| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2017/0085/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/01 |
| Огноо | 2017-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2018/ШЦТ/01
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Ц.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ц.Ө-т холбогдох эрүүгийн 1727000830053 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 31 настай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Ц.Ө
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт хохирогч П.П-ийг хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр би Ёсөнзүйл суманд байдаг аавынхаа гэрт Улаанбаатар хотоос ирсэн. П ах намайг энд ирсэн талаар мэдээд манай аавын гэрт ирсэн байсан. П ах бид хоёр манайд айраг уусан. П ахыг Бат-Эрдэнэ гэж хүн дуудаад тэнд очоод нэг шил архи уусан. Тэгээд Г ахынд очсон. Нэг мэдсэн цагдаа, эмнэлэг ирсэн байсан. Өмнө нь П ах бид хоёрт маргалдаж байсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
Хохирогч П.П-ийн өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 30-ний өдөр би хөдөө байдаг гэрээсээ гараад сумын төвд ирээд Ц гуайнд очтол Ө байсан. Тэгээд Ө-тай 0.5 литрийн Соёрхол гэдэг архи уучихаад тэгээд ЗДТГ-ын дарга Бат-Эрдэнийд очоод бас 1 шил соёрхол нэртэй 0.5 литрийн архи Ц.Ө-тай хувааж уусан. Тэгээд Бат-Эрдэнийхээс гараад Тариалангийн Г-ынд очсон. Тэгээд юу болсон талаар сайн санахгүй байна. Би их согтсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/
Гэрч П.Г-рын өгсөн: “...Би тухайн үед гадаа хашаанд өвс буулгаж байсан юм. Тэгтэл гэрт хүн муудалцаад байгаа юм шиг тачигнаад байхаар яваад ортол тэр 2 барилцаад авсан дээр доороо оролцоод байж байсан. Тэгэхээр нь би ороод салгаад П ахыг аваад хажуу айлындаа оруулсан. Тэгтэл П миний нуруугаар нойтон оргиод байна гэхээр нь үзтэл цус гоожиж байсан. Тэгээд удалгүй цагдаа эмч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 01 дүгээр хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дүгээр хуудас/,
- Ц.Ө-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутгыг эд мөрийн баримтаар тооцох тогтоол, хураан авсан тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 5-9 дүгээр хуудас/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт хохирогч П.П-ийг хутгалсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд Ц.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Ц.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Ц.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 сарын дотор төлж барагдуулах хугацаа тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ө нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ц.Ө-ын 5.000.000 төгрөгийн үнэ бүхий 41-08 УНЛ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёото Бривест маркийн автомашиныг битүүмжилсэн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх” мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Ө-турьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Ө-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА