Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2024/04051

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 10 03 182/ШШ2024/04051

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: ............... давхарт байрлах, С ХХК /РД:00000000/-ийн хүсэлттэй,

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М /РД:000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

С ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Ц.М нь 2021.11.25-ны өдөр БЗГ21-0490 тоот зээлийн гэрээ байгуулан 1,499,900 төгрөгийг сарын 39,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлэн авсан. Зээлдэгч нь зээл авахдаа ............................... тоот хаягт оршин сууж байсан боловч 2024.07.25-ны өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 102/ШЗ2024/14806 тоот захирамжаар тус хаягт оршин суудаггүй нь тогтоогдсон.

Иймд Ц.М-ыг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоож өгнө үү... гэжээ.

 

Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.23-ны өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 2 х/,

-2024.08.23-ны өдөр А.Б, П.М, Ш.Ж, М.С нарт олгосон итгэмжлэл /хх-ийн 3 х/,

-Улсын бүртгэлийн 0000000000 дугаар бүхий хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 4 х/,

-2024.05.17-ны өдрийн 000000000 дугаар бүхий бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5 х/,

-2021.11.25-ны өдрийн БЗГ21-0490 дугаартай Барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 6-7 х/,

-Зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 8 х/,

-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 9 х/,

-Зээл төлөлтийн дансны хуулга /хх-ийн 10 х/,

-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.25-ны өдрийн 102/ШЗ2024/14806 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 11 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М-ын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар С ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Л шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021.11.25-ны өдрийн БЗГ21-0490 дугаартай Барьцаат зээлийн гэрээний дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М нь зээл төлөх үүргээ биелүүлээгүй тул хүсэлт гаргагч нь зээлийн гэрээний үүрэгт 1,459,079 төгрөг гаргуулахаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ханджээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.25-ны өдрийн 102/ШЗ2024/14806 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар Ц.М-ыг ............................... тоот хаягт ...бүртгэлтэй боловч оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 11 х/,

 

Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.

 

Гэтэл иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М нь ............................... тоот хаягтаа бүртгэлтэй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024.09.09-ний өдрийн 9/11098 тоот албан бичгийн хавсралт болох иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, мөн шүүхээс ............................... тоот хаягийн дагуу 2024.09.05-ны өдөр Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас-ыг хүргүүлэхэд ээж Ц хүлээн авсан зэрэг баримтаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гаргах хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

 

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М /РД:000000000/-ыг эрэн сурвалжлуулах тухай С ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

 

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.М /РД:000000000/-ыг эрэн сурвалжлуулахыг хүссэн С ХХК-ийн хүсэлт /нэхэмжлэл/-ийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА