Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2024/0022/з |
Дугаар | 119/ШШ2024/0034 |
Огноо | 2024-06-25 |
Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 119/ШШ2024/0034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б
Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Батбаяр, Л.Баярбат,
““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2236 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, СЭ-112-12/2237 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, ЭҮТӨҮГ/20240102... дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын “Үнэлгээний дүгнэлт”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Т” ХХК нарын хооронд байгуулсан №2024/13-10-0217 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгож, “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх” тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр, М.Барсбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2237 дугаар албан бичигт дурдсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нээсэн ЭҮТӨҮГ/20240102... дугаартай “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх” тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2236 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, СЭ-112-12/2237 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулж,
ЭҮТӨҮГ/20240102... дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын “Үнэлгээний дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Т” ХХК нарын хооронд байгуулсан №2024/13-10-0217 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
2. “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/23 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/20240102... дугаартай “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэгч”-ийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан ба 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэгч”-ийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг зарлажээ.
3. 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
4. Нэхэмжлэгч “Х” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
4.1. Тендерт шалгарсан “Т” ХХК-ийн тендерт шаардлага хангахгүй тендерийн баримт бичгүүд ирүүлсэн. Техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз №1 штангны муфта 091- 51.71.1130-н техникийн үзүүлэлтийн “Дотор диаметр,мм” 80 гэж заасан боловч үйлдвэрлэх схем зураг (чертеж) дээр хэмжээ тавигдаагүй; техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№2 штангны ниппель 091-59.71.1110-н техникийн үзүүлэлтийн “Дотор диаметр,мм” 80 гэж заасан боловч схем зураг дээр хэмжээ тавигдаагүй; техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№2 штангны ниппель 091-59.71.1110-н техникийн үзүүлэлтийн “Материал”-ын орц буюу хатуулаг чанар 40Х гэж заасан боловч схем зураг дээр Ст.45 гэж заасан, техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№5 өрмийн штанг 091- 59.12.0000 техникийн үзүүлэлтэд 2024 онд үйлдвэрлэсэн шинийг авна гэж заасан боловч “Т” ХХК нь 1996 оны хэмжээст зургаар санал болгосон, өрмийн штанг 091-59.12.0000-д схем зурагт нийт урт өгөгдсөн боловч бусад хэмжээснүүд тавигдаагүй; техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№6 өрмийн штанг хүндрүүлсэн 091-00.72.0167-05-д схем зурагт нийт урт өгөгдсөн боловч бусад хэмжээснүүд тавигдаагүй шаардлагад нийцсэн эсэхийг захиалагч хянан үзээгүй байхад тендерт шалгаруулсан нь үндэслэлгүй байна гэж тодорхойлжээ.
5. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Х” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2236 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, СЭ-112-12/2237 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон “Т” ХХК нарын хооронд байгуулагдсан ЭҮТӨҮГ/20240102... дугаартай “Худалдах худалдан авах гэрээ”-г хүчингүй болгуулах, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан ЭҮТӨҮГ/20240102... дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын “Үнэлгээний дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нээсэн ЭҮТӨҮГ/20240102... дугаартай “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх” тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
“Х” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр нээсэн ЭҮТӨҮГ/20240102... дугаартай “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх” тендерт холбогдох хууль тогтоомжид заасны дагуу материалаа бүрдүүлж цахимаар оролцсон. Үнэлгээний хороо нь ЭҮТӨҮГ/20240102... дугаартай “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр А/23 дугаартай Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар түүнийг байгуулсан эрх бүхий этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Үнэлгээний хорооны эрх зүйн үр дагаврыг хариуцна. Үнэлгээний хороо анх 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж 01 дугаартай тэмдэглэлээр “Тендерийн өгөгдлийн хүснэгт”-ийг эцэслэн боловсруулж баталсан. 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж тендерийг нээж 2 компанийн ирүүлсэн материалыг Үнэлгээний хорооны гишүүдэд цахим шуудангаар илгээсэн байна. Ингээд 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 3 дугаартай тэмдэглэлээр тендерийн материалыг хянан үзэж “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэж, тендерийн баримт бичигт заасан бүх нөхцөл шаардлагыг хангасан шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэн, шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргасан. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн СЭ-112-12/1118 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг “Т” ХХК-д тендерт оролцсон “Х” ХХК-д тус өдрийн СЭ-112-12/1117 дугаартай тендерт шалгараагүй тухай мэдэгдлийг тус тус хүргүүлсэн.
Уг шийдвэрийг эс зөвшөөрч “Х” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн. Монгол улсын Сангийн яам 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр тус Тендер шалгаруулалтыг гомдол шийдвэрлэх хугацаанд түдгэлзүүлсэн. Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 03/2316 дугаартай “Гомдол хянасан тухай” Сангийн яамны албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 03 сарын 19-ний өдрийн СЭ-112-12/1118 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59.10.2-т заасныг үндэслэн шийдвэрлэсэн. Сангийн яаманд гаргасан “Х” ХХК-ийн гомдлын үндэслэл нь тендерт шалгарсан материалын 14 дэх тал “Т” ХХК нь өгөгдлийн хүснэгтийн 20.1.1-т зааснаар техникийн чадавхи болон туршлагыг хангах нотлох баримт ирүүлнэ. Үүнд Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, борлуулагчийн зөвшөөрөл аль нэг нь байх ёстой гэсний дагуу ОХУ-ын “Р” ХХК-ийг захиалагчид санал болгож компанийн танилцуулгыг ирүүлсэн. Энэ компанийн танилцуулгын эх хувь байхгүй харин монгол орчуулга байдаг. “Т” ХХК буюу оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Энэ өгөгдлийн хүснэгтэд ирүүлснээр Тендер шалгаруулалтын баримт бичгийн 12.1 дэх хэсэгт “тендер шалгаруулалтын хэл нь монгол хэл байна. Тендер шалгаруулалтын зарлал, баримт бичиг, урилгыг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендер шалгаруулалтын баримт бичиг, тендер шалгаруулалттай холбоотой албан бичиг, захидал, бусад баримт бичиг тендер нь монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендерийн баримт байвал орчуулгын хамт ирүүлнэ.” гэж заасан. Тендерийн материалыг ямар ч баримт материал байсан монгол хэлээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно” гэж өгөгдлийн хүснэгтэд заасан. Энэ заалтыг зөрчиж байна. Сангийн яам энэ үндэслэлийг хянаж үзээд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн 20.1.1-т заасан шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн. Тендерт шалгарсан материалын 14 дэх талд өгөгдлийн хүснэгтийн 17.5 дахь хэсэгт ТШЗ 17.5-д “...оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, схем, өгөгдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэж заасан байдаг. “Т” ХХК нь техникийн тодорхойлолтод нийцсэнийг харуулах зорилгоор тэдгээрийн техникийн болон гүйцэтгэлийн бодит үзүүлэлтийг харуулсан нарийн хэмжээс бүхий хянан үзэх боломжтой схем зураг бүхий баримтыг ирүүлэх ёстой. Гэтэл тендерт шалгарсан компанийн санал болгож байгаа барааны схем зураг нь барааны зөвхөн уртыг л харуулсан хэмжээстэй байх бөгөөд техникийн үзүүлэлт болон схем зураг дээрх мэдээлэл нь хоорондоо зөрүүтэй байсан. Тэгэхээр эдгээр баримтыг тендерийн баримт бичигт заасан техникийн тодорхойлолттой нийцсэн болохыг нь хянан үзэх, нийцсэн гэж дүгнэх боломжгүй юм. Сангийн яам гомдлыг хянаад 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 03/2316 дугаар албан бичигтээ Үнэлгээний хороо өрмийн штанг болон бусад туслах хэрэгслүүд нь тендерийн баримт бичгийн тодорхойлолтод заасан шалгуур үзүүлэлтэд нийцэх эсэхэд хэрхэн нийцэж байгаад үнэлгээ хийгээгүй байна гэж дүгнэсэн. Техникийн ойлголттой холбоотой зүйл учраас дөхөм болгож нэг тайлбар хэлье. “Т” ХХК нь үйлдвэрлэгч “Р” ХХК-аас үйлдвэрлэж байгаа өрмийн штангийн зураг, техникийн тодорхойлолт зэргийг аваад тендерийн материалд нийцүүлж буюу өгөгдлийг тулган үзүүлэлтэд нийцэхэд дөхөм болж байна гэдгээ нотлож захиалагчийн техникийн даалгавар болон нийлүүлэгчийн санал гэж зэрэгцүүлж үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүний мэдээллийг харьцуулж энэ хүснэгтэд тавих ёстой. Тэр үйлдвэрлэж байгаа өрмийн штангны зургийг аваад тэр зургаа захиалагчийн хүсээд байгаа бараа материалтай зэрэгцүүлж тавьдаг.
Үйлдвэрлэгчийн зурагт өгөгдөл хэмжээс байхгүй байхад хүснэгтэд бүрэн нийцүүлж бичсэн байна гэдгийг л хэлмээр байна. Шалгарсан тендерийн материалын 245 дугаар хуудаснаас эхлээд зураг өгөгдөл хүснэгтүүд харагдаж байна. Жишээ нь 260 дугаар хуудаст байгаа өрмийн штангны зургийг харахад л нийт урт 8295 гэснээс өөр хэсэг тус бүрийн хэмжээс байхгүй юу юунаас бүрдээд нийт урт нь 8295 болоод байгаа нь ойлгомжгүй. Өрмийн штангны зургаас бүрдэл нь харагдаж байгаа. Ийм хэмжээний зургийг интернетээс өрмийн штанг гээд хайхаар байдаг л нэг өрмийн штангны зургийг олоод нийтлэх бүрэн боломжтой. Харин ирүүлэх ёстой зураг бол үйлдвэрлэгч компанийн зураг байх ёстой. Гэтэл энд ийм зураг байхгүй. Техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№1 штангны муфта 091-51.71.1130-н техникийн үзүүлэлтийн дотор диаметр,мм 80 гэж заасан боловч үйлдвэрлэх схем зураг дээр 80 гэсэн хэмжээ огт тавигдаагүй; Шалгарсан материалын 256 дугаар хуудсанд техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№2 штангны ниппель 091-59.71.1110-н техникийн үзүүлэлтийн дотор диаметр,мм 80 гэж заасан боловч схем зураг дээр хэмжээ тавигдаагүй. Энэ нь хүснэгтэд байгаа хэмжээст зориулж зураг зураад үйлдвэрлүүлэх гээд байгаа ойлголт биш. Техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№2 штангны ниппель 091-59.71.1110-н техникийн үзүүлэлтийн материал”-ын орц буюу хатуулаг чанар 40Х гэж заасан боловч схем зураг дээр Ст.45 гэж заасан. Гэхдээ энэ хүснэгтээ хийхдээ захиалагчийн техникийн даалгавар дээр материал хэсгийг хоосон болгосон байна.
Техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№5 өрмийн штанг 091-59.12.0000 техникийн үзүүлэлтэд захиалагчийн зүгээс 2024 онд үйлдвэрлэсэн шинэ бүтээгдэхүүн гэж заасан боловч “Т” ХХК нь 1996 оны хэмжээст зургаар санал болгосон. Нийт урт 8295 гэж өгөгдсөн боловч ямар ч хэмжээ байхгүй. Өрмийн штанг 091-59.12.0000-д схем зурагт нийт урт өгөгдсөн боловч бусад хэмжээснүүд тавигдаагүй. Техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№6 өрмийн штанг хүндрүүлсэн 091-00.72.0167-05-д схем зурагт нийт урт өгөгдсөн боловч бусад хэмжээснүүд тавигдаагүй. Энэ зургуудийн орчуулга байхгүй. Орос хэл дээр байгаа. Бид нар Орос хэлнээс нь орчуулаад харьцуулж харж байгаа. Гэтэл зургууд орчуулгагүй. Преходник гээд зурагны доод талыг орчуулбал цүүцний шилжүүлэгч гээд орос хэлээрээ байгаа. Орос тайлбартай зургууд байгаа. Тоог бол бид харьцуулаад ойлгож харчихаад байгаа юм. Тийм ч учраас схем зургийг хуурамчаар үйлдсэн гэж дүгнэж болохоор байгаа. Үүнээс гадна тус ЭҮТӨҮГ/20240102... дугаартай тендерт “Т” ХХК-ийн санал болгосон схем зураг нь үйлдвэрлэгчийн баталсан зураг биш, хуурамч зураг гэж үзэж байгаа. Үйлдвэрлэгч нь барааны схем зургаа баталж өгөөгүй тохиолдолд уг зургийг бодит гэж үзэх боломжгүй ба үйлдвэрлэгчийн баталгаа гэрчилгээгүй бол тухайн үйлдвэр барааг үйлдвэрлэх эсэх нь ч эргэлзээтэй юм. Уг компани нь тендерийн материалд барааны бодит зургийг ирүүлээгүй. Энэ бүгд нь техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримт зураг, схем ирүүлээгүй гэж дүгнэх хангалттай үндэслэл байна. Үйлдвэрлэгч хийх гэж байгаа зүйлээ өгөхгүй байхад яаж үйлдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа юм. Тэгэхээр тендерт шалгарсан компани нь төсөвт өртгөөс илт хямд үнэ өгч, тендер шалгаруулалтын зааварчилгааг зөрчсөн, баталгаагүй, бодит бус хоорондоо зөрүүтэй зураг ирүүлж байгаа нь тус тендерт чанартай бараа нийлүүлнэ гэдэгт ч эргэлзэхээр байна.
Ийнхүү бага үнэ ирүүлсэн нь тендерт нэгдүгээрт эрэмбэлэгдэх шалтгаан болсон гэж Үнэлгээний хороо тайлбарладаг. Гэтэл уг тендерийн Үнэлгээний хороо нь ийм илэрхий баримт бичгийн зөрчилтэй, хуульд заасан шаардлагыг хангаагүй компанийг тендерт шалгаруулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн Сангийн яам дээр дурдсан үндэслэлүүдийг бидний гаргасан гомдлын дагуу хянан үзэж, тендер шалгаруулалтыг дахин хийхийг мэдэгдсэн боловч уг төрийн захиргааны төв байгууллагынхаа шийдвэрийг захиалагч нь хэрхэн хэрэгжүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэдгийг мөрдөөд дахин үнэлгээ хийлээ гэж хурлын тэмдэглэлээс харагдахаар ярьсан мөртлөө яг ямар үнэлэлт, харьцуулалт, тайлбар хийсэн нь тодорхойгүй. Тэгэхээр дахин үнэлгээ хийсэн гэж үзэхээргүй байна.
“Х” компани тендер шалгаруулалтын нийт төсөвт өртгийг багтаан санал болгосон. Дараагийн нэг асуудал “Т” ХХК тендерт ялчихвал хэд хэдэн үйлдвэрлэгчээс сонгох боломжтой гэсэн хувилбарт тендерт оролцоод байгаа юм шиг материалыг ирүүлсэн байдаг. Шалгарсан материалын 14 талд авагдсан “Р” ХХК-ийн монгол орчуулга бүхий танилцуулга байгаа. Шалгарсан материалын 15-20 дахь талд авагдсан баримт Г ХХК-ийн үйлдвэрлэгчийн итгэмжлэл, 25-29 дэх талд Г ХХК-ийн дилерийн гэрчилгээ гэсэн баримтууд, 21- 24 дэх талд О ХХК буюу орчуулга дээрээ Б ХХК-ийн үйлдвэрлэгчийн итгэмжлэлийг ирүүлсэн. Энэ 3 үйлдвэрээс нийлүүлэх юм уу, аль нэг компанийг санал болгоод байгаа нь ойлгомжгүй. Гурван өөр компанийн итгэмжлэл ирүүлсэн байхад Үнэлгээний хороо ямар ч дүгнэлт өгөөгүй. Үнэлгээний хорооны тэмдэглэлийг харвал нэг гишүүн нь энэ Орос компанийн орос нотариатын хийсэн баримтыг манайх баримт гэж үзэх юм уу, шаардлага хангасан гэж үзэх үү гэсэн байдаг. Гэтэл энэ талаар ярилцаад л өнгөрсөн.
Харин “Х” ХХК нь “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх” тендерт үйлдвэрлэгчийн чанарын гэрчилгээ, туршилтын протокол, схем зураг, фото зураг, харьцуулсан хүснэгтээр баталгаажуулж, нотолж илгээсэн. Бидний санал болгосон “Г” компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ буюу захиалагчийн зөвшөөрсөн схем зургаар барааг үйлдвэрлэж нийлүүлсэн. Энэ 3 компани нь манай үйлдвэрлэсэн өрмийн штангийг авч болно гэж итгэмжлэл хийж өгсөн хирнээ аль ч компани нь схем зургаа өгөөгүй байгаа. Үйлдвэрлэгч компани зургаа баталгаажуулж чадахгүй байна гэдэг нь бодитоор бэлдсэн тендерийн материал яг мөн үү гэдэг нь эргэлзээтэй байна. Дахин үнэлгээ хийхдээ бүгд нийцсэн байна гээд явчихсан. Нэг бол тэнд энэ материалыг ойлгоогүй хүн сууж байгаа. Эсвэл дэмжих ёстой гээд гар өргөөд сууж байсан байх. Ийм байдлаар Үнэлгээний хороо ажиллаж болохгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэв.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2237 дугаартай гэрээ байгуулах эрх олгох тухай албан бичиг, СЭ-112-12/2237 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болон “Т” хувьцаат компанийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах, “Тэсэлгээний цооногийн өрмийн штамп, туслах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд тайлбар хэлье.
Үнийн дүнгийн 80%-иас бага байна. Хэтэрхий бага үнэ санал болгосон гэдэг тухайд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт улсын төсвийн мөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний тендер шалгаруулалтын оролцогч тендерийн үнийг төсөвт өртөг 80%-аас доош үнэ санал болгох бол уг үнэ нь бараа, ажил үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй талаар үндэслэл бүхий тайлбарыг тендерт ирүүлнэ гэж заасан. Эрдэнэт үйлдвэрээс зарлаж байгаа тендерүүд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй, тухайн компани өөрийн хөрөнгөөр санхүүжүүлээд гүйцэтгэл дууссаны дараа Эрдэнэт үйлдвэрээс зохих санхүүжилтээ авдаг. Бид нар хамгийн бага үнэ өгөх боломжтой байсан. Үнээ бага өг гэж хэлэх ёстой гэсэн утгатай тайлбар хэлж байна. Мөн хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзэхээр заасан. “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын Ерөнхий захирлын 2024 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 23 дугаар тушаалаар “Тэсэлгээний цооногийн өрмийн штамп, туслах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулсан. Тендер шалгаруулалтыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2024 оны 2 дугаар сарын 7-ны өдөр зарлаж 2024 оны 3 сарын 11-ний өдөр нээсэн. Тус тендер шалгаруулалтад 2 компани тендер ирүүлсэн бөгөөд тендерийн санал болгосон бага үнийн дүнгээр жагсаахад “Х” компанийн үнийн санал 2-т эрэмбэлэгдсэн. Үнэлгээний хорооны 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн хурлын шийдвэрээр “Т” компани хамгийн сайн тендер ирүүлсэн. “Х” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлээгүй гэж үнэлсэн. Уг Үнэлгээний хорооны шийдвэрийг захиалагч хүлээн зөвшөөрч захиалагчаас “Т” компани 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн СЭ-112-2/18 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай “Х” компанид мөн өдөр тендерт шалгараагүй талаар бичгээр мэдэгдсэн. Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “Х” ХХК Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянаж, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн тухай 2024 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 032316 дугаартай албан бичгийг ирүүлсэн.
Үнэлгээний хороо 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийхэд захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн ТШЗ 2.1.1 техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт шаардана гэсэн. 1-т үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, 1.1-т оролцогч нь үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ. Нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, компанийн танилцуулга эсвэл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримтыг ойлгоно 1.2-т оролцогч нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан бол үйлдвэрлэгчийн зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлэн ирүүлнэ. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл гэдэгт дараах баримтуудын аль нэг нь байж болно. Үүнд албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ гэж заасан тул “Т” компани нь үйлдвэрлэгч биш тул үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлснээс гадна үйлдвэрлэгчийн танилцуулгын эх хувь биш орчуулга ирүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар оролцогч тендер шалгаруулалтын баримт бичигт заагаагүй баримт бичгийг ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй гэж заасан. 2 дугаарт захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5 дахь хэсэгт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, схем, өгөгдлийн хэлбэрээр, тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ гэж заасан тул Гост 873278 стандартыг хангасан схем зураг, техникийн үзүүлэлт ирүүлсэн. “Т” компанийн техникийн тодорхойлолтыг шаардлагад нийцнэ гэж захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн ТШЗ-ийн 17.5-т “оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, схем, өгөгдлийн хэлбэрээр, тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.” гэж заасан тул схем зургийг үйлдвэрлэгчээс баталгаа баталгаажуулж ирүүлнэ гэж заагаагүй учир “Т” компанийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д зааснаар хамгийн сайн тендер ирүүлсэн гэж үзэж “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/26 дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай, “Х” компанид мэдэгдэл хүргүүлэх тухай СЭ-112-12/2237 дугаар албан бичгийг тус тус хүргүүлсэн.
“Х” компани нэхэмжлэлдээ тендерт шалгараагүй гэх Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах, тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болон “Т” компанийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулах гэх боловч шаардлагад нийцээгүй тендерийг шалгаруулах хууль зүйн үндэслэл байхгүй байхад хууль бус шаардлага гаргаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцэхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно гэж заасан. Үнэлгээний хороо нь эрх зүйн зөрчилтэй акт гаргаагүй байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худал худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах чиг үүргийн дагуу хуулийн 26.4.2-т зааснаар техникийн тодорхойлолт, тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж шийдвэр гаргасан. Үнэлгээний хороо нь мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т заасны дагуу байнгын бус үйл ажиллагаатай бөгөөд захиалагч “Т” компанитай гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргаснаар үйл ажиллагаа нь дуусгавар болсон. Тиймээс Үнэлгээний хорооны шийдвэр нь хуульд заасан журмын дагуу зохион байгуулагдсан хууль зөрчөөгүй, захиргааны актыг түдгэлзүүлэх шийдвэр эрх бүхий байгууллагаас гараагүй захиргааны акт биелэгдсэн тул Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгох, тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээг дахин хийхийг даалгах, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болон “Т” компанийн хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчингүй болгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар болон Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагууд нь үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ. Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт захиргааны акт хүчингүй болгуулах, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хэрхэн зөрчигдсөн болохыг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тусгана гэж зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, тухайн захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой байх учиртай.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр “Х” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үнэлгээний хороо нь хуралдаад дахин үнэлгээ хийхдээ хэрхэн үнэлгээ хийсэн талаар Үнэлгээний хорооны хурлын протокол, нотлох баримтыг өгсөн байгаа. Схем зураг дээр байхгүй, байгаа гэсэн тоонуудыг тайлбарлана.” гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Барсбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нотлох баримтаар хавсаргаж өгсөн СД-г судлангаа тайлбараа хэлээд явъя. Тухайн бараанд дагуу зүсэлт болон хөндлөн зүсэлт байгаа. Энд тойргийн диаметр 80 гэж тусгаж өгсөн. Тэгэхээр дотор диаметр 80 гэсэн үг. Тендерийн материалын 257, 258 талд дагуу болон хөндлөн огтлолыг харуулсан байгаа. Дагуу зүсэлтэд дотор диаметр 80 мм гэсэн байгаа. Тендерийн материалын 254 хуудсыг тайлбарлая. Энэ дээр эхний мөрөнд захиалагчийн шаардсан үзүүлэлтүүд байгаа. СТ45 болон 40Х хоёрын аль нэг нь байж болно гэж санал болгож байгаа. Батлагдсан техникийн тодорхойлолт дотор СТ45, СТ40х гэдэг шаардлага байгаа. Никель муфт нь сэлбэгдэж ордог сэлбэг байгаа юм. Бидний өгсөн поз 2 материал гэдэг дээр 258 дугаар хуудсанд байгааг харах ёстой. Захиалагчийн тендерийн тодорхойлолтын материал байгаа. Хүнд болон хөнгөн материалуудыг зааж өгсөн. Түүний дагуу 2 материалын үзүүлэлтээр санал болгосон. Тендерийн тодорхойлолтын хавсралт №1 №5 өрмийн штангыг 2024 онд шинийг авахаар заасан. 253 хуудсанд 1996 оны схем зураг байгаа. Өрмийн машин хэмжээсийн хувьд шинэчлэгдсэн байх ёстой гэтэл шинэчлэгдээгүй. 1996 онд хэрэглэж ашиглаж байсан штангыг одоог хүртэл ашиглаж байгаа. Гэхдээ 1996 онд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэж ойлгож болохгүй. Тухайн хэсгүүдийн резваны хэмжээсүүд шаардлага хангаж байна гэж үзсэн.
Тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5 дахь хэсэгт схем зураг ирүүлнэ гэж заасан. Орос хэл дээр орчуулагдахгүй мэргэжлийн хүмүүс шууд хэллэгээр нь явдаг ойлголтууд байгаа. Зурагтай нь тухайн үед уншиж танилцаад шаардлагад нийцсэн байна гэж үзээд Үнэлгээний хороо үнэлээд явсан. 253 дугаар хуудсанд тухайн хэсгүүдийн резваны оролт хэмжээсүүд тохирч байна. Ерөнхий дотор болон гадна диаметр, зузаан болон ерөнхий хэмжээсүүд хангаж байна гэж үзсэн.
“Т” ХХК-ийн санал болгосон схем зураг нь үйлдвэрлэгчийн баталсан схем зураг биш хуурамч зураг байсан. Тиймээс бодит гэж үзэх боломжгүй гэж тайлбарлалаа. ТШЗ 17.5 дахь хэсэгт схем зураг ирүүлнэ гэсэн болохоос тухайн үйлдвэрлэгчээс нь ирүүлсэн батлагдсан зураг байна гэж шаардлага тавиагүй. Тиймээс энэ нөхцөлөөр шаардлага хангахгүй гэж үзэх үндэслэлгүй. Захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолт, тоон үзүүлэлтүүдийг бүрэн хангаж байгаа нөхцөлд энэ схем зураг хүчин төгөлдөр байна.
Техникийн баримт бичгийн 20.1.1 дэх хэсэгт тухайн оролцогч нь үйлдвэрлэгч байх юм бол компанийн танилцуулгыг ирүүлнэ гэж шаардсан. Гуравдагч этгээд нь үйлдвэрлэгчээс зөвшөөрөл авсан оролцогч байгаа. Зөвшөөрөл авсан бол зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар батлуулан ирүүлэх, эсхүл албан бичиг, хамтын ажиллагааны гэрээ гэсэн байгаа. Албан бичиг болон хамтын ажиллагааны гэрээг ирүүлсэн учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар оролцогч шаардаагүй материал тендерт ирүүлсэн нь татгалзах үндэслэл болохгүй гэдэг үүднээс танилцуулгыг орчуулсан байна уу үгүй юу гэдгээс үл хамаараад хамтын ажиллагааны гэрээг үндэслээд зөвшөөрөл ирүүлсэн гэж үзсэн. Өөрсдөө үйлдвэрлэдэг байсан бол өөрсдийнхөө танилцуулгыг орос хэлнээс монгол хэлэнд орчуулаад ирүүлэх байсан.
“Р” ХХК нь үйлдвэрлэлийн зөвшөөрөл болон хамтын ажиллагааны гэрээг ирүүлсэн байсан. Үндсэн үйлдвэрлэгч нь энэ компани юм байна гэж үзээд үнэлгээ хийгээд явсан” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2237 дугаар албан бичигт дурдсан тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр нээсэн ЭҮТӨҮГ/20240102... дугаартай “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх” тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2236 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, СЭ-112-12/2237 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг тус тус хүчингүй болгуулах гэж тодруулж,
ЭҮТӨҮГ/20240102... дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын “Үнэлгээний дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Т” ХХК нарын хооронд байгуулсан №2024/13-10-0217 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г хүчингүй болгож, “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх” тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн.
3. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:
“Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтын хавсралт 1-ийн “Муфта 091-51.71.1130-н техникийн үзүүлэлтийн “Дотор диаметр диаметр,мм” 80 гэж заасан боловч үйлдвэрлэх схем зураг (чертеж) дээр хэмжээ тавигдаагүй; техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№2 штангны ниппель 091-59.71.1110-н техникийн үзүүлэлтийн “Дотор диаметр,мм” 80 гэж заасан боловч схем зураг дээр хэмжээ тавигдаагүй; техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№2 штангны ниппель 091-59.71.1110-н техникийн үзүүлэлтийн “Материал”-ын орц буюу хатуулаг чанар 40Х гэж заасан боловч схем зураг дээр Ст.45 гэж заасан, техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№5 өрмийн штанг 091- 59.12.0000 техникийн үзүүлэлтэд 2024 онд үйлдвэрлэсэн шинийг авна гэж заасан боловч “Т” ХХК нь 1996 оны хэмжээст зургаар санал болгосон, өрмийн штанг 091-59.12.0000-д схем зурагт нийт урт өгөгдсөн боловч бусад хэмжээснүүд тавигдаагүй; техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн поз.№6 өрмийн штанг хүндрүүлсэн 091-00.72.0167-05-д схем зурагт нийт урт өгөгдсөн боловч бусад хэмжээснүүд тавигдаагүй шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзээгүй гэж тодорхойлсон.
4. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4.1 . “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/23 дугаар тушаалаар “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл” /ЭҮТӨҮГ/20240102.../ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан ба 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарлаж, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тендерийг нээсэн байна.
4.2. Тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ирсэн тендерийг хянан үзэж, ““Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт ЭҮТӨҮГ/20240102... дугаартай Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Т” ХХК-ийн DDP-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 1.568.970.480.00 төгрөгийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт заасны дагуу “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
4.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8-д зааснаар Тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийдвэрийг “Х” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03/2316 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгээр 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн СЭ-112-12/118 тоот шийдвэрийг хүчингүй болгон тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.
4.4. Монгол Улсын Сангийн яамны шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж, “”Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үнэлж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
4.5. 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл” /ЭҮТӨҮГ/20240102.../ нийлүүлэгчийг сонгох ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагчийн хяналт хэрэгжүүлсэн тухай дүгнэлт гарсан ба “ ...үнэлгээний хороо дахин үнэлгээ хийсэн нь Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-т “Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ.” гэснийг хэрэгжүүлсэн гэх үндэслэлтэй байна.” гэж дүгнэжээ.
4.5. “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Т” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулах Үнэлгээний хорооны зөвлөмжид захиалагчийн зүгээс зөвшөөрсөн шийдвэрийг гаргаж, “Т” ХХК-д 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2236 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, тендерт оролцсон “Х” ХХК-д СЭ-112-12/2237 дугаар албан бичгээр тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн байна.
4.6. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2237 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “ ...танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2-д эрэмбэлэгдсэн байна. Тус тендер шалгаруулалтад 1-д шалгарсан “Т” ХХК-д дараахь нөхцөлөөр гэрээ байгуулах эрх олгосон. ...” гэжээ.
4.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцсэн эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.2-д “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх”, 26.4.4-д “тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж тендер хянан үзэхээр хуульд заажээ.
4.9. Тендерийн Үнэлгээний хороо “Х” ХХК, “Т” ХХК-иудын ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэсэн байх ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, энэ хуулийн 11.4.2-т зааснаар үнэлэхэд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан аргачлал, зааврын дагуу тооцсон үнийг тус тус өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ.” заасан, “Т” ХХК 1.568.970.480.0 төгрөг, “Х” ХХК 2.171.280.000.0 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерт шалгаруулсан байна.
4.10. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тендерийн Үнэлгээний хороо “Т” ХХК-ийн тендерт ОХУ-ын “Р” компанийн танилцуулга эх хувь биш орчуулга ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1.1-д “техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэх эсэх:” гэсний 1. Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: 1.1. “Оролцогч нь үйлдвэрлэгч бол нотлох баримтыг ирүүлнэ /нотлох баримт гэдэгт албан ёсны цахим хуудас, компанийн танилцуулга эсхүл тухайн улсын эрх бүхий байгуллагаас олгосон баримтыг ойлгоно/ гэснийг, компанийн танилцуулгын эх хувь байхгүй орчуулга ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн 12.1-ыг тус тус зөрчсөн гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.
4.11. Тендерт оролцогч “Т” ХХК нь үйлдвэрлэгч биш учраас тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1.1-ийн 2.”Борлуулагчийн зөвшөөрөл:” “Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол дараах нотлох баримт бичгийг ирүүлнэ. Үүнд: 2.1. Гэрээт борлуулагч нь үйлдвэрлэгчтэй байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан ёсны гэрээт борлуулагчийн гэрчилгээний хуулбар эсхүл албан бичиг, 2.2. Оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ эсхүл албан бичиг.” гэж тусгажээ.
4.12. “Т” ХХК нь “Р” ХХК-ийн “Үйлдвэрлэгчийн итгэмжлэл”, “дилерийн гэрчилгээ”, “Нийлүүлэлтийн гэрээ № 7В-22”-г орчуулгын хамт тендерт ирүүлсэн нь тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 12.1, 20.1.1 -д заасан шаардлагыг хангасан байна.
4.13. Түүнчлэн тендер шалгаруулалтын баримт бичигт оролцогч үйлдвэрлэгч бол компанийн танилцуулга эсхүл тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон баримтыг ирүүлэхээр тусгасан, “Т” ХХК үйлдвэрлэгч биш учраас ТШЗ-н 20.1.1-н 2-д оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчаас зөвшөөрөл авсан бол оролцогч нь албан ёсны гэрээт борлуулагчтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, эсхүл албан бичгийг ирүүлэхээр тусганы дагуу “Р” компанитай байгуулсан хамтын ажиллагааны гэрээг ирүүлсэн байгаа нь тендерийн баримт бичгийн техникийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй.
4.14. Мөн тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримт зураг, схем, өгөгдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.” тусгасан ба “Т” ХХК-ийн ирүүлсэн техникийн үзүүлэлт болон схем зураг дээрх мэдээлэл зөрүүтэй байхад техникийн тодорхойлолттой нийцсэн гэж хянан үзсэн нь үндэслэлгүй гэж маргасан.
4.15. “Техникийн тодорхойлолт”-д тавигдах шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана.”, 12.2-д “Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно.” гэж заасан, үүний дагуу захиалагчаас “техникийн тодорхойлолт”-ыг гаргасан, захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн ТШЗ 17.5-д “Оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, схем, өгөгдлийн хэлбэрээр тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.” гэж тусгажээ.
4.16.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зйүлйин 4.1.18-д ““техникийн тодорхойлолт” гэж худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавигдах технологийн шаардлага, даалгаврыг тодорхойлсон бүрдүүлбэрийг” заасан ба “Т” ХХК багцын техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл” нийлүүлэх ГОСТ8732-78 стандартыг хангасан техникийн үзүүлэлтийг холбогдох баримтуудын хамт ирүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.
4.17. Өөрөөр хэлбэл “Т” ХХК тендертээ Техникийн тодорхойлолт хавсралт 1-ээр Поз. №1 Штангны муфта 091-51.71.113, Поз.№2 Штангны ниппель 091-59.71.1110, Поз. 3. Толгойн шилжүүлэгч 091-58.71.1012, Поз. 4. Цүүцний шилжүүлэгч 005-56.00.1003, Поз. №5. Өрмийн штанг 091-59.12.0000, Поз.№6. Өрмийн штанг хүндрүүлсэн 091-00.72.0167-05-ийг тус тусынх нь өгөгдлийг техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулан, тус бүрээр нь эскиз /схем/ зургийг нарийн хэмжээстэй нь гарган орчуулан хүргүүлсэн нь техникийн тодорхойлолтын шаардлагад нийцсэн байна гэж шүүх үзлээ.
4.18. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь техникийн тодорхойлолтын хавсралт №1-ийн Поз. №1 Штангны муфта 091-51.71.1130, Поз.№2 Штангны ниппель 091-59.71.1110 хүснэгтийн техникийн үзүүлэлтийн “Дотор диаметр, мм” 80 гэж заасан боловч схем зураг дээр хэмжээс тавиагүй гэж тайлбарласан боловч эскиз зураг дотор “80” гэсэн хэмжээс тавигдсан, Поз.№2 Штангны ниппель 091-59.71.1110-н техникийн үзүүлэлтийн материалын орц буюу хатуулаг чанар 40Х гэж техникийн тодорхойлолтод заасан байхад нийлүүлэгч Ст45-ыг санал болгосон гэж маргасан боловч “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл”-ийн техникийн тодорхойлолтын 5-д “Штанга 091-59,12,0000”-ны үзүүлэлт гэсэн хэсэгт штанг, муфта, ниппель-тэй хамт байх: ГОСТ 8732-78 ст45 /Ст 40Х/ байхаар тусгасан ба 2-т “Ниппель 091-59.71.1110”-н үзүүлэлтэд материалын хатуулаг чанарын тоон үзүүлэлтийг захиалагч тусгаагүй байна.
4.19. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Өрмийн штанг 091-59.12.0000-д схем зурагт нийт урт өгөгдсөн боловч бусад хэмжээсүүд тавигдаагүй, поз №6 өрмийн штанг хүндрүүлсэн 091-00.72.0167-05-д схем зурагт нийт урт өгөгдсөн боловч бусад хэмжээсүүд тавигдаагүй, зургуудын орчуулга байхгүй гэж маргасан боловч схем зургууд дээр бүх хэмжээсүүд тавигдсан, орчуулгын товчоогоор орчуулагдсан, дардас дарагдсан болох нь “Т” ХХК-ийн бэлтгэн хүргүүлсэн тендерын баримт бичигт тусгагдсан байна.
4.20. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.2-т “Захиалагч оролцогчийн ерөнхий шаардлагыг энэ хуулийн 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэл үндэслэн хянан үзнэ.”, 26.4-д “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ:”, 26.4.2-т “санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх:” 51 дүгээр зүйлийн 51.1-д “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна.”, 51.2-т “Үнэлгээний хороо тендер нээсэн өдөр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг эхлүүлнэ.” Зааснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл” /ЭҮТӨҮГ/20240102.../ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо Сангийн яамны 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн албан бичгийн дагуу тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийж 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 04 дугаар Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээр “Т” ХХК-ийн DDP-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 1.568.970.480.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” тендер ирүүлсэн гэж үнэлж гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4.21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох”, 28.1.2-д “шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй бусад оролцогчийн тендер шалгаруулаагүй тухай:” зааснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл” /ЭҮТӨҮГ/20240102.../ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцсон “Т” ХХК-д “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2236 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай”, “Х” ХХК-д “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/2237 дугаар албан бичгийг тус тус хүргүүлсэн нь хуульд нийцсэн тул дээрхи мэдэгдлүүдийг хүчингүй болгох үндэслэлгүй байна.
4.22. Иймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “ Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгосон тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ.” зааснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Т” ХХК-ууд 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №2024/13-10-0217 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г байгуулсан нь хууль зөрчөөгүй, гэрээг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
4.23. Үнэлгээний хороо болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхэд өрсөлдөх тэгш боломжтой, ил тод, үр ашигтай, хэмнэлтэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална.” гэж зааснаар тендер сонгон шалгаруулах ажиллагааг хурдан шуурхай зөв шударга зохион байгуулж, тухайн ажил үйлчилгээг хийх чадвар чадамжийг үнэлэн шалгаруулах, эдийн засгийн болоод цаг хугацааны хэмнэлттэй байх зарчмыг баримталсан байна.
4.24. Дээр дурьдсан үйл баримтуудаас дүгнэн нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2236 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, СЭ-112-12/2237 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, ЭҮТӨҮГ/20240102... дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын “Үнэлгээний дүгнэлт”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Т” ХХК нарын хооронд байгуулсан №2024/13-10-0217 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, ЭҮТӨҮГ/20240102... дугаартай “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх” тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
“Т” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шүүгчийн захирамж гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй талаарх тайлбараа ирүүлсэн болохыг дурьдлаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэхь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /шинэчлэн найруулсан/ 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.1, 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.2, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.2, 30 дугаар зүйлийн 30.1, 60 дугаар зүйлийн 60.2 заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн СЭ-112-12/2236 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичиг, СЭ-112-12/2237 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг, ЭҮТӨҮГ/20240102... дугаартай тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хурлын “Үнэлгээний дүгнэлт”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Т” ХХК нарын хооронд байгуулсан №2024/13-10-0217 дугаар “Худалдах худалдан авах гэрээ”-г тус тус хүчингүй болгуулах, ЭҮТӨҮГ/20240102... дугаартай “Тэсэлгээний цооногийн өрмийн штанг, туслах хэрэгсэл нийлүүлэх” тендерийн үнэлгээг дахин хийхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, тендерийн Үнэлгээний хороонд даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА