг тэнхлэгээс зүүн тийш шилжүүлэн барьсан болох, ийнхүү шилжүүлэн барихдаа холбогдох эрх бүхий байгууллагуудад хандаж, зөвшөөрөл авсан байсан эсэх, нэхэмжлэгчийн өөрийн эзэмшил газрын хил дотор барилгыг батлагдсан тэг тэнхлэгээс өөр газарт шилжүүлэн барьсан гэх үйл баримт нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасан ноцтой зөрчил гэх үндэслэлд хамаарах эсэх асуудлыг хариуцагч захиргааны байгууллага бүрэн гүйцэт шалган тогтоож, шаардлагатай тохиолдолд дээрх асуудлуудтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т заасан шинжээчийг оролцуулан дүгнэлт гаргуулсны үндсэн дээр шийдвэрлэх ёстой байсан гэж;
-Мөн, бусдын газар эзэмших эрхтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөр нөлөөлсөн гэх асуудалтай холбогдуулан хэрэгт нотлох баримтаар авагдсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын 2014 оны 1/988 дугаар шинжээчийн дүгнэлтээр М ө ХХК-ний барьсан барилга /Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сан дахь Д СӨХ-ны ашиглалтын 2082.84 м.кв газар/-ын орчны авто зогсоолын 931.05 м.кв талбай, явган хүний зам болон барилгын орчны 48.51 м.кв талбай нь С ХХК-ний эзэмшлийн газартай тус тус давхцаж байгаа болох нь тогтоогдсон гэж;
-нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн эзэмшиж буй газар нь С******* яамны захиалгаар Нийслэлийн С дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Үндэсний номын сангийн барилгын газартай ямар нэг давхцалгүй, “С*******” ХХК-ийн захилгаар баригдаж буй барилгын ажил нь Үндэсний номын сангийн барилгад хэрхэн нөлөөлөх, энэхүү нөлөөлөл нь эдүгээ тус улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба стандартад нийцэж буй эсэхийг шалгаж тогтоох ажиллагааг маргаан бүхий актын хүрээнд хийгээгүй болох нь тус тус тогтоогдож байх бөгөөд хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй асуудлыг шүүхээс нөхөн хэрэгжүүлэх боломжгүй бөгөөд эл нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай байх тул хариуцагчийг хууль журамд нийцүүлэн маргааны үйл баримтыг бүрэн гүйцэт шалган тогтоох ажиллагааг дахин явуулж дахин шинэ акт гаргах нь зүйтэй гэж дүгнэж, шийдвэрлэсэн зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2-т “нийслэлийн Засаг даргын газрын харилцааны талаар эдлэх бүрэн эрхэд батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох” хамаарахаар, мөн зүйлийн 21.2.3-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих” гэж, 21.2.4-т “хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх” гэж тус тус заажээ.
3.2.Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т “Аймаг, нийслэлийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна” гээд мөн зүйлийн 23.3.5-д “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах” гэж зааснаас үзвэл Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба нь нутаг дэвсгэрийн хэмжээнд газрыг хэнд, ямар зориулалтаар олгох, түүний зохион байгуулалт төлөвлөлтийг хийх чиг үүрэгтэй болох нь тогтоогдож байгаа тул энэ чиг үүрэг ч Нийслэлийн Засаг даргад хамаарна гэж үзнэ.
3.3.Хуулийн дээрх заалтуудын дагуу Нийслэлийн Засаг дарга нь “С*******” ХХК, “М-Ө” ХХК болон Үндэсний номын санд газар эзэмшүүлэх, түүнд дээр барилга барих төлөвлөлтийн уялдаа холбоог хангах эрх, үүрэгтэй байсан, энэхүү төлөвлөлт алдаатай, Монгол Улсын ерөнхий сайдын үзсэнээр номын сангийн шинэ барилгын урд талд барилга баригдсан уг барилга бусдын үзэгдэх орчин, байгалийн гэрлийг хааж, орчны оршин суугчид болон номын сангаар үйлчлүүлэгчдийн зорчих хөдөлгөөнд саад учруулж байгаа бол энэ нь Нийслэлийн Засаг дарга, түүний газрын алба болон хот төлөвлөлтийн албаны буруутай, алдаатай үйл ажиллагаа болохоос бус газар эзэмшигч “С*******” ХХК-ийн буруу биш байна.
3.4.Нэхэмжлэгч “С*******” ХХК-д дүүргийн Засаг даргын захирамжаар 2004 онд газар эзэмших эрх түрүүлж үүсэж, “Д-11” сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчдын орон сууцны барилгыг барьсан “М-ө” ХХК-д 2008 онд, Улсын төв номын санд Нийслэлийн Засаг даргын 2010 онд /өмнө нь Монгол Улсын ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэд байгуулах номын сангийн зориулалтаар 2009 онд олгосон/ үүссэн байх бөгөөд эдгээр этгээдүүд нь барилга, орон сууцны зориулалтаар газрыг эзэмших эрхийг олж авсан байх тул эхэлж барилга барих хууль ёсны эрх, ашиг сонирхол үүссэн “С*******” ХХК-ийн барилгын төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан дараагийн газар эзэмшигчийн эрхийг үүсгэх, барилгын зориулалт, хэмжээ зэргийн тогтоох үүрэг нь Нийслэлийн Засаг даргад байсан байна.
3.5. “С*******” ХХК уг газар дээр барилга барих ашиг сонирхол нь 2004 онд үүссэн гэдэг нь “орон сууцны зориулалттай” газар эзэмших эхэлснээр нотлогдож байгаа ба уг газраа зориулалтаар ашиглах, барилга барих зөвшөөрлийг 2010 онд Нийслэлийн Засаг даргаар баталгаажуулж, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаар ”С*******” ХХК-ийн барилга барих зөвшөөрлүүдийг үе шаттай хүссэн байгаа боловч энэ нь Нийслэлийн Засаг дарга болон барилгын зөвшөөрөл олгоход дүгнэлт гаргадаг мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанаас шалтгаалж удааширсан болох нь тус компанийн хүсэлтүүд, Мэргэжлийн комиссын хуралдааны тэмдэглэл, Магадлалын ерөнхий дүгнэлт 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гарсан, Техникийн нөхцөлийн сунгалт нь 2020 онд хийгдсэн, 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлт гарсан гэдгээр тогтоогдож байна.
3.5.“С*******” ХХК нь өмнө төлөвлөсөн барилгын суурийг баруун тийш 4 метр шилжүүлэн барьсан шалтгаан нь тус компанийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй болох нь өөр этгээд барьж буй барилгын бохирын шугамыг зохих байгууллагын зөвшөөрөлгүй тус компанийн барилгын суурь руу оруулан тавьсан, дүүргийн архитектор нь өндөр барилга бариулахгүй, хажуугийн барилгад нөлөөлнө гэсэн тул барилгын зургийг өөрчлүүлсэн, барилгын байршлыг шилжүүлсэн болох нь дээр тогтоогдсон үйл баримтаар нотлогдсон гэж үзлээ.
3.6.Энэ үйл баримтыг хариуцагч, түүний төлөөлөгч нараас нотлох баримтаар няцааж чадахгүй байна.
3.7.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 309 дүгээр шийдвэрт дүгнэсэн үйл баримтыг энэ хэрэгт дүгнэхгүй.
3.8.Түүнчлэн Монгол Улс нь Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага MNS 5742:2019 стандарт, Мэдээлэл ба баримтжуулалт. Архив, номын сангийн өв санг хадгалж хамгаалахад тавигдах шаардлага MNS ISO 11799:2019 стандартуудтай байна. /Стандартчилал хэмжил зүйн газрын цахим сайтад бүрэн эхээр байршиж байна/
3.9.Уг Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага MNS 5742:2019 стандартын 1-т “Энэ стандарт нь бүх төрлийн номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих үндсэн шаардлагыг тогтооно” гэж, 4-т Номын сангийн орчны нөхцөлийн 4.1-т “4.1.1 Номын сангийн барилга байгууламжийг барих орчин, газар, номын санг болзошгүй аюулаас сэргийлэх, хамгаалах тоног төхөөрөмж, тэдгээрийг суурилуулах болон галын аюулаас хамгаалахад MNS ISO 11799 стандартыг мөрдөнө” гэж, Номын сангийн гадна талбай 4.3.1-д “Гадна талбайд нэвтрэх зам, машины зогсоол болон үйлчлүүлэгчид зориулсан задгай талбай багтана” гэж, 4.3.3.-т “Яаралтай тусламжийн (гал түймэр, эмнэлгийн түргэн тусламж) саадгүй нэвтрэхээр байна” гэж, 4.3.4-т “Гадна талбайн төлөвлөлтөд холбогдох мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, санал, дүгнэлтийг авсан байна” гэж зааснаас гадна олон шаардлагыг тогтоосон байна.
3.10.Эдгээр стандартаар номын санд гадна талбай байх ёстой гэж шаардсанаас хэдэн метр квадрат талбай байхыг, орон сууцны барилгатай зэрэгцээ бол барилга хооронд ямар зайтай байх нормчлон тогтоогоогүй байна.
3.11.Үндэсний номын сангийн барилгыг Хот байгуулалт, төлөвлөлтийн газар, Мэргэжлийн комисс зэрэг байгууллагаас зөвшөөрч бариулсан байгаа тул дээрх стандартыг С******* яам барилгын анх захиалан бариулахдаа өөрөө хангуулах, барилгын байршлын эзэмшил газрынхаа хэмжээнд тохируулж зөв төлөвлөх ёстой болохоос нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болсон, тус компанийн барилгын байршил зүүн тийшээ хөдөлснөөс болсон гэж үзэх үндэслэл нотлогдохгүй байна.
3.12.Учир нь, дээр тогтоогдсоноор дахин хэлэхэд “С*******” ХХК нь 2012 онд буюу Улсын үндэсний номын сангийн барилгын ажлыг төлөвлөхөөс өмнө уг газартаа орон сууцны барилга барихаар Нийслэлийн Засаг даргад мэдүүлж барилгын зөвшөөрөл авсан, барилгаа төлөвлөснөөр “түрүүлж ашиг сонирхол нь үүссэн” этгээд юм. Нөгөө талаас Үндэсний номын сан нь өөрийн барилгын Ерөнхий төлөвлөгөөг 2021 онд батлуулахдаа зэрэгцээ нь “С*******” ХХК-ийн барилга төлөвлөгдсөн болохыг мэдсэн байгаа ба энэ талаар маргаж байгаагүй нь уг төлөвлөлтийг мэдсэн, зөвшөөрсөн гэж үзэхийг дээр дүгнэсэн зэргээр нотлогдсон гэж дүгнэлээ.
3.13.“С*******” ХХК-ийн барьж буй барилгын өмнө талд орших 12А, 12Б хаягтай орон сууцны барилгыг “М-ө” ХХК барихдаа өөрийн эзэмшил газрын хилийн заагийг давуулж, “С*******” ХХК-ийн эзэмшил газартай давхцуулсан болохыг хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 309 дүгээр шийдвэрээр дүгнэсэн байгаа тул энд дахин дүгнэхгүй.
3.14.“С*******” ХХК-ийн барьж буй барилга нь “Д-11” сууц өмчлөгчдийн холбооны 12А байртай барилгын стандартыг зөрчигдөөгүй, 12Б байр нь өөрөө бусдын газар руу орж баригдсанаар барилга хоорондын норм дүрэм зөрчигдсөн буюу уг барилгыг барьсан “М-ө” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн байгаа учраас “С*******” ХХК-ийг буруутгах үндэслэл байхгүй гэдэг нь нотлогдож байна.
3.15.Түүнчлэн “Д-11” сууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн эзэмшил газар дээр авто машин зогсоол, явган хүний гарц барьсан, иймээс тус сууц өмчлөгчдийн холбооны гишүүн оршин суугчид нь хууль зөрчиж баригдсан барилга, орчны газар байхгүй орон сууцыг худалдан авсан болох нь ийнхүү нотлогдож байгаа тул “С*******” ХХК-ийн барьж буй барилгын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй.
3.16.Өөрөөр хэлбэл, “Д-11” сууц өмчлөгчдийн холбооны оршин суугчид нь “эрхийн зөрчилтэй орон сууцыг худалдан авснаар уг эрхийн зөрчлийг зөвшөөрсөн” гэж үзэх эрх зүйн зарчим үйлчлэх ба уг этгээд нь ийм эрхийн зөрчлийг сэргээлгэхээр шаардах эрх үүсэхгүй гэж эрх зүйн маргаанд үзнэ.
3.17.Гуравдагч этгээд “Д-11” сууц өмчлөгчдийн холбоо нь “энэ барилга баригдаагүй 5 жил болохыг бид цонхоороо харж ирсэн, барилгын суурь муудсан тул дээр нь барилга баривал манай барилга руу нурж орж ирэх болно” гэж маргасан ч “С*******” ХХК-ийн барилга баригдвал нурна гэдэг нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул энэ нь нотлох баримтаар нотлогдоогүй болно.
3.18.Иймээс анхан шатны шүүх нь “Д-11” сууц өмчлөгчдийн холбооны гаргасан “суурь муудсан байх, барилга баривал манай барилга руу нурж орж ирнэ” гэх таамаг, эсхүл эргэлзээгээр эрх зүйн маргааныг шийдвэрлэхгүй, хууль зүйн боломж байхгүй юм.
3.19.Нийслэлийн Засаг дарга нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 309 дүгээр шийдвэрийг биелүүлж, шинээр акт гаргахдаа шүүхийн заасан ажиллагааг огт явуулаагүй, “С*******” ХХК-д сонсох ажиллагаа явуулаагүй, тус компаниас тайлбар, нотлох баримт гаргуулж, хууль ёсны эрхийг нь эдлүүлэхгүйгээр шинэ акт болох Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дүгээр захирамжийг гаргасан болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “ийм нотлох баримт байхгүй” гэснээр тогтоогдлоо. /2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд/
3.20.Нийслэлийн Засаг даргаас энэхүү шинэ актаа гаргахдаа өмнөх 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А дугаар захирамжид заасан үндэслэлийг өөрчлөөгүй, шалгаж тогтоогоогүй, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй нь хууль зүйн зөрчил мөн бөгөөд энэ нь нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, маргаж буй захиргааны актыг хүчингүй болгох бүрэн үндэслэл болох юм.
3.21.Мөн хууль зүйн талаасаа хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа “С*******” ХХК-ийг барилгыг байршил өөрчилсөн, норм дүрэм зөрчигдсөн гэх үндэслэлийг гаргасан атлаа түүний газар эзэмших эрхийн гэрчилгээ, эрхийг дуусгавар болгож байгаа нь “захиргааны акт зорилгодоо нийцээгүй” буюу хууль зүйн зөрчилтэй захиргааны акт болно.
3.22.Тодруулбал, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд, мөн зүйлийн 40.1.1.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, … гэжээ.
3.23.Иймд газар эзэмших эрхийн гэрчилгээ зөвхөн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан үндэслэл бий болсон тохиолдолд л хүчингүй болгох эрхтэй, өөр үндэслэлээр хүчингүй болох эрхгүй, өөрөөр хэлбэл, барилгын зөвшөөрлийг өөрчилсөн нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл биш Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т ийм үндэслэл орлуулаагүй байна.
3.24.Иймд Нийслэлийн Засаг дарга нь хууль заагаагүй үндэслэлээр “С*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь маргаан бүхий актыг хууль бус, зорилгодоо нийцээгүй болохыг нотолж байгаа тул хүчингүй болгох үндэслэл шүүхэд тогтоогдсон гэж үзнэ.
3.25.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “хүн амын нягтрал уг хэсэгт бий болох учраас барилга бариулахгүй” гэх агуулга бүхий тайлбар нь мөн хууль зүйн үндэслэлгүй байна.
3.26.Нийслэлийн Засаг дарга, түүний газрын алба нь хуульд зааснаар газар зохион байгуулалтыг хийх ёстой ба анх барилга барих эрх, ашиг сонирхол үүссэн “С*******” ХХК-д барилга барих зөвшөөрөл олгож, тус компанийг их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний дараа “хүн амын нягтрал үүссэн” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.
3.27.Нэхэмжлэгч “С*******” ХХК нь захиргааны байгууллага, бусад этгээдтйн буруутай үйл ажиллагааны улмаас барилгаа анх төлөвлөсөн байршилд барьж чадаагүй, зохих зөвшөөрлийн үндсэн дээр барилгыг барьж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байгаа тул энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмаар хангагдах эрхтэй.
3.28.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, “С*******” ХХК-ийн буруутай үйл ажиллагааны улмаас “Д-11” сууц өмчлөгчдийн холбоо Улсын үндэсний номын сангийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэдэг нь нотлогдоогүй, энэхүү зөрчил нь Нийслэлийн Засаг дарга, түүний агентлагийн буруутай үйл ажиллагаанаас болсон, Нийслэлийн Засаг даргын зөвшөөрснөөр “С*******” ХХК нь их хэмжээний хөрөнгө зарцуулж барилгын ажлыг эхлүүлсэн, мөн уг барьж буй уг орон сууцанд олон тооны иргэд захиалга өгсөн зэрэг нөхцөл байдлыг дэнслээд анхан шатны шүүх нь маргаан бүхий актын улмаас “С*******” ХХК болон орон сууцны барилгы захиалагч иргэдийн эрх хөндөгдсөн гэж дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:
5.1. Шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй болно.
Зургаа:Ирцийн талаар:
6.1.Гуравдагч этгээд С******* яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.И, Т.У******* нарт хурлын товыг мэдэгдсэн боловч Б.И нь шүүх хуралдаанд оролцохгүй талаар 9 дугаарын утсаараа мэдэгдсэн байна.
6.2.С******* яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У******* нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байсан боловч “товыг буруу тэмдэглэсэн, шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй” гэж шүүгчийн туслахад 9 дугаарын утсанаасаа тайлбарласан байгаа боловч шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтээ албан ёсоор шүүхэд бичгээр ирүүлээгүй байна.
6.3.Иймд шүүх бүрэлдэхүүн “С*******” ХХК-ийн нэхэмжлэлээр үүссэн уг маргаан шүүхэд үүсээд 3 жил 6 сарын хугацаа өнгөрсөн, тус компанийн барилгад орон сууц захиалан бариулсан иргэдээс /иргэд шүүх хуралдаанд ажиглаж оролцсон/ шүүх хуралдааныг яаралтай явуулахыг шаардсан хүсэлтийг харгалзан, уг маргаан улмаас олон хүний эрх ашиг хөндөгдөж байгаа тул шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй Т.У*******ыг байлцуулахгүй хийх боломжтой гэж үзэн шүүх хуралдааныг явууллаа.
6.4.Шүүх хуралдаанд хуульд заасан журмын дагуу сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Б /ХХ-3-ын 148-150,156-158 дахь тал/-т шүүх хуралдааны товыг 99101467 дугаар утсанд мэдэгдсэн, тэрээр мэдсэн тухайгаа хариу залгаж хэлсэн болох нь шүүгчийн туслахын хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна. /Хх-4-ийн 77 дахь тал/
6.5.Нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн төлөөлөгч Д.З*******, өмгөөлөгч Б.М*******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б*******, Б.Б*******, гуравдагч этгээд “Дендер-11” сууц өмчлөгчдийн холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э, Д.С нараас шүүхийн иргэдийн төлөөлөгчийг байлцуулахгүй шүүх хуралдааныг явуулахад татгалзахгүй талаар саналаа гаргасан тул шүүх бүрэлдэхүүн шүүхэд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Б.Бийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэлээ.
6.6.Бусад ирээгүй оролцогчийн талаар талууд байлцуулахгүй хийх саналыг гаргасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.2, 21.2.3, 21.2.4, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.5, 40 дүгээр зүйлийн 40.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн А дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “С*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасныг баримтлан шинжээчийн зардалд “С*******” ХХК-иар урьдчилан төлүүлсэн 1,, /Нэг сая есөн зуун тавин найман мянга таван зуун ерэн дөрөв/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “С*******” ХХК-д олгуулсугай.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН
ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ