Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Ууганцэцэг |
Хэргийн индекс | 119/2024/0013/з |
Дугаар | 119/ШШ2024/0032 |
Огноо | 2024-06-21 |
Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 119/ШШ2024/0032
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК /захирал Г.А/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Ч
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Э.Т
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Оюундарь, Б.Октябрь нарын хоорондын
Нэхэмжлэлийн шаардлага: ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендер шалгаруулалтын дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хэрэгжүүлж “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендер шалгаруулалтын дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хэрэгжүүлж худалдах, худалдан авах гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. “М” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендер шалгаруулалтад оролцож, хамгийн сайн тендерээр шалгарсан тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ДҮ-112-12/533 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг захиалагчаас хүргүүлсэн.
3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “М” ХХК-д 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131/211 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариу хүргүүлсэн тул уг шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч “М” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““М” ХХК нь хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендерт оролцож “хамгийн сайн тендер” гэж үнэлэгдэн, 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүлээн авсан. Уг мэдэгдлийн дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гэрээний төсөл ирж, 02 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулан буцаан илгээсэн. Гэтэл хариуцагч байгууллага уг гэрээг хуулийн хугацаанд баталгаажуулаагүй ба гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүйн талаар удаа дараа хандсан боловч асуудлыг шийдвэрлэлгүй өнөөдрийг хүрлээ. 2023.04.19-ний 2/91 тоот албан бичиг болон 2023.05.23-ны 2/105 тоот албан бичгүүдээр Хуулийн хэлтэс болон Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны газарт хандан гэрээ байгуулах талаар хандаж, компаний төлөөлөгчид биечлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холбогдох ажилтнуудтай уулзсан боловч албан ёсоор бичгээр хариу ирүүлээгүй.
2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29 дүгээр зүйлийн 29.2. “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус зааснаас үзэхэд гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна. Учир нь тендерт оролцогч манай компани тендерийн хүчинтэй байх хугацаанд "гэрээний төслийг баталгаажуулж, гүйцэтгэх захирлын гарын үсгийг зурж, тамга дарж захиалагчид хүргүүлсэн бөгөөд гэрээ байгуулахгүй байгаа нь манай компаний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалаагүй. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлээ хэрэгжүүлэх үүрэгтэй.
Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлд захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмуудыг хуульчилсан бөгөөд уг зүйлийн 4.2.8-д “Хууль ёсны итгэлийг хамгаалах” нь захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд хамаарах талаар тодорхой заажээ. Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмын агуулгыг Захиргааны ерөнхий хуульд "нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж тодорхойлсон ба нэгэнт холбогдох хуулийн дагуу гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл хүлээн авсан тул хариуцагчийг өөрийн гаргасан шийдвэрээ хэрэгжүүлж, уг мэдэгдлийн дагуу гэрээ байгуулж, бараа, бүтээгдэхүүн нийлүүлнэ гэж итгэж байсан.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг ойлгохоор заасан бөгөөд гэрээ байгуулах эрх олгох захиалагчийн шийдвэр гарсан боловч гэрээ байгуулах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдээгүй, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр хэрэгжээгүйгээс үзэхэд тендер шалгаруулалтын процесс дундаа тасалдсан нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хэрэгжүүлж, тендер шалгаруулалтын процессийг бүрэн гүйцэт хэрэгжүүлэх нь хариуцагчийн үүрэг төдийгүй, энэхүү процесс хэрэгжихгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37-р зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор заасан. Мөн хуулийн 84-р зүйлийн 84.1.1-т захиргааны шийдвэрийг захиргааны актыг батлан гаргасан захиргааны байгууллага гүйцэтгэхээр заасан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр “гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг гүйцэтгэх үүрэг нь хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т байна. Өөрөөр хэлбэл нэгэнт хуулийн дагуу гэрээ байгуулах эрх олгогдсон, уг шийдвэрийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгоогүй нөхцөлд уг шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой.
Хуульд зааснаар манай компани гэрээний төслийг баталгаажуулан захиалагч талд гарган өгч, гэрээ байгуулах талаар өөрөөс шалтгаалах үйлдлээ хийсэн боловч хариуцагч тендер хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулаагүй, гэрээ байгуулаагүй эс үйлдэхүйг гаргасан бөгөөд дээрх эс үйлдэхүйн улмаас манай компаний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байсан тул дахин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хандсан боловч 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131/211 тоот “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан, захиалагчаас үл хамаарах шалгалттай холбоотойгоор уг тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрээ байгуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх үндэслэлээр гэрээ байгуулах боломжгүй болсон талаар мэдэгдсэн. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендер шалгаруулалтын дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хэрэгжүүлж “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ил уурхайн төлөвлөлтийн программ хангамж нь тусгай зориулалтын лазер скайнер байгаа. Энэ нь уурхайн ханын тогтворжилт болон хаягдлын даланг ямар нэгэн өөрчлөлт оронгуут тухайн цаг үед нь мэдэгдэл өгч тухайн хариуцсан мэргэжилтнүүдэд нь мэдээлдэг аюулгүй ажиллагааны систем байгаа. Энэ системийн давуу тал нь аюул учрахаас өмнө мэдэгдсэнээрээ аюулыг хэрхэн хохирол багатайгаар даван туулах вэ гэдэг дээр тусалж байгаа ач тустай программ хангамж болон тоног төхөөрөмжүүд байгаа” гэв.
6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““М” компани нь Монгол Улсад уул уурхайн программ хангамжийн чиглэлээр дагнаж үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайн салбарын туршлагатай компани. Үндсэндээ уул уурхайн бүтээн байгуулалтын ажил, хэрэглэж байгаа программ хангамж, үйл ажиллагааг маш олон жил эрхэлж байна. Энэ хүрээндээ Монгол Улсын томоохон уул уурхайн компаниудад программ хангамжуудыг нийлүүлж байсан. Мөн уул уурхайн программ хангамжуудыг Монгол Улсад борлуулах онцгой эрхүүдийг эзэмшиж үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ хүрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан 2022012... дугаартай уурхайн төлөвлөлтийн программ хангамж нийлүүлэх тендерт оролцсон. Үнэлгээний хорооны шийдвэрээр хамгийн сайн тендер гэж үнэлэгдээд 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хамгийн сайн тендер гэж үнэлэгдсэн болохыг тодорхойлж, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүлээж авсан.
Уг мэдэгдлийн дагуу манай компанийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ирсэн худалдах, худалдан авах гэрээний төсөлтэй танилцаж, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр уг гэрээний төсөлд гүйцэтгэх захирал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулаад захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлсэн. Гэсэн хэдий боловч энэ цаг хугацаанаас хойш гэрээ байгуулагдаагүй. Сүүлд хэрэгт авагдсан баримт, эрүүгийн хэргээс ирсэн материалыг харахад энэ гэрээнд нийтдээ 6 албан тушаалтан захиалагчийг төлөөлж гарын үсэг зурах ёстойгоос 3 хүн гэрээ болон түүний хавсралт дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Харин үлдсэн 3 хүн буюу ерөнхий захирал, ерөнхий инженер, тамгын газрын дарга гэсэн 3 хүний гарын үсэг дутуу байдалтайгаар Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ гэрээг хурааж авсан, ийм ажиллагаа болсон юм байна.
С.А гэдэг хүний үйлдлийг шалгахаар түүнтэй холбоотой бүх тендерийн материалуудыг хянаж, татаж шалгасан. Энэ хүрээнд уурхайн төлөвлөлтийн программ хангамж гэсэн тендерийн материалууд, манай компаниас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлсэн гэрээ зэрэг баримтуудыг хурааж авч ажиллагаа хийгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна. 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаартай Нийслэлийн Прокурорын газрын “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол хэрэгт авагдсан байгаа. Үүн дээр С.А гэдэг хүний хувьд “М” компанитай ямар нэгэн ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг юм уу, эсвэл “М” компанид давуу байдал олгосон, “М” компаниас авлига авсан, улмаар маргаан бүхий тендерт шалгаруулсан гэдэг үйл явдал огт байхгүй. Өөр тендертэй холбоотой асуудал дээр эрүүгийн хэрэгт холбогдож, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдсан нөхцөл байдал Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаар тогтоол дээр тодорхой тусгагдсан байдаг.
Тендер сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан, энэ тендер сонгон шалгаруулалтын үр дүнд гарсан тендерийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл буюу шийдвэр, захиалагчийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл хуулийн дагуу гарсан, хуульд нийцсэн учраас өнөөдрийг хүртэл гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл ямар нэгэн байдлаар хүчингүй болоогүй, энэ уурхайн төлөвлөлтийн программ хангамжтай холбоотой асуудлаар дахин тендер огт зарлагдаагүй, өмнөх тендерийг ямар нэгэн байдлаар захиалагч юм уу, эсхүл хууль, шүүхийн байгууллага хүчингүй болгоогүй. Нэгэнт гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр өнөөдрийг хүртэл хуулийн дагуу хүчинтэй байгаа учраас гэрээ байгуулах шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэгжүүлэх үүрэг нь захиргааны байгууллага буюу захиалагч талд байгаа.
Захиргааны ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.1-д “Захиргааны шийдвэрийг захиргааны акт батлан гаргасан захиргааны байгууллага гүйцэтгэнэ” гэж заасан, хоёрдугаарт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар “Гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэдэг заалтууд захиалагчид үүрэг болгосон агуулгатай. Өөрөөр хэлэх юм бол гэрээ байгуулах ёстой шүү, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой гэсэн агуулгаар хуульчлагдсан.
“М” компанийн хувьд өөрөөс шалтгаалах бүх үйлдлүүдийг хийсэн. Тендерт хууль болон тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагуудыг бүрэн хангаж оролцсон. Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүлээж авсан. Энэ дагуу гүйцэтгэлийн баталгаа, бусад шаардлагатай бичиг баримтуудаа бүрдүүлээд гэрээгээ баталгаажуулж зураад захиалагчид илгээсэн. Үүний үндсэн дээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг төлөөлж гарын үсэг зурах ёстой хүмүүсээс шат дараалан энэ гэрээнд гарын үсэг зураад явж байсан байна. Энэ явцдаа дундаас нь энэ гэрээ гүйцэт зурагдалгүйгээр үлдсэн нөхцөл байдал байгаа.
Дээрээс нь энэ тендер дээр байгаа тендерт нийлүүлэхээр заагдсан бараа бүтээгдэхүүний хувьд ямар зориулалттай вэ гэхээр захиалагчийн болон нэхэмжлэгч компанийн төлөөлөгч нарын хэлж байгаагаар хаягдлын аж ахуй гэж байгаа, бидний хэлдгээр хиймэл нуур гэж ярьдаг. Энэ хаягдлын аж ахуйн аюулгүй байдлыг хянах систем, өөрөөр хэлэх юм бол хаягдлын аж ахуй урт удаан жилийн насжилттай, үүнээс үүдээд янз бүрийн эрсдэл, аюул учрах эрсдэлтэй байдаг учраас үүнийг урьдчилан мэдээллэх зориулалттай программ хангамж, тоног төхөөрөмжүүд юм. Өөрөөр хэлэх юм бол хаягдлын даланд ямар нэгэн эрсдэл, асуудал үүссэн тохиолдолд үүнийг урьдчилан мэдээлэх, үүн дээр нь хариу арга хэмжээ авах байдлаар аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилготой программ хангамж юм. Энэ программ хангамж, тоног төхөөрөмжүүд Монгол Улсад ороод ирсэн, энэ компанийн агуулахад жил гаруйн хугацаанд байж байгаа. Энэ программ хангамж болон тоног төхөөрөмжүүдийг тэр болгон уурхай аваад байдаггүй нийтлэг бараа бүтээгдэхүүн биш, тусгай зориулалтын тоног төхөөрөмжүүд, тусгай зориулалтын тоног төхөөрөмжүүдийг тухайн тендерт нь нийлүүлэхгүй өөр байдлаар зах зээлд борлуулах боломж байхгүй. Өөрөөр хэлэх юм бол “М” компанийн хувьд энэ тендерт оролцож ялагч болсноороо нэг ёсондоо алдагдалд орох эрсдэлд ороод байгаа. Нийтдээ бараа бүтээгдэхүүний үндсэн үнэ нь 392.000.000 гэж байсан байх. Мөн энэ бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дээрээс нь гаалийн болон холбогдох татвараа төлөх, хадгалахтай холбоотой тодорхой зардлууд гарч байгаа. Энэ компанийн хувьд нэгэнт төрийн байгууллагаас гаргасан гэрээ байгуулах талаар эрх олгосон шийдвэрийг үндэслээд гэрээгээ явуулчихаад бараагаа оруулж ирээд байгаад байдаг. Өөрөөс нь хамаарахгүй, компаниас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас нийлүүлэх боломжгүй болсон. Жил гаруй хугацааны өмнө авсан бараа бүтээгдэхүүн өөр худалдан авагч гэх юм уу, өөр объектод худалдах бололцоо байхгүй, буцаах бололцоогүй. Үндсэндээ компани тендерт шалгарсан биш алдагдалд орох эрсдэлд ороод эрх ашиг нь хөндөгдөж байгаа. Тийм учраас холбогдох байгууллагуудад буюу захиалагч нарт удаа дараа хандаж байгаад арга буюу шүүхэд хандахаар болсон.
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар “Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим” гэж бий. Энэ зарчмын хүрээнд нэгэнтээ төрийн байгууллагаас буюу захиргааны байгууллагаас шийдвэр гарсан, гэрээ байгуулах эрх олгосон, гэрээнийхээ төслийг ирүүлсэн, энэ төслийнх нь дагуу буцаагаад гэрээг нь зураад явуулсан, өөрөөр хэлэх юм бол эрх олгосон шийдвэр хэрэгжинэ, гэрээний дагуу бараа бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэсэн хууль ёсны итгэл энэ компанид байсан. Гэтэл компаниас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас бүтээгдэхүүн нийлүүлж чадахгүй байдлаас шалтгаалаад эдийн засгийн алдагдалд орох нөхцөл байдал үүсээд байна. Хоёрдугаарт яг одоо энэ бүтээгдэхүүний хувьд аваад үзэх юм бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьд энэ нь огт хэрэгцээгүй бараа бүтээгдэхүүн биш. Яагаад гэхээр 2022 оны захиалгад орсон, Геологи маркшейдерийн хэлтсээс энэ бүтээгдэхүүнийг захиалсан. Энэ программ хангамж, энэ тоног төхөөрөмжүүд ганцхан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэхээсээ илүүтэй нийтийн эрх ашгийг хамгаалах, нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад ач холбогдолтой бараа бүтээгдэхүүн гэж манай нэхэмжлэгч компанийн хувьд үзэж байгаа.
Нэгэнтээ хэрэгцээ шаардлага нь байгаад дахиад тендер зарлагдаагүй юм бол өмнөх гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийнхээ дагуу гэрээ байгуулах гэдэг хязгаарлалт хориглолт байхгүй байна гэж харж байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 29-г зөрчиж гэрээ байгуулах боломжгүй гэж байна, энэ нь тендерийн нөхцөл шаардлага хангаагүй ч юм уу, тийм этгээдүүдтэй гэрээ байгуулахаас мэдээж хуулиар хязгаарлаж байгаа. Тендерийнхээ нөхцөл шаардлагыг хангаад, тэр нь албажаад гэрээ байгуулах эрхээ авсан оролцогчийн хувьд татгалзаж байгаа нь хууль бус юм. Тийм учраас гэрээ байгуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн хувьд үндэслэлтэй байна гэж үзэж байна.
Захиалагчаас үл шалтгаалах гэдэг дээр товчхон тайлбар хэлье. Энэ хэрэгт авагдсан баримтаар захиалагчаас үл шалтгаалсан нөхцөл байдал байхгүй байна. Магадгүй Шүүх, Прокурор, Авлигатай тэмцэх газар гэрээ байгуулж болохгүй гэдэг ч юм уу, ийм шийдвэр, мэдэгдэл, баримт ирүүлсэн бол үүнийг ойлгож болно. Магадгүй миний ойлгож байгаагаар захиалагчийн дотоод зохион байгуулалтын асуудал. Өөрөөр хэлэх юм бол ажил хариуцаж байсан хүнд нь эрүүгийн хэрэг үүсээд аваад явсан. Ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болоод явсан. Үлдсэн ажил нь үндсэндээ эзэнгүйдээд, энэ нь орхигдсон нөхцөл байдал гэж ойлгож байгаа. Түүнээс захиалагчаас үл шалтгаалах нөхцөл байдал гэж харагдахгүй байна. Хоёрдугаарт сая хэрэгт авагдсан баримтаар энэ гэрээг эх хувиар нь хураагаад аваад явсан гэдэг баримт байхгүй байна, бүх юмыг нь аваад явсан учраас бид гэрээг байгуулах боломжгүй гэж тайлбарлаж хэлж буй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байгаа учраас захиалагчаас үл шалтгаалсан асуудал биш, захиалагчаас шалтгаалсан эс үйлдэхүй байна гэж харж байгаа” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь, Б.Октябрь нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ““М” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээнд “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022012... дугаар тендерийг шалгаруулах Үнэлгээний хороо байгуулагдан 2023 оны 01 сарын 23-ны өдөр тендерийн нээлтийг хийсэн. Тендерт нийт 1 компани уурхайн төлөвлөлтийн программ хангамж нийлүүлэхээр материалаа ирүүлсэн бөгөөд Үнэлгээний хороо тендер хүчинтэй байх хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /ТБОНӨХБАҮХАТХ/ болон Бараа, нийлүүлэх тендерийн жишиг баримт бичигт нийцүүлэн боловсруулсан тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтүүдээр үнэлж “М” ХХК-ийг шалгаруулсан. Ийнхүү Үнэлгээний хорооны саналыг захиалагчид хүргүүлэхэд 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гарсан. Ийнхүү шалгарсан компанид гэрээний төслийг хүргүүлэн гэрээ байгуулах ажиллагаа явагдаж байх хооронд захиалагчаас үл шалтгаалах буюу ТБОНӨХБАҮХАТХ-ийн 24 дүгээр зүйлийн 24.5 дахь заалтад заасан тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул гэрээ байгуулаагүй болно. Үнэлгээний хорооны зүгээс хуульд заасан чиг үүргийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг хийн үнэлгээний дүгнэлтийг захиалагчид хүргүүлсэн бөгөөд, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл хүргүүлсэн дээрх хугацаанд ТБОНӨХБАҮХАТХ-д заасан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул захиалагчийн зүгээс хуульд заасан хугацааг мөрдөх үүргээ биелүүлсэн болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй хоногийн дараа тендер хүчинтэй хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан байдаг. Захиалагчийн зүгээс “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл хүргүүлээд гэрээний төслийг хүргүүлсэн. Энэ хугацаанд тухайн хуульд заасан 30 хоногийн тендер хүчинтэй байх хугацаа захиалагчаас үл хамаарах шалтгаанаар гэрээ байгуулах хугацаа дууссан учраас захиалагчаас тухайн гэрээг байгуулах боломжгүй болсон. Хуульд юу гэж заасан байдаг вэ гэхээр хуулийн 42 дугаар зүйлийн 1.2-т “энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан бол худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзнэ” гэж заасан байдаг учраас захиалагчаас уг худалдан авах гэрээг байгуулах ямар ч боломжгүй болсон. Яагаад тус гэрээг байгуулах боломжгүй болсон бэ гэвэл тухайн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байсан С.А гэдэг хүн Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгагдсан. Тухайн хэрэгт холбогдуулан шалгуулахдаа тухайн тендертэй холбоотой бүх материал, гэрээний төсөл бүгдийг нь Авлигатай тэмцэх газраас эх хувиар нь авч яваад эрүүгийн хэрэгт хавсаргахаар авсан байгаа. Энэ шалгагдах хугацаанд тендерийн хүчинтэй хугацаа дууссан. Захиалагчаас үл шалтгаалах байдлаар тендерийн хүчинтэй хугацаа дуусаад захиалагч хуульд заасан шаардлагыг биелүүлж гэрээ байгуулах боломжгүй болсон. “М” компанийн тайлбарыг сонсоход манайх тухайн программ хангамж, нийлүүлэх бараа бүтээгдэхүүнээ авсан, тэр нь агуулахад байгаа гэж ярьж байна. Тухайн тендер 1 дүгээр сарын 23-ны өдөр нээлтээ хийгээд 2 дугаар сарын 21-ний өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа буюу 30 хоногийн хугацаа дуусаж байгаа шүү дээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс 2 дугаар сарын 08-ны өдөр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлээ хүргүүлээд гэрээний төслөө хүргүүлсэн. Гэхдээ тус гэрээний төсөл дээр бараа нийлүүлэх хугацаа 70 хоног гэж заасан байгаа. Тухайн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын гэрээг баталгаажуулах эрх бүхий этгээд нь ерөнхий захирал байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиараа ерөнхий захиралд аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулах эрхийг олгосон байдаг. “М” компанийн хувьд 2 талын гэрээ баталгаажиж ирээгүй, гэрээ байгуулагдаагүй байхад яагаад тухайн бараа материалаа манайх худалдаад авсан, энэ нь манайд үүсээд байгаа хохирол гэж үзээд байгаа юм бэ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс тухайн бараа бүтээгдэхүүнийг танайх худалдаж авсан байж байгаад тендерт ороод ир, түүнийг нь худалдаж авна гэж огт тендер зарлаагүй. Тухайн тендерт шалгараад гэрээ байгуулсны дараа бараагаа та нар манайд 70 хоногийн хугацаанд нийлүүлээрэй гэдэг шаардлагыг тавьсан. Энэ компанийн тухайн барааг худалдаад авсан, манай агуулахад байгаа, энэ нь манай компанид учраад байгаа хохирол юм гэдэг тайлбар нь ямар ч үндэслэлгүй. Дээрээс нь тухайн тендер дахиад зарлагдаагүй байгаа гэдэг нь үнэн. Хэрвээ дахиад зарлагдах юм бол “М” компани оролцох эрх нь нээлттэй байгаа. Хэрвээ тухайн компани дахин зарласан тендерт оролцоод шалгарах юм бол тендерээ хүчинтэй хугацаанд гэрээгээ байгуулаад хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс шалгарсан тохиолдолд байгуулах бүрэн боломжтой. Өмнөх тендер дээр манайхаас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас хуульд заасан тендерийн хүчинтэй хугацаа дууссан. Уг хугацаа дууссаны дараа захиалагч гэрээг байгуулах юм бол хуулиараа хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэх учраас захиалагчийн хувьд гэрээг байгуулах боломжгүй болсон.
Захиалагчийн зүгээс гэрээ байгуулаагүй гол үндэслэл нь ямар нэгэн эрх бүхий байгууллагын шийдвэр ч юм уу, тийм юм биш, хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа нь дууссан, захиалагч энэ хуульд заасан эрхээ давуулан биелүүлж тухайн гэрээг байгуулах боломжгүй болсон нөхцөл байдал л үүссэн. Үүнийг л би тайлбарлаад байгаа юм. Захиалагчаас үл шалтгаалах нөхцөл байдлын улмаас хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан учраас захиалагч гэрээ байгуулах ямар ч боломжгүй болсон. Үүнийг л би түрүүнээс хойш тайлбарлаад байгаа, үүнийг ойлгоорой. Тийм учраас захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тухайн гэрээг байгуулах боломжгүй, хуульд заасан тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан, захиалагч хуулийг биелүүлсэн. Иймд “М” компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендер шалгаруулалтын дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хэрэгжүүлж “Худалдах худалдан авах гэрээ” байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Октябрь шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оюундарь “итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Октябрь нь эрүүл мэндийн шалтгаантай хуралд оролцох боломжгүй болсон тул түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой” гэсэн тул шүүх хуралдааныг түүнийг байлцуулахгүйгээр хийв.
3. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг зохион байгуулж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46.1-д “Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараахь эрх, үүрэгтэй байна: 46.1.3.үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах”, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж тус тус зааснаар уг тендерт “хамгийн сайн” тендерээр үнэлэгдсэн “М” ХХК-д 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ДҮ-122-12/533 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлжээ. /Хавтаст хэргийн 91 дэх тал/
3.2. Нэхэмжлэгч, хариуцагч нар нь “М” ХХК-ийг тендерт шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл зэрэг захиргааны актуудтай маргаагүй бөгөөд захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгох захиалагчийн шийдвэр гаргах, мэдэгдэл хүргүүлэх ажиллагаануудыг зохих журмыг дагуу явуулжээ.
3.3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ДҮ-122-12/533 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийн дагуу гэрээний төсөлд “М” ХХК-ийн захирал Г.А гарын үсэг зурж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлсэн бөгөөд гэрээ байгуулах ажиллагаатай холбоотой 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/82, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2/91, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2/105 дугаартай албан бичгүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлжээ. /Хавтаст хэргийн 19-21 дэх тал/
3.5. “М” ХХК-ийн хүргүүлсэн дээрх албан бичгүүдэд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ямар нэгэн хариу бичгээр хүргүүлээгүй орхигдуулж, улмаар 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131/211 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул гэрээ байгуулах боломжгүй” гэсэн хариу өгсөн. /Хавтаст хэргийн 22-23 дахь тал/
3.6. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ДҮ-122-12/533 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүргүүлснээс хойш 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131/211 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг хүргүүлэх хүртэл хугацаанд “М” ХХК-д гэрээ байгуулах боломжгүй болсон шалтгаан нөхцлийн талаар албан бичгээр хариу хүргүүлж байгаагүй байх бөгөөд “тендерийн хүчинтэй хугацаанд багтаан гэрээ байгуулах боломжгүй болсон нь захиалагчаас үл хамаарах шалтгаан буюу уг тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан С.А-ыг Авлигатай тэмцэх газраас шалгаж, түүний ажилласан бүх тендерийн баримт материалыг хураан авсантай холбоотой” гэж;
“М” ХХК нь гэрээ байгуулах талаар 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2/82, 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 2/91, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2/105 дугаартай албан бичгүүдийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т хүргүүлж, компанийн төлөөлөл биечлэн уулзсан ба “С.А-д холбогдох хэргийг шалгаж байгаа түр хүлээж бай гэдэг байсан” гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар тус тус тайлбарлаж байгаа болно.
3.7. Нэхэмжлэгч “М” ХХК нь “Гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүлээн авч гэрээнд гарын үсэг зурж хүргүүлсэн” гэж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Тендерийн материалыг эрүүгийн хэрэгт хураан авсан тул манайд ямар ч баримт байхгүй” гэж маргасан тул гэрээ байгуулах ажиллагаатай холбоотой нөхцөл байдал болон гэрээ байгуулах ажиллагаа хэрхэн хийгдсэн болохыг тодруулахаар Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа С.А-ын 9 иргэнд холбогдох эрүүгийн хэргээс нотлох баримт гаргуулах ажиллагааг шүүх нотлох баримт цуглуулах ажиллагааны хүрээнд явуулахад
Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор С.А-ыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” нийлүүлэгч сонгох тендер шалгаруулалттай холбоотой эрүүгийн хэрэгт яллагдагчаар татаж, шалгаагүй;
2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн “Хууль хяналтын байгууллагад цаасан хэлбэрээр баримт олгосон акт”, “бичмэл нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл” зэрэгт “М” ХХК-ийн тендерийн баримт бичгийг хураан авсан талаар дурдаагүй боловч ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” худалдах, худалдан авах гэрээ эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан байх бөгөөд уг гэрээнд худалдагч “М” ХХК-ийн захирал Г.А, худалдан авагч талаас Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газрын дарга С.Энхмандах, Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Д.Батхишиг, Худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.А гарын үсэг зурсан, Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Тамгын газрын дарга Д.Үүрийнтуяа нар гарын үсэг зураагүй байсан, гэрээний төсөлд санал өгөх хуудаст Хуулийн хэлтсийн дарга Х.Болдбаатар, Маркетингийн хэлтсийн дарга Д.Дашдорж, Геологи, маркшейдерийн хэлтсийн дарга А.Ундрахтамир нар гарын үсэг зурсан байна. /Хавтаст хэргийн 168-178 дахь тал/
3.8. Дээрх гэрээний төсөлд гарын үсэг зурсан байдлаас дүгнэхэд захиалагчийн хүргүүлсэн гэрээний саналыг “М” ХХК нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан, захиалагч талаас гэрээний төсөлд санал өгөх эрх бүхий этгээдүүд болон гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүдийн зарим нь гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдлоо.
3.9 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендерийн хүчинтэй хугацаа 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дуусах байсан ба гэрээ байгуулах ажиллагаа нь 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдрүүдэд хийгдэж байсан болох нь худалдан авах ажиллагааны явцын тэмдэглэл, гэрээнд гарын үсэг зурсан хүмүүсийн огноо тэмдэглэсэн хэсгээр тогтоогдож байна. Иймд гэрээ байгуулах ажиллагаа нь тендерийн хүчинтэй хугацаанд хийгджээ. /Хавтаст хэргийн 171-180 дахь тал/
3.10. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдснээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж заасан нь захиалагч болон гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүлээн авсан тендерт оролцогч нарт хэн алинд нь үүрэг болгосон заалт тул тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаан гэрээ байгуулах үүрэгтэй байна.
3.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Захиалагч, гүйцэтгэгчийн хороонд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна”, Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ”, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно”, 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж тус тус заасан.
3.12. Тендерийн хүчинтэй байх хугацаанд захиалагчийн хүргүүлсэн гэрээний саналыг “М” ХХК нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, захиалагч талаас гэрээнд гарын үсэг зурах эрх бүхий этгээдүүдийн зарим нь гарын үсэг зурсан байгаагаас дүгнэхэд гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй, харин гэрээг баталгаажуулах ажиллагаа бүрэн хийгдээгүй байхад тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан С.А-тай холбоотой асуудал үүссэн тул гэрээг баталгаажуулах ажиллагаа орхигдсон гэж дүгнэхээр байна.
3.13. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон” гэх үндэслэл, шалтгаанаа тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн С.А-ыг Авлигатай тэмцэх газраас шалгаж, түүний ажилласан бүх тендерийн материалыг хураан авсантай холбоотой гэж тайлбарлав.
3.14. Тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажилласан С.А нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа хэдий ч ““М” ХХК-ийн оролцсон ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” нийлүүлэгчийг сонгох тендер сонгон шалгаруулалттай холбоотой эрүүгийн хэрэгт шалгагдаагүй болох нь Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тогтоогдсон ба тухайн тендер сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны актуудыг хүчингүй болгосон, гэрээ байгуулах ажиллагааг түдгэлзүүлсэн, гэрээ байгуулахаас татгалзсан ямар нэгэн шийдвэр эрх бүхий байгууллагуудаас гаргаагүй, “М” ХХК нь хуульд заасан хугацаанд гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн байх тул дээрх хуульд заасан үндэслэлүүдээр гэрээг байгуулсанд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
3.15. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 131/211 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул гэрээ байгуулах боломжгүй” гэсэн татгалзлын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байх тул даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” худалдах, худалдан авах гэрээг “М” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгаж шийдвэрлэлээ.
3.16. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэсэн тендер үр ашигтай байх, хариуцлагатай байх, хэмнэлттэй байх зэрэг худалдан авах ажиллагааны зарчимд нийцнэ.
3.17. Мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” нийлүүлэгчийг сонгох тендер сонгон шалгаруулалтад оролцож, “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хүлээн авч, гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж хүргүүлсэн “М” ХХК-ийн эрх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмаар хамгаалагдах үндэслэлтэй байна.
3.18. Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана” гэж заасан тул уг тендертэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтласан болно.
3.19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/3435 дугаартай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай Мөрдөгчийн мэдэгдэлд “М” ХХК-тай холбоотой асуудал дурдагдсан боловч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендертэй холбоотой гэмт хэргийн шалтгаан нөхцлийг арилгах асуудал тусгагдаагүй байна.
3.20. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Авлигатай тэмцэх газрын 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 06/3435 дугаартай албан бичиг, 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай Мөрдөгчийн мэдэгдэлд өөр бусад хүмүүсийн хувь хүний мэдээлэл тусгагдсан тул уг мэдэгдлийг цааш нь задруулахгүй байх, нууцлах хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан тул уг нотлох баримтыг тусгайлан дугтуйлж хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзэв.
3.21. Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх эрүүгийн хэргээс “М” ХХК-ийн 2022 онд оролцсон тендертэй холбоотой, хэрэгт хамааралгүй нотлох баримтууд хуулбарлан ирүүлсэн байх тул хавтаст хэргийн 96-167 дугаар хуудаст авагдсан нотлох баримтуудыг хэргийн оролцогчдын хүсэлтээр хэрэгт хамааралгүй гэх үндэслэлээр нотлох баримтаар хассан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005-12-01/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 46 дугаар зүйлийн 46.1.3, 47 дугаар зүйлийн 47.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь заалтуудыг баримтлан “М” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” тендер шалгаруулалтын дагуу 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг хэрэгжүүлж “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/2022012... дугаартай “Уурхайн төлөвлөлтийн программ хангамж” худалдах, худалдан авах гэрээг “М” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.УУГАНЦЭЦЭГ