| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2018/0023/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2018-01-10 |
| Зүйл хэсэг | 11.7.2.2., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Н.Цогтбаяр
Шүүгдэгч: Ц.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С а овогт Ц.М холбогдох эрүүгийн ,, тоот хэргийг хэлэлцэв.
Шүүгдэгч: Ц. М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.М нь өөрийн эхнэр Б.О-ийг 2009 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, “Арвис” нэртэй баарны гадна гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 2013 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бусадтай хардаж, улмаар баруун эгэм ясыг хугалж, зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 2-36 байрны гадна бусадтай хардсаны улмаас зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 2-36 айлын орон сууцны 17 тоотод толгойн тус газар нь 4-өөс 5 удаа цохиж зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 53-5300 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодсон, Мөн Б.Оийг жирэмсэн байх үед буюу 2015 оны 09-нөөс 10 дугаар сарын үед Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
* Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Жирэмсэн байхад зодсон гэж байна. Би жирэмсэн байхад нь гар хүрч байгаагүй. Яагаад гэвэл 7-8 жил хүлээсний дараа хүүтэй болсон. Эрдэнэт хот руу явж эмнэлэгт хэвтэх гэж байгаад хэвтээгүй, тухайн үед яаж та гурвыг хаяж явж чадах билээ гээд яваагүй. Тэгээд аймагт ирж У эмчийн эмнэлэгт хэвтүүлж байсан. Би өөрөө ажилтай байсан учраас хамт ирж чадаагүй, төрөх үед нь хүртэл хамт байгаагүй. Миний хувьд гар хүрч, зодсон асуудал байхгүй. Мөн мэдүүлэгтээ намайг цонх хагалж байгаад орж ирж зодсон гэж мэдүүлсэн байна. Манай гэрийн хаалга гацаад гэртээ орж чадахгүй байсан учраас цонхоо хагалж байгаад гэртээ орсон. Түүнээс зодож цохих гэж цонхоо хаглаагүй. Дараа нь цонхыг нь шиллэж өгсөн байгаа. Таксинаас буулгаад зодсон гэх хэргийн талаар мэдүүлэг өгөхөд хоёр охиныгоо гэртээ үлдээгээд, би өөрөө ажилдаа явсан. Б.О гэртээ байна гэж нар руу ярьсны дараа том охин над руу залгаад дүү уйлаад байна, та хүрээд ир гэж хэлсэн. Тэгэхээр нь ээж чинь гэртээ байгаа биз дээ, гэртээ байна гэж хэлсэн шүү дээ гэж хэлсэн чинь гэртээ байхгүй байна, хүнтэй уулзана гэж хэлээд гараад явсан гэж хэлэхээр нь би гэртээ яваад очсон. Гэртээ очиход эхнэр байхгүй болохоор нь охиныхоо утас руу нэгж шилжүүлж байгаад ээж рүү нь залгуулсан чинь цонхныхоо доор л байна шүү дээ, яагаад маяглаад байгаа юм гэж хэлээд загнасан байсан. Би цонхон доор байгаа юм байна гэж бодоод гэрээс гарч ирээд харахад байхгүй, захиргааны ард талын машины зогсоол дээр нэг цагаан өнгийн Приус маркийн машин байхаар нь явж очоод хаалгын нь онгойлгоход эхнэр сууж байсан. Тухайн үед 4-5 залуутай машин дотроо согтуу сууж байсан. Би тухайн үед хамт байсан жолоочийг таньдаг байсан учраас юу хийж байгаа юм бэ, хүүхдийн бие муу, уйлаад байна гэж хэлээд машинаас татаж буулгаад гэртээ оруулсан. Тэгээд гэртээ ороод хоёр охиноо аваад таксинд суугаад явсан гэв.
* Эрүүгийн тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
* Хохирогч Б.О-ийн өгсөн: “...Би нөхөртэйгөө 2005 онд гэр бүл болж, 2 охин гаргаж өгсөн. Бид 2 таарч тохирохгүй болоод 2017 оны 06 дугаар сараас хойш тусдаа амьдаргч байгаа юм. Нөхөр Ц.М нь 2 охины хамт,,тоотод гэртээ амьдардаг. Би 8 сараас бага охиноо өөр дээрээ авсан юм. Тэрнээс хойш намайг байнга утсаар ярьж мессэж бичиж “янхан, ална хядна” гэх мэтээр дарамталдаг. 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байх, өдрийг нь сайн санахгүй байна. Би “Ундарга” компаний ард байх найз М.Мийн гэрт очиж боорцог хийчихээд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,дугаар баг,,, байранд байх өөрийн гэрийн гадна 22:00 цагийн үед ирсэн юм. Тэр таксины жолооч миний таньдаг хүн байсан болохоор би юм яриад сууж байтал манай нөхөр Ц.М нь хүрч ирээд, таксин дотроос намайг татаж буулгаад гараараа миний толгой, нүүр рүү 3-4 удаа цохьсон. Тэгээд гэрт оруулаад хэд, хэд цохьсон. Тэр үед миний баруун талын нүд хөхөрч хавдсан байсан. Тэгэхэд намайг таксины жолоочтой хардаад зодсон байх. Тэр үед намайг таксинаас чирээд буулгахыг таксины жолооч Б гэх залуу харсан. Маргааш нь миний нүд хөхөрсөн байсныг ангийн багш М.М хараад яасан бэ гэж асуухад нь би нөхөр цохьсон гэж хэлж байсан.
Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 00 цагийн үед гэртээ байж байтал манай нөхөр Ц.М миний утас руу залгаад байхаар нь аваагүй. Тэгтэл гэрийн хаалга нүдээд байсан. Би хаалгаа тайлж өгөөгүй. Гэтэл 2 давхар руу авирч гарч ирээд вакум цонх хаглаж орж ирээд миний толгой, нүд рүү цохьсон. Тэр үед миний духан дээр зурагдсан, нүүр нилэнхүйдээ хавдсан байсан. Мөн баруун гарын шуу хэсэг хөхөрсөн байсан. Тухайн үед би гэртээ ганцаараа байсан болохоор харсан хүн байхгүй. Маргааш өглөө нь ажил дээрээ ирэхэд ангийн багш М.М эхлээд мэдсэн. Би М.М багшид тухайн болсон асуудлыг ярьж байсан. Тэр цонх нь вакум цонхны 43:12 харьцаатай порчик байсан. тэр цонхны шилийг Ц.М 20.000 төгрөг, би 15.000 төгрөг гаргаад шиллүүлсэн...
2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр манай байгууллагын даргын төрсөн өдөр болоод бид хамт олноороо “Арвис” нэртэй бааранд сууж байхад нөхөр Ц.М хүрч ирээд даргад бэлэг өгөөд, бидэнтэй хамт сууж байгаад намайг аваад явна гэхэд нь манай ажлынхан чи саяхан зодуулсан биз дээ, яваад хэрэггүй гээд намайг хорьсон юм. Гэтэл Ц.М нь М, Б гэх манай хоёр багшийг ална шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би ингээд эвлэрэх гэж байгаа юм болов уу гэж бодоод нөхрөө дагаад Эрдэнэбулган сумын ,, дүгээр баг, ,,тоотод байх гэртээ очтол манай 2 хүүхэд байсан. Бид 2 юм ярьж суугаад, хоол идэж байгаад салах, нийлэх талаар ярилцаж байгаад дахиад хэрүүл маргаан гарсан. Манай нөхрийн аав, ээж хоёр нь 1 хашаанд байдаг юм. Ц.М намайг аав, ээжээсээ уучлалт гуйхыг шаардсан. Тэгэхээр нь би аавтай ойлголцож чадна, харин ээжтэй ярилцаад байх юм байхгүй. Тэгээд ч би танай аав, ээжээс уучлалт гуйгаад байх шааардлага байхгүй гэсэн. Тэрнээс болоод Ц. М уурлаж, миний толгой нүүр рүү цохиж, үсдэж газар унагааж чирсэн. Мөн газар унасан байхад толгойн дээрээс нүцгэн хөлөөрөө дэвссэн. Тэгээд би зодоод байхаар нь орилсон чинь хаалга нүдэх шиг болсон. Би гараад явах гэтэл намайг гаргахгүй байсан. Тэгээд би тэндээ хоноод маргааш нь би өөрт нь чи намайг зодоод ийм болгосон байна гээд хэлтэл намайг харчихаад юу ч хэлээгүй. Тэр үед миний толгой, хамар тэр чигээрээ хөндүүрэлсэн байсан. Үс зулгаагдсан, эрүү, чих, чихний ар тал, цээжэн дээр 2 хэсэг газар, хоолой, мөрний ар тал дал, 2 гарын бугалга, баруун талын ташаа, зүүн хөлний булчингийн ар, урд хэсэг газар, баруун хөлний шагай, мөн тохойн дээр хөхөрч хавдсан байсан. Манай нөхөр намайг ямар ч шалтгаангүйгээр хардаж, сэтгэл санааны дарамтанд байлгадаг. Би найз нөхөдтэйгээ хааяа нэг гадуур гарахаар тэр асуудлаас болоод намайг хардаж зодож нүддэг. Миний биед учирсан гэмтлийг миний нөхөр Ц.М гараараа цохиж зодож учруулсан. Ц.М тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нилээд их согтсон байсан. Би тухайн үед би бага зэрэг л халамцуухан байсан. Тэр үед миний 10-аас 13 насны 2 охин маань байсан. Намайг зодуулаад орилж байхад манай 2 охин өвөө рүүгээ залгасан байсан. Тэр үед нөхрийн аав нь ирээд манай хаалгыг 1 удаа тогшчихоод яваад өгсөн. Тухайн үед миний орилж байгааг сонссон гэж бодож байна.
2013 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байх үед нөхөр Ц.М нь хардалтын улмаас намайг машинаас чирч гэрт оруулан зуух мөргүүлсэн. Мөн газар унаган дээрээс дэвсэлж зодох үед миний эгэм хугарсан, мөн зуух мөргөх үед толгой хагарсан юм. Тухайн үед Ш гэх хүн эгэм хугарчихаад газар хэвтэж байхад гаднаас орж ирээд манай нөхөртэй дундаа 1 шил архи тавьчихаад юм яриад сууж байсан. Эхнэр Б нь гаднаас орж ирээд намайг аваад гарсан. Тэр үед нөхөр Ц.М намайг зуух мөргүүлээд миний хөмсөгний дээд тал хагараад нил цус болчихсон байсан. Тэгэхээр намайг нөхөртөө зодуулсынг Ш мэдсэн. Би тухайн үед Цогтцэций сумын эмнэлэгийн мэс заслын эмч А-д үзүүлээд духан дээрээ 2 оёдол тавиулаад эгэмэндээ татлага хийлгэж боолгосон. ...2009 оны 04 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр цэцэрлэгт хүний оронд туслах тогооч хийж байсан юм. Тэр өдөр хотоос найзууд ирээд бид гарцгаасан юм. Бид “Арвис” нэртэй бааранд сууж байхад Ц.М бааранд орж ирээд намайг баарнаас чирч гаргаад заамдаад чирээд явахад миний хоолой боогдоод шүдээ зуугаад орилсон чинь яасан их шүдээ зуудаг юм гээд гараа атгаж байгаад миний шүд рүү цохьсон. Тухайн үед миний дээд үүдэн 2 шүд хугарч уруул хэгзэрсэн, мөн хацар нүүр нэлээн хавдсан байсан. Энэ үед бид хоёрын хажууд хүн байхгүй байсан. Би тамхи татах гээд холдох үед нь зугтаагаад Наранбулагт байх хадам аавын төрсөн дүүгийн нөхөр болох Төмөрбаатар гэх айлд очиж хоносон. Би Т ах, эхнэр Балжидмаа эгч нарт Ц.Мад зодуулсан талаараа хэлж байсан. ...Би 2015 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байхдаа жирэмсэн болчихоод хүүхэд доошоо суучихсан, хөдөлж чадахгүй хүндрэлтэй байдаг байсан. Тэр үед нөхөр Ц.М нь 2015 оны 09 дүгээр сард байх, би тухайн үед 5 сартай байсан байх. Шөнө унтаж байтал гаднаас согтуу орж ирээд намайг бос гэхээр нь би босч чадахгүй гэсэн. Тэгтэл миний толгой руу цохиод авахаар нь босоод зогстол миний бөгс рүү нилээн хүчтэй өшиглөсөн. Би тухайн үед угаасаа хүүхэд суулт өгснөөс болоод мэдрэл дарагдсан гээд явах алхахад хүртэл хүндрэлтэй байж, тонус өгөөд байсан. Тэгээд дэглэм бариад гайгүй болсон. .Дараа нь 2015 оны 10 сард амралтын өдрөөр гэртээ боорцог хийгээд байж байтал гаднаас согтуу орж ирэхээр нь гэрийн ажилд туслаад гэртээ байж бай гээд гаргахгүй гэтэл уурлаад надтай хэрэлдэж маргалдсан. Намайг цамцны захаас 2 гараараа бариад боогоод хойш нь түлхээд унагасан. Би хойш савагдаад бөгсөөрөө газар унасан. Ц.М нь намайг орхиод гараад явчихсан. Тэр үед би 7 сартай жирэмсэн байсан. Түүнээс болоод доргилт өгөөд тонус улам ихэссэн. Хэд хоногийн дараа доошоо өнгөтэй юм гараад бүр болохоо байхаар нь сумын эмнэлэгт үзүүлэхэд аймгийн эмнэлэгт очиж үзүүл гэхээр нь шууд Улаанбаатар хотын Эх нялхсын эмнэлэгт үзүүлэхэд тонус ихтэй, ургийн зүрхний цохилт бүдэг байна гэж байсан. Тухайн үед хоол цай зөөх хүн байхгүй байсан. Тэгээд манай нөхөр аймагт очиж үзүүлье Уртнасан эмчийн эмнэлэгт очоод хэвтчих гэхээр нь би гэхээр нь би Эрдэнэбулган суманд ирж, эмнэлэгт хэвтээд 7 дахь хоног дээрээсээ өвдөөд доошоо ус гараад эхэлсэн. Тэгээд нэгдсэн эмнэлэгийн төрөх тасаг дээр ирж үзүүлээд хэвтсэн. Тэгээд өвдөлт эхэлсэн болохоор хийсвэр хийлгэе гэсэн боловч өөрөөрөө төрөх боломжтой гээд төрүүлсэн боловч 7 сартай хүүхэд маань бүтээгүй юм. Тухайн үед эмч нар хэлэхдээ уушиг ажиллагаагүй улмаас хүүхэд чинь бүтсэнгүй гэж хэлсэн. Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байхад маш хортой нөхцөлд амьдарч байсан бөгөөд иргэд ярихдаа үйлдвэрийн хортой нөхцлөөс шалтгаалж ураг зулбах тохиолдол их байдаг гэж ярьж байсан. Одоо бодоход орчин нөхцлөөс болж тонус өгч байхад нөхөр Ц.М нь намайг боож унагааж миний биеийг улам муутгаж байсан. Тэрнээс хойш 1 сарын гаруйн дараа ураг зулбасан нь Ц.Маас шууд хамааралтай гэж би хэлж чадахгүй байна. Ц.Мыг намайг боож унагаснаас хойш 1 сарын хугацаанд би хангалттай эмчилгээ хийлгэсэн болохоор миний биед учирсан хүндрэл арилсан байх боломжтой юм. ...Би жирэмсэн байхдаа хүүхэд зулбасан асуудлыг Ц.Мтай хамааралгүй гэж бодож байна. О мөрдөгчид мэдүүлэг өгч байхдаа М-д уур хүрээд хүүхэд зулбасан асуудлыг холбоотой гэдэг байдлаар хэлчихсэн юм. ...Ц.М намайг гэр бүл болсон цагаасаа хойш гэрээсээ хөөж, мөнгө санхүүгийн дарамтанд байлгадаг байсан. Би хэд хэдэн удаа гадаа хонож байсан. Миний цалингийн хэрэглээг байнга хянаж, хэзээ хаанаас юу авсан, юунд зарцуулсан гэх мэтчилэн шалгадаг байсан. Бас янз бүрийн эрэгтэй хүмүүстзй хардаж, хэрүүл маргаан хийдэг байсан. Эдгээр нь надад маш их дарамттай байдаг байсан. Би одоо 10 жилийн ангийн найзуудаасаа холбоо тасарсан байгаа, энэ нь бас Ц.Мын хардалттай холбоотой. Ц.Мтай амьдрах хугацаандаа бие эрүүл мэнд, сэтгэл санааны дарамтанд байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар тал/
* Гэрч М.Мгийн өгсөн:
“...Б.О нь 2017 оны 11 дүгээр сард 2 удаа нөхөртөө зодуулсан талаараа надад ярьж байсан. 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр ажил дээрээ ирэхдээ зүүн талын нүд нь хөхөрчихсөн байдалтай ирээд багшаа би хүүхдүүдээ хүлээж авах боломжгүй болчихлоо гэхээр нь би хүүхдүүдээ хүлээж авсан. Тэгээд эцэг, эхчүүд явсны дараа манай нөхөр Ц.М урд шөнө цонх хаглаж орж ирээд бөөн юм болоод намайг зодоод нүд ийм болгоод хаячихлаа гэж байсан. Тэр үед надад өөр зүйл яриагүй. Ямар шалтгааны улмаас зодуулсан талаараа яриагүй. Хагарсан цонхоо шиллүүлэхгүй бол болохгүй гээд орой 17 цаг өнгөрөөд гэр рүүгээ явсан. Тэр үед Б.Оийн зүүн талын нүд нилээн хөхөрчихсөн, духан дээр нь зурчихсан юм шиг халцарчихсан байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй. Дараа нь 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр эцэг, эхчүүдийн тэмцээн болоод мөн тэр өдөр нь даргын төрсөн өдөр болж таараад бид “Арвис” нэртэй бааранд хамт олноороо орцгоосон. Б.Оийн нөхөр нь найзуудынхаа хамт нөгөө талын ширээн дээр сууж байгаад бидний сууж байсан ширээн дээр хүрч ирээд даргатай мэндэлж, бидэнтэй цуг суусан. Тэгээд Ц.М нь Б.Оийг өөрийн сууж байсан ширээ рүүгээ аваад явсан. Бид гарахаар болоод туслах багш Б-ын хамт Б.Оийг аваад явъя гэж яриад сууж байсан. Тэгээд ширээн дээр нь очоод Б.Оийг явъя гэж хэлтэл Ц.М нь уурлаад та нар цаашаа явцгаа, ална шүү гэж хэлэхээр нь бид хоёр буцаж гараад ажлынхандаа энэ талаар хэлтэл гэр бүлийн асуудалд оролцоод яах вэ гэхээр нь тэр хоёрыг орхиод гэр, гэр рүүгээ явцгаасан юм. Маргааш нь 10 цагийн үед Б.О багш руу залгахад утас нь холбогдохгүй байсан. Гэтэл 11 цагийн үед өөрөө залгаад цэцэрлэг дээр яваад очьё гэж хэлээд ирсэн. Тэгтэл Б.О багшийн зүүн талын эрүү, шанаа хэсэг хавдаж хөхөрсөн, баруун чихний мөгөөрс хугарчихсан гэмээр эвгүй болчихсон, амаа ангайж болохгүй болчихлоо, мөн толгой өвдөөд даагдахгүй байна гэж ярьж байсан. Тэр ярихдаа нөхрийгөө дагаж гэртээ очоод 2 хүүхэд хоол халааж өгөхөөр нь идээд байж байтал нөхөр уурлаад миний толгой руу өшиглөж, үснээс зулгааж, чирч зодсон, чихнээс их цус гарсан гээд уйлаад ярьж байсан. ...Б.О багш надад өмнө нь нөхөр архи уухаараа догшин, ширүүн ааш гаргадаг гэж ярьж байсан. Гэхдээ юунаас болж тусдаа амьдрах болсон талаараа ярьж байгаагүй. Б.О багш нь хамгийн сүүлд нөхөртөө зодуулсан талаар манай байгууллагын ажилчдын ихэнх нь мэдсэн. Тэрнээс өмнө нь зодуулсан талаар бол мэдэхгүй. Б.О нь ер нь гэр бүл дотроо болсон асуудлаа тэр бүр яриад байдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/
* Гэрч Б.Жы өгсөн:
* Б.О бол миний төрсөн дүү, Ц.М нь миний хүргэн болох юм. Б.О нь 10-н хүүхэдтэй айлын бага хүүхэд бөгөөд Архангай аймгийн Булган суманд 1985 онд төрж, аав, ээжийнхээ гар дээр өссөн. 2005 онд Ц.Мтай гэр бүл болсон, одоо 2 хүүхэдтэй. Зан байдлын хувьд буруу зан аашгүй хүн. Би хэргийн талаар мэдэхгүй байна. Нөхөртөө зодуулсан гэж сонссон. Ц.М нь их л ширүүн харилцаатай юм шиг надад санагддаг. Хаяа Б.Оийг цохиж зодсон гэж сонсогдож л байдаг. Би өөрөө харж байгаагүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр тал/
*Гэрч Л.Цийн өгсөн:
“...Ц.М нь миний 5 дахь хүүхэд буюу отгон хүү маань болж Архангай аймгийн Булган суманд 1982 онд төрсөн, 1 эгч, 3-н ахтай. Бага насаа Булган сумын төвд аав, ээжийнхээ гар дээр өссөн. Булган сумынхаа цэцэрлэгт сууж байсан. Архангай аймгийн Тариат сумын дунд сургуульд орж суралцаж байгаад 10-р ангиа Архангай аймгийн 1 дүгээр сургуульд сурч төгссөн. Монгол улсын техникийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгсөж байсан. Мөн Архангай аймгийн Гурван тамир дээд сургуульд нягтлан бодогч мэргэжлээр сурч төгссөн. Эрдэнэт хотын цахилгаан станцад цахилгаанчин, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Таван толгой” ХК-д цахилгаанчны ажил хийж байсан, одоо 14-р цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажиллаж байгаа. 2005 онд Б.Отэй гэр бүл болж 2 хүүхэдтэй болсон, том охин М.М 11 настай, бага охин М.Э 9 настай. Ц.М нь зан байдлын хувьд төлөв даруу зантай, аав ээжийнхээ үгэнд сайн ордог, хүнд тусархуу зөөлөн сэтгэлтэй хүн байгаа юм. Би Ц.Мыг эхнэрээ зодсон хэргээр цагдаа дээр шалгагдаж байгаа гэж сонссон. Харин эхнэр Б.Оийгээ цохиж, зодож байхыг хараагүй. ..2005 онд Ц.М, Б.О нар гэр бүл болж Архангай аймагт амьдарч байгаад Эрдэнэт хот руу нүүж явсан юм. Эрдэнэт хотод амьдарч байхдаа Б.О нь архи ууж Ц.Мтай маргаан үүсгэж байсан бөгөөд би очиж гэрийг нь нүүлгэж ирж байсан. Тэгээд Ц.М, Б.О нар Өмнөговь аймаг руу нүүж, тэндээ хэсэг амьдарсан бөгөөд эхнэр Б.О нь архи ууж, хэрүүл маргаан үүсгэсэн болохоор Ц.М, Б.О хоёрыг Архангай аймагт нүүлгэж ирж байсан. Б.О нь архи уугаад гадуур хоногоор явчихдаг, тэрнээс болж хэрүүл маргаан хийдэг болж, 2017 оны 06 сараас хойш тусдаа амьдрах болсон юм. Би Б.От эрүүл, согтуу байхад нь битгий архи ууж бай гэж хэлж байсан ч миний үгийг тоохгүй болчихсон. 2017 оны 11 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө би Ц.Мын гэрийн хажуугаар гарч явахдаа Ц.Мын 2 хүүхдийг унтсан юм болов уу гээд хаалганых нь хажууд очиж татаж үзтэл цоожтой байсан. Тэгээд чимээ сонстол чимээгүй байхаар нь унтаад өгсөн юм байх гэж бодоод гэртэй орж унтаж амарсан. Би Б.Оийг тэр шөнө гэртэй ирсэн гэдгийг мэдээгүй бөгөөд маргааш өглөө нь хөдөө явчихаад гэртэй иртэл урьд шөнө Б.О ирж хоносон гэж сонссон. Тэр шөнө Ц.М, Б.О нарыг хоорондоо хэрэлдэж зодолдохыг би сонсоогүй...” гэх мэдүүлэг хх-ийн 21-22 дугаар тал/
* Гэрч Ё.Бын өгсөн:
“...Би Б.Отэй 2016 оны хавраас нэг цэцэрлэгт хамт ажиллаж эхэлсэн бөгөөд ажлын газрын хүн болохоор танина. Ц.М нь манай ажилд хэсэг хугацаанд нягтлан бодогчийн ажил эрхэлж байсан болохоор бас таньдаг. Ц.М, Б.О нарыг нэг гэр бүлийн хүмүүс гэдгийг хамт ажиллаж байхдаа мэдсэн. Төрөл садан, найз нөхдийн холбоо харилцаа байхгүй. ...Б.О, Ц.М 2-ын хоорондын харилцааны талаар би сайн мэдэхгүй. Б.О бид 2 нэг ангид хамт ажилладаггүй болохоор хоорондоо нэг их юм яриад байдаггүй. 2017 оны 11 сард санагдаж байна, яг хэдний өдрийг мэдэхгүй байна. Б.Оийн нүд нь хөх болчихсон байдалтай нэг удаа ажил дээрээ ирчихсэн явсныг харж байсан. Бас манай ажлынхан Б.Оийн чихнээс нь цус гарчихсан байдалтай нэг удаа ирсэн гэнээ гэж ярьж байсан. 2017 оны 11 сарын 18-ны өдөр манай цэцэрлэгийн эрхлэгчийн төрсөн өдөр мөн эцэг эхчүүдийн гар бөмбөгийн тэмцээн болоод манай ажлынхан Арвис нэртэй бааранд орж хэсэг суусан юм. Тэгээд бааранд суугаад нилээд удаж байсан бөгөөд гарах дөхөж байтал Ц.М гаднаас орж ирээд Б.Оийн чихэнд үг хэлчихээд яваад өгсөн. Тэгтэл Б.О уйлаад байсан. Бид нар юу болсон талаар асуутал намайг гарахдаа аваад яваарай гээд байсан. Тэгээд Б.О Ц.Мтай хамт нэг ширээнд цуг суугаад удалгүй манай ажлынхан баарнаас гарах болж, Б.Оийн сууж байсан ширээн дээр очоод Б.Оийг явах уу гэж асуутал Ц.М уурлаад ширээ цохиж босч ирээд та нар миний уурлахыг хармаар байна уу гэхээр нь М.М бид гараад явчихсан. Тэр өдөр бямба гараг байсан бөгөөд маргааш өдөр нь би ажил дээрээ ирээгүй амарсан юм. 2017 оны 11 сарын 20-ны өдөр буюу ажлын эхний өдөр ажилдаа иртэл Б.О ажил дээрээ ирээгүй байсан. Тэгтэл Б.О эмнэлэгт хэвтсэн байсан бөгөөд дараа нь сонсоход Б.О нөхөртэй зодуулаад эмнэлэгт хэвтсэн гэсэн яриа ажил дээр гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/
* Гэрч М.М-ийн өгсөн:
“... Ц.М, Б.О нар 2 хүүхэдтэй бөгөөд Өмнөговь аймагт гэр бүлээрээ ажиллаж байсан. Сүүлийн нэг жил гаран хугацаанд Архангай аймагт амьдарч байгаа юм. Гэр бүлийн дотоод уур амьсгалынх нь талаар сайн мэдэхгүй. Сүүлийн үед Ц.М, Б.О нар гэр бүлийн маргаантай болж гэр бүл салж байгаа сурагтай байсан. ...2017 оны 11 сард санагдаж байна, яг өдрийг нь нарийн санахгүй байна. Б.О манай гэрт 19-н цагийн үед ирээд боорцог хийгээд нилээн орой явсан. 00 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна. Тэгээд Б.Оийг манайд ирж боорцог хийгээд явсны дараа 2 хоног өнгөрсөн байхад Ц.М нь Б.Оийг манайд боорцог хийгээд явсан шөнө зодсон гэнэ гэсэн яриа гарсан байсан. Энэ талаар Б.О өөрөө надад ярьж байсан бөгөөд Б.Оийн нүд нь хөхөрчихсөн гэмээр харагдаж байсан. Би өөр гэмтэл бэртэл авсан талаар нь сайн хараагүй, ил харагдах нь нүдэнд хөхрөлт үүссэн байсан. Ц.М нь өөрийн эхнэр Б.Оийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж цохиж зоддог талаар сайн мэдэхгүй, сүүлийн үед гэр бүлийн маргаантай байгаа гэж сонссон... “ гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/
* Гэрч Т.Б-г өгсөн:
“... Манай нэгдсэн эмнэлэгийн төрөх тасгийн эмчлүүлэгчийн эмнэлэгт хүлээн авсан бүртгэл дээр 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Б.О нь өөрөө ирж хэвтсэн гэсэн бүртгэлтэй хүлээн авсан эмч гэж миний нэр бичигдсэн байна. Тиймээс би Б.О гэдэг хүнийг эмнэлэгт хүлээн авсан байна. Гэхдээ би Б.О гэж ямар хүн ирээд, хэрхэн төрсөн талаар мэдэхгүй байна.Учир нь 2 жил гаруйн хугацаа өнгөрсөн байна. Би нэгдсэн эмнэлэгийн архивт Б.Оийн хэвтэж эмчилгээ хийлгэсэн өвчний түүхийг хайгаад олохгүй байгаа учир энэ талаар мэдээлэл өгч чадахгүй байна. Хэрэв өвчний түүхийг олчихвол мэдүүлэг өгч болно...” гэх мэдүүлэг / хх-ийн 32-33 дугаар тал/,
* Гэрч Э.Б-ийн өгсөн:
“...Миний эхнэр 14-р цэцэрлэгт ажиллдаг бөгөөд хамт ажилладаг гэдгээр нь Ц.М, Б.О нарыг танина. 2017 оны 11 сарын эхээр санагдаж байна. Би өөрийн Приус 20 маркын 08-69 АРХ улсын дугаартай машинтайгаа 00 цаг өнгөрч байхад таксинд явж байгаад “Ундарга” дэлгүүрийн ар талд Б.Отэй тааралдсан. Б.О айлд боорцог хийгээд явж байна, гэртэй харих гэсэн юм гээд тортой боорцог барчихсан явж байхаар нь би гэрт чинь хүргээд өгье гээд машиндаа суулгасан .Тухайн үед манай машинд 2 найз маань сууж явсан юм. Тэгээд Б.Оийн гэр болох 2 дугаар 36-р байрны ард очиж зогсоод юм ярьцгааж, 1 цаг орчим суусан юм. Б.О буцаад найзындаа очиж юм авна гэхээр нь би машинаа жолоодож буцаж найзынх нь гэрт иртэл унтчихсан байсан. Тэгээд би буцаад байрных нь урд талын зогсоол дээр ирээд зогсож байтал Б.Оийн нөхөр Ц.М ирээд Б.Оийг түлхүүр хаана байна өг гэж хэлтэл Б.О машинаас буухгүй, гэрийн түлхүүрийг нь өгөхгүй байгаад байсан. Би машинаа жолоодож Б.Оийн байрны орцных нь үүдэн дээр очиж зогстол Б.О машинаас буухгүй 10 орчим минут машин дотор суугаад байсан юм. Тэгтэл Ц. Мөнхбат Б.Оийг миний машины ар талын суудлаас суга татаад аваад буусан. Б.Оийг машинаас буухаар нь би шууд хөдлөөд гэр рүүгээ явсан. Тухайн үед цаг нилээн орой болчихсон байсан. Өөр зүйл мэдэхгүй. Ц.М гэрийн түлхүүр өгөөдөх, хүүхэд уйлаад байна гээд байсан.Отгончимэг түлхүүрийг нь өгөхгүй машин дотор суугаад байсан. Би Б.Оийг машинаас буучих гэж хэлтэл та нар миний асуудлыг мэдэхгүй шүү дээ гээд машин дотор суугаад байсан. Б.О манай машин дотор нэг пиво уусан. Ц.М эрүүл байсан. Ц.М Б.Оийг машинаас буухгүй болохоор нь нэг удаа алгадаж авах шиг болоод машинаас татаад буулгачихсан. Өөрөөр цохиж зодохыг нь би хараагүй... “ гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар тал/
* Гэрч С.У-ын өгсөн:
“...Б.О гэдэг эмэгтэй 2015 оны 11 сарын 01-ний өдөр миний ажилладаг “Дөлгөөн арц” эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байсан байна. Би өвчний түүхийг нь харж мэдүүлэг өгч байна. Өөрөөр Ц.М, Б.О гэх хүмүүсийг танихгүй. Б. Ог гэх хүний өвчний түүхэн дээрээс харахад 2015 оны 11 сарын 01-ний өдөр 26.1 долоо хоногтой буюу 5 сар хагастай жирэмсэн, хүүхэд хөдлөхгүй болсон, өвдөлт өгсөн, нойр хоолонд муу, жирэмсний хожуу хугацаанд дутуу зулбахаар завдаж байгаа гэсэн оноштойгоор 8 хоногийн турш хэвтэн эмчилгээ хийлгэн манай эмнэлэгээс гарсан байсан. Б.Оийн биеийн байцаалт нь 2 хүүхэдтэй, нөхөртэй, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдарч байгаад ирсэн гэх мэдээлэлтэй. Б.От өвчин намдаах эмчилгээ, үрэвслийн эмчилгээ, ураг дэмжих эмчилгээ, булчин сулруулах зэрэг эмчилгээ хийж байсан байна. мөн Б.Оийн өвчний түүх дээрх өгүүлэмж дээрээс 3 сартай байхад ирч дуншиж өвдөөд байсан, тухай үед нь өвчин намдаах лаа хэрэглээд зүгээр болж байсан, эмнэлэгт хэвтэхээсээ 4 хоногийн өмнө цусархаг ялгадас гараад байхаар нь хэвтэн эмчилгээ хийлгэж байна гэсэн байна.Б.От эмчилгээ хийгээд манай эмнэлэгээс гарах үедээ өвдөлт нь багасч, тонус нь гарахаа болиод урагийн зүрхний цохилт хэвийн болоод гарсан байна. хүүхэд нь зулбасан эсэх талаарх мэдээллийг би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/
*Гэрч Л.Б-ийн өгсөн:
“... Би 2009 оноос хойш 3-н удаа харваж байгаа хүн. Миний нас дээр гарсан, харвалт өгснөөс болоод би мартаж санадаг өвчтэй болчихсон, одоо Ц.М, Б.О хоёрыг маргалдаж зодолдож байсныг санахгүй байна. Миний нөхөр Ц.Т нас бараад 7 жил болж байна. Би өөр зүйл мэдэхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар тал/
Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.О-ын 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрий 493 дугаартай дүгнэлтэнд: Б.Оийн биед тархи доргилт, хоёр чихний дэлбээ, хөхлөг сэртэнгийн орчим, духны зүүн дээд, эрүүний баруун доод хэсэг, зүүн мөрний ар, баруун ташаанд зөөлөн эдийн няцрал, хамрын таславчийн муруйлт, зүүн чихний сувгийн дээд хананд цус хуралт, өвчүүний бүдэрхий, баруун эгэмний доод хэсэг, баруун бугалга, хоёр шуу, баруун дал, зүүн шилбэний урд дунд хэсэг, баруун шагайн гадна хажууд цус хуралт, духны гол, зүүн чихний дэлбээний дотор ирмэг, зүүн хөхний дээд хэсэгт зураасан зулгаралт гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар дээрх гэмтлүүд нь нийтдээ биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.Б.О нь баруун эгэм ясны дунд хэсгийн хуучин бороолсон хугарал, 11-р шүд унасан, 21-р шүд их бие хэсгээр хугарсан хуучин гэмтэлтэй байна. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ. Гэмтсэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.3.1-д зааснаар баруун эгэм ясны хуучин хугарал нь учирсан тухайн үедээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. 11-р шүд унасан гэмтэл нь учирсан тухайн үедээ 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг 5% тогтонги алдагдуулна. 21 дүгээр шүд хугарсан гэмтэл нь учирсан тухайн үедээ 2.6 д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр тал/
*Яллагдагч Ц.Мын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Б.О бид хоёр 2004 оны хавар Архангай аймгийн Булган суманд анх танилцаж байсан бөгөөд 2005 оноос хойш хамт амьдарч, 2006 оны 06 сарын 28-ны өдөр албан ёсоор гэр бүлээ батлуулж эхнэр, нөхөр болсон. 2 хүүхэдтэй бөгөөд том охин М.М 12 настай, бага охин М.Э 10 настай. 2017 оны 06 сараас хойш тусдаа амьдарч байгаа. Миний эхнэр Б.О нь цэцэрлэгийн туслах багшийн ажил хийдэг бөгөөд 2017 оны 06 сард амралтын мөнгө, цалин зэрэг мөнгөө аваад гэртэй ирэлгүй 10 гаруй хоног явчихсан юм. тэгэхээр нь Б.Оийн сургийг гаргаад байтал энд тэнд архи уугаад яваад байсан. Тэгтэл нэг орой Б.О над руу мессэж бичээд би чиний нүүрийг харах эрхгүй болсон, миний хувцсыг аваад ирээч гэсэн би Б.Оийг хайж явж байгаад олж уулзтал архины хордлогонд орчихсон байдалтай эгчийнхээ гэрт байж байсан. Түүнээс хойш би 2 охинтойгоо хамт амьдрах болсон. Б.О тусдаа амьдарч байсан. Тэгээд зарим үед манай 2 охин ээж дээрээ очдог байсан юм. Тэгтэл 2017 оны 11 сарын 05-ны өдөр би 2 охиноо ээж дээр нь үлдээгээд гэртэй байж байтал шөнийн 02 цагийн орчим охин надруу утсаар яриад ээж гараад явчихсан, дүү уйлаад байна гэхээр нь би Б.Оийн гэрт яваад очтол миний 2 охин Б.Оийн гэрт сууж байсан. Б.О гэртэй байхгүй байсан. Би 2 охинтойгоо хамт сууж байгаад түүний ажлын гадуур явж байтал тамгын газрын ар талд нэг цагаан өнгийн машин зогсож байхаар нь яваад очтол Б.О танихгүй эрчүүдтэй хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд түүнийг машинаас нь буулгаад гэр рүү нь дагуулж ороод 2 охиноо хувцаслаж авч явсан. тэгэхдээ Отгончимэгийг чи эх хүн юм бол эх хүн шиг бай гэж хэлээд нүүр рүү нь нэг алгадаж авсан. Өөрөөр цохиж зодоогүй. 2017 оны 11 сарын 18-ны өдөр би 2 найзтайгаа уулзаад хэдэн шил пиво уучихаад байж байтал манай цэцэрлэгийн даргын төрсөн өдөр болж байсан болохоор би Арвис бааранд яваад очтол манай эхнэр ажлынхантайгаа сууж байсан. Миний ажилладаг цэцэрлэгийн дарга нь манай эхнэрийн ажилладаг цэцэрлэгийн даргын ажлыг давхар хийдэг юм. Тэгээд манай цэцэрлэгийн ажилчид өөр газар орж дахиж архи ууна гээд байна гэж Б.О надад хэлсэн юм. Тэгэхээр нь би уурлаад, чи өөрөө мэд гэж хэлсэн. тэгтэл Б.О гарч явснаа буцаж орж ирээд манай гэрт дүүгийн хадам ирчихсэн байгаа би согтуу гэртэй ормооргүй байна гэхээр нь өөрийнхөө гэр рүү авч явахаар болсон. Би Арвис бааранд нилээн хэдэн пиво уусан бөгөөд замдаа бас пиво авсан юм. Тэр үед би тасарчихсан байсан бөгөөд түүнтэй юм яриад, гэртээ муудалцаагүй орсон юм. Тэгээд өглөө нь сэртэл би Б.Отэй хэрэлдэж зодолдсон байсан. Би Отгончимэгийг яаж цохиж зодсоноо санахгүй байгаа юм. Б.Оийн чихнээс цус гарсан харагдаж байсан. ...2017 оны 11 сарын 05-ний өдөр Б.Оийн толгой руу гараа атгаж цохиогүй, нэг удаа л алгадаж авсан юм. 2013 оны 11 сард Б.О бид 2 Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдарч байхад Б.О найзуудтайгаа уулзаад, архи уугаад явсан юм. Түүнийг найзууд нь манай гэрт хүргэж ирж байсан. Би түүнийг аваад гэртэй орох гэж явтал гэртэй орохгүй буцаж найзууд дээрээ очно гээд байхаар нь гэрийн үүднээс Б.Оийг цааш нь түлхтэл босгонд тээглэж, бүдэрч унаад эгэм хэсгээрээ зуух мөргөж эгэмээ хугалсан, өөрөөр цохиж зодоогүй. Б.О тэр үед намайг зодлоо гэж орилж хашхирч байсан. Би эгэм рүү нь хөлөөрөө өшиглөөгүй. Б.О эгэм хэсгээрээ зуухны булан мөргөөд эгэмээ хугалчихсан юм. Б.О тэр үед их согтуу байсан болохоор намайг зодсон гэж ойлгосон юм шиг байна лээ. Бид хоёр 13-н жил хамт амьдарсан хугацаанд архи ууж янз бүрийн залуучуудтай нэр нь холбогдож байхаар нь ганц нэг удаа алгадаж авсан тохиолдол байгаа тэрнээс өөрөөр цохиж зодож байгаагүй. ...2009 онд Б.О архи ууж, гадуур тэнээд байдаг байсан юм тэр үеэр би Б.Оийг хайж байгаад Арвис бааранд сууж байхад нь олоод дагуулж явж байгаад нэг удаа алгадаж байсан. Дараа нь Б.О шүд хугарсан гэж байсан. Би тухайн үед Б.Оийг боож байгаагүй. Баарнаас авч явах гээд хэрүүл хийж байгаад нүүр рүү нь гараараа алгадаж байсан, цохиж байгаагүй. Би Б.Оийг жирэмсэн байхад нь боож унагааж байгаагүй. 2015 онд Өмнөговь аймагт амьдарч байхад Б.О жирэмсэн болсон бөгөөд тэр жирэмслэлт урагийн өсөлт зогсолттой гэсэн шалтгаанаар зулбаж байсан юм. Би 2 охинтой бөгөөд 2015 онд жирэмсэн болоход хүү олдсон байсан юм. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв нь уурхайн салхин доор байдаг бөгөөд их хортой нөхцөлд амьдарч байсан болохоор түүний нөлөөгөөр хүүхэд бүтэж байгаагүй юм. Б.О нь архи ихээр уудаг, нэг уухаараа 2,3-н хоногоор яваад өгдөг бөгөөд тэр шалтгаанаас болж бид 2-ын харилцаа хөндийрч эхэлсэн юм. Архи уугаад хэд хоног явж ирснээ гэрээ цэвэрлэж их сайхан байж байснаа хэд хоногийн дараа дахиад л архи уучихдаг юм. Түүнд архины эмчилгээ хийлгэж, архи уудаггүй код хүртэл хийлгэж байсан юм. Би хоёр хүүхдээ бодоод л одоог хүртэл хамт амьдарсаар байгаа. Би Б.Отэй харилцан ярилцаж гомдол саналгүй болсон. Би зүрх муутай болохоор архи нэг их уугаад байдаггүй юм. Сүүлийн үед Б.Оээс болж архи хаяа уучихдаг болсон. ...Архангай аймгийн Прокурорын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг уншиж танилцсан. Тогтоолтой холбоотой санал хүсэлт байна. Би эхнэр Б.Оийг жирэмсэн байхад нь цохиж зодож байгаагүй. 2015 онд Б.О жирэмслэх үедээ хүү тээж байсан бөгөөд би хүүтэй болохыг маш их хүсч байсан болохоор юу гэж Б.Оийг цохиж зодох билээ. Харин Б.Отэй гэр бүлийн маргаан хийж сүүлийн үед цохиж зодож байснаа хүлээн зөвшөөрч байгаа. Б.Оээс уучлалт гуйгаад гомдол саналгүй болсон байгаа. Би 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрчийн мэдүүлэг өгөхдөө болсон бүх зүйлийг нэг бүрчлэн хэлж мэдүүлсэн байгаа. Одоо хэргийн талаар дахин мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдлэж байна. Миний өмнө өгсөн гэрчийн мэдүүлэг үнэн зөв байсан. ... Би шинжээчийн 186 дугаартай цонхны шилний үнэлгээтэй холбоотой дүгнэлттэй танилцсан. Би Б.Оийг 36-р байранд гэртэй байхад нь цонхоор нь орох гэж байгаад цонхыг нь тохойгоороо хагалчихсан юм. Тэгээд цонхоо шиллээрээ гэж 36.000 төгрөг өгч байсан. Би цонхоор орох гэж байгаад халтираад тохойгоороо цохиж хагласан юм. 2017 оны 11 сарын сүүл 12 сарын эхээр хагалсан байх гэж бодож байна. Яг өдрийн тодорхой санахгүй байгаа. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Б.Оийн биед ямар ямар гэмтэл учирсан гэдгийг мэдэж авсан. Б.Оийн биед учирсан зөөлөн эдийн гэмтлүүд болон жижиг жижиг гэмтлүүдийг сүүлийн үед буюу 2017 оны 11 сарын 05, 11 сарын 19-ний өдрүүдэд маргалдаж мууцалдах үедээ биед нь учруулсан байх. Эгэм ясны хугарал хуучин гэмтэл нь 2013 онд Өмнөговь аймагт согтуу байхад нь гэртэй оруулах гээд түлхтэл зуух мөргөөд эгэм ясаа гэмтээж байсан юм. Шүдний хугарал гэмтлүүд нь нилээн хэдэн жилийн өмнөх болсон маргаанаас үүссэн. Би энэ талаар өмнөх мэдүүлэгтэй илүү дэлгэрэнгүй мэдүүлсэн... Би 2015 онд Б.Оийг жирэмсэн байхад нь боож унагаж, цохиж, зодож байгаагүй. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө бүх зүйлийг ярьсан болохоор өөр нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 75 дугаар тал/,
* Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа /хх-ийн 79 дүгээрр тал/
* Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84-85 дугаар тал/
* Ц.М, Б.Э нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 86 дугаар тал/
* Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 87 дугаар тал/
* Хохирогч Б.Оын Амбулатороор эмчлүүлэгсэдийн картны хуулбар, /хх-ийн 60-63 дугаар тал/
*Хохиролын үнэлгээний тайлан /хх-ийн 54 дүгээр тал/
* Хохирогч Б.Оын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 43-50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
2009 оны 04 дүгээр сард Ц.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Оийг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг, Арвис баарны гадна гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас зодсон, 2013 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бусадтай хардаж, улмаар баруун эгэм ясыг хугалж, зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 2-36 байрны гадна бусадтай хардсаны улмаас зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, 2-36 айлын орон сууцны 17 тоотод толгойн тус газар нь 4-өөс 5 удаа цохиж зодсон, 2017 оны 11 дүгээр сарын 18-аас 19-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын 53-5300 тоотод байх гэртээ гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодсон, Мөн Б.Оийг жирэмсэн байх үед буюу 2015 оны 09-өөс 10 дугаар сарын үед Өмнөговь аймгийн Цогтцэций суманд гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж зодсон гэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Ц.М нь үйлдсэн болох нь хохирогч Б.Оийн “...2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр байх Ц.М нь хүрч ирээд, таксин дотроос намайг татаж буулгаад гараараа миний толгой нүүр рүү 3-4 удаа цохьсон. Тэгээд гэрт оруулаад хэд цохьсон. 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 00 цагийн үед гэртээ байж байтал миний утас руу залгаад байхаар нь аваагүй. Тэгтэл гэрийн хаалга нүдээд байсан. Би хаалгаа тайлж өгөөгүй. Гэтэл 2 давхар руу авирч гарч ирээд вакум цонх хаглаж орж ирээд миний толгой нүд рүү цохьсон. ...2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ц.М уурлаж, миний толгой нүүр рүү цохиж, үсдэж газар унагааж чирсэн. Мөн газар унасан байхад толгойн дээрээс нүцгэн хөлөөрөө дэвссэн. Тэгээд би зодоод байхаар нь орилсон чинь хаалга нүдэх шиг болсон. .. 2013 онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байх үед нөхөр Ц.М нь хардалтын улмаас намайг машинаас чирч гэрт оруулан зуух мөргүүлсэн. Мөн газар унаган дээрээс дэвсэлж зодох үед миний эгэм хугарсан, мөн зуух мөргөх үед толгой хагарсан юм...” гэх мэдүүлэг, гэрч М.Мгийн “.... Б.О багш манай нөхөр Ц.М урд шөнө цонх хаглаж орж ирээд бөөн юм болоод намайг зодоод нүд ийм болгоод хаячихлаа гэж байсан. Мөн Б.О багшийн зүүн талын эрүү, шанаа хэсэг хавдаж хөхөрсөн, баруун чихний мөгөөрс хугарчихсан гэмээр эвгүй болчихсон, амаа ангайж болохгүй болчихлоо, мөн толгой өвдөөд даагдахгүй байна гэж ярьж байсан. Тэр ярихдаа нөхрийгөө дагаж гэртээ очоод 2 хүүхэд хоол халааж өгөхөөр нь идээд байж байтал нөхөр уурлаад миний толгой руу өшиглөж, үснээс зулгааж, чирч зодсон, чихнээс их цус гарсан гээд уйлаад ярьж байсан...” гэх мэдүүлэг, гэрч Ё.Бын “...2017 оны 11 сард санагдаж байна, яг хэдний өдрийг мэдэхгүй байна. Б.Оийн нүд нь хөх болчихсон байдалтай нэг удаа ажил дээрээ ирчихсэн явсныг харж байсан. Бас манай ажлынхан Б.Оийн чихнээс нь цус гарчихсан байдалтай нэг удаа ирсэн гэнээ гэж ярьж байсан...” гэрч М.Мийн “...Тэгээд Б.Оийг манайд ирж боорцог хийгээд явсны дараа 2 хоног өнгөрсөн байхад Ц.М нь Б.Оийг манайд боорцог хийгээд явсан шөнө зодсон гэнэ гэсэн яриа гарсан байсан. Энэ талаар Б.О өөрөө надад ярьж байсан бөгөөд Б.Оийн нүд нь хөхөрчихсөн гэмээр харагдаж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Ц.Мын шүүх хуралдаанд болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 493 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн хүний эсрэг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Ц.М нь өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн /хохирогчоос нэхэмжилсэн зүйлгүй/ гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэнийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт хохирогч Б.О шүүгдэгч Ц.М нарыг гэр бүл болохыг нотлосон, хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээс гадна гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авагдсан байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт хохирогч Б.О хамаарч байгаа болно.
Шүүхээс шүүгдэгч Ц.Мыг өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэрийнхээ эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар прокурорын гаргасан саналын дагуу хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлэв.
Хохирогч Б.О нь хохирол төлбөргүй, гомдол саналгүй гэсэн тайлбараа хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 90х/-д бичсэн байх тул шүүгдэгч Ц.Мыг бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.5, 1.6, 36.8 дугаар зүйлийн 3,4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С а овогт Ц.Мыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Мыг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарласугай.
4. Шүүгдэгч Ц.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР