Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2024/03941

 

 

 

 

 

 

2024 09 26

182/ШШ2024/03941

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ............. тоот хаягт оршин суух, Б овогт Д.Т /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .............. тоот хаягт байрлах, Е ХХК /РД:0000000/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 15,883,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдааныг өөрийнхөө эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтээ ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан 15,883,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1....Би Е ХХК-тай 2023.11.29-ний өдөр Дуудлага худалдаанд оролцох гэрээ байгуулан TOYOTA HARRIER маркийн автомашиныг захиалж тухайн өдрөө урьдчилгаа болгон 2,353,000 төгрөгийг компанийн худалдааны менежер Б.Л-гийн Хаан банкны 0000000000 тоот дансанд шилжүүлж, улмаар компаниас надад бэлэн мөнгөний орлогын баримтыг өгсөн.

Гэтэл дуудлага худалдаанд ТОYОТА HARRIER маркийн автомашин байхгүй байгаа тул 2013 онд үйлдвэрлэгдсэн TOYOTA CAMRY маркийн автомашиныг санал болгож автомашины урьдчилгаа төлбөр болох 635,000 иенийг 2023.12.18-ны өдөр 11,000,000 төгрөг, 2023.12.22-ны өдөр 2,500,000 төгрөгийг компанийн худалдааны менежер Б.Л-гийн Хаан банкны 0000000000 тоот дансанд 2024.01.02-ны өдөр 1,930,500 төгрөгийг компанийн гүйцэтгэх захирал З.И-ын Хас банкны 0000000000 тоот дансанд шилжүүлсэн. Миний бие Е ХХК-д нийт 17,783,500 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд тус компани надтай 2024.03.22-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, тус гэрээний 2.1-д зааснаар 2024.01.02-ны өдөр урьдчилгаа төлбөрийн хамгийн сүүлийн үлдэгдэл хийсэн өдрөөс хойш 90-120 хоногт автомашиныг хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Ийнхүү би автомашинаа ирэхийг хүлээж байтал ямар нэгэн замын мэдээ болон автомашинтай холбоотой мэдээллийг огт өгөхгүй, алга болж байгаад 2024 оны 04 сараас эхлэн автомашиныг хүлээлгэн өгч чадахгүй талаараа мэдэгдсэн. Ингээд 2024.04.19-ний өдөр тус компанийн гүйцэтгэх захирал З.И-ын Худалдаа хөгжлийн банкны 000000000 тоот данснаас буцаалт болгон 1,900,000 төгрөгийг шилжүүлж, энэ өдрөөс хойш маргааш өгье, удахгүй өгнө гэх мэтээр худал ярьсаар байгаад өнөөдрийг хүрсэн.

Иймд 2023.11.29-ний өдрийн Дуудлага худалдаанд оролцох гэрээ, 2024.03.22-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 15,883,000 төгрөгийг хариуцагч Е ХХК-иас гаргуулж өгнө үү... гэв.

 

2.Хариуцагч Е ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.05.07-ны өдөр 237,365 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 4 х/,

-2023.11.29-ний өдрийн Дуудлага худалдаанд оролцох гэрээ /хх-ийн 5-6 х/,

-2024.03.22-ны өдрийн Худалдах худалдан авах гэрээ, түүний хавсралт /хх-ийн 7-9 х/,

-2023.11.29, 2024.03.22-ны өдрүүдийн Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 10 х/,

-Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-43 х/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

 

4.Хариуцагч нь Б.Б-д олгосон итгэмжлэл /хх-ийн 50 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00000000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 51 х/ зэрэг баримтыг өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Е ХХК-д холбогдуулан 15,883,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: Үүнд:

а.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Е ХХК-тай 2023.11.29-ний өдөр Дуудлага худалдаанд оролцох гэрээ, 2024.03.22-ны өдөр Худалдах худалдан авах гэрээ-г тус тус байгуулж, 17,783,000 төгрөгийг шилжүүлсэн.

б.Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн биелүүлээгүй тул худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэд шилжүүлсэн 17,783,000 төгрөгөөс 1,900,000 төгрөгийг хасч 15,883,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

4.1.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Е ХХК-тай 2023.11.29-ний өдөр Япон улсад явагдаж байгаа дуудлага худалдаанаас худалдан авагчийн хүсэл, сонирхолд нийцсэн үзүүлэлттэй автомашиныг сонгон авах, дуудлага худалдааны барьцаа төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахаар Дуудлага худалдаанд оролцох гэрээ-г,

мөн 2024.03.22-ны өдөр 2013 онд үйлдвэрлэгдсэн 000000000000 арлын дугаартай Toyota camry маркийн автомат хроптой 2500сс2 WD хөдөлгүүрийн багтаамжтай, хар өнгийн автомашиныг худалдан авахаар харилцан тохиролцож Худалдах-Худалдан авах гэрээ-г тус тус байгуулжээ. /хх-ийн 5-6, 7-9 х/

 

а.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хэлцэл хийсэн гэж үзэх ба 2023.11.29-ний өдрийн Дуудлага худалдаанд оролцох гэрээ, 2024.03.22-ны өдрийн Худалдах-Худалдан авах гэрээ-нд тус тус талууд хүсэл зоригийн илэрхийллээ болгон гарын үсгээ зурж баталгаажуулсан нь хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

б.Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг тул шүүх зохигчийн хооронд мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа үүссэн байна гэж үзлээ.

 

в.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.

 

г.Талуудын хооронд байгуулагдсан 2023.11.29-ний өдрийн Дуудлага худалдаанд оролцох гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1, 2.2, 3 дугаар зүйлийн 3.1, 3.3-д зааснаар дуудлага худалдааны барьцаа төлбөр 100,000 иен байх, дуудлага худалдаанаас автомашин аваагүй тохиолдолд барьцаа төлбөрийг 100 хувь худалдан авагч талд шилжүүлэх,

2024.03.22-ны өдрийн Худалдах-Худалдан авах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.1, 2.3, 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар хариуцагч нь худалдан авагчийн захиалсан автомашиныг 90-120 хоногт нийлүүлэх, худалдан авагч нь автомашины үнэ 735,000 иенийг төлөх, автомашин нийлүүлэгдэх боломжгүй нөхцөлд талуудын хүсэлтээр гэрээг цуцлахаар харилцан тохиролцжээ.

 

д. Дээрх тохиролцоо болон Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар худалдан авагч буюу нэхэмжлэгч нь дуудлага худалдааны барьцаа төлбөр 100,000 иен, автомашины үнэ 735,000 иенийг тус тус төлөх, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах, нийлүүлэгч буюу хариуцагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, үүргийг тус тус хүлээдэг.

 

е.Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдэд заасны дагуу дуудлага худалдаанд оролцох барьцаа төлбөр 100,000 иенийг 2023.11.29-ний өдөр 2,353,000 төгрөг, автомашины үнэ 735,000 иенийг 2023.12.18-ны өдөр 635,000 иен буюу 11,000,000 төгрөг, 2023.12.22-ны өдөр 100,000 иен буюу 2,500,000 төгрөгөөр тус тус тухайн өдрүүдийн Хаан банкны ханшаар тус тус тооцож, нийт 835,000 иен буюу 17,783,500 төгрөгийг гэрээний 2.3, 3.1-д заасан хариуцагчийн Хаан банкны 0000000000 тоот данс болон гүйцэтгэх захирал З.Иын Хас банкны 0000000000 тоот дансанд тус тус шилжүүлжээ.

ё.Гэвч хариуцагч Е ХХК нь 2013 онд үйлдвэрлэгдсэн 000000000000 арлын дугаартай Toyota camry маркийн автомат хроптой 2500сс2 WD хөдөлгүүрийн багтаамжтай, хар өнгийн автомашиныг 90-120 хоногт багтаан нэхэмжлэгч Д.Т-од хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй, 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

а.Талуудын байгуулсан 2023.11.29-ний өдрийн Дуудлага худалдаанд оролцох гэрээ, 2024.03.22-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээ-нд заасны дагуу нэхэмжлэгч нь 2013 онд үйлдвэрлэгдсэн 000000000000 арлын дугаартай Toyota camry маркийн автомат хроптой 2500сс2 WD хөдөлгүүрийн багтаамжтай, хар өнгийн автомашиныг хүлээж аваагүй гэсэн үндэслэлээр дуудлага худалдааны барьцаа 100,000 иен, автомашины үнэ 735,000 иен буюу 17,783,500 төгрөгөөс хариуцагчийн 2024.04.19-ний өдөр шилжүүлсэн 1,900,000 төгрөгийг хасч үлдэгдэл 15,883,000 төгрөгийг хариуцагч Е ХХК-иас шаардаж байгааг буруутгах боломжгүй.

 

б.Өөрөөр хэлбэл талуудын хооронд хүчин төгөлдөр байгуулагдсан дээрх гэрээнүүд биелэгдэх боломжгүй болсны улмаас Дуудлага худалдаанд оролцох гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.2, Худалдах-Худалдан авах гэрээ-ний 2 дугаар зүйлийн 2.3, 7 дугаар зүйлийн 7.2-т заасны дагуу нэхэмжлэгч нь 15,883,000 төгрөгийг буцаан авах нь дээрх зохицуулалтад хамаарна.

 

в.Тодруулбал хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх бөгөөд гэрээнээс татгалзах тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаадаг онцлогтой.

 

Иймээс Е ХХК-иас гэрээний дагуу шилжүүлсэн 17,783,500 төгрөгөөс хариуцагчийн 2024.04.19-ний өдөр нэхэмжлэгчид шилжүүлсэн 1,900,000 төгрөгийг хасч үлдэгдэл 15,883,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

6.Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн 2024.05.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,365 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е ХХК-иас 237,365 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд өнөөдрийн шүүх хуралдааныг өөрийнхөө эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлтийг ирүүлсэн, мөн нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Е ХХК-иас 15,883,000 төгрөг /арван таван сая найман зуун наян гурван мянга/-ийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-од олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснын баримтлан нэхэмжлэгчийн 2024.05.07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,365 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е ХХК-иас 237,365 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Т-од олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА