Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 131/ШШ2024/00876

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, шүүгч Б.Мөнхбат, Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “*******”-ийг төлөөлсөн “Баянхонгор аймгийн прокурорын газар”-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Баянхонгор аймгийн*******,*******д холбогдох төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, прокурор*******, хариуцагч*******, хариуцагчийн өмгөөлөгч П.Өлзийбаяр нар оролцож, иргэдийн төлөөлөгч******* дүгнэлт гаргаж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Төрд учирсан хохирол 53,472,108 төгрөг гаргуулан “*******”-ийн төрийн сан дахь 100030020002 тоот дансанд оруулах тухай

2. Нэхэмжлэлийн үндэслэл:******* нь “*******”-ийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэлтийн тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 7 настайт хавсарсан мэдээгүйжүүлэг хийсний улмаас эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.

Энэхүү үйлдэл нь*******г Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 44 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Энэхүү шийтгэх тогтоолоор Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасны дагуу иргэний хариуцагч “*******”-ээс 53,472,108 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, шийдвэрлэсэн.

“*******”-ээс хохирогч **********д 53,472,108 төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт заасны дагуу төрд учирсан хохирлыг Л.Алтзаяагаас гаргуулах эрх зүйн үндэслэлтэй.

3. Нэхэмжлэгч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: “*******”-ийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 670 дугаар албан бичиг, төлбөрийн хүсэлт, “*******”-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаар хурлын тэмдэглэл, “*******”-ийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 602 дугаар албан бичиг

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ТЭ/162/2023/ШЦТ/44 дүгээр шүүх хуралдааны тэмдэглэл, Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 140/ШТ2024/00014 дүгээр “Гомдол хянан шийдвэрлэх тухай” шүүхийн тогтоол,

“Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1338 дугаар албан бичиг, “Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10/627 дугаар “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай” тогтоол, “Баянхонгор аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-аас мөнгө шилжүүлэх баримт

4. Нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: Үгүй.

5. Татгалзлын агуулга: Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай

6. Татгалзлын үндэслэл:******* миний холбогдсон хэрэгт “*******”-ийг иргэний хариуцагчаар татсан гол шалтгаан нь эмнэлгийн үйл ажиллагаанд бүтэц зохион байгуулалтын хувьд алдаа байсантай холбогдоно. “*******” нь буруутай үйл ажиллагаа байгааг хүлээн зөвшөөрсөн.

Тухайн үед мөрдөж байсан мэдээгүйжүүлэлтийн стандартад заасны дагуу нугасны мэдээгүйжүүлэлтийг хийсэн. Өөрийн ажил үүргээ гүйцэтгэж, тусламж үзүүлсэн.

7. Хариуцагч тал цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт: Үгүй.

8. Хариуцагч талын хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт: “Баянхонгор аймгийн прокурорын газар”-ын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/2157 дугаар албан бичиг, “Баянхонгор аймгийн прокурорын газар”-ын 2021 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дүгээр тогтоол, “Баянхонгор аймгийн прокурорын газар”-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 11 дүгээр тогтоол, “Баянхонгор аймгийн прокурорын газар”-ын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 11а дугаар тогтоол, “Баянхонгор аймгийн прокурорын газар”-ын 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 344 дугаар “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол

“Баянхонгор аймгийн Цагдаагийн газар”-ын мөрдөгчийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, “Баянхонгор аймгийн Цагдаагийн газар”-ын мөрдөгчийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, “Баянхонгор аймгийн Цагдаагийн газар”-ын мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, “Баянхонгор аймгийн Цагдаагийн газар”-ын мөрдөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан санал, “Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар”-ын 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 30-4/618 дугаар албан бичиг, “Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газар”-ын 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 29-4/2901 дүгээр албан бичиг

“Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн”-гийн 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 164 дүгээр шинжээчийн дүгнэлт, “*******”-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн нарийн мэргэжлийн эмч нарын дүгнэлт, “Энх нахиа” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 350 дугаар шинжээчийн дүгнэлт, “*******”-ийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 09 дүгээр тэмдэглэл, өвчний түүхийн танилцуулга, “Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газар”-ын 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 05/149 дүгээр хяналт шалгалтын танилцуулга, “Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний алба”-ны 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 576 дугаар шинжээчийн дүгнэлт, Анагаах ухааны доктор*******гийн шинжээчийн дүгнэлт, Анагаах ухааны докторын шинжээчийн дүгнэлт

9. Иргэдийн төлөөлөгчгийн дүгнэлтийн агуулга: “*******” нь буруутай тул*******д холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанд нэхэмжлэл, хариу тайлбар, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч “*******” нь 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 670 дугаар албан бичгээр прокурорыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлтийг “Баянхонгор аймгийн прокурорын газар”-т гаргажээ./1 хавтаст хэргийн 4 хуудас/

Уг албан хүсэлтийн үндсэн дээр “Баянхонгор аймгийн прокурорын газар” нь хариуцагч*******д холбогдуулан “төрд хохирол учруулсан” гэх үндэслэлээр 53,472,108 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******”-ийн төрийн сан дахь 100030020002 тоот дансанд оруулах тухай нэхэмжлэл гаргажээ. /1 хавтаст хэргийн 1-3 хуудас/

Хариуцагч ******* нь “Эмнэлгийн үйл ажиллагаанд зохион байгуулалтын алдаа гарсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариу тайлбар гарган маргажээ.

2. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана” гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэгч “*******” нь хариуцагч*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчт учирсан хохирол 53,472,108 төгрөгийг хариуцан арилгасан үйл баримт хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Тодруулбал Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дэх заалтаар шүүгдэгч*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 2 дахь заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

- 5 дахь заалтаар Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт заасныг баримтлан иргэний хариуцагч “*******”-ээс 53,472,108 төгрөгийг гаргуулан хохирогчын хууль ёсны төлөөлөгч ************д олгохоор шийдвэрлэжээ. /2 хавтаст хэргийн 76-77 хуудас/

Уг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч******* нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн тасгийн их эмчээр ажиллаж байхдаа 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр настайыг мухар олгой авах мэс заслын хагалгаанд оролцохдоо хагалгааны өмнөх мэдээгүйжүүлгийг ямар нэгэн шалтгаангүйгээр ерөнхий унтуулгатай, төвөнхийн хошуувчтай хийх төлөвлөлтийн дагуу хийхгүйгээр нугасны хөндийн мэдээгүйжүүлэг хийсэн, мөн мэдээгүйжүүлэг хийснээс 5 минутын дараа кетамин 25 мг тунгаар хийж, хагалгааны явцад давхар/хавсарсан/ мэдээгүйжүүлэг хийсэн, үүний улмаас өвчтний зүрх зогсож, амин үзүүлэлтүүд унаж, тархины хүчилтөрөгчийн дутагдалд орж, үхэжсэнээс тархины саажилт, ойгүйдэл, хэлгүйдэлтэй болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги 100 хувь алдаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан үйл баримт тогтоогдсон,

Шүүгдэгч*******гийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж тодорхойлсон гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна” гэжээ./2 хавтаст хэргийн 76-77 хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Хуулийн дээрх хэсгийн дагуу Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийтгэх тогтоолоор нэгэнт тогтоогдсон хариуцагч*******гийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан үйл баримтыг энэхүү иргэний хэрэгт дахин нотлохгүй.

Нэхэмжлэгч “*******” нь шийтгэх тогтоолоор хүлээсэн үүргээ биелүүлж, 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр 30,000,000 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 23,472,108 төгрөгийг тус тус хохирогчын хууль ёсны төлөөлөгчид төлжээ.

Энэхүү үйл баримт нь “Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/1338 дугаар албан бичиг, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 10/627 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол, зэрэг бичмэл нотлох баримтаар тогтоогдож байна./2 хавтаст хэргийн 162-164 хуудас/

3. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэжээ.

Нэхэмжлэгч “*******” нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорыг арилгаж, хохирогчын хууль ёсны төлөөлөгчид 53,472,108 төгрөгийг төлсөн тул хуулийн дээрх хэсгийн дагуу өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээд болох хариуцагч*******гаас гаргуулахаар шаардах эрхтэй.

Учир нь хариуцагч******* нь эмнэлгийн мэргэжилтний хувьд хохирогчт эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй үйлдэлдээ санаатай хэлбэрээр, харин хүнд хор уршиг учирсанд болгоомжгүй хандсан нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолоор нэгэнт нотлогдсон байна.

Энэхүү үндэслэлээр хариуцагч******* нь “шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулаагүй” гэсэн өмгөөлөгч П.Өлзийбаярын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч “*******”-ийг төлөөлсөн “Баянхонгор аймгийн прокурорын газар”-ын нэхэмжлэлийг хангаж, хариуцагч*******гаас төрд учирсан гэм хорын хохирол 53,472,108 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100030020002 тоот дансанд оруулав.

4. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэжээ.

Хуулийн дээрх хэсэгт дурдсан гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэх үндэслэл хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдоогүй тул “Эмнэлгийн үйл ажиллагаанд зохион байгуулалтын алдаа гарсан” гэх хариуцагчийн татгалзлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/44 дүгээр шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч “Баянхонгор аймгийн прокурорын газар”-ын хэтэрхий болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчын биед хүнд гэмтэл учирсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

Иймд “******* нь буруутай тул*******д холбогдох нэхэмжлэл үндэслэлгүй” гэсэн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт баримтаар няцаагдсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Шүүхэд гаргасан дараах нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө”, уг хэсгийн 41.1.14 дэх заалтад “прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлүүлэхээр гаргасан нэхэмжлэл” гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу “Баянхонгор аймгийн прокурорын газар” нь нэхэмжлэгч “*******”-ийг төлөөлөн хариуцагч*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна” гэжээ.

Шүүхээс нэхэмжлэлийг ханган шийдвэрлэсэн тул хуулийн дээрх хэсгийн дагуу нэхэмжлэлийн үнийн дүн 53,472,108 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 425,310 төгрөгийг хариуцагч*******гаас гаргуулан улсын орлого болгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “*******”-ийг төлөөлсөн “Баянхонгор аймгийн прокурорын газар”-ын нэхэмжлэлийг хангаж, хариуцагч*******гаас төрд учирсан гэм хорын хохирол 53,472,108 төгрөгийг гаргуулан төрийн сангийн 100030020002 тоот дансанд оруулсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтыг баримтлан “Баянхонгор аймгийн прокурорын газар” нь нэхэмжлэгч “*******”-ийг төлөөлөн хариуцагч*******д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч*******гаас улсын тэмдэгтийн хураамжид 425,310 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА

ШҮҮГЧБ.МӨНХБАТ

ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ