Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 0635

 

 

2017 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2017/0635

Улаанбаатар хот

Г.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Будхүү, нэхэмжлэгч Г.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан хийж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн давж заалдах гомдлоор, Г.О-ийн нэхэмжлэлтэй, Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийн шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүх шийдвэртээ: Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 24 дүгээр зүйлийн 24.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/09 дугаарыг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.О-ийг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын “Хөгжлийн бодлогын мэргэжилтний” ажилд томилохыг тус Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2, 26.8-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/03 тушаалыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож

Тогтоох хэсгийн 3 дахь заалтаар:  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцоолж олгон, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэр зохих бичилтүүдийг хийхийг Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр баталсан бөгөөд уг жагсаалтад Г.Оийн эрхэлж байсан “Хэвлэл мэдээлэл, сум хөгжүүлэх сангийн үйл ажилллагаа хариуцсан ажилтан”-ы орон тоо батлагдаагүй тул 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цалинг 20 хувиар бууруулах сахилыгн шийтгэлийг хуучин эрхэлж байсан албан тушаалын нэрээр нь ногдуулсан байна. Мөн ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг гардуулан өгч буюу Г.О-ийн эрхэлж байсан Хөдөлмөр, хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан ажилтны орон тоо нь 2016 онд хасагдсан тул 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлсөн билээ.

Шүүх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д заасныг баримталсан нь хууль бус гэж үзжээ. Гэтэл эдгээр хуулиуд нь Засаг даргын Тамгын газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд багтсан, хэрэглэх эрх хэмжээг нь тодорхойлсон, болсон бодит үйл явдалтай холбоотой байх тул хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Г.О-ийн албан тушаалын орон тоо хасагдах асуудал нь 2016 онд Хөдөлмөрийн яамнаас болон аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас 2016 оны 10 дугаар сард Хөдөлмөр, халамжийн байгууллагууд нэгдэж байгаатай холбогдуулан орон тоо хасагдсан талаар мэдэгдсэн юм. Үүний дагуу Г.О-ийн Хөгжлийн бодлогын мэргэжилтэн гэсэн албан тушаалд ажиллуулах гэсэн боловч ажлын байрны толдорхойлолтод тавигдсан шаардлагыг хангахгүй, санхүүгийн зөрчлийн улмаас сахилгын шийтгэл хүлээгдсэн тул уг албан тушаалд ажиллуулах боломжгүй гэж үзэж орон тоо нь хасагдсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн юм.

Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба шийдвэрийг өөрчлөх боломжгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь шүүх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг тушаалдаа үндэслэсэн нь хууль бус байна гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.

Нэгэнт ажиллаж байсан ажлын байр нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр хасагдаж, шинээр нэгтгэсэн ажлын байранд Г.О-ийг ажиллуулахгүй гэж үзсэн учир ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа 30 хоногийн өмнө мэдэгдэлийг нь өгч, хууль зүйн үндэслэлийг зөв гарган тушаалаа гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Иймд Г.О-ийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны 23 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.О нь “Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” Б/03 тоот тушаал, 02 дугаар сарын 24-ний өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 09 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулж, Хөгжлийн бодлогын мэргэжилтний ажлын байранд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” шаардлага гаргажээ.

Хариуцагчийн Г.О-ийг ажлаас чөлөөлсөн 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн Б/09 дүгээр тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийг тус тус баримталсан байна. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т “... тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заажээ. Г.О-ийг ажлаас чөлөөлсөн үндэслэлдээ “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 03, 09 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн яам, аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, чиг үүрэг, бүтцийн өөрчлөлт орж, орон тоо хасагдсан” гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Г.О нь Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар Хөдөлмөр, хэвлэл мэдээллийн мэргэжилтний албан тушаалд төрийн жинхэнэ албан хаагчаар томилогдон ажиллаж эхэлсэн төрийн жинхэнэ албан хаагч байх бөгөөд Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А/03 дугаар тушаалаар тус сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог батлахад нэхэмжлэгчийн өмнө эрхэлж байсан “Хөдөлмөр, хэвлэл мэдээллийн ажилтан”-ы албан тушаал хасагдаж, Хөгжлийн бодлогын мэргэжилтний албан тушаалд чиг үүрэг нь шилжсэн байна. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д зааснаар төрийн байгууллагын зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авах зохицуулалттай байна. Гэтэл хариуцагчаас 2017 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар тус сумын Хөгжлийн бодлогын мэргэжилтний албан тушаалд чиг үүрэг нь шилжсэн ажилтан Г.О-ийг томилоогүй, харин өмнө нь уг байгууллагад ажиллаж байгаагүй Б.Сансарыг томилсон нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн орон тоо хасагдсан гэх гомдлыг хүлээж авах боломжгүй.  

Мөн Булган аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 06/1061 дугаар албан бичгээр Г.О-ийг Санхүүгийн албаны нягтлан бодогчоор тус хэлтэстэй зөвшилцөн томилохыг зөвлөсөн боловч Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 3/146 дугаар албан бичгээр Г.О нь Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтнаар ажилладаг ба цаашид Хөгжлийн бодлого, нийгмийн ажилтнаар ажиллах болсон гэж хариу өгч, нэхэмжлэгчийн өрсөлдсөн албан тушаалд томилоогүй атлаа, бүтцийн өөрчлөлтийн дагуу нэхэмжлэгчийг тус сумын Хөгжлийн бодлогын мэргэжилтний албан тушаалд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн төрийн алба тогтвортой, мэргэшсэн байх зарчимд нийцээгүй, төрийн албан хаагч Г.О-ийн эрхийг зөрчсөн байна.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон:

ТОГТООХ нь:

1.  Булган аймаг дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 23 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ