Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 357

 

Д.Ж-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаар магадлалтай, Д.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хохирогчийн хууль хууль ёсны төлөөлөгч С.О-ийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1939 онд төрсөн, эрэгтэй, 1960 онд Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйл, 212 дугаар зүйлийн 1-д зааснаар 1 жил хорих ял,

1961 онд Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйл, 109б дүгээр зүйлд зааснаар 2 жил хорих ял,

1968 онд Эрүүгийн хуулийн 73, 109б, 153, 157 дугаар зүйлүүдэд зааснаар 10 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Д.Ж нь Эрүүгийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохирсон” гэмт хэрэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтах” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ж-г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,350,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Ж-д оногдуулсан торгох ялыг тусад нь эдлүүж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Ж-д шүүхээс оногдуулсан 5 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн 35,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О гаргасан гомдолдоо “...Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдаанд би хохирол нэхэмжилсэн нэхэмжлэл гаргаагүй, тайлбар болон хохирлын ямар ч нотлох баримтыг бүрдүүлж өгөөгүй байхад нэхэмжлэл хэлэлцээд байгааг ойлгохгүй юм. Миний хүүг ажилтай, ажилгүй нь тодорхойгүй гэсэн тул ажиллаж байсан газрын тодорхойлт өгсөнөөс өөр зүйлгүй. Анхан шатны шүүхээс машины хурд 26.4 км цагийн хурдтай байхад хүний биед гавал ясны бүрэн цууралт, дагалдах хүндрэлүүд үүсэх эсэхийг тогтоож өгөхийг хүсч байсан. Уг машиныг хурд хэтрүүлэн явж байсан гэж үзэж байна. Прокурор Ц.Оюун-Эрдэнэ замын зорчих хэсгийн голд хөлөө жийгээд сууж байсан нь камерийн бичлэгт байгаа гэдэг ч миний хүүгийн зам дээр сууж байгаа дүрс нь бичлэгт огт байгаагүй. Жолооч “замд шуудайтай хог хэвтэж байна гээд мөргөөд гарсан” гэж яриад байна. Энэ нь замд байгаа саадыг тойрч гарна гэсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Эдгээр асуудлыг бүрэн тогтоохгүйгээр шийтгэх тогтоол гарсанд гомдолтой байгаа тул хэргийг нягтлан шийдэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалан хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохироогүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч үздэг, үүнийг мөн өмгөөлөгчийн зүгээс үндэслэлтэй гэж үзэж байна. Хэдийгээр санамсар болгоомжгүйгээр хэргийг үйлдсэн боловч, ослын газрыг санаатай орхин зугтаасан нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй. Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн 35,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон. Амь хохирогч нь осол болохоос өмнө хувиараа барилгын ажил эрхэлдэг байсан. Энэ талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Анхан шатны шүүх хуралдаанд хохирогчийн зүгээс гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх байр суурьтай оролцсон боловч үүнийг хүлээн аваагүй. Энэ асуудлаараа мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд ярьсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт хохирогч нас барснаас учирсан гэм хорын хохирлыг заасан. Энэ хэргийн хувьд хохирогч нас барсны үр дагавар нь 68 настай, тэтгэвэрт байдаг хохирогчийн эх ганцаараа үлдэж байгаа. Үүнээс үүдэж тэтгэмжийн асуудал болон амь хохирогчийн олох ёстой байсан цалин хөлсний асуудал яригдаж байгаа тул эдгээрийг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Туяа хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Д.Ж гэм буруугийн асуудал болон хэргийн зүйлчлэлд маргадаггүй. Анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд нийцүүлэн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нь хэргийн газрыг орхин зугтаасан үйлдэлдээ 1,300,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдолд хохирлыг яриагүй байхад энэ талаар ярьсан гэж дурдсан байсан. Хохирогчийн өмгөөлөгчийн хэлснээр нэхэмжилсэн 35,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “...хохирогч нас барснаас учирсан гэмт хорын хохиролд хохирогчийн гэрээний дагуу хийгдэх ёстой байсан ажлын хөлсийг гэм буруутай этгээдээр төлүүлнэ” гэсэн зохицуулалт байхгүй тул шүүх нэхэмжлэлийг хангахгүй орхисон нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн шүүгдэгчийн хувьд энэ асуудалдаа маш их гэмшиж байгаа, биеийн байдлын хувьд хэвтэрт байгаа” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Д.Ж-г холбогдуулан прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоол гаргасан. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Хохирогчийн гэм хорын асуудалтай холбоотойгоор гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутай тооцож, хуульд заасан ялын төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ж нь 2018 оны 09 дүгээр сарын 2-оос 3-нд шилжих шөнийн 05 цаг 15 минутад Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, “Уранмандал” дэлгүүрийн баруун замд “HONDA INSPIRE” загварын .... УБА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа нүд гялбан зорчих баримжаа алдсан үедээ хурдаа хасах буюу тээврийн хэрэгслийг зогсоогүйгээс явган зорчигч С.Г-ийг мөргөн амь насыг нь хохироосон,

дээрх зам тээврийн ослыг гаргасныхаа дараа мөн дүрмийн 2.5-д заасан осолд холбогдсон жолоочийн үүргийг биелүүлэлгүй хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйл баримтууд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Д.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж С.Г-ийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, энэ гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж шүүх тус тус дүгнэн, Д.Ж-д хорих  ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авахдаа “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бодит зардлыг төлсөн, Д.Ж-гийн өндөр настай, хохирогч буюу явган зорчигч С.Г нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дүгээр зүйлийн “аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах”-ыг явган зорчигчид хориглосон заалтыг зөрчсөн” зэргийг харгалзан үзэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй бөгөөд энэ талаар хэргийн оролцогчдоос ямар нэг гомдол гаргаагүй байна.

Д.Ж-д холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-ийн “С.Г амьд байсан бол гэрээний дагуу хийх ёстой ажлаа хийж 35 сая төгрөг олох байсан, үүнийг нэхэмжилж байна” гэсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон учир, шалтгааныг заагаагүйн дээр нэхэмжлэлийг шууд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь энэ талаарх баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд хандах түүний эрхийг шууд хязгаарласан байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдлоос иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 138 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 356 дугаар магадлалын тогтоох хэсэгт “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 35,000,000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

          

 ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                     ШҮҮГЧ                                               С.БАТДЭЛГЭР

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН