| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2024/04825/И |
| Дугаар | 182/ШШ2024/04240 |
| Огноо | 2024-10-17 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 182/ШШ2024/04240
2024 10 17 182/ШШ2024/04240
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: ............ өөрийн байранд байрлах Г ХК /РД:2075377-ийн хүсэлттэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Е /РД:000000000/-г эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Г ХК-ийн зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...В.Е нь 2013.12.10-ны өдөр Гтай ЗГ1205049527 тоот зээлийн гэрээг байгуулж, 12,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан. Зээлдэгч В.Е-тай нь ЗГ1205049527 тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ нийт 2,531 хоног хугацаа хэтрүүлэн зөрчин зээлийн төлөлт болох нийт 9,504,264.23 төгрөгийн зээлийн үлдэгдэл төлбөртэй байна. В.Е-д холбогдуулан зээлийн төлөлттэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2024.07.29-ний өдрийн тус шүүхийн 101/ШЗ2024/19555 дугаартай шүүгчийн захирамжаар тухайн хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон.
Иймд В.Е-г эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2024.08.14-ний өдөр 70,200 төгрөг тушаасан баримт /хх-ийн 3 х/,
-2024.07.26-ны өдрийн Г-ны гүйцэтгэх захирлын 317 дугаартай Эрх олгох тухай тушаал /хх-ийн 4 х/,
-2024.08.16-ны өдрийн 18/02/2620 тоот Г.С-д, 2024.10.14-ний өдрийн 18/02/3225 тоот Т.О-д тус тус олгосон итгэмжлэл /хх-ийн 5, 35 х/,
-Улсын бүртгэлийн 0000000 дугаар бүхий хуулийн этгээдүүдийн гэрчилгээ /хх-ийн 6 х/,
- Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.29-ний өдрийн 101/ШЗ2024/19555 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-ийн 7-8 х/,
-2013.12.10-ны өдрийн 1205049527 дугаартай Зээл болон барьцааны гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 9-10, 11 х/,
-Хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 12-14 х/ зэрэг баримтуудыг хавсарган ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүд болох В.Е-гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа тул түүнийг эрэн сурвалжлуулахаар Г ХК-ийн Зээл цуглуулах газрын захирал Б.Э шүүхэд хүсэлт гаргажээ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2013.12.10-ны өдрийн 1205049527 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-ний дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.Е-гийн оршин суух хаягийг ............ тоот хаяг гэж тодорхойлсны дагуу Г ХК нь зээлийн гэрээний үүрэгт 9,504,264.23 төгрөг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.07.29-ний өдрийн 101/ШЗ2024/19555 дугаартай шүүгчийн захирамжаар В.Е-г нэхэмжлэлд дурдсан хаягт ...бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй... гэх хорооны Засаг даргын тодорхойлолтыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. /хх-ийн 7-8 х/
Дээрх баримтуудаас үзэхэд В.Е нь Г ХК-тай 2013.12.10-ны өдрийн 1205049527 дугаартай Зээл болон барьцааны гэрээ-нүүд байгуулан зээл авсан талаарх баримт хэрэгт авагдсан, энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах Г ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна. /хх-ийн 7-10 х/,
Хариуцагчийн оршин суугаа газар мэдэгдэхгүй байна гэдэг нь түүний байгаа газрыг тодруулах талаар нэхэмжлэгч өөрөөс шалтгаалах бүхий л арга хэмжээ авсан боловч үр дүн гараагүй ба тухайн этгээдийн хаягийг төрийн оролцоотойгоор олж авах шаардлагатай болсныг хэлдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд талуудын зарчим үйлчлэхгүй тул шүүх хэрэгт ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлт, өөрийн санаачилгаар бүрдүүлэх эрхтэй байдаг тул тус шүүхийн 2024.08.23-ны өдрийн 182/ШЗ2024/14115 дугаартай шүүгчийн захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас, 2024.10.03-ны өдрийн 182/ШЗ2024/16702 дугаартай шүүгчийн захирамжаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харъяатын газраас тус тус иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн холбогдох лавлагааг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн.
Дээрх шүүгчийн захирамжуудын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2024.09.16-ны өдрийн 3/11803 тоот албан бичгээр В.Е /РД:0000000/ нь гадаад улсын иргэн тул оршин суугаа хаягийн болон нас барсны бүртгэлийн лавлагааг олгох боломжгүй, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харъяатын газраас2024.10.10-ны өдрийн 03/2015 тоот албан бичгээр гадаадын иргэн В.Е-д 0000000 регистрийн дугаар манай байгууллагаас олгогдож байгаагүй гэх хариуг тус тус ирүүлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4-т Хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
Иймд Г ХК-ийн хүсэлтийг хүлээн авч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд В.Е-гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг өөрийг нь оролцуулахгүйгээр хийж өгөх хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох болох В.Е /РД:000000000/-г эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар В.Е-г эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг түүний сүүлд оршин сууж байсан харьяа дүүргийн Цагдаагийн байгууллага болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ДАШДЭЧМАА