Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/00978

 

Д.Балдоржийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 485 дугаар шийдвэр,        

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 114 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Д.Балдоржийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Пунсалдуламд холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлт 7 470 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Н.Төгсбаярын гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Балдорж, хариуцагчийн өмгөөлөгч Н.Төгсбаяр, нарийн бичгийн даргаар Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2014 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэрээ хийж, 4 500 000 төгрөгийг Г.Пунсалдуламд шилжүүлэн өгсөн. Тэгээд мөнгөө өгөхгүй байсан болохоор 06 дугаар сарын 23-ны өдөр гэрээ хийж, нотариатаар гэрчлүүлсэн. Гэрээгээр 4 500 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй, 10 хоногийн хугацаатай зээлсэн ба 7 дугаар сарын 03-ны өдөр банкнаас мөнгө авч өгнө гэж хэлээд өгөөгүй. Мөнгө зээлснээсээ хойш 7, 8 сар мөнгө өгөхгүй байж байгаад 9 сард 360 000 төгрөг өгсөн. Нэг сарын хүү 360.000 төгрөгөөр бодож, 6 сарын хүү 2 160 000 төгрөг өгсөн. Үүнээс 4 сарын хүүг бэлнээр, 2 сарын хүүг дансаар өгсөн. Өмнөх мөнгөө өгөхгүй болохоор нь 2015 оны 3 дугаар сарын 03-нд нэмж 6 сарын хугацаатай өмнөх гэрээгээ баталгаажуулж гэрээ хийсэн. Гэхдээ энэ нь зөвхөн баталгаа бөгөөд энэ маргаанд хамааралгүй юм. Г.Пунсалдулам мөнгөө өгнө гэсэн талаар бичсэн тэмдэглэлийг би нотлох баримтаар хавтаст хэрэгт өгсөн. Би 4 500 000 төгрөгөө банкинд хадгалуулсан бол 2.000.000 төгрөг хадгаламжийн хүү болоод надад ирэх байсан.Иймд үндсэн зээл 4 500 000 төгрөг, 2 сарын хүү 720 000 төгрөг, алданги 2 250 000 төгрөг, нийт 7 470 000 төгрөгөө нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Балдоржоос 4 500 000 төгрөг зээлж авсан. Миний мөнгөн дээр манай эгч 500 000 төгрөг нэмж авсан. 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл сар бүр 360 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сараас 2015 оны 04 дүгээр сар хүртэл 360.000 төгрөг өгсөн. 3, 4 дүгээр сарын хүү 720 000 төгрөгийг эгчээс мөнгө ирэхээр нь дансаар шилжүүлсэн. Нийт 3 960 000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 660 000 төгрөгийг төлнө. Д.Балдорж анхнаасаа дансаар өгөөгүй болохоор би сар бүр гар дээр нь бэлнээр өгч байсан. Нэхэмжлэгчийн 2 160 000 төгрөг авсан гэдэг нь үндэслэлгүй юм. Иймд миний төлсөн 3 960 000 төгрөгийг төлбөрөөс хасч тооцож өгнө үү. Гэрээнд гарын үсэг зурахдаа гэрээг сайн уншаагүй. Алдангийн талаар мэдэхгүй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 485 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Г.Пунсалдуламаас 4 050 000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Балдоржид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 3 420 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  нэхэмжлэгч  Д.Балдоржоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,470 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Пунсалдуламаас улсын тэмдэгтийн хураамжид 79,750 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Балдоржид олгож шийдвэрлэжээ.

Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 114 дүгээр магадлалаар хариуцагч Г.Пунсалдуламын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 485 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар Г.Пунсалдуламаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.750 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Г.Пунсалдулам нь Д.Балдоржоос 4 500 000 төгрөг зээлж аваагүй бөгөөд 3 780 000 төгрөг авсан байдаг. Мөнгө өгөхдөө 720 000 төгрөгийг 2 сарын хүү гэж хэлээд суутган өгч гэрээ байгуулсан байдаг. Бодитоор бол 3 780 000 төгрөгийг Д.Балдорж шилжүүлэн өгсөн байдаг. Анхан болон давж заалдах шатны шүүхээс Г.Пунсалдуламаас гаргуулахаар шийдвэрлэсэн 4 050 000 төгрөгөөс хариуцагч нь 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд үлдэх 1 050 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж дээрх 3 000 000 сая төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

                                                                                     ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд үндэслэлтэй тогтоож, маргааныг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааны үйл баримт, нэхэмжлэгч Д.Балдоржийн нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөөгүй хариуцагчийн тайлбар зэрэгт шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт өгч, зээлийн гэрээний харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3., алдангийн талаарх 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан эрх зүйн хэм хэмжээний дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар хэргийн оролцогч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргадаг байна. Хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлын агуулгаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг өөрчлөх, хүчингүй болгох боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 485 дугаар шийдвэр, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 114 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН