Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2023/ДШМ/07

 

 

 

 

 

  2022             12            22                                      2023/ДШМ/07                          

 

Б.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор В.Батдэлгэр,

шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч У.Батцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 2203004760480 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Т-,

 

Шүүгдэгч Б.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг 12 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Энхтайваны гүүрний урд замд “Toyota Allion” загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.С-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.         

 

Тээврийн прокурорын газраас: Б.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Т-ыг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 08 /найм/ сарын хугацаанд Баянзүрх, С- дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулан мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Б.Т- нь хохирогч Д.С-т 3.077.050 /гурван сая далан долоон мянга тавь/ төгрөг нөхөн төлснийг дурдаж, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тэмдэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Б.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Т- давж заалдах гомдолдоо: “...миний бие 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг 12 минутын үед Хан- Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Энхтайваны гүүрний урд замд “Toyota Allion” загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох,

16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтуудыг зөрчиж явган зорчигч Д.С-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан. Хохирогч Д.С-ын хохирлыг барагдуулж эмчилгээ сувилгаа, эм тариа, мөн хоёр сарын цалин нөхөн олговорт нийт 3.077.050 төгрөг зарцуулсан. Хохирогч Д.С- нь шүүхэд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлсэн. Миний бие шүүхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн маргаан байхгүй ба Хан-Уул дүүгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр “Баянзүрх, С- дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарласан шийдвэр” гаргахаас өмнө миний бие болон миний өмгөөлөгч У.Батцэцэг Нийслэлээс гарах зорчин явах хөдөлгөөнийг хязгаарлах хүсэлт илэрхийлсэн боловч шүүх, прокурор өнөөгийн хотын зохион байгуулалтыг харгалзан үзэхгүй шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, миний бие эцэг хүний үүрэг дөрвөн хүүхдээ сурч боловсрох, эрүүл аюулгүй амьдрах нөхцөл боломжоор хангах, сургууль болон сургуулиас гадуурх нэмэлт сургалт дамжаанд явуулах, хүргэж өгөх, авах. Хүүхдийн эрүүл мэндийг дэмжиж эрүүл агаарт гаргаж чийрэгжүүлэх, ирээдүйд үүсэж болох хүүхэд болон гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн асуудлаас урьдчилан сэргийлэх /томуу, томуу төст өвчин, ковид, бэртэл гэмтэл/, Чингэлтэй дүүрэгт орших өөрийн эзэмшлийн /Гэрчилгээний дугаар №1501013614/ зуслангийн газраа эргэх, өөрийн сурч боловсрох нөхцөл шаардлагаар Хан-Уул дүүрэгт байрлах Амжилт Академид суралцах хуваарьтай. Нуруу, хөл муутай ганцаараа амьдардаг Д.Батнаран настай ээжийгээ эргэж тойрч асрах зэрэг Нийслэл Улаанбаатар хотын авто зам, хот төлөвлөлтийн хамаарал замын хойд хэсэг нь С- дүүрэг, урд хэсэг нь Баянгол дүүрэг, зүүн хэсэг нь Хан-Уул дүүрэг, баруун хэсэг нь Баянзүрх дүүрэг гэх мэт, түүнчлэн Нийтийн тээврийн чиглэлээс шалтгаалж Хан-Уул, Баянгол, Чингэлтэй, Баянзүрх, С- зэрэг дүүргүүдийн газар нутгаар зорчин явах шаардлагатай байгаа тул дээрх зорчих эрхийг хязгаарлах шүүхийн шийдвэрийг дахин хянан үзэж Хан-Уул, Баянгол, Чингэлтэй дүүргүүдийг нэмж өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Б.Т-ын өмгөөлөгч У.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.

 

Прокурор В.Батдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.Т- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2022 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 18 цаг 12 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг Энхтайваны гүүрний урд замд “Toyota Allion” загварын *****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.С-ыг мөргөж, эрүүл мэндэд нь зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн 7 дугаар хавирганы хугарал, баруун хөмсөгт шарх гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.С-ын “...120-н баруун талын автобусны буудлаас хойш явж байгаад явган хүний гарцаар баруунаас зүүн тийш чиглэлтэй зам хөндлөн гарахаар зорчих хэсэг рүү алхаад орсон. Тэгэхэд л машинд мөргүүлсэн. Дараа нь юу болсныг санахгүй байна. Ухаан алдсан байсан, эмнэлэг дээр сэрсэн. ...”/хх 14/,

иргэний хариуцагч О.М-ын “...нөхөр дөрвөн хүүхдээ аваад Хан-Уул дүүрэгт байх манай ээжийнх рүү хүргэж өгөхөөр гэрээсээ 17 цагийн орчимд гарсан юм байна лээ. Манай нөхөр миний эзэмшлийн автомашиныг жолоодоод явсан байсан. Тухайн үед намайг унтаж байхад манай дүү ирээд Т- ах машинаа жолоодож яваад хүн мөргөчихсөн байна гэж хэлсэн. ...” /хх 22/

Б.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...1 дүгээр эгнээнд зогсож байсан автомашины урдуур нэг эрэгтэй хүн хурдан алхаад гараад ирсэн. Би тэр хүнийг харсан даруйдаа тоормос гишгэсэн боловч машинаа зогсоож амжилгүй явган зорчигчийг мөргөөд газар унагаагаад зогссон. Тэр хүн явган хүний гарцаар гарч явсан. ...Би осол болсны дараа нийт 2.000.000 гаруй төгрөгийг хохирогч Д.С-ын эрүүл мэнд болон эмчилгээнд зарцуулсан. ...би өөрийн буруутай үйлдлээ ойлгож байгаа. ...”/хх 24, 80/ гэсэн мэдүүлгүүд,

 

 “...Д.С-ын биед зүүн тахилзуур ясны далд хугарал, зүүн 7-р хавирганы хугарал, баруун хөмсөгт шарх хүндэвтэр хохирол учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11691 дүгээр дүгнэлт /хх 57-58/,

 

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/ , “...Болдын Т- нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан. ...” талаарх жолоочийн лавлагаа /хх 25/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Т- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Т-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 6 сарын хугацаагаар хасаж, 8 сарын хугацаанд Баянзүрх, С- дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутгах дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хүнд биш ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Т-ын зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, бүсийг тэлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/770 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Н.БАТСАЙХАН

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН