| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04791/И |
| Дугаар | 182/ШШ2024/04010 |
| Огноо | 2024-10-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/04010
2024 10 01 182/ШШ2024/04010
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............. тоот хаягт оршин суух, Х овогт С.Э /РД:000000000/-ын нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч С.Э ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1....Миний бие С.Э нь 1989.11.01-ний өдрөөс Хоршоолол импэкс нэгдлийн жижиг үйлдвэрт оёдолчноор орж ажилласан. Намайг ажиллаж байх хугацаанд Хоршоолол импэкс нэгдэл нь хувьчлагдан зохион байгуулалтын өөрчлөлт хийж нэр нь Хоршоолол импэкс компани нэртэй болсон.
Иймд намайг 1989.11.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл тасралтгүй Хоршоолол импекс нэгдлийн жижиг үйлдвэрт болон Хоршоолол импекс ББХК-д тус тус оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү... гэв.
2.Нэхэмжлэгч нь дээрх шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 4 х/,
-2024.03.27-ны өдрийн 306 тоот Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын Тодорхойлолт /хх-ийн 5 х/
-2024.01.16-ны өдрийн 129 тоот Үндэсний төв архивын Тодорхойлолт /хх-ийн 6 х/,
-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 7, 39 х/
-1989.10.16-ний өдөр НААҮЯ-ны боловсон хүчний газраас олгосон 326282 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 8, 17, 20 х/,
-1990.07.10-ны өдөр Хоршоолол импекс нэгдлийн захиргаанаас олгосон баярын бичиг /хх-ийн 9 х/,
-1990.10.13-ны өдөр Хоршоолол импекс нэгдлийн захиргаанаас олгосон баярын бичиг /хх-ийн 10 х/,
-1991.12.28-ны өдөр Хоршоолол импекс нэгдлийн захиргаанаас олгосон диплом /хх-ийн 11 х/,
-Гэрэл зургууд /хх-ийн 12 х/,
-Хоршоолол импекс ББХК-ийн танилцуулга /хх-ийн 13-14 х/,
-Гэрч М.Г-гийн Тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 15-16 х/,
-Гэрч Д.Б-гийн Тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбарууд /хх-ийн 18-19 х/,
-2024.01.17-ны өдрийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 174 тоот Нийгмийн даатгалын шимтгэл-ийн тодорхойлолт /хх-ийн 23 х/,
-2024.01.12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 21 тоот Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 24 х/,
-БНМАУ-ын Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны сайдын 1989.03.18-ны өдөр Б-17 дугаартай Сургууль төгсөгчдийг хуваарилах тухай тушаал, түүний хавсралт /хх-ийн 25-28 х/,
-1995.03.21-ний өдрийн 322942 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэр /хх-ийн 38 х/ зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүхээс С.Э-ын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн ... өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу нэхэмжлэгч нь өөрийн оршин суугаа газрын шүүхэд хандсан болох нь түүний иргэний үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүх эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо буюу хүний ажиллаж байсан байдлыг нэхэмжлэгчийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг үндэслэн шийдвэрлэдэг.
3.Нэхэмжлэгч С.Э нь 1989.11.01-ний өдрөөс 1992.07.31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны харъяа, Хоршоолол импекс нэгдлийн жижиг үйлдвэрт, 1992.08.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Хоршоолол импекс ББХК-д тус тус оёдолчноор ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
3.1. 1989.10.16-ны өдөр НААҮЯ-ны боловсон хүчний газраас олгосон 326282 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, 1990.07.10-ны өдөр Хоршоолол импекс нэгдлийн захиргаанаас олгосон баярын бичиг, 1990.10.13-ны өдөр Хоршоолол импекс нэгдлийн захиргаанаас олгосон баярын бичиг, 1991.12.28-ны өдөр Хоршоолол импекс нэгдлийн захиргаанаас олгосон диплом, 2024.01.17-ны өдрийн Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 174 тоот Нийгмийн даатгалын шимтгэл-ийн тодорхойлолт, 2024.01.12-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 21 тоот Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, БНМАУ-ын Нийтийн аж ахуй, үйлчилгээний яамны сайдын 1989.03.18-ны өдөр Б-17 дугаартай Сургууль төгсөгчдийг хуваарилах тухай тушаал, түүний хавсралт, гэрч М.Г-гийн ...Би 1990.10.01-ний өдөр Хоршоолол импекс нэгдлийн жижиг үйлдвэрт оёдолчноор ажилд орсон. Тэр үед С.Э оёдолчноор ажиллаж байсан. Би тус үйлдвэртээ 6, 7 жил ажилласан. 1991 оны үед манай байгууллага хувьчлагдаж Хоршоолол импекс ХК нэртэй болсон. С.Э 1995 оны эхээр ажлаасаа гарсан... гэх мэдүүлэг, түүнд Хувцас захиалгын засварын үйлдвэрээс 1981.01.20-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт /хх-ийн 16 х/,
гэрч Д.Б-гийн ...Би 1989 онд Поли-техникийн их сургуулийг хөнгөн үйлдвэрийн механик инженерээр төгсөөд Нийтийн аж ахуй үйлчилгээний яаманд бид нарыг хуваарилсан боловч тухайн үед яам татан буугдана гээд бид нарыг хүлээж аваагүй. Тэгээд Хоршоолол импексийн нэгдлийн жижиг үйлдвэрт 1989 оны намар оёдолчноор ажилд орсон. Манай үйлдвэр урт цагааны баруун өнцөгт байрладаг байсан. Үйлдвэрийн дарга нь н.Ц гэж хүн байсан. Намайг 1989 оны намар ажилд ороход үйлдвэр 4-5 хүнтэй л байсан. С.Э нээх удалгүй тэр ондоо манай үйлдвэрт оёдолчноор ажилд орсон. Хүмүүс цуварч орсоор манай үйлдвэр 10 гаран ажилтантай болсон. Би 1997 онд ажлаасаа гарсан, С.Э надаас өмнө 1995 оны эхээр ажлаасаа гарсан, манай байгууллага 1991-1992 оны үед хувьчлагдаж байгаа гээд нэр нь Хоршоолол импекс ХК нэртэй болсон... гэх мэдүүлэг, түүнд 1980.01.15-ный өдөр АҮК-ын захирагаанаас олгосон 270593 дугаартай Хөдөлмөрийн дэвтэр, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг болно.
4. Шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овогт С.Э /РД:00000000/-ыг 1989.11.01-ний өдрөөс 1992.07.31-ний өдрийг хүртэл Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамны харъяа, Хоршоолол импекс нэгдлийн жижиг үйлдвэрт, 1992.08.01-ний өдрөөс 1995.01.01-ний өдрийг хүртэл Хоршоолол импекс ББХК-д тус тус оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар С.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА