Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/04048

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 03 182/ШШ2024/04048

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: .......... өөрийн байранд байрлах, Г ХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М /РД:0000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Г.М нь 2017.03.22-ны өдөр Гтай Кредит картын ЗГ/3301610114 тоот гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсаны хүү сарын 3,5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2,0 хувь, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү сарын 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 39 сар хугацаа хэтрүүлэн нийт 5,473,753.87 төгрөгийн зээлийн төлбөртэй байна. Г.М-ыг банкнаас байнга идэвхтэйгээр хайж байгаа боловч одоог хүртэл олдохгүй байна. Зээлдэгч нь зээл авах үедээ .......................... тоот хаягт оршин сууж байсан бөгөөд одоо тэр хаяг дээрээ амьдардаггүй нь 2024.08.19-ний өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 137/ШЗ2024/00620 тоот захирамжаар тогтоогдсон.

Иймд Г.М-ыг эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.23-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2-3 х/,

-2024.08.23-ны өдрийн 18/02/2695 тоот Ч.Х-т олгосон итгэмжлэл /хх-ийн 4 х/,

-Г-ны гүйцэтгэх захирлын 2024.07.26-ны өдрийн 317 дугаар Эрх олгох тухай тушаал /хх-ийн 5 х/,

-Улсын бүртгэлийн 0000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 6 х/,

-Кредит картын тооцооллын хүснэгт /хх-ийн 7-9 х/,

-2017.03.22-ны өдрийн ЗГ/КР/3301610114 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ /хх-ийн 10 х/,

-Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024.08.19-ний өдрийн 137/ШЗ2024/00620 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 11-12 х/,

-Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 13 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2017.03.22-ны өдрийн ЗГ/КР/3301610114 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул хүсэлт гаргагч нь зээлийн гэрээний үүрэгт 5,473,753.87 төгрөг гаргуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд ханджээ.

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2024.08.19ий өдрийн 137/ШЗ2024/00620 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Г.М-ыг .......................... тоот хаягт ...оршин суудаггүй, амьдардаггүй... гэх багийн Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 11-12 х/,

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Гэтэл иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М нь ...... тоот хаягт бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.09.03-ны өдрийн 9/10808 тоот албан бичгийн хавсралт болох иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М /РД:0000000000/-ыг эрэн сурвалжлуулах тухай Г ХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.М /РД:0000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн Г ХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА