Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/03940

 

 

 

 

 

 

 

 

 

2024 09 26 182/ШШ2024/03940

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ........... хаягт байрлах, Х ХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ........................ тоот хаягт оршин суух, Ж овогт Б.Э /РД:0000000/,

 

Хариуцагч: ........................ тоот хаягт оршин суух, Э овогт Ч.Э /РД:00000000/,

 

Хариуцагч: ...................... тоот хаягт оршин суух, Я овогт М.Д /РД:00000000/,

 

Хариуцагч: ...................... тоот хаягт оршин суух, Ж овогт Б.Ж /РД:000000000/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 307,281,972.24 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

(Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаагаа утсаар илэрхийлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.Э, Ч.Э, М.Д, Б.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 307,281,972.24 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Зээлдэгч Б.Э, Ч.Э нар нь 2017.07.20-ны өдөр Х ХК-ийн Андууд тооцооны төвтэй №ЗГ201743159884 тоот Зээлийн гэрээ, №БГ201743159884 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/, №БГҮ201743159884 тоот Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-г тус тус байгуулан 160,500,000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, Тээврийн хэрэгслийн зээл зориулалтаар авсан. Зээлдэгчид зээлийн барьцаанд хөдлөх эд хөрөнгийн хувьд Тоёота ланд круйзер GXR маркийн 000000000000 арлын дугаартай, 2017 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн, суудлын зориулалттай, 00000 улсын дугаартай, жийп төрлийн тээврийн хэрэгсэл, үл хөдлөх эд хөрөнгийн хувьд гэрээ болон итгэмжлэлийн үндсэн дээр Б.Ж, М.Д гэсэн хоёр хүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, ...................... тоот, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг барьцаалуулан барьцааны гэрээ болон барьцаалбарыг зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн. Зээлдэгч нар нь зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 6,563,230 төгрөг, хүүгийн төлбөрт 18,229,143 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14,948 төгрөг, нийт 24,807,322 төгрөгийг төлсөн ба зээл буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул зээл төлөх мэдэгдэл болон Зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлж зээлийн төлбөрийг бүхэлд нь шаардсан боловч төлөгдөөгүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байна.

Иймд банк талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний хоёрдугаар зүйлийн 2.4.1, 2.4.4, дөрөвдүгээр зүйлийн 4.2.2, 4.2.11, 4.2.16, 4.3, тавдугаар зүйлийн 5.1.1, 5.1.9, зургаадугаар зүйлийн 6.12, долоодугаар зүйлийн 7.2, дахь заалт болон Монгол улсын Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3, 242.11, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 20.8, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь заалтуудыг үндэслэн 2017.07.20-ны өдрийн №3Г201743159884 тоот зээлийн гэрээний үүрэгт зээл буцаан дуудах мэдэгдэл хүргүүлсэн 2023.09.30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэлд 153,936,769.75 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 142,539,450.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 10,757,752.33 төгрөг, нийт 307,233,972.24 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардлын 48,000 төгрөг, нийт 307,281,972.24 төгрөгийг зээлдэгч Б.Э, Ч.Э нараас гаргуулахаар,

Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг Б.Э, Ч.Э, М.Д, Б.Ж нарт холбогдуулан, хамтран хариуцуулахаар 2017.07.20-ны өдрийн №БГ201743159884 тоот Барьцааны гэрээ /Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгө/-ээр барьцаалуулсан Тоёота ланд круйзер GXR маркийн 000000000000 арлын дугаартай, 2017 онд үйлдвэрлэгдсэн, хар өнгийн, суудлын зориулалттай, 00000 улсын дугаартай, жийп төрлийн тээврийн хэрэгсэл, №БГҮ201743159884 тоот Барьцааны гэрээ /Үл хөдлөх хөрөнгө/-гээр барьцаалуулсан Б.Ж, М.Д гэсэн хоёр хүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, ...................... тоот, 30 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг худалдан борлуулсан дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тус нэхэмжилж байна... гэв.

 

Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь 307,281,972.24 төгрөгийн тооцоог хэрхэн яаж тооцож гаргаж ирсэн үндэслэлээ нэхэмжлэлдээ тодорхойлж, холбогдох тооцоог гаргаж шүүхэд ирүүлээгүй байгаа нь миний гаргах хариу тайлбарын цар хүрээг хязгаарлаж байна. Ер нь бол зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх ерөнхий хугацаа талдаа ч ороогүй байхад банк нь миний харилцах дансыг байнга хянаж байдаг давуу байдлаа ашиглаж, данснаас шууд татан авсан мөнгөө зөвхөн хүүгийн төлбөртөө тооцож, харин гэрээгээр хүлээсэн үндсэн үүргийг маань хойш тавьж эхэлснээс үүдэлтэйгээр бидний хоорондын маргаан өнөөдрийн энд хүрээд байгаа.

Өөрөөр хэлвэл миний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн яаж тооцоод байгаа, улс орон төдийгүй олон улсын хэмжээнд үүсээд байсан давагдашгүй хүчин зүйлийг талууд хэрхэн тооцож харилцан тохиролцох, хугацаа нь дуусаагүй байгаа гэрээний хугацааг тохиролцох, улмаар хугацааг сунгах гэх мэтэд тохиролцох боломж байгаа эсэх зэргийн талаар талууд ярилцаад үзэхэд миний зүгээс элдэвээр цааргалах, татгалзах зүйл үгүй юм.

Энэ тооцоог нь нэхэмжлэгчээс гаргуулж авч байж харилцан ярилцаж шийдвэрлэх боломжийг эрэлхийлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хялбаршуулах ач холбогдолтой гэж үзэж байна... гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.01.18-ны өдөр 1,764,559.86 төгрөг төлсөн баримт /хх-ийн 5-6 х/,

-Нотариатын үйлчилгээний зардал төлсөн баримт /хх-ийн 7 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 8, 104 х/,

-2023.06.30-ны өдрийн 01/3526 дугаартай Х.С-д олгосон итгэмжлэл /хх-ийн 9, 105 х/,

-2023.06.30-ны өдрийн 29/3548 дугаартай М.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 10 х/,

-2024.01.18-ны өдрийн 34/281 дугаартай О.О-д итгэмжлэл /хх-ийн 11 х/,

-2017.07.20-ны өдрийн ЗГ201743159884 тоот Зээлийн гэрээ, түүний хавсралт /хх-ийн 12-13 х/,

-2017.07.20-ны өдрийн БГ201743159884 тоот Барьцааны гэрээ /хх-ийн 14-15 х/,

-Тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-ийн 16 х/,

-Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн даатгалын гэрээний баталгаа /хх-ийн 17-18 х/,

-2017.07.20-ны өдрийн БГҮ201743159884 тоот Барьцааны гэрээ /хх-ийн 19-21 х/,

-Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 22 х/,

-2017.07.20-ны өдрийн Б.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 23 х/,

-Зээл хүсэгчийн анкет /хх-ийн 24-26 х/,

-......... 6 дугаар хорооны Засаг даргын 2017.07.17-ны өдрийн ам бүлийн болон оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27 х/,

-2013.08.16-ны өдрийн 130358 дугаартай Өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн гэрчилгээ /хх-ийн 28 х/,

-2014.07.07-ны өдрийн 1124 дугаартай Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ /хх-ийн 29 х/,

-Гэрээт барьцааны мэдэгдлийн хуулбар /хх-ийн 30 х/,

-2017.07.21-ний өдрийн Х-ны Мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 31-32 х/,

-Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-ийн 33 х/,

-Бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн акт /хх-ийн 34 х/,

-2023.09.29-ний өдрийн Зээлийн бүртгэлийн карт /хх-ийн 35-36 х/,

-Зээлийн дансны хуулга /хх-ийн 37 х/,

-Зээлдэгчийн гаргасан тодорхойлолт, зээлдэгчтэй уулзсан тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 38-42 х/,

-2020.02.05-ны өдрийн 61/810 тоот Зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 43 х/,

-2020.04.17-ны өдрийн 61/1785 тоот Зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 44 х/,

-2020.06.17-ны өдрийн 61/3221 тоот Зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 45 х/,

-2020.08.29-ний өдрийн 61/3879 тоот Зээл төлөх мэдэгдэл /хх-ийн 46 х/,

-2023.09.29-ний өдрийн 34/5059 тоот Зээл буцаан дуудах мэдэгдэл /хх-ийн 47 х/,

-2024.05.16-ны өдрийн 34/2895 тоот О.Г-д олгосон итгэмжлэл /хх-ийн 78 х/,

-2024.05.10-ны өдрийн 29/2757 тоот Ж.Г-т олгосон итгэмжлэл /хх-ийн 79, 106 х/,

-2024.09.06-ны өдрийн 34/5280 тоот С.Г-д олгосон итгэмжлэл /хх-ийн 107 х/ зэрэг баримтуудыг,

 

4.Хариуцагч нар тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2024.03.04-ний өдрийн 0049 тоот Б.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 65 х/,

-2024.03.04-ний өдрийн 0048 тоот Б.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 66 х/,

-2024.03.05-ны өдрийн 1860 тоот Б.Э-д олгосон итгэмжлэл /хх-ийн 70 х/,

-хариу тайлбар /хх-ийн 72 х/ зэрэг баримтуудыг тус тус өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзсэн болно.

 

2.Нэхэмжлэгч Х ХК нь хариуцагч Б.Э, Ч.Э, М.Д, Б.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 307,281,972.24 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд:

а.Зээлдэгч Б.Э, Ч.Э нартай 2017.07.20-ны өдөр ЗГ201743159884 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 160,500,000 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний хугацаанд нийт 24,807,322 төгрөгийн төлөлт хийж, үлдэгдэл зээлийг төлөөгүй өнөөдрийг хүрсэн тул нэг талын санаачилгаар гэрээ цуцлагдсан.

б.Зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2017.07.20-ны өдөр Б.Э-тай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн БГ201743159884 тоот Барьцааны гэрээг, М.Д, Б.Ж нартай үл хөдлөх эд хөрөнгийн БГҮ201743159884 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч нар зээлийн гэрээнд заасан хугацаанд мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул зээлдүүлэгч зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардлыг Иргэний хуульд зааснаар шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь 307,281,972.24 төгрөгийн тооцоог хэрхэн яаж тооцож гаргаж ирсэн үндэслэл нь тодорхойгүй, зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэх ерөнхий хугацаа талдаа ч ороогүй байхад банк нь миний харилцах данснаас шууд татан авсан мөнгөө зөвхөн хүүгийн төлбөртөө тооцож, үндсэн үүргийг маань хойш тавьсан гэж маргасан.

 

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

а. Х ХК болон Б.Э, Ч.Э нарын хооронд 2017.07.20-ны өдөр ЗГ201743159884 дугаартай Зээлийн гэрээ, 2017.07.20-ны өдөр Б.Этай хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн БГ201743159884 тоот Барьцааны гэрээ, М.Д, Б.Ж нартай үл хөдлөх эд хөрөнгийн БГҮ201743159884 дугаартай Барьцааны гэрээ тус тус байгуулагджээ. /хх-ийн 12-13, 14-15, 19-21 х/

 

б.Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул шүүх зохигчийн хооронд мөн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

в.Зохигчийн 2017.07.20-ны өдөр байгуулсан ЗГ201743159884 дугаартай Зээлийн гэрээ-гээр хариуцагч Б.Э, Ч.Э нар нь 160,500,000 төгрөгийг, жилийн 16,8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай, тээврийн хэрэгслийн зориулалтаар 2025.07.17-ны өдрийг хүртэл зээлж, зээл буцаан төлөх хуваарийн дагуу эргүүлэн төлөх, төлөөгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх, нэхэмжлэгч Х ХК нь зээлийн мөнгийг шилжүүлэх үүрэг хүлээжээ.

 

г.Энэ өдөр Х ХХК нь ЗГ201743159884 дугаартай Зээлийн гэрээ-нд заасны дагуу хариуцагч Б.Эгийн Х-ны 5019194691 тоот дансанд 11055 зээл олголт шилжүүлгээр гэсэн утгатайгаар 160,500,000 төгрөгийг шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлжээ. /хх-ийн 31 х/

 

д.Хариуцагч Б.Э нь 2017.07.21-ний өдөр дээрх мөнгийг Т ХХК-ийн 5022297830 тоот дансанд ...Land-200 машин төлбөр, 1045 данс хоорондын шилжүүлэг гэх утгаар шилжүүлэн 00000 улсын дугаартай Land cruiser 200 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслийг худалдан авсан байх ба 2017.08.23-ны өдрөөс 2020.02.17-ныг хүртэл хугацаанд зээлийн төлбөрт 24,807,322 төгрөгийг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, зээлийн бүртгэлийн карт, зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдлоо. /хх-ийн 35-36, 37 х/

е. Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн зохицуулалтад нийцжээ.

 

ё.Зохигчийн байгуулсан ЗГ201743159884 дугаартай Зээлийн гэрээ-ний 2 дугаар зүйлд зааснаар зээлийн төлбөр, хүү төлөх хугацааг энэхүү гэрээний Хавсралт 1-д тодорхойлж, хариуцагч нь 2017.08.17-ны өдрөөс 2025.07.17-ны өдрийг хүртэл төлөхөөр талууд тохиролцжээ. /хх-ийн 13 хуудасны ар тал/

 

ж.Зээлийн гэрээний хугацаанд болон түүнээс хойш хэрэгт авагдсан зээл төлөлтийн дансны хуулганд дурдагдсанаар 2017.08.17-ны өдрөөс 2020.02.17-ны өдрийг хүртэл хугацаанд зээлдэгч буюу хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт нийт 24,807,322 төгрөгийг төлж үүнээс хойш ямар нэгэн төлбөр төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн байна.

 

5.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2-т Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж тус тус заасан.

 

а.Х ХК нь дээрх хуульд заасны дагуу зээлдэгч Б.Э, хамтран зээлдэгч Ч.Э нарт 2020.02.05-ны өдөр 61/810 тоот ...зээл төлөх хуваарьт хугацааг 659 хоногоор хэтрүүлэн төлөлт хийгээгүй байна. 2020.02.05-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 153,986,089.85 төгрөг, зээлийн хүү 48,092,010.73 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,038,476.78 төгрөг, нийт 204,116,577.36 төгрөгийг үлдэгдэлтэй байна... Зээл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 68,795,423 төгрөгийг 2020.02.12-ны дотор төлж барагдуулна уу... гэсэн Зээл төлөх мэдэгдэл-ийг,

2020.04.17-ны өдөр 61/1785 тоот ...зээл төлөх хуваарьт хугацааг 731 хоногоор хэтрүүлэн төлөлт хийгээгүй байна. 2020.02.05-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 153,936,770 төгрөг, зээлийн хүү 53,193,706 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,013,896 төгрөг, нийт 209,144,371 төгрөгийг үлдэгдэлтэй байна... Зээл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 74,821,522 төгрөгийг 2020.04.24-ний дотор төлж барагдуулна уу... гэсэн Зээл төлөх мэдэгдэл-ийг,

2020.06.17-ны өдөр 61/3221 тоот ...зээл төлөх хуваарьт хугацааг 792 хоногоор хэтрүүлэн төлөлт хийгээгүй байна. 2020.06.17-ны байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 153,936,769.85 төгрөг, зээлийн хүү 57,515,743.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,013,895.59 төгрөг, нийт 213,466,409.36 төгрөгийг үлдэгдэлтэй байна... Зээл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 78,907,626.45 төгрөгийг 2020.07.02-ны дотор төлж барагдуулна уу... гэсэн Зээл төлөх мэдэгдэл-ийг,

2020.08.29-ний өдөр 61/3879 тоот ...зээл төлөх хуваарьт хугацааг 865 хоногоор хэтрүүлэн төлөлт хийгээгүй байна. 2020.08.29-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 153,936,769.85 төгрөг, зээлийн хүү 62,688,019.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,013,895.59 төгрөг, нийт 218,638,684.83 төгрөгийг үлдэгдэлтэй байна... Зээл, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 90,071,522.04 төгрөгийг 2020.09.12-ны дотор төлж барагдуулна уу... гэсэн Зээл төлөх мэдэгдэл-ийг тус тус хүргүүлж, нэмэлт хугацаа тогтоосон байна. /хх-ийн 43, 44, 45, 46 х/

 

б.Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ, 208.2-т ...үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна, 208.3-т Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол үүргийн шинж чанараас шалтгаалан үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардсанаас хойш арав хоногийн дотор үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу зээлдэгч нар нь дээрх тогтоосон хугацаанд зээлийн төлбөрийг заасан хугацаанд нь гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

в.Үүний улмаас зээлдүүлэгч 2023.09.29-ний өдөр 34/5059 тоот ...Зээл төлөх мэдэгдлийг ...удаа дараа хүргүүлж байсан боловч биелүүлээгүй ба өнөөдрийн байдлаар зээлийн гэрээнд заасан хуваарьт хугацааг 1987 хоног хэтрүүлсэн байна. Иймд та 2023.09.29-ний байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 153,936,769.85 төгрөг, зээлийн хүү 142,468,597.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,828,605.25 төгрөг, нийт 307,233,972.24 төгрөгийг 2023.10.11-ний дотор төлж барагдуулахыг дахин мэдэгдэж, дээрх хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, ...зээлийн төлбөрийг бүхэлд нь шүүхийн журмаар буцаан төлүүлэхээр мэдэгдэж, 2024.01.19-ний өдөр шүүхэд хандсанаар талуудын байгуулсан гэрээг хугацаанаасаа өмнө цуцалсан байгааг буруутгах боломжгүй. /хх-ийн 47 х/

 

6.Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан.

 

а.Зохигчийн байгуулсан ЗГ201743159884 дугаартай Зээлийн гэрээ-ний 2.1.6-д зааснаар нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээгээр хугацаа хэтрүүлсэн хоногоор тооцож төлөхөөр талаар гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр байх тул гэрээний хугацааг хэтрүүлсэн 1987 хоногт зээлийн хүү 142,468,597.14 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,828,605.25 төгрөгийг хариуцагч Б.Э, Ч.Э нар нь төлөх үүрэгтэй байжээ.

 

б.Монголбанкны ерөнхийлөгчийн 2018.07.23-ны өдрийн А-203 дугаар тушаалаар баталсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам-ын дагуу зээлдэгчийн зээлийн дансны хуулгыг үндэслэн тооцвол Б.Э нь 2023.09.29-ний өдрийг хүртэл хугацаанд зээл 153,936,769.85 төгрөг, зээлийн хүүд 142,539,450.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 10,757,752.33 төгрөгийг тус тус төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

в.Тодруулбал, Зээлийн гэрээний хугацаа 2025.07.17-ны өдөр дуусах байсан боловч зээлдүүлэгч нь Зээлийн гэрээ-ний 6 дугаар зүйлд заасны дагуу 2024.01.14-ний өдөр шүүхэд хандаж, зээлийн гэрээг энэ өдрөөс цуцлаж, үндсэн зээлийн үлдэгдэл 153,936,769.75 төгрөг, хүү 142,539,450.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,757,752.33 төгрөг, нийт 307,233,972.24 төгрөгийг хариуцагч Б.Э, Ч.Э нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэл бүхий байна.

 

Иймээс хариуцагч Б.Э, Ч.Э нараас үндсэн зээлийн үлдэгдэл 153,936,769.75 төгрөг, хүү 142,539,450.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,757,752.33 төгрөг, нийт 307,233,972.24 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгох нь зүйтэй.

 

7.Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д зааснаар нэхэмжлэгч нь нотариатын зардал 48,000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

 

а.Учир нь зээлийн гэрээнд энэ талаар тохиролцоогүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 44 дүгээр зүйлийн 44.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх үүрэгтэй тул нэхэмжлэлийн шаардлагаас нотариатын зардал 48,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

8.Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд

8.1.Нэхэмжлэгч Х ХК болон хариуцагч Б.Э, Ч.Э нарын хооронд байгуулагдсан 2017.07.20-ны өдрийн ЗГ201743159884 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2017.07.20-ны өдрийн БГ201743159884 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг Б.Этай, БГҮ2017431159884 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг М.Д, Б.Ж нартай тус тус байгуулжээ. /хх-ийн 14-15, 19-20 х/

 

а.Хариуцагч Б.Э нь 2017.07.17-ны өдрийн БГ201743159884 тоот хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр 00000000000 арлын дугаартай Toyota Land Cruiser 200 GXR маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалжээ.

 

б.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Барьцааны зүйлийг барьцаалагчийн эзэмшилд шилжүүлээгүй бол энэ хуульд заасны дагуу барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр барьцаа баталгаажна, 11.3-т Хуульд зааснаар үүссэн барьцаа нь барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажна, 12 дугаар зүйлийн 12.4-т Автотээврийн хэрэгслийн барьцааны мэдэгдлийг тээврийн хэрэгслийн нэг бүрийн сериал дугаараар цахим мэдээллийн санд бүртгүүлснээр баталгаажсанд тооцно гэж тус тус заасан.

 

в.Дээрх зохицуулалтын дагуу зохигч 00000000000 арлын дугаартай Toyota Land Cruiser 200 GXR маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалахдаа барьцааны мэдэгдлийг 2017.11.22-ны өдөр цахим мэдээллийн сангийн 1017105276 дугаарт бүртгүүлж, гэрээний 2 дугаар зүйлийн 2.10-т заасан үүргээ биелүүлсэн байна. /хх-ийн 30 х/

 

8.2.Мөн хариуцагч М.Д, Б.Ж нар нь 2017.07.20-ны өдрийн БГҮ2017431159884 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр ......................... тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууцыг тус тус барьцаалжээ.

 

а.Тус байрны өмчлөгч М.Д, Б.Ж нар нь 2017.07.20-ны өдөр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, худалдах, бэлэглэх, арилжих, төлбөрт тооцуулах бүх хэлбэрээр захиран зарцуулах төлөөлж холбогдох гэрээ хэлцэл байгуулах, барьцаалбар үйлдэх, гэрээ барьцаалбарт гарын үсэг зурах, төлбөр тооцоо хийх эрхийг Б.Эд 3 жилийн хугацаатай итгэмжлэлээр олгосон байгаа нь зохих этгээдүүдийн зөвшөөрлийг авсан Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан байна.

 

б.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй, мөн хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана гэж тус тус заасан.

 

Иймээс нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд барьцаалсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2.2-т тус тус зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах зүйтэй.

 

9.Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид 2024.01.18-нд төлсөн 1,764,559.86 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,764,080 төгрөг /1,693,880+70,200/-ийг гаргуулж Х ХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

10.Хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаагаа утсаар илэрхийлсэн, мөн нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Э, Ч.Э нараас 307,233,972.24 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 48,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.2.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Э, Ч.Э Б.Э, Ч.Э нар нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд, М.Д, Б.Ж нарын өмчлөлийн ......................... тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай, Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн 2 өрөө орон сууц, мөн Б.Э-гийн өмчлөлийн 00000000000 арлын дугаартай Toyota Land Cruiser 200 GXR маркийн 00000 улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу барьцаа хөрөнгүүдээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид улсын тэмдэгтийн хураамжид 2024.01.18-нд төлсөн 1,764,559.86 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч нараас 1,764,080 төгрөг /1,693,880+70,200/-ийг гаргуулж Х ХК-д олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА