| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 131/2024/00880/И |
| Дугаар | 131/ШШ2024/00871 |
| Огноо | 2024-11-05 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 131/ШШ2024/00871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ********************,
Хариуцагч: Баянхонгор аймаг, **************** дугаар байр хаягтай, ***********************т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 17,022,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, гэрч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чимэдцэрэн оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ************** нь Баянхонгор аймгийн ****************т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 17,022,251 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Манай байгууллага нь Цахилгаан гэрэлтүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн байгууллага болон хувийн хэвшилтэй хамтран олон төсөл, хөтөлбөрүүд дээр ажиллаж байсан туршлагатай байгууллага юм.
Бид энэ удаагийн нээлттэй сонгон шалгаруулалтаар Баянхонгор аймгийн *****************аас зарласан Гэрэлтүүлгийн ажил гүйцэтгэх ажилд шалгарч Баянхонгор аймгийн **************анд гэрэлтүүлэг хийх ажлын ЗДТГ/2024061704 дугаар гэрээг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр тус сумын Засаг даргын тамгын газартай байгуулсан. Тухайн гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг манай байгууллагад шилжүүлж гэрээний дагуу, тусгай нөхцөлийг биелүүлж, хариуцагчийн хүсэл шаардлагын дагуу илүү ажил хүртэл хийж гүйцэтгэж өгсөн байдаг.
Тус хариуцагч нь 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2024-7 дугаартай Баянхонгор аймгийн*******ын засаг даргын тамгын газар гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авах комисс акт үйлдэж хийсэн ажлыг хүлээн авч баталгаажуулсан. Гэтэл хариуцагч нь гэрээний 4.1.1 дэхь хэсэгт заасан Захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн хийсэн ажилд үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээнэ гэх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлэхгүй байна.
Иймд хариуцагчаас талуудын хооронд байгуулсан Баянхонгор аймгийн ****************анд гэрэлтүүлэг хийх ажлын ЗДТГ/2024061704 дугаар гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөр 17,022,251 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
Тус Сумын Тамгын газраас зарласан гэрэлтүүлгийн ажлыг “****************
68.955.454 төгрөгөөр хийхээр гэрээ хийсэн. 2024 оны 07 сарын 05-ны өдөр ажлыг хийж гүйцэтгэж дууссан боловч төсөвт тусгагдсан 116 гэрэлтүүлэг. Үүнээс 86 ширхэгийг шинээр суурьлуулах, 30 ширхэгийг одоо ажиллаж байгаа гэрэлтүүлгийг суурьлуулах байсан боловч тус 30 ширхэг гэрэлтүүлгээс 5 ширхэгийг суурьлуулж өгсөн. Эхний санхүүжилтийг 6 сарын 25-ны өдөр 20,686,336, дараагийн санхүүжилтийг 06 дугаар сарын 27-ны өдөр 27,582,181 төгрөг нийт 48.263,817 төгрөгийг санхүүжилтийг шилжүүлсэн.
Тус байгууллагаас тооцоолж ирүүлсэн төсөв дээр ажиллах хүчний зардлыг
15,490,772 төгрөгөөр ирүүлсэн. Үүнийг 116 гэрэлтүүлэгт хуваахаар 1 гэрэлтүүлгийг
суурьлуулах зардал 133,541 төгрөг. Үүнийг суурьлуулаагүй 25 гэрэлтүүлгээр
тооцоолохоор 3,338,525 төгрөгийн ажлыг хийгээгүй. Үүнийгээ суутгаж хоцрох тал дээр маргаан үүсч тус байгууллага шүүхэд шилжүүлсэн байна.
Манайх гэрээнд тусгагдсан Нормчлолын сан 106,665, Захиалагчийн албаны
зардал 1345,754, Инженер хайгуул, зураг төслийн ажлын дүн -300,000, зураг төсөл
зохиогчийн хяналтын зардал 672877, магадлашгүй ажлын зардал - 1345,754 төгрөг
болон хийгээгүй ажлын 3,338,525 төгрөгийг тус тус суутган 13,577,362 төгрөгийг **************д шилжүүлэх болно гэдгээ үүгээр тайлбарлаж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэл, Баянхонгор аймгийн *************** 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн*******анд гэрэлтүүлэг хийх ажлын гэрээ, хавсралт, Баянхонгор аймгийн***********************ын Засаг даргын тамгын газар гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авах комиссын акт, Баянхонгор аймгийн **************ын засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 82 болон 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай албан бичгүүд, Монгол улсын Сангийн яамны 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 03/4138 дугаартай албан бичиг, нэхэмжлэх зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас Баянхонгор аймгийн *************ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 137 дугаартай тайлбар, Баянхонгор аймгийн*********** *анд гудамны гэрэлтүүлэг хийх угсралтын ажлын төсөв зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Шүүхээс зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримтгүй болно.
Үндэслэх нь:
1. Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, хариу тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ***************** нь хариуцагч Баянхонгор аймгийн*******ын Засаг даргын тамгын газарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 17,022,251 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ./Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас/
Хариуцагч Баянхонгор аймгийн***************** *ын тамгын газар нь “Нэг гэрлийг суурилуулах зардал нь 133,541 төгрөг болж байна гэж үзсэн. Нийт 25 гэрэл суурилуулах үнэ 3,338,525 төгрөгийг тооцоо гарч байгаа. Суурилуулаагүй үнийг өөр хүнээр гүйцэтгүүлье 3,338,525 төгрөгөө шилжүүлэхгүй. Манайх гэрээнд тусгагдсан нормчлолын сан 106,665, захиалагчийн албаны
зардал 1345,754, инженер хайгуул, зураг төслийн ажлын дүн -300,000, зураг төсөл
зохиогчийн хяналтын зардал 672,877, магадлашгүй ажлын зардал – 1,345,754 төгрөг болон хийгээгүй ажлын 3,338,525 төгрөгийг тус тус суутган 13,577,362 төгрөгийг **************-д шилжүүлнэ гэж маргажээ. /Хавтаст хэргийн 47 дугаар хуудас/
2. Нэхэмжлэгч ************ болон хариуцагч Баянхонгор аймгийн *****************ын тамгын газар нарын хооронд 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр №ЗДТГ/2024061704 дугаар “Баянхонгор аймгийн*******анд гэрэлтүүлэг хийх ажлын гэрээ”-г бичгээр байгуулж, харилцан гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдгээр албажуулжээ.
Уг гэрээний 1.3-т “захиалагч нь Баянхонгор аймгийн ***************ын гэрэлтүүлгийн ажлыг /цаашид “ажил” гэх/ 68,955,4544 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн гүйцэтгэгчийн тендерийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно”, 2.1-т “захиалагч нь ажлын нийт үнэ 68,955,454 төгрөгийг сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2024 онд санхүүжүүлнэ”, 3.1-т “гүйцэтгэгч нь тус ажлыг техникийн тодорхойлолт, зураг төсөвт тусгагдсаны дагуу 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтад оруулна” гэжээ./Хавтаст хэргийн 9-12 дугаар хуудас/
Нэхэмжлэгч ************** нь **************д гэрэлтүүлгийн ажлыг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, хариуцагч Баянхонгор аймгийн *****************ын Засаг даргын тамгын газар нь ажлын нийт үнэ 68,955,454 төгрөг төлөх тус тус үүрэг хүлээснээс үзэхэд зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх эрх зүйн үндэслэлтэй байна.
Учир нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
3. Нэхэмжлэгч “****************** нь 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд*******анд гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэж, гадна талбайн гэрэлтүүлэг - 86 ширхэг, гэрэлтүүлэг самбар - 1 ширхэг, гэрэлтүүлэг кронштейн -116 ширхэг, агаарын шугам бүрээстэй сип – 5 ширхэг, монтаж утас 1*25 – 480 метр, тулгуурт баригч суулгах – 36 ширхэг, сид фаз салбарлагч – 232 ширхэг, гэрэлтүүлгийн шонгийн толгой -116 ширхэг зэргийг Баянхонгор аймгийн **********ын Засаг даргын тамгын газраас томилогдсон гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авах комисст хүлээлгэж өгчээ. /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/
Улмаар Баянхонгор аймгийн * гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авах комиссын акт************ын 2.1-т “гэрэлтүүлгийн ажлыг шалгаж үзээд гүйцэтгэгч байгууллага гэрээний дагуу нийлүүлэгдэх гэрэлтүүлгийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж дүгнэв, 2.2-т “гэрэлтүүлгийн ажлыг захиалагч байгууллагын мэдэлд бүрэн шилжүүлж, ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэв” гэж тус тус заажээ. /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/
Мөн түүнчлэн Баянхонгор аймгийн ***************** 2024 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 97 дугаар албан бичигт “ тус сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэн хийгдсэн “Гудамны гэрэлтүүлэг”-ийн ажлыг ************нь техникийн тодорхойлолтын дагуу гэрээний хугацаанд 100 хувь хийж гүйцэтгэсэн болно” гэжээ.
Дээрхээс үзвэл нэхэмжлэгч ******************нь Баянхонгор аймгийн ***************анд гэрэлтүүлэг хийх ажлын гэрээгээр хүлээсэн гэрэлтүүлгийн ажлыг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх үүргээ бүрэн гүйцэтгэсэн байна гэж шүүх дүгнэв.
4. Харин хариуцагч Баянхонгор аймгийн *********************** нь тус гэрээгээр 116 ширхэг гэрэлтүүлэг хийлгэхээр тохиролцсон, 86 ширхэг гэрлийг шинээр хийх, одоо байгаа гэрлээс 30 ширхэг гэрлийг суулгахаар тохирсон гэх тайлбарыг шүүхэд гаргасан ч талуудын хооронд байгуулагдсан Баянхонгор аймгийн*******анд гэрэлтүүлэг хийх ажлын гэрээгээр дээрх байдал тогтоогдохгүй байна.
Мөн түүнчлэн тус тайлбарт “ нормчлолын сан 106,665, Захиалагчийн албаны
зардал 1345,754, Инженер хайгуул, зураг төслийн ажлын дүн -300,000, зураг төсөл
зохиогчийн хяналтын зардал 672,877, магадлашгүй ажлын зардал – 1,345,754 төгрөг гэх” зардлуудыг төлөхгүй гэж дурдсан байх боловч ямар үндэслэлээр төлөхгүй болохоо тайлбарлаагүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй байна.
5. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т Захиалагч дараахь шаардлага гаргах эрхтэй, 352.2.1-т гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол ажил гүйцэтгэгчийн саналаар түүний зардлаар уг доголдлыг арилгуулах, эсхүл ажлыг шинээр гүйцэтгүүлэх гэж зааснаас үзвэл Баянхонгор аймгийн*******ын Засаг даргын тамгын газраас томилогдсон гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авах комисс нь тус гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авахдаа ажлын үр дүн доголдолтой байсан бол доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй байжээ.
Гэвч Баянхонгор аймгийн ***************** газраас томилогдсон гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авах комисс нь гэрэлтүүлгийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэгч биелүүлсэн гэж дүгнэж, гэрэлтүүлгийн ажлыг захиалагч байгууллагын мэдэлд бүрэн шилжүүлж, ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэн Баянхонгор аймгийн*******ын Засаг даргын тамгын газар гэрэлтүүлгийн ажлыг хүлээн авах комиссын акт үйлдсэн зэргээс үзвэл тус гүйцэтгэсэн ажлыг доголдолтой гэж үзэх үндэслэлгүй байна.
6. Мөн Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.4-т “Ажлын үр дүнг хүлээж авах үед түүний доголдлыг захиалагч мэдэж байсан боловч ямар нэгэн гомдол гаргаагүй бол тэрээр энэ хуулийн 352.2-т заасан шаардлага гаргах эрхээ алдана.” гэж зааснаар хариуцагч Баянхонгор аймгийн*******ын Засаг даргын тамгын газар нь доголдлыг арилгуулах шаардлага гаргах эрхээ алджээ.
7. Иймд хариуцагч Баянхонгор аймгийн ******************аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 17,022,251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***************-д олгож шийдвэрлэв.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ******************-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,061.26 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн*******ын Засаг даргын тамгын газраас 243,061.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***************-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянхонгор аймгийн *******************аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 17,022,251 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *************-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ***************ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243,061.26 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянхонгор аймгийн **********************аас 243,061.26 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *********************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА