Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2024/0014/з |
Дугаар | 119/ШШ2024/0031 |
Огноо | 2024-06-14 |
Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 119/ШШ2024/0031
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Ч” ХХК-ийн захирал Л.А
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н
Хариуцагч: Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Бямбадорж, О.Дүүрэнжаргал нарын хоорондын
““Ч” ХХК-ийн газар эзэмших 0000137... дугаартай гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн захирал Л.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бямбадорж, О.Дүүрэнжаргал, нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ч” ХХК Орхон аймгийн Засаг дарга, Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тус тус холбогдуулан ““Ч” ХХК-ний газар эзэмших гэрээ, 000137... дугаартай гэрчилгээг сунган шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын шийдвэрийг бүртгээгүй байгаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргад газрын гэрээ гэрчилгээг нь сунгасан шийдвэрийг албажуулахыг даалгах” шийдвэр гаргуулахаар маргаж байна.
2. Нэхэмжлэгч “Ч” ХХК Орхон аймгийн Баян-Өндөр сум, ...... байрлах 9300 мкв газрыг “Шингэрүүлдэг шатдаг хийн агуулах” зориулалтаар 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/369 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох тухай” захирамжаар тухайн газрыг 3 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдсон ба гэрчилгээний хугацааг сунгуулахаар аймгийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр ханджээ.
3. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 381 дугаар албан бичгээр газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах боломжгүй гэсэн хариу өгсөн байна.
2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
1) Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ...” гэсэн хуулийн дагуу хүсэлтээ гаргасан, 5 хоног буюу гэрчилгээний хугацаа дуусахаас 25 хоногийн өмнө хүсэлтээ хүргүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаан байхад гэрчилгээний хугацаа сунгахгүй байгаа эс үйлдэхүйг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж өгнө үү гэж тодорхойлов.
5. Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ч” ХХК-ийн газар эзэмших гэрээ 000137... дугаартай гэрчилгээг сунгахаар шийдвэрлэсэн, Засаг даргын шийдвэрийг бүртгээгүй байгаа Орхон аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй, хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргын газрын гэрээ гэрчилгээг сунгасан шийдвэрийг албажуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. “Ч” ХХК нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ...... урд газар эзэмших гэрчилгээний 000137... дугаартай нэгж талбарын дугаар нь 61037435.. улсын бүртгэлийн Б-21010015... дугаарт бүртгүүлж, бүртгэсэн газар дээр Орхон аймгийн хэрэглэгчдэд шингэрүүлсэн хийн түлшээр хангах үйл ажиллагааг 10 гаруй жил явуулж байгаа. ...... замаас салаалсан засмал замын шингэрүүлсэн хийн колонкийг 1 тэрбум төгрөгөөр барьж, ногоон байгууламж, хамгаалалтын зурвас, ажилчдын оффисын барилгыг барьж, барилгуудаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Газрын хуулийн тухай 34 дүгээр зүйл 34.10 дахь хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх, өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Газар эзэмших хугацааг Монгол улсад үйлчилж буй хууль тогтоомжийг мөрдөн ажиллаж, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ажилчдын цалин, нийгмийн даатгалын татвараа бүрэн төлж, орон нутагт ажлын байр шинээр гарган ажиллаж байсан. Орхон аймгийн Засаг дарга 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан 3 шаардлагыг бүрэн ханган нотлох баримтын хамт биеэр Засаг даргад хүргүүлж өгсөн боловч Засаг дарга хүлээж аваад Тусгай зөвшөөрлийн хуулийн дагуу 2 хоногийн дотор Газрын харилцаа, хот байгуулалтын дарга Болдбаатарт асуудлыг шийдвэрлэх гэж цохолт хийж шийдвэрлэж өгсөн. Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5.1, 5.5 дугаар зүйлийн 4.1 дэх заалтыг хангасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигчид шаардлага хангасан, бүрдүүлсэн материал бүрэн гэж үзээд буцаахгүйгээр хүлээж авсан гэж үзнэ. Хуулиараа хүлээж авсан газрыг цохолт хийгээд 5 хоногийн дотор Засаг дарга шийдэх ёстой боловч энэ хуулийн хугацаа Хот байгуулалт, газрын албан дээр биелэгдээгүй. Орхон аймгийн Газрын харилцаа, хот байгуулалтын газрын дарга Болдбаатар “Ч” хувьцаат компанийн газар эзэмших эрхийг шийдвэрлэ гэсэн албан бичиг аваад Газрын тухай хууль болон 2023 оны 7 дугаар сард батлагдсан 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс эхэлж мөрдөгдөх Зөвшөөрлийн тухай хуулийг үйл ажиллагаа удирдлагадаа огт хэрэглээгүйгээс үл ойлголцол явагдсан. Нэхэмжлэгч нь Болдбаатартай уулзаад танай газрыг нийтийн эзэмшлийн ногоон байгууламж болгох үүргийг дээд газраас өгөөд байна. Засаг дарга газар сунгах гэсэн болохоор 5 жилийн хугацаагаар дахиж сунгах боломж байна. Газын агуулахаа нүүлгэчих газрын кадастраа хийлгэ, хөрш айлуудтайгаа заагаа тогтоо, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг дахиж хийлгэ гэж хуульд байгаагүй нүсэр ажлыг шаардсан. Газын колонк нүүлгэх нь 1 тэрбум төгрөгийн ажил. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан шаардлагаас давсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч шаардахад түүнээс илүү зүйл шаардагдвал нийтийн албан тушаалтны ашиг сонирхлын зөрчил болохуйцаар энэ үйлдэл Авлигатай тэмцэх газарт хандаж болохоор хяхан боогдсон нэмэлт даалгаврууд өгсөн. Энэ үүргийг биелүүлж байх хугацаа буюу 6 сарын 27-ны өдөр газрын гэрээ гэрчилгээг сунгах боломжгүй гэсэн мэдэгдэх хуудсыг ирүүлсэн. Тусгай зөвшөөрлийн тухай хуульд нийтийн албан тушаалтан хэрвээ бусдын эрх ашиг хуулийг хөндөхөөр шийдвэр гаргах тохиолдолд 45 хоногийн өмнө Газрын албанд мэдэгдэх гээд хуульчилсан. Зөвшөөрлийн хугацааг сунгахдаа эрх бүхий этгээд зөвшөөрөл дуусахаас 45 хоногийн өмнө түүнийг сунгуулах тухай мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшиж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т заасны дагуу мэдэгдэж тусгай бүртгэлд бүртгүүлнэ. Болдбаатарт яагаад мэдэгдээгүй, бүртгүүлээгүй талаар ярьсан. 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс өмнө компанийн захирал Л.А хүнд өвчний улмаас Улаанбаатар хотод 1 дүгээр төв эмнэлэгт удаа дараа хэвтсэн. Хүндэтгэн үзэх шалтгаантай. Дээд шүүхийн тайлбарласан тайлбаруудаар хүндэтгэн үзэх шалтгаан дотор тухайн хүн 2 дугаар зэрэглэлийн эмнэлэгт хэвтэх, хорио цээрийн бүсэд орших, хилийн чанадад орших гэж байгаа нь тодорхой үүрэг гүйцэтгээд хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үздэг. Хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаад Болдбаатарт бичиг баримтаа бүрдүүлээд 5 сард 7 хоног, 6 сард 7 хоног хэвтэж эмчлүүлсэн бичгээ үзүүлээд байхад тоохгүйгээр хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргаагүй гэсэн. Гэтэл хүсэлт гаргах хугацаа 30-иас доошгүй хоног гэсэн болохоос гэрчилгээний хугацаа 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр дуусаж байгаа. 1 гишүүнтэй компанийн захирал эмнэлэгт хэвтсэн байна. Би яагаад газрын тусгай зөвшөөрөл яриад байгаа вэ гэхээр 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн цоо шинэ гарсан хууль. Энэ хууль яг мөрдөгдөнө гээд тусгай зөвшөөрлийн жагсаалтын 8 дугаар зүйлийн 1.21 дэх хэсэгт газар эзэмших ашиглах, төв аймгийн нийслэлийн Засаг дарга, төрийн чөлөөт бүсийн захирагч нарт гээд энэ заасан. Энэ бол бидний маргааны гол үндэслэл. Эрх бүхий этгээд зөвшөөрлийн хугацааг сунгах тухай ажлын 2 өдөрт багтаан арга хэмжээ авна. Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан хугацаа сунгах өргөдлийн хариуг өгөөгүй бол зөвшөөрлийг анх олгосон өдрөөр сунгасанд тооцно гэсэн ийм нарийвчлалтай тооцсон хуулийн үндэслэлийг Хууль зүйн сайд Энхбаяр хэлэхдээ энэ бол нийтийн албан тушаалтны авлига, хээл хахуулийн замыг хаах үндсэн үр дүн гарна. Хүний юмыг утгагүйгээр удаагаад 2023 оны 5 сард гаргасан юмыг 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр мэрэгч төлөгч хүн шиг Улаанбаатарт байгаа газын колонк дэлбэрснээр бүхэл бүтэн шалтаг шалтгаан хийж өнөөдөр энэ тайлбараа ирүүлэхдээ ирээдүйд болох юман дээр шалтаглаад өнөөдөр байгаагүй Тусгай зөвшөөрлийн хуульд заасан үндэслэлүүдийг зөрчиж байгаа юм. Газрын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан сонгох асуудал хамааралтай. Нэхэмжлэлийг базаад хэлэхэд Газрын тухай хуульд зааснаар манай Засаг дарга 2021 он 6 дугаар сарын 21-ний өдөр өгөхдөө газар эзэмших эрхийн хугацааг сунгах, 37 дугаар зүйлийн 1 дэх заалтад эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-иас доошгүй хугацааны өмнө эзэмшигч хугацаа сунгах хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараах бичиг баримтыг хавсаргана. Газар эзэмших гэрчилгээ өгсөн. 2-т газрын төлбөрийг төлсөн баримтыг өгсөн учраас Засаг дарга шийдүүл гэж цохсон. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд эднийх цахимаар өргөдөл өгөөгүй байна гэсэн. Давхар өргөдөл өгчихсөн, цахимаар өгөөгүй гээд 7 сард манай өөр асуудал шийдэгдээд буцаагаад татгалзах бичиг өгсөн байхад дахиад хавтаст хэрэгт авагдсан материалаар 7 дугаар сарын 3-ны өдөр цахимаар хүлээж аваад хариуг нь 30 хоногийн дараа өгсөн. Монгол Улс нэг хуультай нэгдсэн 1 хуулийнхаа дагуу байдаг. Тийм учраас төрийн албан хаагчид хууль биелүүлнэ. Өөрсдөө болохоор хууль биелүүлнэ гээд тангараг өргөсөн хүмүүс сар жилээр нь хуулийг зөрчдөг. Иргэн хүн долоохон хоног өвчилсөн тохиолдлыг өнөөдөр хугацаандаа өгөөгүй гэдэг зүйл ярьж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг амьдралд нийцүүлэн Ашигт малтмалын хууль, Газрын хуультай, Улсын Дээд шүүхийн тайлбар, захиргааны хэм хэмжээний актууд, энийг зохицуулсан хуулиуд гарчихсан байгаа. Энэ хуулиуд дээр мэдэгдэх зарчим зайлшгүй. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д хэсэгт захиргааны байгууллагын үйл ажиллагааны зарчим, 4.2.6 дахь хэсэгт бусдын эрх ашиг, хууль ёсны ашиг сонирхол, үндсэн захиргааны шийдвэр гарах тохиолдолд тэдгээрт заавал урьдчилан мэдэгдэнэ гэж байна. Урьдчилан мэдэгдэх захиргааны энэ үйл ажиллагааг явуулаагүй, Өөрсдийнхөө үйлдлийг хуульчлаад заагаад 45 хоногийн өмнө мэдэгдэнэ гээд хууль гараад байгаа. Ашигт малтмалын хуульд газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх хугацааг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт аймаг, нийслэлийн Засаг даргад хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээг эзэмших, нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг шалгаж хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн хугацаа сунгах шийдвэр гаргана. Хуулиараа сунгах ажлыг Засаг даргад өгсөн.
Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлье. Газрын эзэмших эрхийн 0000137... дугаар гэрчилгээг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, сунгахыг аймгийн Засаг даргад даалгах гэж тодорхойлж байна.” гэв.
6. Хариуцагч Орхон аймгийн Засаг даргын орлогч М.Түмэнжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: ““Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдагдсан тус компанийн Орхон аймгийн Засаг даргад 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гаргасан газар эзэмших гэрээ, гэрчилгээг сунгах хүсэлтийг хүлээн авч, сунган бүртгэл хийх үүргийг Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт өгсөн, гэрчилгээ сунгах тухай захирамж гарсан гэдэг нь үндэслэлгүй байна.
“Ч” ХХК-ийн 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 06/15 дугаар албан бичгээр аймгийн Засаг даргад гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах тухай хүсэлтэд аймгийн Засаг дарга 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “ГХБХБГ Г.Болдбаатарт шийдвэрлэх” гэж цохолт хийсэн ба энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шууд сунга гэсэн утгатай биш ба Засаг даргын албажсан шийдвэр гэж үзэхгүй. Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйл “Засаг даргын шийдвэр” гэсний 66.1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйл “Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах” гэсний 37.2-т “Аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор эрхийн гэрчилгээ эзэмших нөхцөлийг хангаж ажилласан эсэхийг хянаж, түүнийг хангасан тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба цахим системд бүртгэж, газар эзэмших гэрчилгээ, гэрээг баталгаажуулна” гэж тодорхой заасан ба “Ч” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан шийдвэр гараагүй болно.
Тус компани нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасны дагуу хуулийн хугацаандаа сунгуулах хүсэлт гаргаагүй, мөн хуулийн 39.1 дүгээр зүйл “Газар эзэмших эрх дараах тохиолдолд дуусгавар болно” гэсний 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж заасны дагуу тус компанийн газар эзэмших эрх дуусгавар болсон байна.
Мөн үүнээс гадна аймгийн Онцгой комиссын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хурлаар “Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун болон шингэрүүлсэн хий түгээх станцуудын байршил нь олон нийтийн аюулгүй байдлыг хангаж байгаа талаар” хэлэлцээд хот дотор үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун болон шингэрүүлсэн хий түгээх станцуудыг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэсний дагуу аймгийн Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/77 дугаар “Ажлын хэсэг томилох тухай” захирамжаар ажлын хэсэг байгуулагдан зохих удирдамжийн дагуу хяналт, шалгалтыг хэрэгжүүлсэн.
Тус ажлын хэсгийн тайлан, холбогдох Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн мэдэгдэл зэргээр “Ч” ХХК-ийн шингэрүүлсэн шатдаг хийн агуулах, авто хийгээр цэнэглэх станц, шатахуун түгээх станц нь холбогдох дүрэм, стандартын шаардлага хангахгүй байгаа нь нотлогдсон.
Тухайлбал, Аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн “Ч” ХХК-ийн ...... нутаг дэвсгэрт “......”-ийн зүүн талд байрлах шингэрүүлсэн шатдаг хийн агуулах, авто хийгээр цэнэглэх станц, шатахуун түгээх станцад хийсэн хяналт, үйл ажиллагааг шалгах хуудсаар тус компанийн шатахуун түгээх станц, агуулах нь Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь “галын аюулгүй байдлын дүгнэлт гаргуулах” гэсэн заалтыг зөрчсөн, Шатахуун түгээх станц, техникийн ерөнхий шаардлага М№4628:2013 стандартын 9.5 дахь хэсэг “ШТС-ын удирдлагын болон нэмэгдэл үйлчилгээний байрны шалны түвшин нь буулгах болон түгээх талбайн түвшингөөс өндөр түвшинд байрласан”, 17.4 дэх хэсэг “ил байрласан буулгах худаг нь шатахуун буулгах эзтоцистерний зогсох талбайн дэргэд тусдаа байрласан бөгөөд тээврийн хэрэгслийн мөргөлт, бусад механик гэмтлээс хамгаалагдсан”, 10.2.6 дахь хэсэг “газар доорх сав нь тоноглолуудыг хамгаалах шатахуун хэмжилт хийхэд зориулсан, хур тунадас, зам талбайн болон гадаргын ус орохооргүй хийцтэй, засвар үйлчилгээ хийх боломж бүхий худагтай” гэсэн шаардлагуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. Иймд Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн 2024.03.10-ны өдрийн 04/21 дугаар мэдэгдлээр “Ч” ХХК-ийн захирал Л.А-д тус компанийн ШТС-ыг одоо байгаа байршлаас нүүлгэн шилжүүлэхийг мэдэгдэж, “Ч” ХХК-ийн захирал Л.А мэдэгдэлд гарын үсэг зурж хүлээн авснаас үзэхэд зөрчлөө хүлээн зөвшөөрсөн нь харагдаж байна.
Иймд “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” Гэжээ
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд яриад шаардлагын хүрээнд хариу тайлбараа өгнө. Шүүгч нэхэмжлэгч нараас асуусаар байгаад нэхэмжлэлийн шаардлагыг тодруулчихлаа. Нэхэмжлэлийн шаардлага бол Засаг даргын газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан албажсан шийдвэр гараагүй байхад энэ шийдвэрийг албажуулахыг даалгуулах шаардлага гаргасан байсан. Гэтэл Засаг даргын шийдвэр ерөөсөө гараагүй, гэрчилгээ сунгасан шийдвэр гараагүй. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар Засаг даргын шийдвэр гээд тодорхойлчихсон байдаг. Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэсэн. Тэгэхээр танай зүгээс 2023 оны 6 сарын 21-ний өдөр ирүүлсэн хүсэлтэд Засаг дарга бичгээр цохолт хийсэн. Энэ шийдвэрлэх гэдэг чинь сунгачихлаа гэсэн үг биш. Энэ бол Засаг даргын албадсан шийдвэр биш гэдгийг бид нар хариу тайлбараараа няцааж байгаа юм. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн албан бичигт ямар ч хавсралт байгаагүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах, газар эзэмших эрхийн гэрчилгээ дуусгавар болохтой холбоотой харилцааг Газрын тухай хуулиар зохицуулж байгаа. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана гэж заасан. Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй бол дуусгавар болсонд тооцно гэсэн байна. Аймгийн Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн А/369 дүгээр захирамж гарсан. Энэ бол захирамжилсан буюу захиргааны акт. Тэгвэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны акт гэдгийг тодорхой заасан. 37.1 дэх хэсэгт захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд чиглэсэн эрх зүйн шууд үр дагавар бий болгох амаар болон бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Газар эзэмшигч талаас Газрын тухай хуульд зааснаар эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас өмнө хуульд заасан 30 хоногоос өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ холбогдох журмын дагуу гаргаагүй. Энэ нь газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгох үндэслэл болж байгаа. Засаг даргаас захирамжилсан шийдвэр, захиргааны акт огт гаргаагүй байхад энэ шийдвэрийг албажуулахыг даалгаж байна гэдэг чинь нэхэмжлэлийн шаардлага нь ямар ч үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүрэнжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/250 дугаар захирамжаар “Ч” ХХК-д 15 жилийн хугацаатай шатдаг хийн зориулалтаар газрыг эзэмшүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Э-тай нотариатын гэрээ байгуулж эрх шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу 5 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Засаг даргад хүсэлт өгснөөр 6 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлж, А/369 дугаар захирамж гарсан. 6 дугаар сарын 02-ны өдөр захирамж гарсан учраас 3 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдаг. 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр “Ч” ХХК-ийн газар эзэмших эрхийн хугацаа дуусаж байгаа. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар газар эзэмшигч нь 30-иас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргана гэж байгаа. Тэгэхээр 5 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэхээр байгаа. Сунгуулах хүсэлтээ хоцроож гаргасан шалтгааных нь хугацааг нь үзэхээр 5 дугаар сарын 18-наас эмнэлэгт хэвтээд 26-ны өдөр гарсан байгаа. 6 дугаар сарын 12-ны өдөр хэвтээд 19-ний өдөр гарсан байна. Энэ хоногуудад ажлын хоногууд байсан. Эмнэлэгт хэвтэхээсээ өмнө ажлын хоногууддаа хугацаа сунгах хүсэлтээ өгөх боломжтой байсан гэж үзэж байна. Засаг даргын захирамж шийдвэр гараагүй, эрхийн гэрчилгээ хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-иас доошгүй хоногийн өмнө эзэмшигч хугацаа сунгах хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд гээд 3 төрлийн баримт бүрдүүлнэ. Ингэж гаргаагүй тохиолдолд Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад сунгах хүсэлт гаргаагүй гэсэн заалтын дагуу нэхэмжлэгч байгууллагын өөрийн санаачилгаар газар эзэмших эрх дуусгавар болж байгаа. Газар эзэмших эрхээ сунгуулах хүсэлтээ анх 6 дугаар сарын 21-ний өдөр анх гаргасан. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар хуулийн хугацаандаа газар эзэмших хүсэлт гаргаагүй. Даалгаж шийдвэрлэнэ гэдэг нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх хэсгийг ноцтой зөрчихөөр харагдаж байгаа. Нэхэмжлэгч талын яриад байгаа бид нарын хугацаа сунгахгүй байгаа гэдэг асуудал дандаа 06 дугаар сарын 21-ний өдрөөс хойшхи зүйл байгаа. Хуулийн хугацаандаа өгчихөөд байхад сунгахгүй байгаа асуудал яригдахгүй байгаа. Хугацаанаас хойш өгсөн процессыг яриад байна.” г
ҮНДЭСЛЭХ нь:
1. “Ч” ХХК нь “Ч” ХХК-ний газар эзэмших гэрээ, 000137... дугаартай гэрчилгээг сунган шийдвэрлэсэн аймгийн Засаг даргын шийдвэрийг бүртгээгүй байгаа Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Орхон аймгийн Засаг даргад газрын гэрээ гэрчилгээг нь сунгасан шийдвэрийг албажуулахыг даалгах” нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Ч” ХХК-ийн газар эзэмших 0000137... дугаартай гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан болно.
3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө зззмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”,
37.1.1. газар эзэмших эрхийн гэрчилгээ;
37.1.2. газрын төлбөрийг төлсөн тухай баримт;
37.1.3. байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт .... гэж тус тус заасны дагуу 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаагаа сунгуулахаар хүсэлтээ бичгээр гаргасан боловч аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон гэсэн хариу өгсөн нь үндэслэлгүй” гэж тодорхойлсон.
4. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гомдол гаргасан ба 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр “Ч” ХХК-д хариу өгсөн байна.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байна гэж шүүх үзсэн болно.
5. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын тайлбарыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.
6. “Ч” ХХК-ийн 9300 мкв хэмжээтэй газрын, 0000137... дугаартай эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн тухайд:
6.1. Орхон аймгийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 250 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай” захирамжаар “Ч” ХХК-д шингэрүүлсэн шатдаг хийн станцын зориулалтаар .... хорооллын төв замын урд талд 1 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр газар эзэмших эрхийн 02012.. дугаар гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан байна.
6.2. Орхон аймгийн Засаг дарга 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/369 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх, хүчингүй болгох тухай” захирамжаар “Ч” ХХК-ийн 1 га газраас 700 м.кв газрыг А-ийн Э-д шилжүүлж, 9300 м.кв газрыг “Ч” ХХК-д үлдээж, 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 0000137... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулжээ.
6.3. Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь Орхон аймгийн Засаг даргад газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр гаргасан байна.
6.4. Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 381 дугаар албан бичгээр “...хуулийн хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ гаргаагүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх заалтыг дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон ...” гэсэн хариуг өгсөн, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 07/05 дугаар албан бичгээр “Ч” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгаж өгөхийг дахин хүсэхдээ хугацаа хэтрүүлсэн шалтгаанаа нотолсон баримтын хамт хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
6.5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дүүрэнжаргал нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг аймгийн Засаг даргын захирамж гарсан өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцох ба 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших гэрчилгээний хугацаа дууссан гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
6.6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно.”, 30 дугаар зүйлийн 30.1-д “...аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаа сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна.”, 34 дүгээр зүйлийн 34.2-д “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус заасан.
6.7. Орхон аймгийн засаг дарга “Ч” ХХК-д 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/369 дугаар захирамжаар Улсын чанартай ...... авто замын урд байрлалтай 9300 м.кв газрыг 3 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг үндэслэн газар эзэмших эрхийн 0000137... дугаартай гэрчилгээг 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр олгож, гэрээ байгуулагдсанаар “Ч” ХХК маргаан бүхий газрын эзэмшигч болсон байна.
6.8. Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “Улсын бүртгэлд эрхийн гэрчилгээг олгосон он, сар, өдөр, эзэмшигчийн нэр, олгогдсон газрын нэгж талбарын дугаар, хэмжээ, байршлыг тэмдэглэх бөгөөд эрхийн гэрчилгээтэй холбогдсон аливаа өөрчлөлтийг тусгах зориулалт бүхий хавсралттай байна.” заасан ба газар эзэмших эрхийн гэрчилгээнд гэрчилгээг олгосон он, сар, өдрийг тусгаж эрхийн улсын бүртгэлд бүртгэж байгаа нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан эрхийн гэрчилгээний хүчинтэй байх хугацааны талаар тавих хяналтыг хэрэгжүүлэх зохицуулалт юм.
6.9. Хэдийгээр нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй, газар эзэмших эрхийн 0000137... дугаар гэрчилгээний хугацаа дуусахаас 25 хоногийн өмнө буюу 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүсэлтээ гаргасан, 5 хоногийн хугацаа алдсан шалтгаанаа нотолж баримтуудаа илгээсэн /хүндэтгэн үзэх шалтгаантай/ байхад Засаг даргын захирамж гарсан өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөр хугацааг тооцож, 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа дууссан гэж захиргааны албан тушаалтнууд үзэн, хугацааг сунгахгүй байгаа нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.
6.10. Түүнчлэн Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргаагүй бол газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгахаас татгалзах тухай хуулиар зохицуулаагүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” бол газар эзэмших эрх дуусгавар болохоор зохицуулсан байхад “Ч ХХК-ийн газар эзэмших эрхийн 0000137... дугаар гэрчилгээний хугацаа дуусаагүй байхад сунгаагүй эс үйлдэхүй тогтоогдож байна.
6.11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. “газар эзэмших эрхийн гэрчилгээ”; 37.1.2. “газрын төлбөрийг төлсөн тухай баримт; 37.1.3. “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”-ыг газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтийн хамт ирүүлээгүй, газар эзэмших гэрээгээ дүгнүүлж байгаагүй гэж маргасан боловч хариуцагч захиргааны байгууллагууд нь дээрхи хуулийн заалтын дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтэндээ холбогдох баримтуудыг хавсарган ирүүлээгүй гэдэг үндэслэлээр хариу хүргүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзаагүй болно.
6.12. Нэхэмжлэгч “Ч” ХХК-ийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газар эзэмших эрхийн 0000137... дугаар гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас өмнө хугацаа сунгуулах хүсэлтэй гаргасан боловч сунгахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүх үзлээ.
6.13. Нэгэнт газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан эс үйлдэхүй нь хууль бус болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байх тул Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хугацаа сунгуулах тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор ...газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах шийдвэр гаргана.” зааснаар “Ч” ХХК-ийн газар эзэмших эрхийн 0000137... дугаар гэрчилгээний хугацааг сунгахыг Орхон аймгийн Засаг даргад даалгах нь зүйтэй байна.
6.14. “Ч” ХХК-ийн захирал Л.А нь газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах тухай хүсэлтээ 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дахин гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хэтрүүлсэн талаархи нотлох баримтууд болох эмнэлгийн магадлагааг хавсрган хүргүүлж байсан болохыг дурьдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 30 дугаар зүйлийн 30.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Ч” ХХК-ийн газар эзэмших 0000137... дугаартай гэрчилгээний хугацааг сунгахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай захиргааны акт гаргахыг Орхон аймгийн Засаг даргад даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ч” ХХК-д олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА