| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 171/2022/0340/Э |
| Дугаар | 0002 |
| Огноо | 2023-01-04 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 0002
Ж.Эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Т.Д
Нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдлоор шүүгдэгч Ж.Эд холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Ж-н Э,
Шүүгдэгч Ж.Э нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хот хоорондын А-1001 дугаартай авто зам дээр улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Х-ны эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газраас: Ж.Эы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Б овгийн Ж-н Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг 6 сарын хугацаагаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэж, Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т давж заалдах гомдолдоо:
... Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйл байхгүй гэдгээ мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны явцад илэрхийлсэн бөгөөд харин ял шийтгэлийн хувьд гомдол гаргахаас зайлшгүй гэж үзэж байна. Учир нь хэргийг шалгах явцад хохирогчийн бүрдүүлж өгсөн гэм хорын баримтаас илүү буюу 2.072.000 төгрөгийн баримтыг төлсөн.
Хохирогч Д.Х баримтгүйгээр 10 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчээс нотлох баримтаа бүрдүүлсэн тохиолдолд гэм хорын хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Мөн түүнчлэн Ж.Э Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа юм. Ж.Эы хувьд урьд өмнө зам тээврийн осолд орсны улмаас хөлийн өвдөг орчмын холбоос эд гэмтсэн, мөн дэлүү задарсан зэрэг дотор эрхтний гэмтэлтэй юм. Цаашид зохих эмчилгээг хийлгэх шаардлагатай. Иймд түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөн торгох ялыг сонгон хэрэглэж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Эд холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б овогт Ж-н Э нь 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт хот хоорондын А-1001 дугаартай авто зам дээр улсын дугаартай Тоёота Приус-30 маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа өөрийн гар утсанд ирсэн дуудлагыг харах үедээ замын эсрэг урсгал руу орж Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.д, 11.3, 11.7, 12.1, 12.3, 12.4, 12.6.а-д заасан заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зорчигч Д.Х-ны эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирогч Д.Х, гэрч Г.Б нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, хохирогчийн биед учирсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарах талаар Орхон аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10967 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ж.Эы яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хохирогч Д.Х-ны биед учирсан сээрний 12 нугалмын хугарал бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Ж.Эы гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулжээ.
Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн байхыг ойлгоно.
Шүүгдэгч Ж.Эы өмгөөлөгч А.Т нь ... шүүгдэгч нь урьд өмнө зам тээврийн осолд орсны улмаас хөлийн өвдөг орчмын холбоос эд гэмтсэн, мөн дэлүү задарсан зэрэг дотор эрхтний гэмтэлтэй юм. Цаашид зохих эмчилгээг хийлгэх шаардлагатай ... гэсэн агуулгатай давж заалдах гомдол гаргасан боловч анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь ... зам тээврийн осолд орсны улмаас хөлийн өвдөг орчмын холбоос эд гэмтсэн, мөн дэлүү задарсан зэрэг дотор эрхтний гэмтэлтэй ... гэсэн талаар ямар нэгэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй, энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ял болгон өөрчлөх үндэслэлгүй юм.
Иймд шүүгдэгч Ж.Эы өмгөөлөгч А.Т-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 381 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т-ны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР