Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/06

 

 

 

 

 

2022               12            22                                      2023/ДШМ/06                          

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Түмэн-Өлзий,

цагаатгагдсан этгээд Э.Б-гийн өмгөөлөгч У.Хүрэлсүх, Г.Алтанчимэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/704 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар эсэргүүцлээр Э.Б-д холбогдох 2110000000688 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Э.Б- нь 2019 онд **** багийн нутаг дэвсгэрт өөрийн дагавар охин болох 10 настай М.М-ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, өөрийн бэлэг эрхтнийг түүний бэлэг эрхтэн рүү хийх үйлдэл хийж хүчиндсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 5 дугаар сард **** хотод 10 настай М.М-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, эсэргүүцэл үзүүлж чадахгүй байгааг далимдуулан бэлгийн харьцаанд орж хүч хэрэглэн хүчиндсэн,

2021 оны 7 дугаар сард ******тоотод бага насны буюу 12 настай М.М-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокуророос Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Э.Б-г цагаатгаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ болон Улаанбаатар хотоос гарахыг хязгаарлах, гэрч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч нартай уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, Э.Б- нь нийт 208 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэжээ.

 

Прокурор Ч.Түмэн-Өлзий бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...хавтас хэрэгт авагдсан хохирогч М.М-ийн мэдүүлэг нь бусад эх сурвалжаар тогтоогдоогүй гэх үндэслэлийн тухайд М.М- нь өөрийн хойд эцэг болох Э.Б-г өөрийг нь оролддог байсан тухай хамаатны хүүхэд болох насанд хүрээгүй  Б.Эрдэнэчимэгт хэлж байсан. Энэ талаар Б.Эрдэнэчимэг “...би одоо яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. М- нэг өдөр надад “агаа намайг зүгээр байлгадаггүй, юманд явсны дараа дандаа ардаас ирдэг. Зүгээр байлгадаггүй гэдэг нь болохоор тэвэрч бариад, үнсээд, оролдоод байдаг” талаар хэлсэн юм. Тэгэхээр нь би ээжид чинь хэлчих үү гэсэн чинь, үгүй ээ би өөрөө хэлнэ гэж надаас гуйсан...” гэж мэдүүлсэн байдаг.

Түүнчлэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн өгсөн мэдүүлэг зэрэгт хэдийгээр М.М-ийн охин хальс бүтэн, урагдал, гэмтэлгүй байсан гэж дурдсан ч хүчиндэх гэмт хэргийн үгүйсгэх нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлд заасан хүчиндэх гэмт хэрэг нь бусдын бэлгийн эрх, эрх чөлөөний эсрэг буюу материаллаг бус бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол, хор уршиг учруулах болон охин хальс урагдсан зэргээс үл хамаарч эдгээр үр дагаврыг заавал шаардахгүй онцлогтой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй” болохыг дурдах нь зүйтэй. Мөн хүчиндэх гэмт хэргийн тухайд, энэ төрлийн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг бөгөөд бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал нь зөрчигдсөн гэж үзэж байгаа хохирогчийн мэдүүлэг, түүнд үндэслэсэн бусад нотлох баримтуудаар гэм буруутай этгээдийн үйлдэл тогтоогддог онцлогтой. Өөрөөр хэлбэл бага насны хохирогчийн хохирогчоор өгсөн мэдүүлэг, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэмт үйлдлийн талаар тодорхой мэдүүлсэн байхад өөрийнх нь бэлгийн эрх чөлөөний эсрэг, түүнийг биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан халдсан үйлдлийг хохирогчийн мэдүүлгээс гадна бусад эх сурвалжуудаар тогтоогдоогүй, эргэлзээтэй гэж дүгнэх үндэслэлгүй юм. Хэрэгт хохирсон гэх М.М- нь анх 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэгтээ болсон зүйлийн талаар тодорхой мэдүүлсэн бөгөөд үүний дараа хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ өмнөх гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэн зөв болохыг нотолж дахин “...Өмнө өгсөн энэ мэдүүлгээрээ явна, би өмнө өгсөн мэдүүлэг дээр бүх зүйлээ ярьсан байгаа. ...” гэж мэдүүлснээс гадна М.М-д тохиолдсон үйл баримтын талаар дамжмал байдлаар буюу М.М-ээс энэ талаар сонссон түүний төрсөн эх болох Б.Оюунбилэг гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...тухайн бичлэг нь 2 настай хүүхэд хүчиндүүлсэн талаарх бичлэг байсан ба тэрийг харж байхад М- надад ээжээ надад ч гэсэн ийм явдал тохиолдоод байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан, юу болсон талаар асуухад агаа намайг үнсдэг, энд тэндээс барьж илээд байна гэж хэлсэн. Тэр үед Б- хажууд байхгүй манай ээжийн гэрт байсан...” гэж мэдүүлсэн. Мөн насанд хүрээгүй гэрч Б.Эрдэнэчимэг “...би одоо яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. М- нэг өдөр надад “агаа намайг зүгээр байлгадаггүй, юманд явсны дараа дандаа ардаас ирдэг. Зүгээр байлгадаггүй гэдэг нь болохоор тэвэрч бариад, үнсээд, оролдоод байдаг” талаар хэлсэн юм. Тэгэхээр нь би ээжид чинь хэлчих үү гэсэн чинь, үгүй ээ би өөрөө хэлнэ гэж надаас гуйсан юм...” гэж тус тус мэдүүлсэн байтал М.М-ийн мэдүүлгийг бусад эх сурвалжуудаар нотлогдон, тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлгүй байна. Харин хохирогч болох М.М- нь анх гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг өгснөөс хойш дахин мэдүүлэг өгөхдөө Э.Б-г гэмт хэрэг үйлдээгүй талаар дурдсан бөгөөд үүнийгээ тайлбарлахдаа “...өмнө өгсөн мэдүүлэгт дурдагдсан үйл баримт болоогүй, би өөрийн төрсөн аавтайгаа амьдрахын тулд худал мэдүүлэг өгсөн, 5-6 дугаар ангидаа аавынхаа гэрт амьдарч байсан, төрсөн аавын эхнэр буюу хойд ээж эрэгтэй, эмэгтэй хүмүүс унтдаг. Хамт унтахаар эрэгтэй хүн өөрийн бэлэг эрхтнээ эмэгтэй хүний бэлэг эрхтэн лүү хийж хөдөлдөг гэж ярьж өгсөн. Би Ганаа эгчийн ярьсан зүйлийг бодоод хойд аав Э.Б-г надтай унтсан гэж хэлбэл манай ээжээс салаад явах байх, ээж маань төрсөн аав, дүү хоёртой минь хамт байх гэж бодсон юм.

Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг шалгаж байхад би 2 дахь удаа мэдүүлэг өгөхөөс өмнө ээж, эгч хоёрт худал ярьсан гэдгээ хэлсэн. Ээж “чи яагаад худлаа ярьж байгаа юм бэ, хэрэг хийгээгүй хүнийг хэрэгтэн болгочихлоо” гэж загнасан. Тэгээд би шүүх дээр үнэнээ хэлсэн. Би бэлгийн харьцаанд орж байгаагүй. Бэлгийн амьдралын тухай мэдээллийг facebook, youtube зэрэг интернэтээс авдаг...Ээжтэй маань суусан болохоор би Э.Б-д дургүй, Э.Б-гээс хоёр хүүхэд гаргасан учраас ээждээ бас дургүй, хоёр хүүхдэд нь ч гэсэн дургүй байдаг...” гэж мэдүүлсэн нь дээрх хэрэгт хохирсон болон холбогдсон мөн гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс нь бүгд өөр хоорондоо гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хойд эцэг, эхнэр, нөхрийн холбоотой хүмүүс бөгөөд энэ нь тэдгээрийн хооронд шууд, эсхүл шууд бусаар хэрэгт хувийн сонирхолтой, ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үндэслэлтэй байхаас гадна энэ үндэслэлээр хохирогчид нөлөөлсөн байж болзошгүй бөгөөд насанд хүрээгүй хохирогч М.М-ийн мэдүүлэгт өөрчлөлт орсон нь үүнтэй холбоотой гэж дүгнэсэн болно. Мөн Э.Б-гийн зүгээс тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар нь эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэх гэж мэдүүлэг, тайлбар авсан гэх боловч уг асуудлыг дээрх хэргээс тусад нь гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллээр бүртгэн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж “Эрүүдэн шүүсэн” гэх үйл баримт тогтоогдоогүй учир хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Э.Б-гийн өмгөөлөгч У.Хүрэлсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, хавтас хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэгт “удаа дараа бэлгийн харьцаанд орсон, мөн надаас цус гарсан” гэсэн байдаг. Энэ мэдүүлгээр хэрэг тогтоогдож байна гэж үзэхээр шинжээчийн дүгнэлтэд “нүх жижиг, бэлгийн харьцаанд орох юм бол шууд урагдана” гэж дүгнэсэн. Мөн сэтгэл зүйн зөвлөгөөний дүгнэлтэд “охинд эх нь анхаарал тавьдаггүй тул эхийнхээ анхааралд өртөх зорилгоор худал хэлсэн байх магадлалтай” гэсэн. Энэ төрлийн гэмт хэргийн улмаас айдсын урвалын нөхцөл байдал үүссэн байдаг боловч хохирогчийн сэтгэцийн дүгнэлт хэвийн гарсан байдаг. Хохирогчийн өгсөн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                                        

Цагаатгагдсан этгээд Э.Б-гийн өмгөөлөгч Г.Алтанчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Прокурор хохирогчийн өгсөн мэдүүлгийг үндэслэж гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэдэг. Гэвч хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хохирогчийн өгсөн мэдүүлгээр гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоггүй. Уг хэрэг анхан шатны шүүхээр хоёр удаа хэлэлцэгдсэн. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гэрч Оюунбилэг, насанд хүрээгүй хохирогч М-, шинжээч эмч нар оролцсон. Насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтын шатанд өгсөн эхний хоёр мэдүүлгээсээ буцсан. Хохирогч мэдүүлэхдээ “би төрсөн аав, дүү, ээжтэйгээ хамт амьдрахын тулд худал хэлсэн” гэдэг. Прокурор яллах дүгнэлтдээ 2020 оны 5 дугаар сард гэдэг боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч Оюунбилэг, хохирогч М- нар мэдүүлэхдээ “2019 оноос 2020 оны хооронд М- өөрийн төрсөн аавтайгаа амьдарч байсан” гэдэг. 2020 оны 5 дугаар сард **** хотод гэдэг. Гэтэл Э.Б- тэр үед **** хотод амьдарч байгаагүй. Энэ нь хавтас хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын Засаг даргын тодорхойлолтоор нотлогддог. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг эргэлзээ үүсгээгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Прокуророос Э.Б-г 2019 онд, 2020 оны 5 дугаар сард, 2021 оны 7 дугаар сард гурван удаагийн үйлдлээр бага насны /10-12 настай/ М.М-ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, насанд хүрээгүй хохирогчийн 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдөр, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус тус өгсөн мэдүүлэгт урьд өгсөн мэдүүлгээ эрс үгүйсгэж тогтвортой мэдүүлсэн, түүний гэрч, хохирогчоор 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр, 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тус тус өгсөн мэдүүлгийн эх сурвалж нотлогдоогүй, эргэлзээ бүхий гэж шүүх үзэн Э.Б-гийн бага насны хохирогч М.М-ийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэх үйл баримт хөдөлбөргүй, эргэлзээгүй, нотлогдож тогтоогдоогүй гэсэн дүгнэлтийг хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлахад, насанд хүрээгүй хохирогч М.М- нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар өөрийн ээж Б.Оюунбилэгт хэлж, Б.Оюунбилэг нь дүү Б.Нямхандад хэлснээр 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, дараах нотлох баримтуудыг хэрэгт цуглуулж, бэхжүүлжээ.

 

Үүнд: насанд хүрээгүй хохирогч М.М-ийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр гэрчээр “...одоогоос 2 жилийн өмнө буюу намайг 11 настай байхад нэг орой гэрт ээж, дүү, ах бид дөрөв унтаж байсан. Ээж дүүг аваад гэрийн баруун талын байх орон дээр, би ахын хамт нэг хөнжилд унтаж байхад ах миний турсикийг тайлаад гараараа миний бэлэг эрхтнийг оролдоод, миний хацар дээр үнсээд байсан. Тэгээд миний дээр гараад өөрийнхөө турсикийг шувтлаад миний турсикийг бага зэрэг доошлуулаад, өөрийн бэлэг эрхтнээ миний бэлэг эрхтэн рүү хийгээд 2-3 минут хөдлөөд байсан. ...Тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа ах ээжийг “овоо руу гараад хонь харчихаад ир” гэж явуулчихаад намайг орондоо хэвтэж байхад хөнжилд орж ирээд миний турсик болон өөрийнхөө турсикийг тайлаад, миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг хийгээд 2-3 минутын турш хөдөлсөн. Ингэж байхад ээж гаднаас орж ирээд “чи наанаа юу хийж байгаа юм бэ” гэхэд “хүүхэд чинь даарчихсан байна, дулаацуулж байна” гэж хэлсэн. ...2020 оны 5 дугаар сард Өвөрхангай аймгийн төвд ээж дүү А-ыг эмнэлэгт сахих гээд хэвтэхэд ахын төрсөн эгчийн хүүхэд болох Ч-ийн гэрт манай том дүү А болон ахын хамт хоносон. Тэр орой бид гурав нэг орон дээр унтаж байхад ах над руу ойртоод миний уруул дээр үнсээд, гараараа миний бэлэг эрхтэнд хүрээд, өөрийн бэлэг эрхтэнг хийгээд 5-6  минутын турш хөдөлж байгаад бие засах гээд гараад явсан. ...” /1хх 14-16/,

 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хохирогчоор “...өмнө өгсөн мэдүүлэг дээрээ бүх зүйлээ ярьсан. ...” , 9 дүгээр сарын 28-ны өдөр “...миний өмнө өгсөн мэдүүлэг бүгд худлаа. Би өөрийн төрсөн аавтайгаа хамт амьдрах гэж худлаа хэлсэн. ...” , 11 дүгээр сарын 03-ны өдөр “...тийм зүйл ерөөсөө болоогүй, агаа намайг оролдоогүй. ...”, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “...Би ээжийн суусан хүн болох Э.Б-д их дургүй байсан учраас анх худал мэдүүлэг өгсөн. Би төрсөн аав Э.М-тай 5-6 дугаар ангид байхдаа буюу 2019 онд хамт амьдарсан. Тэр үед аавын эхнэр Ганаа гэдэг эгч надад “эрэгтэй, эмэгтэй хүмүүс унтдаг юм. Хамт унтахаар эрэгтэй хүн өөрийн бэлэг эрхтнээ эмэгтэй хүний бэлэг эрхтэн лүү хийж хөдөлдөг” гэж ярьж өгсөн. Би Ганаа эгчийн ярьсан зүйлийг бодоод “хойд аав Э.Б-г надтай унтсан гэж хэлбэл манай ээжээс салаад явах байх, ээж маань манай төрсөн аав, дүү хоёртой минь хамт амьдрах байх” гэж бодсон юм. Тэгээд би ээжийн хамгийн бага дүү болох Б.Н-д эгчид хэлсэн. Цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг шалгаж байхад би хоёр дахь удаа мэдүүлэг өгөхөөс өмнө ээж, эгч хоёрт худлаа ярьсан гэдгээ хэлсэн. Тэгээд хоёр дахь мэдүүлэг өгөхдөө худлаа хэлсэн талаараа хэлж чадахгүй байсан. ...”, 4 дүгээр сарын 28-ны өдөр “...Би өөрийнхөө төрсөн аав, дүү хоёртойгоо хамт байхын тулд худлаа ярьсан. ...”/1хх 24, 1хх 142, 1хх 165-167, 2хх 33, 2хх 82/,

гэрч Б.О-ийн “...2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би фейсбүүкт бичлэг үзэж суухад “2 настай хүүхдийг хүчирхийлжээ” гэсэн утгатай бичлэг байсан. Тэгэхэд М.М- надад “ээжээ, надад ч гэсэн ийм явдал тохиолдоод байгаа” гэж хэлсэн. Би “яасан бэ, юу болсон” гэхэд “Э.Б- ах намайг үнсээд, энд тэндээс барьж илээд байна” гэж хэлсэн. Тэр үед Э.Б- хажууд байхгүй, манай ээжийн гэрт байсан юм.Тэгээд би Б.Н-ыг дуудаж М.М-ийг өгч явуулаад, Э.Б-гээс “чи М.М-ийг үнсээд илж таалаад, оролдоод байдаг юм уу” гэхэд “үгүй” гэж хэлсэн. ...” /1хх 28-29/,

насанд хүрээгүй гэрч Б.Э-ийн “..М.М- нэг өдөр надад “Э.Б- ах намайг зүгээр байлгадаггүй, юманд явсны дараа дандаа араас ирдэг. Тэвэрч бариад үнсээд, оролдоод байдаг'’ гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ээжид чинь хэлчих үү” гэхэд “үгүй ээ, би өөрөө хэлнэ” гэсэн. ...”, “...М.М- эгч надад тийм зүйл хэлж байгаагүй. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө сандраад буруу хэлсэн байна. ...”, “...Сүүлд өгсөн мэдүүлэг зөв. Эхний өгсөн мэдүүлэг дээр сандраад буруу хэлсэн байна. ...” /1хх 35, 1хх 146, 1хх 170-171/, шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн “...М.М-ийн охин хальсны бүтцээс үзэхэд охин хальсанд урагдал гэмтэл үүсэхгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй. Хэрэв бэлгийн харьцаанд орсон бол охин хальс бүтэн биш байна. ...”, Ө.Сарангэрэлийн “...М.М-ийн охин хальс нь ямар нэгэн гэмтэлгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжгүй. ...”, С.Чулуунсүхийн “...бэлгийн харьцаанд охин хальс урагдахгүйгээр орох боломжгүй. ...” /2хх 35, 84, 86/ гэх мэдүүлгүүд, “...М.М-ийн охин хальс урагдал, гэмтэлгүй, үтрээний үүдэвч хэсгээс авсан арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй болохыг тогтоосон. ...” 2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7387 дугаар шинжээчийн дүгнэлт /1хх 39-42/, “...2021 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 7387 дугаар дүгнэлт үндэслэлтэй. М.М-ийн охин хальс гэмтэлгүй, бүтэн, үтрээний арчдас, наалдцад эр бэлгийн эс илрээгүй болохыг тогтоосон. ...” 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 225 дугаартай хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ  /2хх 67-70/, насанд хүрээгүй хохирогч Б.М-ийн нас тоолсон тэмдэглэл /1хх 6/ зэрэг баримтууд авагджээ.

Эдгээр хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд Э.Б-г бага насны хүүхэд болох М.М-ийг биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байгааг далимдуулан хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн эсэх нь хөдөлбөргүй тогтоогдоогүй бөгөөд энэ талаарх хохирогчийн мэдүүлгүүд зөрүүтэй, тогтворгүй, Э.Б- нь бага насны хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бэлэг эрхтнээ, эсхүл биеийнхээ аль нэг хэсгийг оруулахаар хүч хэрэглэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна, хохирогчийн биед гэмтэл учраагүй, охин хальс нь урагдалгүй бүтэн болох нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байх тул “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан гэм буруугүйн зарчимд нийцэж байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байна. .

 

Шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан дээрх баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ч.Түмэн-Өлзийгийн “анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/704 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Ч.Түмэн-Өлзийгийн бичсэн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 42 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН